Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж Улсын яллагч Л.Э Хохирогч Л.С Иргэний нэхэмжлэгч Г.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н Шүүгдэгч Б.Б Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2025000000399 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1945 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймаг Тариалан суманд төрсөн, 75 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикийн багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, Ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 10-11тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Б.Ба\ /регистрийн дугаар РЙ45042111/. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шанд багт Шанд баг гэсэн самбарын урд талын авто зам дээр Тоёота раш загварын 43-23 ОРА дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 38-76 ОРА дугаартай иргэн Л.Сын жолоодож явсан бага оврын ачааны машинтай мөргөлдөж Л.Сын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Б-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн. Би гэм буруугаа хүлээж байна, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь үнэн. Өөртөө буруу өгч гомдож байна. Уулзварт нэвтрэхийн өмнө би түр зогсолт хийсэн. Хохирогч ирээд мөргөсөн. С-ын тормос 4 дугуйндаа бүрэн барьдаггүй юм уу гэж би боддог. Хохирогч нилээд хурдтай явсан байх гэж би бодсон. Зүүн талаасаа ирсэн тээврийн хэрэгслийг хараагүй нь миний буруу 771.000 төгрөг хохирогчид төлсөн. Эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг баримтын хэмжээнд төлөхөд бэлэн байна. Авто үнэлгээний төвөөс Л.Сын машиныг үнэлсэн үнэлгээг төлнө гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ ослын улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Миний өвдөг зогсож байхад, явж байхад өөрөө нугардаг болсон. Толгой өвдөж юм мартдаг болсон. Шүүгдэгч намайг самбаачлах арга хэмжээ авсангүй гэж байна. Би арваад метрийн л зайтай явсан ба энэ машиныг зогсож байгаа юм байна даа гэж бодтол ирээд мөргөсөн. Гар утасны хувьд ослын зураг дарах гэтэл камер нь ажиллахгүй болсон байсан. Маргаашнаас нь утас ажиллахгүй болсон. 2020 оны 10 сарын 21 хүртэл өвчтэй байсан. Нэхэмжлэлийн хувьд машины төлбөр 4.000.000 төгрөг, эрүүл мэндийн төлбөр 1.850.000 төгрөг, утасны төлбөр 850.000 төгрөг, листний зөрүүгээ нэхэмжилнэ,зөрүүгээ яг сайн тооцож бодоогүй. Тухайн үед утсаа хайгаад олоогүй. Гэтэл машины урд унасан байсныг олж цагдаагийн газарт би утсаараа мэдэгдсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны үед утсандаа оношлогоо хийлгэж мөнгө төгрөг зарцуулаагүй гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Машиныг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний дагуу 4.000.000 төгрөг нэхэмжилнэ. Уг нь 5.500.000 төгрөгөөр 2019 онд худалдаж авсан. Машинаа үнэлүүлэх гээд Эрдэнэбат байцаагчид хэлсэн чинь дараа бол гэсээр удсан. Прокуророос бичиг ав гээд байсан гэсэн мэдүүлэг Хохирогч Л.Сын “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүнсний зах дээрээс 17 цагийн орчимд нэг эмэгтэй ачаа ачих гэсэн юм гэхээр нь үнэ тохироод 5-5 дугаар байрны тэндээс хаягдал мод ачаад Шанд багийн 20 дугаар гудамжинд буулгана гэхээр нь ачаад явж байтал Шанд багийн Шанд гэсэн самбарын урд төв замаар явж байтал хойноосоо урагшаа туслах замаар нэг машин төв зам руу нийлэх гээд зогсох үйлдэл хийчихсэн байсан юм. Тэгээд би намайг харсан юм байх гээд төв замаараа чигээрээ явтал гэнэт хажуугаас орж ирээд мөргөлдсөн. Би тухай үед 30-40км цагийн хурдтай явж байсан, миний биеийн баруун өвдөгний тойг хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27х/ Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 731 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Л.Сын биед баруун гарын сарвууны 4-р шивнүүрийн суурь хэсгийн зөрөө багатай ташуу хугарал.баруун тойгны ясны зөрүүгүй хугарал баруун өвдөгт зөөлөн эдэд цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шивнүүр яс болон тойгны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-н 41-42х/ Гэрч Д.Б-ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Хүлэг хүнсний зах дээр очоод амьжиргаа цагаан ачааны машин хөлслөөд 5 дугаар байрны гаднаас барилгын хаягдал мод ачаад Шанд баг руу гэр лүүгээ харих гээд явж байтал авто замын хойд буюу шороон замаас нэг саарал өнгийн суудлын авто машин зам руу нийлэх гэж байгаа бололтой явж байгаад замын хойно түр зогсохоор нь энэ машин зогсох гэж байгаа юм бана гээд жолоочтойгоо ярилцаад явж байтал нөгөө машин зам руу ороод зүүн эргэх гэж байгаа бололтой гэнэт орж ирж мөргөсөн. Миний сууж явсан машин 30-40 км цагийн хурдтай явж байсан. Хойноос ирсэн машин хурдаа хасч зогсоох арга хэмжээ авч байснаа зөөлөн явж нөгөө машины урдуур орж ирж мөргөсөн ...” гэх мэдүүлэг /хх-н 23-24х/ Гэрч Ж.Жаргалсайханы “ ... Шанд багийн авто зам дээр шороон гарцнаас төв зам руу нийлэх уулзварт зогсож байгаад миний нөхөр болох Батцэрэн нь зүүн гар талаас машин ирж байна уу гээд надаас асуухаар нь зүүн тал руу харж амжаагүй байхад нөхөр болох Батцэрэн төв зам руу ортол цагаан өнгийн жижиг ачааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх мэдүүлэг /хх-н 35-36х/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 10-16х/ Зам тээврийн осол дээр тогтоосон 2020 оны 10 сарын 25-ны өдрийн 10 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “ Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн магадлагаа /хх-н 106-108 х/ Ашид билгүүн ХХК-ийн Митсубуши миникаб машины авто машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 2.395.000 төгрөг гэх дүгнэлт /хх-н 80 х/ Шүүгдэгч Б.Бгийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 10 сарын 04-ний өдөр гэрээсээ гараад Горд руу явж байгаад Шанд багийн нутаг дэвсгэр Шанд самбарын урд талын авто зам дээр туслах замаас төв зам руу орох гээд зогсож байгаад зүүн тийшээ хартал машин байхгүй байсан баруун тийшээ харахад том оврын машин нилээн зайтай явж байсан. Тэгээд орох боломжтой юм байна гэж бодоод ортол зүүн гар талаас 3876 ОРА улсын дугаартай Митсубуши миникаб маркийн машинтай мөргөлдсөн. Тухайн үед зогсож байгаад орсон болохоор удаан орсон. Яг хэдэн км цагийн хурдтай байсан талаар харж амжаагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 02-03 хуудас/ Б.Бг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 02-03 хуудас/ Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 117 хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Батчулууны Батцэрэн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шанд багт Шанд баг гэсэн самбарын урд талын авто зам дээр Тоёота раш загварын 43-23 ОРА дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 3876 ОРА дугаартай иргэн Л.Сын жолоодож явсан бага оврын ачааны машинтай мөргөлдөж Л.Сын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналтай, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх. Цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч Л.С болон иргэний нэхэмжлэгчид нотлох баримтын хэмжээнд хохирол гаргуулах нь зүйтэй гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Бд холбогдох хэргийг шүүх тал бүрээс нь хэлэлцэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөрийг өгөх зорилгоор эрүүгийн хариуцлагыг завсарлуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүх хүлээн авсан. Энэ хугацаанд 3.774.756 төгрөгийн хохирлыг төлсөн. Энэ нь шүүхийн гэм буруугийн хурлаар тогтоогдсон автомашины хохирол 2.395.000 төгрөг, эмчилгээний зардал 823.000 төгрөг, эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалингийн зөрүү 556.756 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Б.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох ялтай, торгох, албадан ажил хийлгэх, зорчих эрхийг нь хязгаарлах гэсэн заалттай. Улсын яллагчийн хувьд торгуулийн ялыг хэрэглэж байна. Торгуулийн ялын хэмжээг доод хэмжээнд авч үзэж болно гэж бодож байна. Шүүгдэгч Б.Бгийн хувьд дахин гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл байхгүй гэв. Шүүгдэгч Б.Б 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян[1]Өндөр сум Шанд багт Шанд баг гэсэн самбарын урд талын авто зам дээр тоёота раш загварын 43-23 ОРА дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэсэн заалтыг зөрчиж 3876 ОРА дугаартай иргэн Л.Сын жолоодож явсан бага оврын ачааны машинтай мөргөлдөж Л.Сын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн. Би гэм буруугаа хүлээж байна, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь үнэн. Өөртөө буруу өгч гомдож байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ ослын улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Миний өвдөг зогсож байхад, явж байхад өөрөө нугардаг болсон. Толгой өвдөж юм мартдаг болсон” гэсэн мэдүүлэг, хохирогч Л.Сын биед “баруун гарын сарвууны 4-р шивнүүрийн суурь хэсгийн зөрөө багатай ташуу хугарал.баруун тойгны ясны зөрүүгүй хугарал, баруун өвдөгт зөөлөн эдэд цус хуралт зулгаралт” бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Сүхбаатар нь хавтаст хэргийн 135-210 дугаар хуудсанд 2020 оны 10 сарын 28-ны байдлаар гарсан зардал нийт 2.110.947 төгрөг, 322-235 дугаар талд 1.806.564,14 төгрөг, 241-250 дугаар талд 862.300 төгрөг бүгд 4.779.811,14 төгрөг эмчилгээний буюу шатахуун, замын зардал гэж нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтаар эм тариа, шинжилгээ, шүүх эмнэлгийн төлбөр, замын зардлын нийт 831.253 төгрөгийг шүүгдэгч Б.Бгээс гаргуулан хохирогч С-т, 2.395.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Эад олгохоор шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас 3.948.558,14 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй. Мөн цалингийн зөрүү нэхэмжилснийг ажилд орсон тушаал, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нь хэрэгт авагдаагүй тул жич нэхэмжлэхээр үлдээсэн болно. Шүүгдэгч түүний өмгөөлөгч хуульд заасны дагуу хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авч иргэний нэхэмжлэгчид машины эвдрэл засварт шинжээчийн дүгнэлтын дагуу 2.395.000 төгрөг, хохирогч Л.Ст 831.253 төгрөг, цалин листны зөрүү 556.756 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.Б нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Г овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Нэхэмжлэлийн шаардлагаас 3.948.558,14 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай. 8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Э