| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/207 |
| Огноо | 2021-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.П-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2125000410106 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Э.П,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Э.П 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст баг 1-4-70 тоотод эхнэр Д.Б-ын толгой тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ нөхрийн хамт байж байсан чинь манай дэлгүүрийн худалдагчаас “...200-н тор дууссан” гэсэн мессеж ирүүлсэн, би “...тор бөөндөхдөө эндээсээ авья” гэсэн чинь нөхөр “...Улаанбаатар хотоос авья” гээд байхаар нь “...чи хэзээ юм аа мэдэх болов, би мэдэж байна, эндээсээ авна” гээд хэрүүл болсон. ...нөхөр намайг ор руу түлхэхээр нь “...чи намайг зодвол зод” гэсэн чинь гар руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, толгойгоо гараараа дарж байсан чинь хоёр гарын завсраар гар нь орж ирээд миний дээд уруул руу нэг удаа цохисон, нуруу мааждаг модоор баруун талын тохой руу нэг удаа цохисон. Одоо нөхөр бид хоёр эвлэрсэн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-8, 9, 16/,
Гэрч В.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр би гал тогооныхоо өрөөнд хоол, унд хийгээд байж байсан чинь хүү П гэрээс гараад явсан, гэтэл бэр Д.Б уйлаад байхаар нь очсон чинь дэлгүүрийн тор “авна”, авахгүй” гэж хоорондоо маргалдсан байсан. ...хаана нь, юу нь гэмтсэнийг мэдэхгүй, асуугаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-15/,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-гийн “....2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай “...1.Д.Б-ын биед тархи доргилт, дээд уруул, баруун тохойд зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-19-20/,
Шинжээч, эмч Ж.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би Д.Б-ыг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр үзсэн, үзлэгээр түүний биед үүссэн байсан зөөлөн эдийн цус хуралтын өнгөний байдал болон үзлэгээр нүдний алимны чичирхийлэл илэрч байгаа, маннагийн шинж тэмдэг буюу тархины битүү гэмтлийн үед гардаг шинж тэмдэг илэрсэн, мөн амбулаторын картны бичлэгт мэдрэлийн эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн үзлэгээр тархи доргилт оношлогдсон зэргээс үзэхэд Д.Б-ын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоног дотор сарниулдаг тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагддаг.” гэсэн мэдүүлэг /хх-21-22, 24/,
Э.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад дэлгүүрийн тор дууссан гээд тор захиалах болсон, би “...Улаанбаатар хотоос захиалья” гэсэн чинь эхнэр “...эндээсээ захиалья” гээд хэрүүл эхэлсэн. Тэгээд би уурандаа гар руу нь хоёр удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-11, 54/,
хохирогч Д.Б-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-3/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-27-29/,
Э.П эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Э.П 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст баг 1-4-70 тоотод эхнэр Д.Б-ын толгой тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүгдэгч Э.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
хохирогч Д.Б-ын “...2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр...нөхөр намайг ор руу түлхэхээр нь “...чи намайг зодвол зод” гэсэн чинь гар руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, толгойгоо гараараа дарж байсан чинь хоёр гарын завсраар гар нь орж ирээд миний дээд уруул руу нэг удаа цохисон, нуруу мааждаг модоор баруун талын тохой руу нэг удаа цохисон.” гэх,
гэрч В.М-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр бэр Д.Б уйлаад байхаар нь очсон чинь дэлгүүрийн тор “авна”, авахгүй” гэж хоорондоо маргалдсан байсан.” гэх,
шинжээч, эмч Ж.Г-гийн “...Би Д.Б-ыг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр үзсэн, ...мэдрэлийн эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн үзлэгээр тархи доргилт оношлогдсон зэргээс үзэхэд Д.Б-ын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоног дотор сарниулдаг тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагддаг.” гэх,
Э.П-гийн “...би уурандаа гар руу нь хоёр удаа цохисон.” гэх мэдүүлгүүдээр болон хохирогч Д.Б-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-ийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.П нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч Э.Пгийн үйлдэл нь хохирогчийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.П-гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирол төлбөрийн тухайд;
Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Э.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэдий боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан,
шүүгдэгч Э.П-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан тул шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Э.П-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
4.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ