| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0199/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/211 |
| Огноо | 2021-08-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н,
улсын яллагч Г.Э,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025003510200 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Э,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.Э нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4в-5 тоот иргэн Г.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эмээл, хазаар, ногт, 32 инчийн телевизор зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ; “...тухайн өдөр архи уусан байсан, тэгээд Г-гийнхээс юмыг нь авчихсан байсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Г.Г-гийн “...2020 оны 6 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 3 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4в-5 тоот өөрийн гэртээ иртэл манай байшингийн голын цонхны салхивч онгойчихсон байсан. Гэртээ орж үзтэл том өрөөний хаалганы цоожийг эвдсэн байдалтай, гэрт байсан 32 инчийн LCD зурагт, шкафанд байсан модон эмээл болон орос загвартай эмээл, хазаар, ногт зэрэг суран эдлэлүүд байхгүй болсон байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ....манай байшинд хулгай орсноос хойш 4 хоногийн дараа Э-тай fасеbоок чатаар холбогдоод “чи манай гэрээс хулгай хийсэн үү.” гэж асуухад надаас уучлалт гуйгаад хулгай хийсэн гэдгээ хэлээд хоёр эмээл, суран ногт, мөнгөн хазаарыг маань авч ирж өгсөн. ... “зурагтыг чинь авч явж байгаад хагалчихсан, ажил төрөл хийж байгаад төлж өгнө” гээд “намайг битгий цагдаа, шүүхэд өгөөрэй, асуудлыг аятайхан, хөнгөн шийдүүлээд өгөөрэй” гээд гуйгаад байсан. ...зурагтны мөнгө гээд 450.000 төгрөгийг шилжүүлсэн. Би алдагдсан зүйлээ бүгдийг нь авч, хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хх-22, 24/,
яллагдагч Б.Э-гийн “...тухайн өдөр архи ихээр уусан байх үедээ Г.Г-гийн эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгон, цонхоор нь орж дээрх эд зүйлсүүдийг эзнийх нь зөвшөөрөлгүй авч гараад маргааш нь уусан архи гараад, юу хийсэн талаараа гэнэт санан авсан эд зүйлээ Г.Г-д хүлээлгэн өгсөн, мөн 450.000 төгрөгийг зурагтны үнэ гэж шилжүүлэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-75-76/,
хохирогч Г.Г-гийн “...манай гэрт хулгай орсон байна.” гэсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-8/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13/,
шүүгдэгч Б.Э-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-19/,
“Далайван аудит” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02/02-130 дугаартай шинжээчийн “...нийт үнэлгээ 825.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хх-32-37/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-ОРХ/1360 дугаартай дүгнэлт /хх-50-53/,
Б.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 4в-5 тоот иргэн Г.Г-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эмээл, хазаар, ногт, 32 инчийн телевизор зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Э-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Г-гийн “...гэрт байсан 32 инчийн LCD зурагт, шкафанд байсан модон эмээл болон орос загвартай эмээл, хазаар, ногт зэрэг суран эдлэлүүд байхгүй болсон....хулгай орсноос хойш 4 хоногийн дараа Э-тай fасеbоок чатаар холбогдоод “чи манай гэрээс хулгай хийсэн үү.” гэж асуухад надаас уучлалт гуйгаад хулгай хийсэн гэдгээ хэлээд хоёр эмээл, суран ногт, мөнгөн хазаарыг маань авч ирж өгсөн. ...“зурагтыг чинь авч явж байгаад хагалчихсан, ажил төрөл хийж байгаад төлж өгнө” гээд “намайг битгий цагдаа, шүүхэд өгөөрэй, асуудлыг аятайхан, хөнгөн шийдүүлээд өгөөрэй” гээд гуйгаад байсан.” гэх,
яллагдагч Б.Э-гийн “...тухайн өдөр архи ихээр уусан байх үедээ Г.Г-гийн эзэмшлийн байшингийн цонхыг онгойлгон, цонхоор нь орж дээрх эд зүйлсүүдийг эзнийх нь зөвшөөрөлгүй авч гараад маргааш нь уусан архи гараад, юу хийсэн талаараа гэнэт санан Г.Г-д авсан эд зүйлээ хүлээлгэн өгсөн, мөн 450.000 төгрөгийг зурагтны үнэ гэж шилжүүлэн өгсөн.” гэх мэдүүлгээр болон
хохирогч Г.Г-гийн гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Э-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Далайван аудит” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02/02-130 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-ОРХ/1360 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг хэлэх бөгөөд шүүгдэгч Б.Э-гийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Б.Э-гийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн бүх шинжийг хангасан бөгөөд түүнд холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Г.Г-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч биет байдлаар буцаан өгсөн, мөн зурагтны үнэ 450.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан, хохирогч нь “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг хэргийн 24 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Б.Э-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 3 жил хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.
Шүүх шүүгдэгч Б.Э-д ял, шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,
7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,
12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.Э нь байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангасан, мөн түүний үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Булган аймаг Бугат сумаас явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар;
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн сольж, түүнийг Булган аймаг Бугат сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэх,
7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг нэг жилийн хугацаагаар авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн болон хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ