| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0197/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/210 |
| Огноо | 2021-08-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,
улсын яллагч С.Б,
хохирогч Д.П,
шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025004920076 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, И.Б,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч И.Б нь иргэн Д.П-ыг “хямд байр авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр Улаанбаатар хот Сүхбаатарт дүүрэг Их дэлгүүрийн хажуугийн Төрийн банкны орчим авсан,
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг Орхон аймгаас дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч И.Б мэдүүлэхдээ; “...Би хохирогчтой автобусанд танилцаад, байшин байгаа гэдгийг түүнд хэлэхэд хохирогч “байшин авч өгөөч” гэхээр нь 4.000.000 төгрөгийг нь авсан боловч надад байр байгаагүй. Энэ хүнээс мөнгө авч, залилсан нь миний буруу, би өөрийнхөө нэрийг Сэлэнгээ гэж хэлсэн. Бид хоёр эхлээд бол хоёулаа амьдарья гэж ярьж байсан юм.” гэв.
хохирогч Д.П мэдүүлэхдээ; “...Би Улаанбаатар хот орохоор Эрдэнэтээс автобусанд суугаад явж байхдаа бид хоёр танилцаж, утсаа солилцсон, “надад 5.000.000 төгрөг хэрэг болоод байна” гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод байхдаа Төрийн банкнаас 3.000.000 төгрөг авч өгсөн, энд ирээд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Улаанбаатар хотод байхад “авах байрыг чинь үзүүлье” гэхээр нь таксинд сууж яваад нэг байр үзсэн, энэ хүн “хүүхдээ Солонгос руу эмчилгээнд авч явах гэж байгаа, байраа хямд зарна” гэсэн юм. Надаас 1.000.000 төгрөгийг авсны дараагаас ярихаа больж, хаягаа өөрчлөөд олдохгүй болсон, мөн хугацаа заагаад мөнгөө өгнө гэсэн боловч олдоогүй. Надаас зарлага их гарсан гэхдээ нэхэмжлэхгүй, надад 2.000.000 төгрөг өгсөн, үлдэх 2.000.000 төгрөгийг авчихвал энэ хүнтэй яриад байх юм алга.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.П-ын “...Намайг хотод байхад нөгөө автобусанд танилцсан эмэгтэй над руу утсаар яриад “байр авах гэсэн мөнгө дутаад байна, мөнгө байвал зээлээч” гэхээр нь би Улаанбаатар хотод их дэлгүүрийн хажууханд байх Төрийн банкны “Хараа” тооцооны төвөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг бэлнээр авч Сэлэнгээд өгсөн. Намайг Эрдэнэтэд ирсэн байхад Сэлэнгээ ахин надруу утсаар яриад “мөнгөө өгөөд байраа авахаар болсон одоо сая төгрөг өгвөл байраа авах гээд байдаг, та 1.000.000 төгрөг олоод өгөөч” гэхээр нь би Орхон аймгийн Жаргалант сумын Төрийн банкнаас 1.000.000 төгрөг аваад Сэлэнгээ рүү явуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-16-17, 19-20, 22/,
гэрч Д.Б-ын “...30 гаран жилийн өмнө 3 дугаар төрөхөд танилцаж байсан И.Б гэж хүүхэн мэргэжилтний 20-н автобусны буудал дээр тааралдсан, тэгсэн чинь “танд банкны карт байна уу” гэхээр нь “байна” гэсэн чинь “хүнээс мөнгө шилжүүлээд авах гэсэн юм” гэсэн тэгээд би зөвшөөрсөн. Тухайн үед би өөрийнхөө дансанд 200.000 төгрөг хийх гэж байсан, миний бэлэн мөнгийг аваад дансанд 1.000.000 төгрөг оруулж 800.000 төгрөгийг нь авсан.” гэсэн мэдүүлэг /хх-25-27/,
гэрч П.А-ийн “...Манай аав Д.П...Улаанбаатарт очиод арав гаран хоноод эргээд гэртээ ирээд хоёр гурав хонож байгаад “аав нь Улаанбаатар хот руу явахдаа нэг хүнтэй хамт нэг суудал дээр сууж яваад танилцсан, тэгсэн чинь тэр хүн Улаанбаатар хотод хямд байр авч өгч чадна гэхээр нь Улаанбаатар хотод байхдаа 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн, гэртээ ирээд 1.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэгсэн чинь одоо гар утас нь холбогдохгүй болоод хэд хонож байна” гэсэн. Тэгэхээр нь би аавыгаа “та хүнд залилуулж байгаа юм биш үү” гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-31/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
яллагдагч И.Б-ы “...2020 оны 10 дугаар сарын эхээр...Улаанбаатар хот руу автобусанд суугаад явж байхад миний хажуу талын суудал дээр нэг настай эрэгтэй хүн суугаад явж байхдаа надтай танилцсан. ...нөгөө өвгөн “гар утасны дугаараа өгөөч” гэхээр нь би гар утасны дугаараа өгсөн. ...хохирогч “хоёулаа хамт байр түрээслээд амьдарья” гээд гуйгаад байсан. ...надад өөрөө банкнаас 3.000.000 төгрөг аваад өгсөн, тэгээд бид хоёр 10 дугаар хороололд байдаг буудалд орчихоод салаад явсан. ...Хохирогч Орхон аймагт ирснээсээ хойш над руу 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-87-88/,
Хохирогч Д.П-ын “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийгөө С гэж танилцуулсан 50 орчим насны эмэгтэйд 4.000.000 төгрөг өгч залилуулсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-10/, түүний Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-11-13/,
Хохирогч Д.П-ын Төрийн банкны дансны хуулга /хх-14/,
И.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч И.Б нь иргэн Д.П-ыг “хямд байр авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр Улаанбаатар хот Сүхбаатарт дүүрэг Их дэлгүүрийн хажуугийн Төрийн банкны орчим авсан,
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг Орхон аймгаас дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч И.Б-ы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Д.П-ын “...би Улаанбаатар хотод их дэлгүүрийн хажууханд байх Төрийн банкны “Хараа” тооцооны төвөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг бэлнээр авч Сэлэнгээд өгсөн. ...Орхон аймгийн Жаргалант сумын Төрийн банкнаас 1.000.000 төгрөг аваад Сэлэнгээ рүү явуулсан.” гэх,
гэрч Д.Б-ын “...И.Б гэж хүүхэн мэргэжилтний 20-н автобусны буудал дээр тааралдсан, ...миний бэлэн мөнгийг аваад дансанд 1.000.000 төгрөг оруулж 800.000 төгрөгийг нь авсан.” гэх
гэрч П.А-ийн “...Манай аав Д.П...“Улаанбаатар хотод байхдаа 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн, гэртээ ирээд 1.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэгсэн чинь одоо гар утас нь холбогдохгүй болоод хэд хонож байна” гэсэн. Тэгэхээр нь би аавыгаа “та хүнд залилуулж байгаа юм биш үү” гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх,
яллагдагч И.Б-ы “...хохирогч “хоёулаа хамт байр түрээслээд амьдарья” гээд гуйгаад байсан. ...надад өөрөө банкнаас 3.000.000 төгрөг аваад өгсөн, тэгээд бид хоёр 10 дугаар хороололд байдаг буудалд орчихоод салаад явсан. ...Хохирогч Орхон аймагт ирснээсээ хойш над руу 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлгүүдээр болон хохирогч Д.П-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, түүний Төрийн банкны дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд залилан мэхлэгчдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Хэргийн үйл баримтаас үзвэл, нэг талаас хохирогч Д.П-ын хямд үнээр орон сууцтай болох хүсэл, санаа зорилго нь бусдын арга заль мэхэнд автаж мөнгөө өгөхөд буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн, нөгөө талаас шүүгдэгч нь анхнаасаа өөрийгөө орон сууц хямд үнээр зарах гэж байгаа мэтээр ойлгуулж, худал хэлж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчоос мөнгө авч хувийн хэрэгцээндээ хэрэглэх зорилготой байжээ.
Шүүгдэгч И.Б-ы энэхүү үйлдэл нь шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдад зориуд хор уршиг учруулж, бусдыг хуурч, өөрийгөө орон сууцтай мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч И.Б-д холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч нь гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учруулсан хохирлын тал хувь болох 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд үлдэгдэл 2.00.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч И.Б-аас 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.П-т олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч И.Б-ыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчид оногдуулах ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөөч.” гэсэн саналыг гаргав.
Шүүгдэгч И.Б урьд долоон удаа ял шийтгүүлсэн бөгөөд сүүлд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгуулж, уг ялыг цагдан хоригдсон хоногт шилжүүлэн тооцсон байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 48 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн түүний цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж,
4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,
7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,
12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч И.Б-ы хувьд өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, үлдэх 2.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгчид оногдуулсан 2 жил 48 хоногийн хугацаагаар хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Улаанбаатар хотоос явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч нь 48 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн болон хохирогчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 2 жил 48 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д оногдуулсан 2 жил 48 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ы 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Б-д оногдуулсан 2 жил 48 хоногийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 48 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 2 жилийн хугацаагаар дүйцүүлэн сольж, түүнийг Улаанбаатар хотоос явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хоёр жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-аас 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч хохирогч Д.П /Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг /-т олгосугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн болон хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ