| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07896/И |
| Дугаар | 1248 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 1248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан хот, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 11 дүгээр байр, 33 тоот хаягт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 16 хороо, бэлхийн 10 дугаар гудамж, 189 тоот хаягт оршин суух, Их мэргэд овогт Бадамсэдын Содонбаяр /РД:ТЕ56022405/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 49-06 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Мюзик Холл продакшн” ХХК-д холбогдох,
27,827,799 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюуннаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Содонбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 4 дүгээр 27-ны өдрөөс эхлэн “Мюзик Холл продакшн” ХХК-тай тамхи мансуурлын эсрэг нэгдэцгээе төсөл дээр хамтран ажиллахаар тохирч, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран хэрэгжүүлсэн /Цахлай нисэх гэж төрдөг/ телевизийн 40 ангит киноны ерөнхий продюссэрөөр ажилласан. Кино зураг авалтын явцад болон хөдөө орон нутагт натурт явахад хугацаандаа хөрөнгө оруулалт хийгдэж амжихгүй байсан учраас хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж, үйл ажиллагаагаа явуулж байхдаа иргэн Б.Байгалиас 6,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Киноны санхүүжилт хугацаандаа орж ирээгүй учраас энэ хүнээс зээлсэн мөнгөө өгч чадаагүй Б.Байгаль надаас уг мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсанаар би шүүхийн шийдвэрийн дагуу түүнд 12,600,000 төгрөгийг төлөх болсон. Иймд 12,600,000 төгрөгийг “Мюзик Холл продакшн” ХХК-иас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Содонбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний тэтгэвэрийн зээл 3,373,799 төгрөг, өмгөөлөгчийн зардал 520,000 төгрөг, цалин 10,000,000 төгрөг, хувцас хэрэгсэлийн үнэ 334,000 төгрөг, ССАЖЯ-аас авсан санхүүжилтийн урамшуулалын үлдэгдэл 1,000,000 төгрөг нийт 15,227,799 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Содонбаяр нь “Мюзик холл продакшн” ХХК-тай хамтран “Цахлай нисэх гэж төрдөг” гэх телевизийн олон ангит кино хийсэн. Ингээд 2012 оны 5 дугаар 01-ний өдөр Б.Содонбаяр нь хариуцагч компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр 1,000,000 төгрөгийн цалинтай бөгөөд уг кинонд оруулсан хөрөнгө оруулалтын 15 хувийг авахаар тохирсон. Үүний дагуу Гаалийн Ерөнхий Газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар гэх мэт газруудтай байгуулсан гэрээний 15 хувь болох 18,000,000 төгрөг авсан байдаг. Мөн Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамнаас 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт олж кинонд оруулсан бөгөөд үүний 15 хувь нь 3,000,000 төгрөг юм. Үүний 2,000,000 төгрөгийг авсан. 1,000,000 төгрөгийг аваагүй байгаа. Мөн гэрээгээр киноны жүжигчдийн хувцас хэрэглэл гаргах үүрэг хүлээсэн тул “Алтан цайз” ХХК-иас 334,000 төгрөгийн хувцас авч киноны зураачид хүлээлгэн өгсөн. Энэ мөнгийг мөн өгөөгүй байгаа. Дээрх мөнгийг удаа дараа шаардаж байсан болов өгөхгүй байсан тул хувийн зүгээс “Алтан цайз” ХХК-д 334,000 төгрөг төлсөн. Гэрээ байгуулагдсан өдөр тухайн сарын цалин болох 1,000,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш цалин аваагүй. 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 01 дүгээр сар хүртэл гэрээний дагуу сар бүрийн цалин 1,000,000 төгрөг юм. 2013 оны 01 дүгээр сард кино групп хурал хийж Б.Содонбаярын цалинг 50 хувь бууруулж 500,000 төгрөг болгосон. Цалин аваагүй хугацаа болох 2012 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх 7 сарын цалин болох 7,000,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 7 дугаар сар хүртэлх 6 сарын цалин болох нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн иргэн н.Байгалиас 6,000,000 төгрөгийн зээл авч киноны хөрөнгө оруулалтад зарцуулсан. Иргэн н.Байгаль нь Б.Содонбаярт дээрх мөнгөтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж түүнээс 12,600,000 төгрөгийг хангаж шүүхийн шийдвэр гарсан. Энэ маргаанд Б.Содонбаяр нь өмгөөлөгч н.Гэнэндуламыг авч ажиллуулсан бөгөөд түүний хөлсөнд 520,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулвал: цалинд нийт 10,000,000 төгрөг, “Алтан цайз” ХХК-д өгсөн хувцас хэрэглэлийн төлбөр болох 334,000 төгрөг, Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамнаас авсан 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын 15 хувь болох 3,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,000,000 төгрөг Иргэн н.Байгалиас авсан зээл болон түүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийн үнийн дүн 12,600,000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал болох 520,000 төгрөг, тэтгэврийн зээлд авсан гэх 3,373,799 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх бүгдийг нэгтгэвэл нийт 27,827,799 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие цалин 10,000,000 төгрөг, иргэн Байгальд төлөх 12,600,000 төгрөг нийт 22,600,000 төгрөгийг нэхэмжилж, үлдэх Алтан цайз” ХХК-д өгсөн хувцас хэрэглэлийн төлбөр болох 334,000 төгрөг, Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамнаас авсан 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын 15 хувь болох 3,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, тэтгэврийн зээл авсан гэх 3,373,799 төгрөг, өмгөөллийн хөлс 520,000 төгрөг, нийт 5,227,799 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч “Мюзик Холл продакшн” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Содонбаярын өөрийнх нь тэмдэглэлийг нягталж үзвэл Замын-Үүдрүү киноны зураг авалтад зориулж 3,950,000 төгрөг явуулсан гэдэг. Гэвч н.Оюунцэцэг, н.Хонгорзул, н.Долгорсүрэн гэх хүнээс хүүтэй зээлж авсан мөнгөө Замын-Үүдрүү явуулсан ба уг мөнгийг н.Байгалиас зээлсэн мөнгөөр төлсөн гэдэг. Н.Байгалиас зээлсэн мөнгөнөөс манайх 1,340,000 төгрөгийг авч хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Б.Содонбаярын өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. н.Байгалиас авсан мөнгийг өөр бусад байдлаар кино зураг авалтын хөрөнгө оруулалтад зарцуулсан нь нотлогдохгүй байна. 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр н.Хонгорзулаас 10 хувийн хүүтэй 1,000,000 зээлсэн байдаг. Мөн н.Оюунцэцэгээс 2,000,000 төгрөг, н.Долгорсүрэнгээс 1,000,000 төгрөг зээлсэн. Дээрх 3 хүнээс зээлсэн 4,000,000 төгрөгийг н.Байгалиас зээлсэн мөнгөөр төлсөн учир давхардаж байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Харин н.Оюунцэцэг, н.Хонгорзул, н.Долгорсүрэн нараас зээлсэн 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тэтгэврийн зээл авч дээрх мөнгийг төлсөн гэдэг. Иймээс 4,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүн дээр н.Байгалиас зээлсэн мөнгийг нэмж 5,840,000 хүлээн зөвшөөрч байна. Цалингийн хувьд 6,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Содонбаяр нь хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-д холбогдуулан анх 12,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 15,227,799 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 27,827,799 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба үүнд иргэн Б.Байгалиас зээлж, киноны зураг авалтанд зарцуулсан 6,000,000 төгрөг, хүү, алдангийн хамт 12,600,000 төгрөг, тэтгэврийн зээл болох 3,373,799 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 520,000 төгрөг, цалинд 10,000,000 төгрөг, хувцас хэрэглэлийн үнэ 334,000 төгрөг, Соёл, спорт аялал жуучлалын яамнаас авсан санхүүжилтийн урамшуулалд 1,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэтгэврийн зээл болох 3,373,799 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 520,000 төгрөг, хувцас хэрэглэлийн үнэ 334,000 төгрөг, Соёл, спорт аялал жуучлалын яамнаас авсан санхүүжилтийн урамшуулал 1,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, өөрөөр хэлбэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 5,227,799 төгрөгөөр багасгаж, үлдэх “иргэн Б.Байгалиас зээлж, киноны зураг авалтанд зарцуулсан 6,000,000 төгрөг, хүү, алдангийн хамт 12,600,000 төгрөг, цалинд 10,000,000 төгрөг, нийт 22,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин мэтгэлцэж байна.
Цалин хөлсөнд 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК нь “Хар тамхи, мансуурлын эсрэг нэгдэцгээе” төсөл дээр хамтран ажиллахаар тохирч МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран “Цахлай нисэх гэж төрдөг” телевизийн олон ангит киног бүтээхээр хамтран ажилласан байх ба нэхэмжлэгч Б.Содонбаяр нь хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Хөдөлмөрийн түр гэрээ” гэх гэрээг байгуулан “кино продюсер”-ийн ажлыг сарын 1,000,000 төгрөгний цалинтайгаар, 2 сарын хугацаатайгаар, киноны санхүүжилтийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэйгээр байгуулсан болох нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн түр гэрээ” гэх баримтаар тогтоогдож байна /хх-4 тал/.
“Мюзик холл продакшн” ХХК нь гадаад худалдаа, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах, нийтийн хоол эрхлэх, ном хэвлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба хариуцагчийн бүтэц, орон тоонд “кино продюсер” гэх ажлын байр байдаггүй, нэхэмжлэгч нь зөвхөн “Цахлай нисэх гэж төрдөг” телевизийн олон ангит киног бүтээх хугацаанд “кино продюсер”-ээр ажиллахаар тохиролцсон болохыг зохигчийн хэн алин хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд дээрх байдлаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний дагуу сар бүр 1,000,000 төгрөгийн цалин авах ёстой боловч гэрээ байгуулсан анхны сар болох 2012 оны 05 дугаар сард л 1,000,000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш цалин өгөөгүй, 2013 оны 01 дүгээр сард сарын цалинг 500,000 төгрөгөөр тооцсон гэх тайлбарыг зохигчийн хэн алин гаргаж, маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сар хүртэл ажилласан гэж тайлбарлаж байгаа бол, хариуцагч нь нэхэмжлэгчийг 2013 оны 05 дугаар хүртэл ажилласан гэж маргаж байх ба хэн алин өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй байна.
Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хугацаа болох 2013 оны 05 дугаар сар хүртэл хугацаагаар тооцон, 2012 оны 05 дугаар сараас 12 сарыг дуустлах 7 сарын хугацаанд 1 сарын ажлын хөлсийг 1,000,000 төгрөгөөр тооцон, 2013 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл 4 сарын хугацааг 500,000 төгрөгөөр тооцвол нийт өгөх ёстой ажлын хөлс 9,000,000 төгрөг болж байх ба үүнээс нэхэмжлэгчийн 2012 оны 05 дугаар сарын цалинд авсан гэх 1,000,000 төгрөгийг хасч тооцвол нийт 8,000,000 төгрөгийг хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон нь зүйтэй гэж үзлээ.
Иргэн Б.Байгалиас зээлж киноны санхүүжилтэнд зарцуулсан 6,000,000 төгрөг, түүний хүү, алданги нийт 12,600,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2828 дугаартай шийдвэрээр хариуцагч Б.Содонбаяраас 12,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Байгальд олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа.. “Цахлай нисэх гэж төрдөг” телевизийн олон ангит киноны продюсерээр ажилласан ба уг киноны санхүүжилт хугацаандаа орж ирдэггүй байсан тул киноны зураг авалтыг зогсоохгүйн тулд иргэн Б.Байгалиас хүүтэй мөнгө зээлж киноны зураг авалтыг үргэлжлүүлсэн гэж...” тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн... “иргэн Б.Байгалиас 6,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгөнөөс 1,340,000 төгрөгийг киноны зураг авалтанд авч хэрэглэсэн гэж үзэж байна. Харин н.Оюунцэцэг, н.Хонгорзул, н.Долгорсүрэн нараас зээлсэн 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг мөнгийг иргэн Б.Байгалиас зээлсэн мөнгөөр төлсөн гэдэг” гэх тайлбараас үзвэл Иргэн Б.Байгалиас 6,000,000 төгрөгийг зээлж, киноны зураг авалтанд зарцуулсан болохыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна гэж үзлээ.
Харин иргэн Б.Байгалиас авсан 6,000,000 төгрөгний хүү алдангид 6,600,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба үндэслэлээ... нэхэмжлэгч Б.Содонбаярын ажлын үндсэн үүрэг нь киноны санхүүжилтийг бүрдүүлэх бөгөөд түүнийг хүнээс хүүтэй мөнгө зээлэх талаар зөвшөөрөл олгоогүй... гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь киноны санхүүжилт бүрдүүлэхийг тулд хариуцагч компанийн зөвшөөрлөөр иргэн Б.Байгалиас мөнгө зээлсэн байх боловч уг мөнгийг хүүтэйгээр зээлэх зөвшөөрлийг хариуцагч олгосон гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-д иргэн Б.Байгалиас зээлсэн 6,000,000 төгрөгний хүү алдангид 6,600,000 төгрөг төлөх үүрэг үүсэхгүй юм.
Иймд хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-аас нэхэмжлэгчийн иргэн Б.Байгалиас зээлсэн 6,000,000 төгрөг, цалин хөлсөнд 8,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Содонбаярт олгож, үлдэх 8,600,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1, дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-иас 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Содонбаярт олгож, үлдэх 8,600,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Содонбаяр нь энэхүү нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч“Мюзик холл продакшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА