Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/201

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125001380193 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Б,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Б нь 2021 оны 3 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт үйл ажиллагаа явуулах Абсолют зочид буудлаас иргэн Д.С-ын самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 499.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Манай найз Х бид хоёр “Хүлэг” захын урдуур явж байтал хоёр залуу тааралдаад “...“Абсолют” буудал орьё” гээд орцгоосон. Бид нар архи, пиво ууцгаасан. С ахын урд том утас унасан байхаар нь “маргааш өгчихье” гээд Х бид хоёр ярилцаад аваад гараад таксины жолоочид утсыг өгсөн боловч жолоочоо эргээд олоогүй.” гэв. 

Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хамт ажилладаг Б гэж залуугийн хамт “Аялгуу” бааранд 20 цагийн орчим ороод 0.5л нэг шил архи, 0.5л нэг лааз пиво уугаад 21-22 цагийн хооронд баарнаас гарсан. ...бид хоёр гэр, гэртээ харих санаатай “Хүлэг” захын баруун талд “Хаан хуушуур” цайны газрын ойролцоо явж байсан чинь үл таних хоёр эмэгтэй таараад “...гар утсаа өгч байгаач утсаар чинь хүнтэй холбоо тогтоогоод өгье” гэж Б-аас гуйсан. Тэр эмэгтэйн нэг нь Б-ы утсыг авч нэг хүнтэй утсаар ярьсан, тэр хооронд бид хоёр яриа өдөөд ярьсан. Тэгтэл Бы утсыг гуйж авсан эмэгтэй Б-ы утсыг эргүүлж өгөөд “...фейсбүүк орчих утас байна уу” гэхээр нь би өөрийнхөө утсыг нөгөө эмэгтэйд өгсөн. ...бид дөрөв “Абсолют” зочид буудал руу явсан. ...Миний хувьд тэр хоёр эмэгтэйтэй хамт архи, пиво ууж байснаа санаад байгаа, нэг сэрсэн чинь өглөө болчихсон буудалд ганцаараа унтаж байсан. Сэрээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй, ...Б-ы машины түлхүүрийг үзсэн чинь мөн байхгүй байсан. ...нөгөө хоёр хүүхний туранхай жижиг биетэй хүүхэн Б-ы машины түлхүүрийг өгсөн, “...миний гар утас хаана байна” гэсэн чинь мэдэхгүй байсан...маргааш нь “...Б авсан” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

Гэрч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Д.С өөрийн нэр дээрээ Мобиком ХХК-аас А-12 загварын гар утас лизингээр 499.000 төгрөгөөр авсан. ...Өөрийнх нь ярьж байгаагаар “...баарнаас гараад найз Б-ы танил хоёр эмэгтэйн хамт буудал орж архи уугаад тасарч, унтаад сэрсэн чинь дэрэн доогуураа хийсэн гар утас нь байхгүй болсон байсан, ...буудалд хоёр эмэгтэйн бичиг баримтаар орсон.” гэж надад хэлсэн...би тухайн буудлын хүнээс гуйж байгаад тэр хоёр эмэгтэйн нэрийг асуухад Х, Б гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-8/,

Гэрч Ч.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22-23 цагийн хооронд нэг халамцуу залуу хоёр эмэгтэйн хамт орж ирсэн, ...удалгүй нэг эрэгтэй дахин нэмж ирсэн. Тэгээд шөнийн 3 цагийн орчимд сүүлд орж ирсэн эрэгтэй, нөгөө хоёр эмэгтэйн хамт гараад явсан, ...эхлээд хоёр эмэгтэйтэй орж ирсэн эрэгтэй үлдсэн. ...Өглөө 7 цагийн орчимд байх тэр эрэгтэй надаас “...гар утас байхгүй байна, надтай хамт байсан хүмүүс хэзээ гараад явсан юм бэ.” гээд асуугаад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-10/,

Гэрч Б.Я-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...маргааш өглөө нь 8 цаг өнгөрч байхад Б “...нөгөө ах чинь залгаж байна” гэж хэлсэн. ...Б “...би машиных нь түлхүүрийг авчихсан юм, байрны гадна ирчихсэн байна гэнэ, чи гаргаад өгчих.” гээд миний цүнхнээс машины түлхүүр гаргаж өгсөн. Тэгээд машины түлхүүрийг нь өгөх гээд гарсан чинь С танихгүй дөрвөн залуугийн хамт ирчихсэн “...гар утас өг” гээд гар утсаа нэхээд байсан. Тэр үед Б С-т “...би таны гар утсыг аваад өчигдөр сууж ирсэн таксиндаа үлдээчихсэн юм.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-36-37/,

Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр С ахтай уулзаад бид хоёр “Аялгуу” бааранд орж хоёр пиво, нэг шил архи уугаад гарч явахад хүнсний захын хажууд танихгүй хоёр эмэгтэй хүн тааралдаад “...гар утсаараа яриулаач” гэхээр нь би өөрийнхөө гар утсаа махлагдуу шар хүүхэнд өгч яриулсан. ...С ах танихгүй хоёр хүүхэн бид дөрөв “Абсолют” буудал орж архи, пиво уусан. ...С ах согтоод унтаад өгсөн. Би тэр танихгүй хоёр хүүхэнтэй хамт гараад гэр лүүгээ хариад амарчихсан байсан, маргааш өглөө нь С ах өөр хүний дугаараас “...гар утсаа хулгайд алдсан байна, чи хүрээд ир” гэж хэлсэн...яг тэр өдөр С ах лизингээр А12 загварын гар утас авсан гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-39-40/,

Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Х бид хоёр тэр хоёр эрэгтэй хүнтэй буудалд орсон, буудлаас гарах гэж байхад С-ын гар утас газар унасан байсан. ...тухайн үед Баянцагаан баг руу явах гээд таксины мөнгө байхгүй болохоор нь С-ын гар утсыг авч таксинд барьцаалж явчихаад маргааш өдөр нь утсыг нь аваад өгье гэж бодоод гар утсыг нь аваад гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-46-47, 65/,

иргэн Ц.Д-гийн “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3 дугаар байрны Абсолют зочид буудлаас самсунг А-12 маркийн гар утас алдагдсан.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

иргэн Ц.Д-гийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-4/, гомдолд хавсаргасан баримтууд /хх-5-6/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/,

“Ашид билгүүн” ХХК-ийн ОРХ/21-110 дугаартай “...Samsung А12 загварын гар утасны үнэ 499.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-17-21/,

Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт үйл ажиллагаа явуулах “Абсолют” зочид буудлаас иргэн Д.С-ын Samsung А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 499.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Д.С-ын “...миний хувьд тэр хоёр эмэгтэйтэй хамт архи, пиво ууж байснаа санаад байгаа, нэг сэрсэн чинь өглөө болчихсон буудалд ганцаараа унтаж байсан. Сэрээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй, ...Б-ы машины түлхүүрийг үзсэн чинь мөн байхгүй байсан. ...нөгөө хоёр хүүхний туранхай жижиг биетэй хүүхэн Б-ы машины түлхүүрийг өгсөн, “...миний гар утас хаана байна” гэсэн чинь мэдэхгүй байсан...маргааш нь “...Б авсан” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Д-гийн “...манай нөхөр Д.С өөрийн нэр дээрээ Мобиком ХХК-аас А-12 загварын гар утас лизингээр 499.000 төгрөгөөр авсан. ... “...баарнаас гараад найз Б-ы танил хоёр эмэгтэйн хамт буудал орж архи уугаад тасарч, унтаад сэрсэн чинь дэрэн доогуураа хийсэн гар утас нь байхгүй болсон байсан, ...буудалд хоёр эмэгтэйн бичиг баримтаар орсон.” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг,

гэрч Ч.А-гийн “...шөнийн 3 цагийн орчимд сүүлд орж ирсэн эрэгтэй, нөгөө хоёр эмэгтэйн хамт гараад явсан, ...эхлээд хоёр эмэгтэйтэй орж ирсэн эрэгтэй үлдсэн. ...Өглөө 7 цагийн орчимд байх тэр эрэгтэй надаас “...гар утас байхгүй байна, надтай хамт байсан хүмүүс хэзээ гараад явсан юм бэ.” гээд асуугаад байсан.” гэх мэдүүлэг,

гэрч Б.Я-гийн “...маргааш өглөө нь 8 цаг өнгөрч байхад Б “...нөгөө ах чинь залгаж байна” гэж хэлсэн. ...машины түлхүүрийг нь өгөх гээд гарсан чинь С танихгүй дөрвөн залуугийн хамт ирчихсэн “...гар утас өг” гээд гар утсаа нэхээд байсан. Тэр үед Б С-т “...би таны гар утсыг аваад өчигдөр сууж ирсэн таксиндаа үлдээчихсэн юм.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

гэрч Д.Б-ы “...танихгүй хоёр эмэгтэй хүн тааралдаад “...гар утсаараа яриулаач” гэхээр нь би өөрийнхөө гар утсаа махлагдуу шар хүүхэнд өгч яриулсан. ...С ах танихгүй хоёр хүүхэн бид дөрөв “Абсолют” буудал орж архи, пиво уусан. ...маргааш өглөө нь С ах өөр хүний дугаараас “...гар утсаа хулгайд алдсан байна, чи хүрээд ир” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

Б.Б-ийн “...буудлаас гарах гэж байхад С-ын гар утас газар унасан байсан. ...тухайн үед Баянцагаан баг руу явах гээд таксины мөнгө байхгүй болохоор нь С-ын гар утсыг авч таксинд барьцаалж явчихаад маргааш өдөр нь утсыг нь аваад өгье гэж бодоод гар утсыг нь аваад гарсан.” гэх мэдүүлгүүдээр,

иргэн Ц.Д-гийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, гомдолд хавсаргасан баримтууд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн ОРХ/21-110 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүнийг “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.С-т 499.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 499.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-т олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Б-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-д нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг, мөн түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1, арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 499.000 төгрөгийг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22-16 тоотод оршин суух, Д.С-т олгосугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Абсолют” буудлын хяналтын камерын бичлэгийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ