Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0393

 

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2023/0393

Улаанбаатар хот

С.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, О.М;

 

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: ГАА-ийн ЭМГ-ын дарга

Гуравдагч этгээд: Р.Н

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0009 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Э.А,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 112/2022/0032/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Баас ГАА-ийн ЭМГ-ын даргад холбогдуулан “Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 тоот тушаалыг хүчингүй болгож, Зоонозын өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”-аар маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0009 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.7, 106.3.12-д заасныг удирдлага болгон

1 дэх заалтаар Төрийн албан тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дэх хэсгүүдэд заасныг баримтлан С.Б-ынэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ГАА-ийн ЭМГ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-ыг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

 

2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар С.Б-ыажилгүй байсан 2022 оны 11 дүгээр сарын 10-наас шүүхийн шийдвэр гарах 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 96 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 7,878.624 /долоон сая найман зуун далан найман мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс гаргуулж түүнээс зохих журмын дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, О.М нар давж заалдах гомдолдоо:

 

3.1. Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн биеийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт хийн, хэтэрхий нэг талыг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй болсон байна. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 110 дугаар зүйлийн 110.3, Зооноз өвчин судлалын төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Зоонозын өвчийн судлалын төвийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

    

   3.1.1. Нэхэмжлэгч С.Б нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”- ийн 7.1.6-т “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөн байгааг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй байна.

        3.1.2. Нэхэмжлэгч С.Б нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осолд орсон буюу үйлдвэрлэлийн осолд орж улмаар мөн өдрөөс 7 дугаар сарын 25-ныг дуустал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрийн хооронд “Хос Бөлбөө мед” хувийн эмнэлгээс, 02-05-ны хооронд “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн магадлагааг өвчний учир тус тус авсан. Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журамд зааснаар ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон тохиолдолд уг хугацаандаа эмнэлгийн хуудас буюу лист авах ёстой. Уг эмнэлгийн хуудсыг тус журмын 2.2-т зааснаар “...Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осолд өртсөн... иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудсыг түүний байнга болон түр оршин суугаа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага олгоно...”-оор журамласан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.Б нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн чөлөөтэй байх хугацаандаа нийгмийн даатгалын сангаас листний мөнгө авах ёстой байтал уг журмыг ноцтой зөрчиж нийгмийн даатгалын сангаас олгох эмнэлгийн хуудас, листний мөнгийг авалгүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй атлаа цалингаа ажилласнаар бүтэн бичүүлж авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг ноцтой зөрчсөн албаны эрх мэдлээ хэтрүүлсэн тодорхой нөхцөл байдал юм.

 

         3.1.3. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны хооронд авсан эмнэлгийн магадлагааг ажлаас чөлөөлөгдсөний дараа нөхөж бичүүлж авсныг гэрч О.Б нь мэдүүлэгтээ дурдсаныг шүүх огт анхаарч үзээгүй байна. С.Б нь 2022 оны 7 дугаар сард 4 хоног, 8 дугаар сард 7 хоног, 10 дугаар сард 32 цагийн алдагдал буюу 4 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан, 11 дүгээр сард 4 хоног томилолтоор ажиллаагүй, ажил тасалсан зөрчлийг удаа дараа давтан гаргасан бөгөөд шүүх энэ тухайд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьсан байдлаар тайлбарлан дүгнэсэн байна.

 

3.2. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар “аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө...” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно...” гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин бодох журмын 1.2-т “Ажил олгогч нь тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг ажилтны саналыг үндэслэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байдлаар зохион байгуулж, жил бүрийн нэгдүгээр улиралд батална", 1.3-т “Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийн дагуу энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох мэдэгдэл”-ийг байгууллагын холбогдох нэгж болон ажилтанд олгоно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч С.Б нь 2023 оны ээлжийн амралтын хуваариа эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтан /Ажил олгогч/-д мэдэгдэлгүйгээр, ээлжийн амралтын мэдэгдэл хөтлөлгүйгээр өөрийн дураар өөрчлөн ээлжийн амралтаа авсан бөгөөд амралтаа авахдаа өөрт хуулиар олгогдоогүй, Эрүүл мэндийн газрын даргын эрх хэмжээг хэрэгжүүлж Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эмч н.М-г томилж үлдээсэн нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нөхцөл байдал гэж үзэж байна.

 

3.3. Нэхэмжлэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгийн Зоонозын өвчийн судлалын төвд Хөдөлмөрийн дотоод журам байхгүй, хэрэгждэггүй гэж тайлбарласан бөгөөд анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн дотоод журмыг үнэлэх, дүгнэлт өгөх боломжгүй гэж нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хяналт, шалгалт хийх үед Зоонозын өвчин судлалын төвийн ажилчдын хуралдаанаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам эх хувиараа байснаас шалгалтын явцад холбогдох хэсгийг хуулбарлан авсан байсан, мөн гуравдагч этгээд нь ажил хүлээн авахад Хөдөлмөрийн дотоод журам байсныг нэхэмжлэгч С.Б нь авч явсан, түүнийгээ хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгч С.Б нь тухайн дотоод журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байсан болох нь ажилчиддаа авсан арга хэмжээ, болон бусад тушаал шийдвэрээр нотлогдож байгааг тайлбарласаар байхад анхан шатны шүүхээс “ноорог” гэж дүгнэн үнэлэхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

 

3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдал цагдаагийн байгууллагаар мөн адил шалгагдаж байгаа бөгөөд тэрхүү асуудал нь энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэхэд маш чухал болох талаар тайлбарласан боловч шүүх харамсалтай нь хүлээж аваагүй. Маргаан бүхий захиргаан актад хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн байдаг. Нэхэмжлэгч байгууллага хяналт шалтгалтаар ажиллахад дотоод журам батлагдсан, эх хувиар байсан талаар мэдүүлдэг. Нотлох баримт устгасан байж болзошгүй асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд шүүх энэ тухайд дүгнэлт өгсөнгүй. Мөн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон өөр бусад асуудлаар ч цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар шүүхэд удаа дараа хандсан боловч шүүх хүлээж аваагүй.

Захиргааны еренхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гаргахад энэ хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээхээр заасан. Энэ үүргийнхээ хүрээнд шүүх хөдөлмөрийн дотоод журмыг үнэлээгүйгээс гадна үндэслэл болсон бусад баримтыг үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч С.Б албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан байх тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 112/ШШ2023/0009 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний хувьд сахилгын давтан зөрчил 2022 онд гаргаж байгаагүй. Хэрэгт байгаа Эрүүл мэндийн газрын даргын урамшуулал олгож байсан тушаалаар батлагдаж байна. Зооноз өвчин судлалын төвийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоногоор ажил тасалсан гэж байгаа. Энэ нь цагийн бүртгэл, тооцоо зэргээс үзвэл нотлогдохгүй байгаа...” гэж тайлбарлаж, харин хариуцагчаас “...Гэмтэл согог үндэсний төвөөс эмчлэгдэж гараад 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй. 7 дугаар сард ажлын 4 хоног тасалсан, 8 дугаар сард 7 хоног тасалсан. Ер нь 7, 8 дугаар сард ажилдаа ирээгүй. ... Эрүүл мэндийн газрын дарга мөн амарсан байхад дур мэдэн амралтаа эдэлж явсан. ...10 дугаар сард хяналт үнэлгээ хийхэд ажлын цагийн алдагдалтай байсан. ...Санхүүгийн тал дээр аудитын дүгнэлт гарч байсан...” гэж, гуравдагч этгээд Р.Н-аас “...С.Б нь үе үеийн ажилчидтай ёс зүйн хувьд таарамжгүй байж ажилчдаас өргөдөл гомдол дээд шатлалын байгууллага, албан тушаалтанд удаа дараа гаргадаг байсан. ... ажиллаж байх хугацаандаа удаа дараа санхүүгийн зөрчил гаргаж, улсын байгууллага хохироож байсныг баримттайгаар холбогдох байгууллагад хандсан байгаа болно” гэж тус тус эс зөвшөөрч маргажээ.

 

4. Нэхэмжлэгч С.Б-ыг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт болох ГАА-ийн ЭМГ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/60 дугаар тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 110 дугаар зүйлийн 110.3, Зооноз өвчин судлалын төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.8 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд дурдсан “...ажил тасалсан зөрчлийг удаа дараа давтан гаргасан, өөрийн дураар өөрчлөн ээлжийн амралтаа авсан, санхүүгийн зөрчил гаргасан, хууль болон дотоод журмыг удаа дараа ноцтой зөрчсөн, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн” гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхойлон тусгаагүй байна.

5.1. Тодруулбал, хэрэгт цуглуулсан баримтуудаас үзэхэд ГАА-ийн ЭМГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Зооноз өвчин судлалын дарга С.Б-ын 2022 оны I улирлын ажлыг дүгнэн “А” үнэлгээгээр үнэлэгдсэн, мөн даргын 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар түүний 2022 оны II улирлын ажлыг дүгнэн “В” үнэлгээгээр үнэлэгдсэн тул үндсэн цалингийн 54.3, 30.0 хувиар тус тус урамшуулал олгожээ. /1хх-ийн 62, 63/,

5.2. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын тус аймгийн Зооноз өвчин судлалын төвийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн илтгэх хуудаст “4.Байгууллагын даргын 2021, 2022 оны “А”, “Б” тушаал. ...Тушаалын эрх зүйн үндэслэл хуульд нийцсэн, зөрчилгүй байна” гэж, мөн судалгааг дүгнэж үзэхэд сэтгэл ханамжийн судалгаанд оролцогчдын 16 буюу 76.2% ерөнхий сэтгэл ханамж сайн ... гэж дүгнэсэн” гэж дурджээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь албан үүргээ хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод зааснаар хэрэгжүүлэн ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

5.3. Монгол Улсын Сангийн яамны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21-03/06/20 дугаар албан шаардлага, мөн өдрийн 21-03/05/24 дугаартай С.Б нарт төлбөр хариуцуулах тухай улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13-2/6794 дүгээр албан бичгээр “нотлох баримтын бүрдлийг хангалгүйгээр акт тогтоосон” гэх үндэслэлээр дээрх улсын байцаагчийн 21-03/05/24 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Эл үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

5.4. М.М /Нян судлалын лаборант/, Ц.Э/Ариутгагч, 1хх-ийн 188, 189/, Н.Г /Зооноз өвчин судлалын даргаар ажиллаж байсан, 2хх-ийн 60, 61/, Ц.М /Халдвар судлагч бага эмч, 2хх-ийн 51/, З.М /Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, 1хх-ийн 193/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Эрүүл мэндийн газрын дарга Г.Л-ын гараар бичсэн тайлбар /2хх-ийн 48/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Б нь ээлжийн амралтыг дур мэдэн өөрчилсөн гэж үзэх боломжгүй.

 

5.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа 2022 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэл, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга нарын хуралд оролцохоор Улаанбаатар хот руу зорчиж явахдаа зам тээврийн осолд орж, хүнд зэргийн гэмтэл авсан болох нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 651 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “С.Б-ын биед учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай, ... дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.10, 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн /1хх-ийн 145-151/, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын нэхэмжлэгч С.Б-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 12 сараар тогтоосон шийдвэр /1 хх-ийн 142-144/, түүний өвчний түүх, эмчийн үзлэгийн тэмдэглэл, мэс заслын тэмдэглэл /2хх-ийн 62-175/ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь авто ослын улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл авч, удаан хугацаанд эмчлүүлж байсан болох нь тогтоогдож байна.

 

5.6. Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 201 тоот өрөөнд 2022 оны А, Б тушаалууд болох бичиг баримтад хийсэн үзлэгээр тус газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” Б/25 дугаар тушаалын хавсралтууд нь хавтаст хэргийн 198-200 дахь талд авагдсан тушаалын 2 дугаар хавсралт дахь 2022.09.26-2022.11.02-ны өдрийг хүртэл гэсэн хугацаатай таарч байгаа хэдий ч энэ нь Н.Г, Ц.М нарын болон бусад нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг өгсөн тэмдэглэл, Эрүүл мэндийн газрын дарга Г.Л-ын бичсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч С.Б нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах хүсэл зоригоо эрх бүхий албан тушаалтанд /утсаар/ илэрхийлсэн байх энэ тохиолдолд түүнийг “ажил тасалсан зөрчлийг удаа дараа давтан гаргасан” гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

6. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасан аль нэг сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр байхгүй /хэрэгт авагдаагүй/ бөгөөд дотоод журам удаа дараа ноцтой зөрчсөн, өөрийн дураар өөрчлөн ээлжийн амралтаа авсан гэх үйл баримт нотлогдохгүй байх бөгөөд санхүүгийн зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй зэргээс үзэхэд хариуцагчийн маргаан бүхий акт гаргасан үндэслэлд дурдсан “...шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан, санхүүгийн зөрчил гаргасан, хууль болон дотоод журмыг удаа дараа ноцтой зөрчсөн” гэх нөхцөл тогтоогдохгүй байна.

 

7. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаартай албан бичгээр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргасны дагуу тус газраас 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар албан бичгээр ““...Гомдолд дурдагдсан ... баримт бичиг устгасан, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн хувьдаа завшсан байж болзошгүй” гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөх байгууллагад хүргүүлсэн” гэж дурдсанаас үзвэл, эрүүгийн журмаар хэрэг үүсгээгүй, шүүхээс гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад С.Б-ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасантай нийцээгүй байна.

 

8. Иймд хариуцагчийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдал цагдаагийн байгууллагаар мөн адил шалгагдаж байгаа бөгөөд тэрхүү асуудал нь энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэхэд маш чухал болох талаар тайлбарласан боловч шүүх ... хүлээж аваагүй” гэх гомдол үндэслэлгүй. Мөн тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаатай холбогдуулан С.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамж /хуулийн хүчин төгөлдөр/-аар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасныг баримтлан хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх нөхцөл байдал нь захиргааны хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 112/ШШ2023/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА