| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0192/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/204 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,
улсын яллагч С.Б,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000186 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.Б нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 10 тоот дахь иргэн Б.Л-ийн гэрт нэвтэрч “Huawei5” маркийн гар утас хулгайлан авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ; “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.
Хохирогч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үүрээр 5 цагийн үед гэртээ унтаж байхад байшин дотор эхлээд тог хийх чимээ гарсан тэгэхээр нь таамбарын хаалга онгорхой дуугарч байгаа юм байхдаа гэж бодсон. Тэгтэл дахиад чимээ гарахаар нь босоод хартал манай байшингаас хүн гараад явсан, би шууд орноосоо босоод араас нь гүйгээд гартал нэг намхан залуу хашаагаар гарах гээд гүйж байхаар нь араас нь хөөж байтал нэг гар утас газар хаясан. Тэгээд нөгөө залуугаа барьж аваад “...чи яах гэж манай байшин руу орж ирж байгаа юм бэ” гэхэд “...айл андуураад ороод ирлээ” гэж хэлсэн. Газар хаясан гар утсыг үзтэл миний “Huawei5” загварын гар утас байсан.” гэсэн мэдүүлэг /хх-10/,
Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад “Уурхайчин” баг Наадмын талбайн уулан дээр хөдөөний нэг ах хүүтэй танилцаад бид хоёр 2 ширхэг 2.5л пиво уусан. Орой 20 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ явах гэсэн боловч унаа олдохгүй байхаар нь Говил баг гэр лүүгээ алхаж явж байгаад Дулааны цахилгаан станцын наана нойр хүрээд байхаар нь хэсэг унтаж байгаад 2 цагийн үед сэрээд гэрлүугээ алхаж явсаар төмөр замын призер орчим явж байгаад найз Э-г утсаар дуудаад бид хоёр 0.5л архи хувааж уусан, тэгээд манай найз намайг гэрийн гадаа хүргэж өгөөд гэрлүүгээ явсан. Би гэрийнхээ гаднаас гэртээ оролгүй буцаад гэрээсээ доошоо уруудаж явж байгаад Говил багийн эцэст байх хаягийг нь сайн мэдэхгүй цагаан өнгийн байшинтай айлын гадаа ирээд хаалгыг татаж үзтэл онгорхой байсан тэгэхээр нь дотогш орсон, айлын хүмүүс унтаж байсан, ширээн дээр нь гар утас байхаар нь аваад гарах үед гэрийн эзэн болох нэг ах намайг харчихаад миний араас хөөсөн би гүйж байхдаа хулгай хийсэн гар утсаа хашаан дотор нь шидсэн тэгээд хашаанаас гарч чадалгүй баригдсан.” гэсэн мэдүүлэг /хх-39-42/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-4-6/
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ТХХ/21-135 дугаартай “...“Huawei5” загварын гар утасны үнэ 100.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-15-19/,
Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-28-35/ эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 10 тоот дахь иргэн Б.Л-ийн гэрт нэвтэрч “Huawei5” загварын гар утас хулгайлан авч, 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Л-ийн “...2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн үүрээр 5 цагийн үед гэртээ унтаж байхад...тог хийх чимээ гарахаар нь босоод хартал манай байшингаас хүн гараад явсан, би шууд орноосоо босоод араас нь гүйгээд гартал нэг намхан залуу хашаагаар гарах гээд гүйж байхаар нь араас нь хөөж байтал нэг гар утас газар хаясан. ...Газар хаясан гар утсыг үзтэл миний “Huawei5” загварын гар утас байсан.” гэх,
Б.Б-ийн “...Говил багийн эцэст байх хаягийг нь сайн мэдэхгүй цагаан өнгийн байшинтай айлын гадаа ирээд хаалгыг татаж үзтэл онгорхой байсан тэгэхээр нь дотогш орсон, айлын хүмүүс унтаж байсан ширээн дээр нь гар утас байхаар нь аваад гарах үед гэрийн эзэн болох нэг ах намайг харчихаад миний араас хөөсөн би гүйж байхдаа хулгай хийсэн гар утсаа хашаан дотор нь шидсэн тэгээд хашаанаас гарч чадалгүй баригдсан.” гэх мэдүүлгээр,
мөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн үзүүлэлтүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ТХХ/21-135 дугаартай “...“Huawei5” загварын гар утасны үнэ 100.000 төгрөг” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж заасан байна.
Тухайн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 10 тоот дахь иргэн Б.Л-ийн гэрт шүүгдэгч нь чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй этгээд биш бөгөөд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх тул түүний энэ үйлдлийг хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд, улмаар түүний орон байрны халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирол төлбөрийн талаар;
Хохирогч Б.Л-д “Huawei5” загварын гар утас биет байдлаар буцаан олгогдсон тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Б.Б-ийг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нь урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тухайн ялыг биечлэн эдэлж байгаад 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн хорих ялыг тэнссэн байдаг. Иймээс 5 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.Б нь урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тухайн ялыг биечлэн эдэлж байгаад 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн ялыг тэнсэж, хугацаанаас өмнө суллагдсан байх үедээ энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймээс шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн хорих ялыг тэнссэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар тогтоон, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч Б.Б-ийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх үндэслэлтэй хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,
мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт ”2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, ... дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 2 жил 8 сар 1 хоногийн хорих ялаас цагдан хоригдсон 80 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 жил 5 сар 11 хоногоор дүйцүүлэн сольж,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй түүний үлдсэн 8 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацаанаас өмнө сулласан 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 80 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 жил 5 сар 11 хоногоор дүйцүүлэн сольж, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ