Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 22

 

И.Гантөмөрийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийдвэртэй,
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4 дүгээр баг Хүйсийн говь, 4 дүгээр багт оршин суух Гаадан овгийн Ившинхоролын Гантөмөр /РД: ДЛ78102014/-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч,   шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Гантөмөрийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
Нэхэмжлэгч И.Гантөмөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ившинхоролын Гантөмөр нь 2011 оны 6 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвд орон нутаг судлах танхимын ажилтан техникчээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байна. Ажиллах хугацаанд алдаа зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүрэг даалгаврыг хангалттай биелүүлж ажиллаж байсан. Би 11 дүгээр сарын 01-ний өглөө ажилдаа ирээд 11 цаг хүртэл ажил дээрээ байсан, эрхлэгч М.Мөнхцэцэг ирээгүй, хөгжийн багш, нярав нар ирсэн байсан. Би хөдөө явах гэсэн юм, эрхлэгч яагаад ирэхгүй байгаа юм гэхэд амарч байгаа гэсэн. Тэр 2 хүнд хэлээд хөдөө явсан. 11 дүгээр сарын 03-ны орой ирээд 11 дүгээр сарын 4-ний өдөр ажилдаа ирсэн. 11 дүгээр сарын 5, 6-ны өдөр амралтын өдөр байсан. 11 дүгээр  сарын 7-ны өдөр ажилдаа ирэхэд Дэлхийн зөнгийн сургалттай гээд техник хэрэгсэл зөөж байсан. Манайхан чамайг ажлаас халж байгаа, тушаал гарсан гэсэн. 

2
Надад тушаал өгөөгүй. Ширээн дээр байсан тушаалыг үзэхэд 11 дүгээр сарын 03-ны өдрийн огноотой тушаал байсан. Тэгээд би юмаа зөөчихөөд явсан. 11 дүгээр сарын 8-ны өдөр ажилдаа ирэх үед С.Баттөр ирсэн байсан. 11 дүгээр сарын 11-нд номын санчаас тушаалаа өөрөө конандаж авсан. Хуулийн хүнээс утсаар зөвлөгөө авахад намайг ажлаас халсан тушаалын хуулийн заалт буруу гэсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И.Гантөмөрийг Соёлын төвөөс халахад дээд газраас мэргэжлийн хүн авч ажиллуул, наад хүн чинь шаардлага хангахгүй байна гэж удаа дараа шаардсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг 30 хоногийн дотор гаргах эрхтэй. Энэ хүн 11 дүгээр сарын 03-ны өдөр гарсан тушаалтай 11 дүгээр сарын 4-ний өдөр танилцаад авалгүй гарч явсан. Өгсөн тушаалыг өөрөө авалгүй ширээн дээр орхиод гарч явсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. 11 дүгээр сарын 4 гэхэд тушаалаа бүрэн мэдчихсэн байсан. 12 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргасан тэр үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. Үүнийгээ өвчтэй хүн сахиж байсан гэж тайлбарлаж баримт бичиг гаргаж өгсөн. 2 өөр албан бичгийг нь Цагдаагийн байгууллага нь ч шалгаж чаддаггүй ийм байдалтай байна. Тэгэхээр дээрх баримт бичгүүд нь шүүхийн хувьд нотлох баримт болох боломжгүй гэж үзэж байна. Шалгуулсан нотлох баримтын асуудал шүүхээр шийдэгдэлгүй, прокурорын шатанд дуусчихсан тул нотлох баримт хангалттай шалгагдаагүй гэж үзэж, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гомдлоо гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар И.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад 

3
болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч И.Гантөмөр нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө ажилдаа ирээд хөдөө явах ажил гараад эрхлэгч М.Мөнхцэцэгээс чөлөө авах гэтэл байхгүй байсан тул хөгжмийн багш, нярав нарт хэлээд яваад 11 дүгээр сарын 4-ний өдөр ажилдаа ирэхэд эрхлэгч байгаагүй, тэр өдөр ажлаас чөлөөлсөн талаар хэлээгүй. 11 дүгээр сарын 7-ны өдөр ажилдаа ирэхэд ажлаас чөлөөлсөн талаар сонссон. Ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор аваагүй байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч И.Гантөмөрийн шүүхэд хандсан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа юм. 
Иймд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, И.Гантөмөрийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж бодитойгоор үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч И.Гантөмөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Соёлын төвийн  техникч, музейн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөхморьт сумын Соёлын төвд холбогдуулан гаргасан байх ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх нэг сарын хугацаа өнгөрсөн гэх үйл баримтыг тогтоохдоо гэрч М.Алтанцэцэгийн “...И.Гантөмөр 11 дүгээр сарын 4-нд ажилдаа ирсэн. Би тушаал нь энэ байна гэхэд тушаалыг уншчихаад орхиод гарсан. Дараа тушаалаа конандья гэж нэг ирсэн...” гэх мэдүүлэгт зөвхөн үндэслэсэн, нэхэмжлэгч шүүхэд хандах хүртлээ ажлаас халагдсан тушаалыг өөрөө гардаж авсан эсэх нь ч эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг 

4

гүйцэтгүүлж байсан аль ч тохиолдолд хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн бол энэ талаар гаргасан тушаал, шийдвэрээ ажилтанд заавал гардуулж өгөх үүрэгтэй юм.

Хариуцагч байгууллага дээрх хуульд заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхойгүй, “И.Гантөмөр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж авсан” гэх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй байхад хариуцагчийн энэхүү нотлох үүргийг нэхэмжлэгчид оногдуулсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын нотлох үүргээ хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.Гантөмөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ

                         ШҮҮГЧИД                                           Б.АРИУНБАЯР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН