Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/209

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ю.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000010 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Биеийн байцаалт; Монгол Улсын иргэн, Г.Э,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Г.Э нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 17.6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

Гэрч Ц.Б-ны “...Э 2020 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед залгаад “уулзья, 2 дугаар хороололд хүрээд ир” гэхээр нь би “тэгж хол явж чадахгүй наадмын талбай дээр уулзья” гэсэн. ...бид хоёр 11 цаг болж байхад наадмын талбай дээр уулзаад Э хар өнгийн цамцнаасаа ууттай ногоон өнгийн өвс гаргаж ирээд цаасанд ороож татаад байсан. Ороосон өвсөө 20-30 минут татаж байгаад “гэр рүүгээ харилаа” гээд яваад өгсөн, би Э-гийн ороосон өвснөөс татаагүй, бид хоёр наадмын талбайгаас салах үед Э ууттай өвсөө “авах юм уу” гэхээр нь би “авахгүй” гэсэн, энэ зун өнчин цагаан барилгын хажуу талын цэнхэр хашаанаас бид хоёр түүж байсан юм. Э-гийн түүсэн өвс нь одоо дуусаж байгаа гэж ярьж байсан, тухайн өвс нь Э-гийн өөрийнх нь биед байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-7/,

Гэрч М.Г-ын “...Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би эрүүгийн мөрдөгч, дэслэгч Ч.М-ийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж байхад нэг сэжиг бүхий эрэгтэй хүн урд алхаж байхаар нь очиж шалгахад ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, согтууруулах ундаа үнэртэхгүй байсан хирнээ ярианы өнгө болон алхаж байгаа байдал нь согтуу хүн шиг сонин байсан тул цагдаагийн газар дагуулан ирж 1 тоот өрөөнд өмсөж байсан хувцсанд нь үзлэг хийхэд эрээн ууттай, нунтаг өвс мэт зүйл гарч ирсэн, ууттай өвс мэт зүйл гарч ирсэн хүн нь Г.Э гэх бөгөөд уг хүний шээснээс өөрийнх нь хүсэлтээр дээж аван тестээр шалган үзэхэд “мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн” гэж гарч ирсэн. ...Г.Э-гээс гэрчээр мэдүүлэг авахад “Ц.Б гэх хүн нь уг ууттай өвсийг наадмын талбай дээр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн” гэх тул Ц.Б гэх хүнийг олж тогтоон дуудаж мэдүүлэг авч, өөрийнх нь хүсэлтээр шээснээс нь дээж авч тестээр мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн эсэхийг шалгаж үзэхэд мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн гэж гарч ирээгүй. ...ууттай өвсийг жинлэн үзэхэд цэвэр жин нь 17.6 грамм байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-11-12/,

Яллагдагч Г.Э-гийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Б найз маань над руу залгаад “...наадмын талбай дээр тамхи аваад хүрээд ирээч” гэхээр нь би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наадмын талбай дээр 2 ширхэг “LD club” нэртэй тамхи авч очиж Б-тай тамхилсан. ...Б нь куртикнийхээ халааснаас ууттай өвс гаргаж надад өгч бид хоёр хамт сонингийн цаасанд татсан, сонингийн цаасыг Б гаргаж ирсэн. Бид хоёр өвсөө татаж, ууттай өвсийг би зүүн талын өмднийхөө дотор талд хийж 11 цаг 40 минутын үед хүүхэлдэйн театрын урд талд явж байхад цагдаа намайг шалгасан. Бор эрээн өнгийн уутан дотор ногоон өнгөтэй хатсан байдалтай нунтаг хэлбэрийн ургамал байсан, ...Ц.Б өөрийнхөө энгэрээс ууттай өвс гаргаж “юм байгаа, татах уу” гэсэн, тэгээд Б сонингийн цаасанд ороож өгөөд асаан татаж үзэхэд мансууруулах төрлийн өвс байна гэж мэдсэн. Учир нь энгийн худалдааны тамхи татсан мэдрэмжээс өөрөөр толгой ихээр эргэж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-69-70, 71-72/,

Г.Э-гийн биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-16-17/,

Г.Э-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 19-20/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-24-26/,

Дууны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-27-28/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-29-30/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Э 2020.12.7” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Э” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Уг ургамал мэт зүйлийн ууттай нийт жин нь 18.0 грамм, цэвэр жин нь 9.6 грамм шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 9.1 грамм болов.” гэсэн дүгнэлт /1-р хх-48-50/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн “...Магадлуулагч Г.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчингүй, өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай. Г.Э нь шинжилгээ хийх үед сэтгэл мэдрэлийн өвчингүй өөрийн холбогдож байгаа учир холбогдлыг зөвөөр тусган авах, хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Магадлуулагч Г.Э нь албадан эмчилгээ шаардлагагүй. Г.Э-д мансууруулах эм бодист хамааралтай шинж илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-60-62/,

Г.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-87, 98/, хувийн бичиг баримтууд /1-р хх-97-101, 107-120/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх/192-202/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

         Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 17.6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

гэрч М.Г-ын “...Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ... сэжиг бүхий эрэгтэй хүн урд алхаж байхаар нь очиж шалгахад ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, согтууруулах ундаа үнэртэхгүй байсан хирнээ ярианы өнгө болон алхаж байгаа байдал нь согтуу хүн шиг сонин байсан тул цагдаагийн газар дагуулан ирж 1 тоот өрөөнд өмсөж байсан хувцсанд нь үзлэг хийхэд эрээн ууттай, нунтаг өвс мэт зүйл гарч ирсэн, ууттай өвс мэт зүйл гарч ирсэн хүн нь Г.Э гэх бөгөөд уг хүний шээснээс өөрийнх нь хүсэлтээр дээж аван тестээр шалган үзэхэд “мансууруулах төрлийн ургамал хэрэглэсэн” гэж гарч ирсэн.  ...ууттай өвсийг жинлэн үзэхэд цэвэр жин нь 17.6 грамм байсан.” гэх мэдүүлэг,

яллагдагч Г.Э-гийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ... Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наадмын талбай дээр 2 ширхэг “LD club” нэртэй тамхи авч очиж Б-тай тамхилсан. ...Бид хоёр өвсөө татаж, ууттай өвсийг би зүүн талын өмднийхөө дотор талд хийж 11 цаг 40 минутын үед хүүхэлдэйн театрын урд талд явж байхад цагдаа намайг шалгасан. Бор эрээн өнгийн уутан дотор ногоон өнгөтэй хатсан байдалтай нунтаг хэлбэрийн ургамал байсан.” гэх мэдүүлгүүд,

Г.Э-гийн биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 147, 148 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоосон,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан хадгалах гэдэг нь уг бодисыг санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулах зэргийг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Г.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд;

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөл үзүүлэх тухай хуульд хамруулах” дүгнэлтийг, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Г “...хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах” гэсэн саналыг гаргав.

Шүүх шүүгдэгч Г.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж,

түүнд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2 дугаар хавтаст хэргийн ард үдэгдэн ирсэн “Г.Э, Ц.Б нарын харилцан яриа” гэсэн бичиглэлтэй 4.7GB багтаамжтай DVD-г эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

мөн хуулийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн өнгийн гялгар ууттай 17.6гр ногоон өнгийн өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1, арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2 дугаар хавтаст хэргийн ард үдэгдэн ирсэн “Г.Э, Ц.Б нарын харилцан яриа” гэсэн бичиглэлтэй 4.7GB багтаамжтай DVD-г эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

         мөн хуулийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн өнгийн гялгар ууттай 17.6гр ногоон өнгийн өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

          8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ