Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1420

 

Г.Номингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2017/00163 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Номингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Налайх дүүргийн биеийн тамир, спортын хороонд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 658 064 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхбаяр,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэцэгчимэг,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Номингийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нягтлан бодогчийн мэргэжлээр 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороонд 2015 оны 3 сард хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Би ажиллах хугацаандаа ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж, тайлан баланс, цалин мөнгийг хугацаанд гаргаж, спорт хорооноос зохион байгуулж буй тэмцээн уралдааны зохион байгуулалт болон үйлчлэгч байхгүйн улмаас цэвэрлэгээг хийж, ажил, амралтын өдрийг ялгалгүй ажиллаж ирсэн. 2016 оны 11 сарын 30-ны өдөр Биеийн тамир, спортын хорооны даргаар Л.Мөнхбаяр томилогдож ирсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр ажлаас хална, тэр өдрөө ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Би ажлаас халагдаж байгаа шалтгааныг асуухад Монгол Ардын намын зүгээс чамайг хал гэсэн тушаал өгсөн, танай аав ардчилсан намын хүн, олон юм яриад байх шаардлагагүй гэсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд 2016 оны 12 сарын 28-ны өдөр гэсэн огноотой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах заалтыг зөрчиж байна. Мөн ажлаас чөлөөлөх тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр надад гардуулж, жилийн эцсийн тайлан баланс гаргаарай гэсэн. Нэгэнт миний хийж байсан ажил учраас би тайлан баланс гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр” гэсэн заалтыг зөрчиж байна. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, 38.1.2, 40.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн нь хууль бус.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заасан бөгөөд энэ нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан тухай ойлголт юм. Намайг ажиллаж байх хугацаанд нэг ч удаа ийм шалгалт хийгдээгүй, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, шийдвэр гараагүй. Ажилдаа бие сэтгэл гарган ажиллаж байхад ажлаас халсанд гомдолтой байна. Иймд ажил олгогчийн дээрх хууль бус шийдвэр нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа тул нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 658 064 төгрөг /үндсэн цалин 572 230 төгрөг, ур чадварын нэмэгдэл 15 хувь буюу 85 834 төгрөг/-ийг гаргуулах мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо жил бүр Налайх дүүргийн Засаг даргатай 1 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, жилийн эцэст үйл ажиллагааны тайланг гаргаж, үр дүн гүйцэтгэлийг тооцон цаашид ажиллах эсэх асуудлаа дүгнүүлж, үргэлжлүүлэн ажиллах эрхээ авдаг. Манай байгууллага ажилтнуудтайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажилладаг. Энэ дагуу Г.Номинтой гэрээ байгуулсан. Би Г.Номинд 2016 оны 12 сарын 24-ний өдөр халагдах болсныг амаар хэлж, 2017 оны 01 сарын 02-нд тушаал гаргасан. Г.Номинг улс төрийн болон хувийн ашиг сонирхолоор ажлаас чөлөөлөөгүй, гүтгэж байна. Г.Номинг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан бол түүнтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан, мэргэжил, ур чадварын хувьд үүрэгт ажилдаа тэнцэхгүй байгаа нь 2016 онд манай байгууллагад хийсэн аудитын шалгалтын дүгнэлтээр батлагдаж, 950 300 төгрөгийн акт тавигдсан. Мөн байгууллагын архивын цахим хадгаламжийн файлыг хүлээлцээгүй, ажилгүйчүүдийн тэтгэмжийг зөвшөөрч Нийгмийн даатгалын хэлтсээс авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Номинг Налайх дүүргийн Биеийн тамир спортын хорооны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 036 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Номинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 596 186 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 036 070 төгрөгөөс шимтгэл, хураамжийг холбогдох байгууллагад төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороонд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 117 727 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх Г.Номингийн ажиллаж байсан орон тоог байнгын буюу гэрээ сунгах шаардлагаүй гэж үзсэн Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөвшөөрөх боловч Төрийн үйлчилгээний байгууллагын аппаратад ажиллаж байгаа албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг жил жилээр сунгаж ажилладаг уламжлал тогтсон. Батлагдсан орон тоог байнгын гэж үзэхэд хүрвэл байгууллагын 9 орон тоонд бүгд байнгын гэрээ байгуулан ажиллан, ажлын хариуцлага тооцох шаардлага байхгүй болох талтай. Иймээс хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хугацаатай гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй. Байгууллагын менежер дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээг жил жилээр сунган ажиллах зарчим үйлчилдэг болно. Нөгөө талаар Г.Номинг ур чадваргүй гэж дүгнэх болсон шалтгаан нь 2016 оны санхүүгийн тайланд явцын аудит хийсэн бөгөөд явцын зөвлөмжийг хүлээн авч алдаагаа залруулаагүй заасан зөрчлийг 4 улиралд давтан гаргаж, жилийн эцсийн аудитын дүгнэлтээр 950 300 төгрөгийн акт тавигдсан. Мөн байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Явцын аудитын зөвлөмжийг ойшоож үзээгүй нь мэргэжил ур чадварын хувьд өөрөө өөртөө дүгнэлт хийх, гаргасан алдаа дутагдлыг засах талаар санаачлага гаргаагүй, цаашид мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэж ажиллах эсэхэд эргэлзээ төрүүлсэн учраас алдаа дутагдлыг мэргэжлийн түвшинд ойлгоогүй гэж үзэн цаашид ийм байдал давтагдаж төрийн албанд учрах хохирлоос сэргийлж хөдөлмөрийн гэрээ үргэлжлүүлэн сунгах боломжгүй болгосон.

            Ээлжийн амралтыг тооцохдоо Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны "ээлжийн амралт тооцох журам"-ын 3, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 4 дэх заалт, ХХОАТ-ын тухай хуулийн 12.1.2, 18,2, 23,1 17-19-р зүйл, 20,1,2-20,1,5, 22,1,4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна" заалтуудыг тус тус зөрчсөн нь мэргэжлийн нягтлан бодогч хүний наад захын заавал мэдэх хууль дүрмүүдийн нэг гэж ойлгож байна.

Аудитын 2016 онд хийсэн тайлангийн дүгнэлт 2017 оны 3 сард акт болон гарсан боловч тайлант үе буюу 2016 оны 12 дугаар сарын 31 гэснийг шүүх нарийн анхаарч үзсэнгүй. Шүүх энэ аудитын дүгнэлтийг цаг хугацааны хувьд болон агуулгын хувьд ойлгомжгүй гэж үзсэн нь бодит дүгнэлт болж чадахгүй гэж үзнэ. Байгууллагаас сарын тэтгэмж авах заалтыг хүлээн зөвшөөрч өөрийн данс руу шилжүүлүүлсэн бөгөөд Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст өөрийн хүсэлт гаргаж ажилгүйдлийн 3 сарын тэтгэмжийг авсан зэрэг материалуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх анхаарч үзсэнгүй. Энэ нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч байгаа илрэл юм. Г.Номин өөрийнхөө гаргасан алдаа дутагдлыг хүлээн зевшөөрч байгаа хандлага үзүүлэн тэтгэмж олгохоор заасан заалтыг хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авья гэж тэтгэмжийг өөрийн данс руу шилжүүлүүлсэн. Ажлаас халагдсан тушаалыг хуулийн дагуу 1 хувь гарган олгосон боловч гадаад руу нэг хувь тушаалаа явуулсан тул дахин нэг хувь тушаал /эх хувиар/ гарган өгөхийг гуйж ямар нэгэн гомдол шүүхийн асуудал гаргахгүй гэж 2 дах тушаалыг гаргуулан авсан бөгөөд тухайн үед хүний ёсоор хандаж байсан нь эцэстээ Г.Номингийн арга заль хэрэгсэл боллоо.

Ажил хүлээлцэх явцад ажилд орсон үеэс эхлэн албан хаагч ажлын явцад үүссэн боловсруулсан баримт бичгүүдийг файлаар хүлээлгэж өгөх ёстой боловч санаатайгаар устган өөрийн хийсэн файлаа устгасан гэж тайлбарласан мөн төрийн албан хаагч хүний ёс зүйд нийцэхгүй. Тэрээр зөвхөн санхүүгийн програм дээр ажлаа хийж, санхүүгийн програмаа хүлээлгэн өгсөн боловч ажиллах хугацаандаа өөрийн боловсруулсан баримт бичгээ устгасан явдал нь өөрийн ямар нэгэн буруу зөрүү байдлаа шамшигдуулсан байдлаа нуух гэсэн оролдлого гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна. Төрийн албан хаагч нь ажиллаж байх хугацааны бичиг баримтыг цаасаар болон файл хэлбэрээр хүлээлгэн өгнө гэсэн заалтыг зөрчсөн. Дээрх байдлаас үзэхэд Г.Номин ажлаас халагдсан тухайгаа зөвшөөрсөн дүр эсгэж тэтгэмжээ авчихаад намайг ажлаас үндэслэлгүй халлаа гэсэнд шүүх анхаарлаа хандуулсангүй. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Номин нь хариуцагч Налайх дүүргийн Биеийн тамир спортын хороонд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 632 256 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, Г.Номин нь ажил, албан тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй ба аудитын шалгалтаар илэрсэн алдааг засаагүй, акт тогтоогдсон, санхүүгийн тайлан, мэдээний файл устгасан, ажлаас халагдсаны тэтгэмжийг авсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Г.Номин нь Налайх дүүргийн биеийн тамир спортын хороотой 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна. /хх.5, 52-53/

 

Нэхэмжлэгч Г.Номинтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Налайх дүүргийн биеийн тамир спортын хорооны даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дах заалтыг үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Нэхэмжлэгч Г.Номингийн ажиллаж байсан Налайх дүүргийн биеийн тамир спортын хорооны нягтлан бодогчийн ажил, албан тушаал нь байнгын ажлын байр байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.  

 

Ажил олгогч дээрх тушаалын үндэслэлээ Г.Номин нь мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй ба аудитын шалгалтаар илэрсэн алдааг засаагүй гэж тайлбарлах боловч Г.Номинг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох салбарын болон мэргэжлийн комиссын албан ёсны дүгнэлтээр гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдоогүй ба хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай акт нь тухайн байгууллагын санхүүгийн аудиторын тамга тэмдэггүй, хуулийн шаардлага хангаагүй байна. /хх.32/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр Налайх дүүргийн биеийн тамир спортын хороо нэхэмжлэгч Г.Номинтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Номинг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, аудитын шалгалтаар илэрсэн алдааг засаагүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгч Г.Номинг Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

 

            Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурьдсан “мэргэжлийн нягтлан бодогч хүний наад захын заавал мэдэх хууль дүрмийг зөрчиж, ажил мэргэжилдээ алдаа гаргасан, ажил хүлээлцэхдээ баримт бичгүүдийг файлаар хүлээлгэж өгөх ёстой боловч санаатайгаар өөрийн хийсэн файлаа устгасан” гэх тайлбараар түүнийг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч нь Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаж ажилгүйдлийн тэтгэмж авсан нь маргааны үйл баримтад хамааралгүй тул энэ талаар га  ргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2017/00163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 727 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ   

 

                                              ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД  

                       

                                                                                             Б.НАРМАНДАХ