Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/212

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,   

улсын яллагч С.Б,

хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч М.А, Ч.Д, тэдний өмгөөлөгч Л.Д,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Я.Э,

шүүгдэгч О.Б, Б.Л, Б.М, тэдний өмгөөлөгч Л.Т,

шүүгдэгч С.Б, Ч.Э, С.Б, тэдний өмгөөлөгч Д.О,

шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-оос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э нарыг, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1925004340374 дугаартай хэргийг тус шүүх 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг шүүгч Г.Энхтунгалаг би 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

1.Монгол Улсын иргэн, М.А,

2.Монгол Улсын иргэн, С.Б,

3.Монгол Улсын иргэн, О.Б

4.Монгол Улсын иргэн, Б.Л,

 

5.Монгол Улсын иргэн, С.Б,

6.Монгол Улсын иргэн, С.Б,

7.Монгол Улсын иргэн, Ч.Д,

8.Монгол Улсын иргэн, Б.М,

9.Монгол Улсын иргэн, Ч.Э,

 

10.Монгол Улсын иргэн, Ө.Э,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч М.А нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө 521 литр дизель түлшийг завшиж 1.012.146 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч С.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шатахуун түгээх машины жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжпэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 660 литр дизель түлшийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 1.282.182 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч О.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 1530 литр дизель түлшийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд 7 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 2.972.331 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Л нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 557 литр дизель түлшийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд 6 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 1.082.083 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч С.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 220 литр дизель түлшийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 1 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 427.394 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч С.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 300 литр дизель түлшийг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 582.810 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ч.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 1317 литр дизель түлшийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 2.558.535 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.М нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шатахуун түгээх машины жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 228 литр дизель түлшийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 442.935 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ч.Э нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 357 литр дизель түлшийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулан завшиж 693.543 төгрөгийн хохирол учруулсан буюу яллагдагч нар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмч 5690 литр дизель түлшийг завшиж нийт 11.053.959 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ө.Э нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө 5690 литр буюу 11.053.959 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг гэмт хэргийн улмаас олдсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч зарж борлуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.А мэдүүлэхдээ; “...2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийг хооронд замын засварын ажилд ажиллаж байхдаа энэ хэрэгт холбогдсон. Тухайн үед бид нарт өдөрт техник бүрээр өөр, өөр литрийн түлш олгож байсан. Миний ажиллаж байсан техникт өдөрт 180 литр түлш олгогдож байсан, ажил хийж байх явцад зарим үед түлш үлддэг байсан, үлдэж байсан түлшээ авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролд 616.115 төгрөг төлсөн.” гэв.

шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ; “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 38 жил 9 сар ажиллаад тэтгэвэрт гарахад 7 хоног дутуу байсан, бүх ажлаа хүнд хүлээлгэж өгөх гэж байтал намайг “зам руу явчих” гэсэн. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна, энэ хүүхдүүд дунд хамгийн настай нь би байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна.” гэв.

шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ; “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд замын ажил хийсэн хугацаанд энэ хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохиролд 2.576.300 төгрөг төлсөн.” гэв.

          шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ; “...Би 2015 оноос 2019 оны 7 дугаар сар хүртэл Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжин ажилласан. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл өдрийн 180 литр түлшний нормтой байсан. Хийж байгаа ажлын ачааллаас хамааран тодорхой хэмжээний үлдэгдэл үлддэг байсан, тухайн үед түлшийг зараад ашиг ольё гэж бодоогүй. Намайг ажилд явсан хойгуур хүүхдүүд маань халуураад, өвдөөд байна гэж надад хэлсэн, манай хүүхдүүд тэр үед 2 болон 3 настай байсан. 7 хоногийн турш мөнгө хайгаад надад мөнгө олдоогүй, хүүхдүүдийн ханиадыг түргэн эмчлэхгүй бол хатгай болох гээд байна гэсэн, тэгээд аргагүй болоод л үлдсэн түлшээ нийт 6 удаагийн үйлдлээр зарсан. Хүүхдүүдийнхээ төлөө юм чинь гээд ийм хэрэг хийсэндээ харамсаж байна, хохиролд 686.052 төгрөгийг төлж барагдуулсан. Дахин ийм хэрэг хийхгүй.” гэв.

шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ; “...2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Э гэх залууд 220 литр түлш зарсан нь үнэн, уг үйлдэлдээ гэмшиж байна. Хохиролд 32.000 төгрөг төлсөн.” гэв.

шүүгдэгч С.Б  мэдүүлэхдээ; “...2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр замын ажлаар гарсан, 6 дугаар сарын 09-ний өдрийн орой хүмүүс ирээд “түлш авья гэж байна.” гэхээр нь банканд байсан 300 литр түлшээ өгсөн. Тухайн үед тэнд ямар хүмүүс байсныг мэдээгүй, танихгүй хүмүүс байсан. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна.” гэв.

шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ; “...Энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хохиролд 2.163.000 төгрөгийг төлсөн, өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэв.

шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ; “...Өөрийн хайхрал болгоомжгүйгээс болоод энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна, хохирлоо барагдуулсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ; “...2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хэсгийн даргын ажлыг орлон гүйцэтгэхээр болж, өөр албан тушаалд томилогдож ажилласан. 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд А-аас 220.000 төгрөг шилжүүлэн авсан. А-аас нийт 2 удаа мөнгө шилжүүлсэн авсан үүнээс нэг нь зээлсэн мөнгө, дараагийн мөнгө нь шатахуун зарсан мөнгө байсан. Уг хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 295.120 төгрөг төлсөн.” гэв.

шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ; “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 5тн 690 литр түлш авсан, 1тн 845 литр түлшийг хураалгасан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө.” гэв. 

хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ; “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хохирол болох прокурорын яллах дүгнэлтийг хавсралтаар заасан хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлсөн, мөн хурааж авсан түлшийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын авто тээврийн цех хүлээж авсан. Хохирлын мөнгөн үнэлгээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гаргасан үнээр хөндлөнгийн байгууллага гаргасан, түлшийг литрт шилжүүлж 1946.7 төгрөгөөр тооцож хохирлыг төлүүлсэн. Одоогоор тухайн шүүгдэгч нарт цалин урамшуулал, нэмэлт урамшуулал зэргийг олгож байгаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор улсын онц чухал обьектод хамаарч, хамгаалалтад авагдсан. Хэрэг гарах үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол улсын Засгийн газрын эрх олгох тухай хуулийн дагуу онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын 91 дүгээр тогтоол гарсан байсан. Шүүгдэгч нарын гаргасан үйлдлээс шалтгаалан тус үйлдвэрийн удирдлагуудад сахилгын арга хэмжээ авсан. Зам засварын ажил гүйцэтгэж байх үедээ эдгээр хүмүүс нь гэмт хэрэг үйлдсэн, сая Д.О өмгөөлөгч “180 литр түлш л өгдөг юм уу” гэж асууж байсан. Авто сонсмолыг нэг удаа цэнэглэхдээ 180 литр түлш, экскаваторт 100 литр түлш гэх мэтээр өөр, өөрөөр өдөр болгон цэнэглэж замын хуудас өгдөг. Ажлын гүйцэтгэл болон зарцуулсан түлшээр замын хуудсыг бичиж хаадаг, хохирогчийн зүгээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Бийн “...жолооч нарын хариуцуулсан авто тээврийн хэрэгслүүдэд тавьж өгч байгаа түлш нь “..Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмч юм. ... ажлын хэрэгцээнд хэрэглэж байгаа түлшнээс илүү гаргасан түлшийг хэрэглэх ямар ч эрх байхгүй, уг түлш нь улсын өмч учраас ажилчид дур мэдэн зарж борлуулах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Зам засаж байгаа ажилчдын тээврийн хэрэгслүүдийн түлшийг өдөр болгон түлшний машин очиж өгч байгаа, илүү болон дутуу тал дээр хэсгийн дарга нь хяналт тавьдаг, 7 хоног болгон замын хуудас зуруулж, явсан километр болон ажил дууссан цаг минутаар нь тулгалт хийдэг. Зам засаж байгаа тээврийн хэрэгслүүд нь бүгд том оврын техникүүд учраас энэ их хэмжээний түлш гаргах боломжтой, өдөрт 600-900л түлш нормонд хэрэглэж байгаа. ...Манай байгууллагын жолооч эд хөрөнгийг бүрэн хариуцах гэрээ хийж гарын үсэг зурдаг бөгөөд хэрэв тухайн техник хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд жолооч засвар хийх шаардлага байхгүй, тусгай засварын баг очиж засварладаг.” гэсэн мэдүүлэг /1-р хх-12-16/,

“...тооцоо судалгааг нягтлан бодогч Гавьяатбаяр гаргаж улмаар нийт 15.660.024 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /4-р хх-5/,

гэрч Б.Г-ийн “...Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Автотээврийн байгууллагын зөөврийн шатахуун түгээгч машин өдөр бүр зам засварын ажил хийж байгаа газарт ирж тээврийн хэрэгсэл болон техникүүдийн шатахууныг олгодог байсан. Техникүүд мот/цагаар шатахуунаа тооцдог, тээврийн хэрэгслүүд нь километрээр тооцож шатахуунаа авдаг. ...Ерөнхийдөө тэнд ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл, техникүүд өдөрт нийтдээ 2.180л дизель түлшийг авдаг байсан. Манай автомашинуудаас түлш гарах ямар ч боломжгүй гэж бодож байна, машин тус бүр түлшний саван дээр нь лацтай байдаг, лацыг нь авах юм уу хөдөлгөж болохгүй. ...Энэ хугацаанд ямар нэгэн лац хөдөлсөн тохиолдол гараагүй.  Жолооч нар ямар ч түлш, бусад зүйлийг бусдад зарах эрхгүй, уг түлш нь Эрдэнэт үйлдвэрийн өмч учраас захиран зарцуулах эрх байхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-50-53/,

гэрч Б.Х-ийн “...би 59-25ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй. 3-4 хоногийн өмнө Э над руу залгаад “...Дархан аймаг руу 1 тонн 800л түлш хүргэж өгчихөөд ирье, би чиний банкийг чинь дүүргэж өгөөд, ирэхээр чинь 40л түлш өгье” гэхээр нь би “...янз бүрийн асуудал байхгүй биз дээ” гэсэн чинь “...ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь зөвшөөрөөд 200л 8 поошиг түлшийг ачаад Дархан-Уул аймаг Толгойт гэдэг газарт нэг эмэгтэйд аваачиж өгсөн. ...бид хоёр түлшээ өгчихөөд Жаргалант суманд ирээд, Э нэг хүнтэй утсаар яриад “...гялс хүрээд ир” гэж байна гээд Хялганат явдаг зам руу явахад замын хажууд эгнээд зогсчихсон том оврын ачааны автомашинуудын хажууд очиж зогсоход 3-4 хүн гарч ирчихсэн машинуудын банкнаас шланкаар миний машин дээр байсан поошиг руу түлш дүүргэсэн, тухайн үед 5 орчим поошиг дүүргэсэн. Маргааш өглөө нь Э над руу залгаад “...нөгөө газар луугаа яваад 3 поошиг түлш аваад ирье” гэхээр нь урьд шөнийн түлш авдаг газраа очиход карьер дотор 3 поошиг түлш булаад орхичихсон байсныг бид хоёр аваад Эгийн хашаанд буулгасан. Тэрнээс хойш Э-тэй уулзаагүй байж байгаад өнөөдөр залгаад “...би гэртээ байна, хоёулаа Дархан яваад дээрийн 8 поошиг түлшээ зарчихаад ирэх үү” гэхээр нь би зөвшөөрөөд 8 поошиг түлшээ ачаад хөдөлсөн, тэгээд Жаргалант сумын пост дээр цагдаа зогсоосон. ...Зам анги дээр очиход шөнө байсан болохоор ямар хүмүүс байсныг мэдэхгүй, 5-6 ачааны автомашин байсан, түүний хажууд машинаа зогсоогоод торхнуудаа Э өөрөө буулгасан, намайг “...машиндаа сууж бай” гэсэн, торхнуудаа буулгаад удаагүй торхтой түлшээ ачиж эхэлсэн. ...Машин ирээд зогсоход гурван хүн ирээд машин дээрээс түлшний сав буулгаж өгөөд байсан, ...Эөөс гадна гурван хүн явж байгаа нь харагдаж байсан, 4-5 машин байсан, хоорондоо “...чи шланктай юу” гэж ярилцаад байсан. ...Маргааш өдөр нь Э бид хоёр Хялганат явах замын хажуу талд ухсан газраас шороонд булсан гурван торх дизель түлш авсан.” гэсэн мэдүүлэг  /1-р хх-57-60/,

гэрч Ч.О-ийн “...2019 оны хавар Э манай гэрт ирээд “...найз нь хойноос хүнээс дизель түлш авах гэж байгаа юм, би чамд 25л дизель түлш, бэлэн 25.000 төгрөг өгье, чи машинаараа яваад өгөөч.” гэхээр нь би “...тэгье” гэсэн. Тэр өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Хангал сумын Мэргэний ам гэх газарт байх чулуу шороо ухсан газар очсон чинь торхтой 200л хэмжээтэй 4 ширхэг түлш ачиж, Эгийн гэрт буулгасан. ...Би Э-тэй хамт хоёр удаа явахдаа 200л төмөр торхтой дөрвөн ширхэг сав түлш авсан, харин нэг удаа миний машиныг өөрөө унаад явсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-61-62/,

гэрч Г.Б-ийн “...2019 оны 5 сарын сүүлээр 88907007 дугаарын утсаар холбогдож “...хаана ямар түлш зарах гэж байгаа юм бэ” гэхэд үл таних эрэгтэй хүн “...Орхон аймгийн Улаантолгой гэх газарт түлш байна, ирээд газар дээрээс нь авах юм бол 1л 1700 төгрөгөөр зарна, Дархан-Уул аймагт хүргэж өгөх юм бол 1л 1800 төгрөгөөр бодож хүргэж өгнө” гэж хэлсэн. ...Дархан-Уул аймагт манай гэрт дизель түлш хүргэж өгч бид хоёр наймаа хийсэн. ...Миний бодож байгаагаар 1тн 815л түлш надад 1 литрийг нь 1800 төгрөгөөр бодож зарсан, 200л 8 төмөр торх 35л болон 20л хуванцар савтай түлш өгсөн, 200л торхонд 220л түлш ордог, тэгэхээр 1тн 210л өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-78-79/,

          гэрч О.А-ын “...1900 төгрөгөөр дизель түлш зарна гэсэн зар байсан. ...түлш зарна гэсэн залуу цэнхэр өнгийн портертой 200л 5 ширхэг төмөр торхтой түлш авч очоод 1л 1800 төгрөгөөр бодож зарсан, 200л торхонд 220л ордог бөгөөд 1.1тн түлш авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-80-81/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа, зохицуулагч М.О-ын “...2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Жаргалант сумын хяналтын пост дээр 59-25ОРХ улсын дугаартай цэнхэр өнгийн портер автомашины тэвшин дээр 1нт 700л түлш ачиж явсан.” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-8/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-519/062 дугаартай, “...1700л үнэ 4.012.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1-р хх-103-106/,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн “...2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1л дизель түлш 2067.8 төгрөгийн өртэй байна.” гэсэн тодорхойлолт /1-р хх-107-108/,

“Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн, “...2002 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монголд орж ирсэн Hyundai Porter маркийн ачааны машины үнэлгээ 2019 оны 6, 7 дугаар сарын байдлаар 6.000.000 төгрөг.” гэсэн үнэлгээ хийсэн тайлан /1-р хх-112-118/,

“Hyundai Porter” маркийн цэнхэр өнгийн 59-25ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-119-120/,

“Hyundai Porter” маркийн цэнхэр өнгийн 59-25ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээр байх савтай түлшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-121-122/,

Ө.Э-гөөс “Samaung G2 Prime” нэртэй саарал өнгийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-123-130/,

М.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /1-р хх-223-246/,

Ө.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /1-р хх-249-250, 2-р хх-1-4/,

О.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /2-р хх-6, 8-17/,

Б.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /2-р хх-19, 21-30/,

С.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /2-р хх-33, 35-42/,

С.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /2-р хх-44, 46-59/,

С.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /2-р хх-61, 63-74/,

Ч.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /2-р хх-76, 78-89/,

Б.М-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /2-р хх-91-103/,

Ч.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн бичиг баримтууд /2-р хх-105, 107-120/,

2019 оны 5, 6 дугаар сард Булган аймаг Хангал сумын чиглэлд хийгдсэн зам засварын ажилд ажиллаж байсан тээврийн хэрэгслүүдийн шатахууны зарцуулалтын тооцоо болон зам засварын ажилд ажиллах хугацаандаа нийт хэдий хэмжээний зам туулсан, хэдэн мот/цаг ажилласан талаарх замын хуудасны баримтын хуулбарууд /2-р хх-125-171/,

2019 оны 5, 6 дугаар сард Булган аймаг Хангал сумын чиглэлд хийгдсэн зам засварын ажилд ажиллаж байсан тээврийн хэрэгслүүдийн шатахууны зарцуулалтын тооцоо болон зам засварын ажилд ажиллаж байсан тээврийн хэрэгсэл, техникүүдийн шатахуун түгээж байсан жолооч нарын судалгаа /2-р хх-173-174/,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 оны 5, 6 дугаар сарын байдлаар шатахуун импортлогч ямар байгууллагатай хамтран ажиллах гэрээтэйгээр 1 литр дизель шатахууныг хэдэн төгрөгөөр худалдан авч байсан баримт, гэрээний хуулбар /2-р хх-176-189/,

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехэд ашиглагдаж байгаа дизель түлшний үнийн мэдээлэл /2-р хх-190/,

М.А-ийн Хаан банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-210-221/,

Ө.Э-гийн дансны хуулга /2-р хх-222-224/,

Б.Л-ийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-227-228/,

О.Б-гийн Хаан банкны дансны хуулга /2-р хх-229/,

С.Б-н Хаан банкны дансны хуулга /2-р хх-231/,

С.Б-ийн Хаан банкны дансны хуулга /3-р хх-10/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б-т 9 сав, 1тн 845л дизель түлшийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-73/

хохирлын тооцоо /3-р хх-74, 109/,

“Далай Ван Аудит” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 02/02-29 дугаартай, “...Hyundai Starex маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 6.000.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /3-р хх-100-105/,

“Hyundai Starex” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-107-108/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-320/43 дугаартай, “...1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хийсэн дизель түлшний үнийн тооцоолол стандартын дагуу үнэн зөв тооцоологдсон байна. 2.2019 оны 5 дугаар сарын байдлаар дизель түлш нэгж үнэ килограмм 2.316.9, нэгж үнэ литр 1.942.7 төгрөг.” гэсэн дүгнэлт /4-р хх-29-31/, 

М.А-ын; “...Хяналтын зам дээр ажиллаж байхдаа гурван удаагийн үйлдлээр 2тн орчим дизель түлш Ө.Э-д өгсөн. Эхний удаа 600л, дараагийн удаа 800л, дараа нь 600л түлш өгсөн, Ө.Э-д өгөөд байгаа түлшийг өөрийнхөө ажлын автомашинаас авч 1л 1400 төгрөгөөр бодож өгч байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-135-136/,

“...Э над руу залгаад “...газар тариалангийн ажил эхлээд байна, хямд үнээр түлш олоод өгөөч” гэсэн, би хамт ажилладаг жолооч нартаа энэ талаар хэлээд бид хэд түлшээ нийлүүлж өгөхөөр болсон. ...Надтай хамт ажиллаж байсан Б, Б, Д, Э, Л, Б, Д бид нар өөрсдийн машинаас дизель түлш авч зарсан...  түлш түгээдэг машины жолооч Б, М нараас ойролцоогоор 1л 500 төгрөгөөр бодож авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-140-141/,

“...Б, Б хоёроос 220л, Бгээс 140л, Л-оос 140л, Д-гээс 130л, Эоос 140л, Б-гээс 660л, Д-аас 100л, М-аас 130л түлш авсан, би өөрөө 100л түлш өгсөн, нийлүүлээд 1.8тн түлш л өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-142-143/, 

“...Ч.Э ах манай бригадыг нүүлгэж өгөх гээд 2019 оны 6 дугаар сарын 7, 8-ны өдөр очих үед нь түүнээс 130л түлш авсан, ...түлшний үнэ гэж 270.000 төгрөг шлжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3-р хх-70/,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /3-р хх-92/,

Ө.Э-гийн; “...Би А-аас 6 удаагийн үйлдлээр 5тн орчим дизель түлшийг авсан... 6.286.000 төгрөг нь миний худалдаж авсан дизель түлшний мөнгө, би 1л түлшийг 1400 төгрөгөөр бодож авдаг байсан. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр орой найз Г-гийн хамт очиж 800л, 6 дугаар сарын 01-ний өдөр найз Г-гийн хамт очиж 1тн, 6 дугаар сарын 03-ны өдөр найз Г-гийн хамт 600л, би өөрөө ганцаараа очиж 800л, үүнээс хойш 1 хоногийн дараа Х-тай очиж 800л түлш авсан. А-ыг “...болчихлоо” гэхээр нь очиж авдаг байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-148-149/, 

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /3-р хх-94/,

С.Б-гийн; “...660л гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, хоёр удаагийн үйлдлээр М.А-ын тээврийн хэрэгслийн шатахууны саванд 400л дизель түлш шахаж өгсөн. Манай үйлдвэрт ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийн нормын шатахуун илүү гардаг, зарим жолооч нар өдрийн нормын шатахуунаа заримдаа авдаггүй. Өдрийн нормыг түгээж байхад авах ёстой хэмжээнийхээ талд ч орохгүй шатахууны сав нь дүүрэх тохиолдол байдаг. Хоёр удаа 400л дизель түлш өгөхөд А хоёр удаа нэг, нэг зуун мянган төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-156-157/, 

О.Б-гийн; “...Хоёр удаагийн үйлдлээр 140 орчим литр түлшийг А-т өгсөн. ...“хулгай зэлгий боллоо” гэхээр нь хөдөөнөөс орж ирээд дансаа үзсэн чинь миний дансанд 2.500.000 орчим төгрөг орсон байсан. ...“энэ юу вэ ямар юм болоод явчихав аа” гэсэн чинь “таниас зээлсэн мөнгө орж байгаа юм” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-162-163/,

Б.Л-ийн; “...Хөдөө ажиллаж байх хугацаандаа би А-т 130 орчим литр дизель түлш өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-167-168/,  

С.Б-гийн; “...2019 оны 6 дугаар сарын 07 байна уу, 08-ны өдөр бид нар ажлаа тараад амрах гээд байж байхад надтай хамт ажиллаж байсан А “...зарах түлш байна уу” гэсэн, би “...байна” гэж хэлсэн. Б бид хоёр “...200л торх дүүргээд өгье” гэсэн. Тэгээд би өөрийнхөө машины шатахууны савнаас 100л, Б 100л түлш хийгээд торхыг дүүргэж өгсөн. 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр билүү, 09-ний өдөр А-аас 308.000 төгрөг ороод ирсэн, би Бөд нэлээн хэд хоногийн дараа 160.000 төгрөгийг өгсөн. ...А-т нэг литр түлш 1400 төгрөгөөр бодож өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-174-175/,

С.Б-ийн; “...Би 120л түлш өгсөн, нэг орой А “...дизель түлш байна уу, орой хүн ирж авна” гэхээр нь М.А-т 120л дизель түлш өгсөн. Тэр өдрийн орой манай бригадын дарга Г Булган аймгийн Ингэт сум руу мөн засвар хийх зам үзэхээр явчихсан орой 23 цагийн орчим даргыг ирээгүй байхад нь 120л дизель түлш өгөөд явуулсан. Хүүхдийн баяраас хойш гэхдээ 6 дугаар сарын эхээр М.А “...илүү гарсан дизель түлш байна уу” гэхээр нь “...100л дизель түлш байна” гэж хэлсэн, удаагүй байхад шөнө портер маркийн машинтай хүмүүс ирсэн. Тэр машин дээр “...200л төмөр торх байгаа” гэхээр нь Б бид хоёр авч яваад өөрсдийнхөө машинаас 100, 100л түлш хийж өгсөн, би портер дээрээс 20л хуванцар сав авч ирээд өөрийнхөө машинаас дизель түлш хийж дүүргэж өгсөн, би нийт 120л дизель түлш өгсөн. ...үүнээс хойш нэг, хоёр хоногийн дараа “...түлшний мөнгө шүү” гээд надад бэлнээр 160.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-179-180/,

          Ч.Д-гийн; “...2019 оны 6 дугаар сарын эхээр нэг шөнө А “...дизель түлш байна уу” гэхээр нь “...байгаа” гэж хэлсэн, шөнө машин дотроо унтаж байсан чинь А “...машин ирлээ” гэсэн. ...нөгөө залуу нь “...хэд гарах юм гэхээр нь 130-140 орчим литр гарах байх” гэж хэлсэн, ...машин дээрээс хуванцар авч ирсэн, би машиныхаа шатахууны савнаас 135л дизель түлш шаланкаар соруулж өгсөн. ...А “...танай эгчийн данс руу чиний мөнгөн дээр нэмээд мөнгө шилжүүлсэн шүү” гэж хэлсэн, би нэг л удаа 135л дизель түлш өгсөн. А надаас авсан дизель түлшний мөнгө 189.000 төгрөг, түүн дээр миний бэлнээр өгсөн 1.216.000 төгрөгийг нийлүүлээд Н эгчийн данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-185-186/,

Б.М-ы; “...Би шатахуун түгээдэг тээврийн хэрэгсэл жолооддог бөгөөд зам засварын ажилчдын эхний 5 хоногийн дизель түлшийг нь түгээж өгсөн, 5 дахь өдрийн түлшийг нь түгээж яваад хамгийн сүүлд А-ын машины шатахууныг өгсөн. Тэгэхэд миний машинд 120л дизель түлш үлдсэн, тухайн дизель түлшийг нь Аын машин руу шахчихсан юм, шатахуун түгээдэг машин өөр дээрээ тоолууртай бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд шахаж байгаа дизель түлшний хэмжээ нь тоолуурт гардаг учраас 120л гэдгийг нь мэдэж байгаа юм. А надаас “...илүү түлш байна уу” гэхээр нь “...ах нь шавхаад үзэх үү” гээд үзсэн чинь 120л шатахуун гарсан. А “...дансны дугаар байна уу” гэхээр нь эхнэрийнхээ дансны дугаарыг өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-191-192/,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй, өмнө нь надаас мэдүүлэг авах үедээ 228л түлш буюу 511.960 төгрөг завшсан гэж буруутгаж мэдүүлэг авч байсан, 120л орчим түлшийг А-т өгсөн гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг /3-р хх-90/,

Ч.Э-ын; “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүүгийнхээ данс руу 2019 оны 5 дугаар сарын сүүлээр мөнгөний хэрэг гараад байхаар нь А-аас 300.000 төгрөг зээлж авсан. Манай 10 жилийн ангийн 30 жилийн ойн уулзалт болох гээд би Ааас 300.000 төгрөг зээлж аавынхаа дансаар авсан юм.” гэсэн мэдүүлэг /1-р хх-197-198/,

“...зам ангийн засварын ажил хийж байсан ажилчдыг нүүлгэж өгөхөөр трайлер маркийн машинтай очих үедээ А-т 130л түлш өгсөн. ...оройн 18 цагийн орчим А-ын өөрийнх нь машины шатахууны саванд хийж өгсөн, “...түлшний хэрэг байна” гэхээр нь өгсөн. Тухайн үед би түүнд “...түлш хэрэгтэй байгаа юм байна” гэж бодоод зүгээр л өгсөн. Сүүлд “...мөнгөний хэрэг байна” гэсэн чинь “...150.000 төгрөг шилжүүлье” гэхээр нь “...300.000 төгрөг болгоод өгөөч, мөнгө хэрэгтэй байна” гэсэн чинь А манай аавын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн, 150.000 төгрөг нь зээлсэн мөнгө, 150.000 төгрөг нь түлшний үнэ.” гэсэн мэдүүлэг /3-р хх-71-72/, зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашигласан, захиран зарцуулсан байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинж юм.

Шүүгдэгч М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э нарын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэргийн үйл баримт болон нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллагын жолооч нар байх бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажил олгогчийн итгэмжлэн хариуцуулсан дизель түлшийг завшсан, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас байгууллагад учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйд заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.

“Мөнгө угаах” гэмт хэргийн шинжид хамаарах “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ...түүний хууль бус үүсвэрийг нуун далдалсан” гэдэгт хөрөнгө, орлого хууль бус болохыг мэдсээр байж түүний гарал үүслийг нуун далдлах, халхавчлах, илт хууль бус хөрөнгө орлогыг мэдсээр байж хууль ёсны болгох зорилгоор эргэлтэд оруулах, хувиргах зэргээр гэмт этгээдийг хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилго агуулж хэлэлцэн тохиролцсон шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Ө.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ...ашигласан” шинжтэй гэмт үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Шүүгдэгч М.А нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, улмаар шүүгдэгч нартай бүлэглэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө өмч болох 5690 литр буюу 11.053.959 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг завшсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, өөрсдийн үйлдлээ гэмт хэргийн шинжтэй болохыг мэдэж байсан, улмаар хүсэж, хамтран нэг гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэсэн гэж ойлгох бөгөөд хамтран оролцогчийн онцлог шинж нь гэмт санаагаа хуваалцан хамтын үйлдэл болгон үйлдсэнээр илэрнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын  прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э нарыг,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Э-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед Ч.Э-оос “...2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хэсгийн даргын ажлыг орлон гүйцэтгэхээр болж, өөр албан тушаалд томилогдож ажилласан...би нэг удаа шатахуун зарсан тул нэг удаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн,

өмгөөлөгч Д.О-гээс “...шүүгдэгч Ч.Э-ын үйлдлийн хувьд нэг үйлдэл үү, хоёр үйлдэл үү гэдгийг тогтоох ёстой. Нэг удаагийн түлш өгсөн, 220.000 төгрөгийг зээлсэн гэдгийг М.А мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.Э-ын үйлдлээс нэг удаагийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн хүсэлт, тайлбарыг гаргасан болно.

1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дугаар талд авагдсан “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүүгийнхээ данс руу 2019 оны 5 дугаар сарын сүүлээр мөнгөний хэрэг гараад байхаар нь А-аас 300.000 төгрөг зээлж авсан. Манай 10 жилийн ангийн 30 жилийн ойн уулзалт болох гээд би А-аас 300.000 төгрөг зээлж аавынхаа дансаар авсан юм.” гэсэн,

   3 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар талд авагдсан “...зам ангийн засварын ажил хийж байсан ажилчдыг нүүлгэж өгөхөөр трайлер маркийн машинтай очих үедээ А-т 130л түлш өгсөн. ...оройн 18 цагийн орчим А-ын өөрийнх нь машины шатахууны саванд хийж өгсөн, ...“мөнгө хэрэгтэй байна” гэсэн чинь А манай аавын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн, 150.000 төгрөг нь зээлсэн мөнгө, 150.000 төгрөг нь түлшний үнэ.” гэсэн яллагдагч Ч.Эын мэдүүлэг,  

3 дугаар хавтаст хэргийн 70 дугаар талд “...Ч.Э ах манай бригадыг нүүлгэж өгөх гээд 2019 оны 6 дугаар сарын 7, 8-ны өдөр очих үед нь түүнээс 130л түлш авсан.” гэсэн яллагдагч М.А-ын мэдүүлгүүдээр,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А-ын өгсөн “...Ч.Э-д 2 удаа өгсөн байх, тухайн үед маз маркийн чирэгч машинтай очиж байсан, сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ч.Э нь нэг удаагийн үйлдлээр Ат 130л түлшийг өгсөн байх боломжтой байна.

Иймээс  шүүгдэгч Ч.Э-ын хоёр удаагийн үйлдэл холбогдлоос нэг удаагийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.А, О.Б, Б.Л, Ч.Д нарыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч С.Б, Б.М, С.Б, С.Б, Ч.Э нарыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Ө.Э-г “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, зарж борлуулан ашигласан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор,

шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн талаар;

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Энэ гэмт хэргийн улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 11.053.959 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хохирол болох прокурорын яллах дүгнэлтийн хавсралтаар заасан хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлсөн, мөн хурааж авсан түлшийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цех хүлээж авсан.” гэсэн тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч М.А, О.Б, Б.Л, Ч.Д нарыг “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч С.Б, Б.М, С.Б, С.Б, Ч.Э нарыг “бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ө.Э-г “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, зарж борлуулан ашигласан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

         Нэр бүхий 10 шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э нар нь учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

харин шүүгдэгч М.А, О.Б, Б.Л, Ч.Д, нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,

шүүгдэгч М..А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч О.Б, Б.Л нарт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Б, Б.М, Ч.Д нарт 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Б, С.Б, Ч.Э нарт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

шүүгдэгч М.А, Ө.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлүүлэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б, С.Б, С.Б, Б.М, Ч.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилган хохирогч байгууллагын гомдлыг барагдуулсан болон тэдний үйлдэл оролцоо, биеийн эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн, зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнээд,

улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөх” журмыг баримтлан дээрх шүүгдэгч нарыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдлэхээс чөлөөлж,

харин шүүгдэгч М.А, О.Б, Б.Л, Ч.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Ө.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тус тус тэнсэх боломжтой гэж үзэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ... 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч М.А, О.Б, Б.Л, Ч.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э, Ө.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан,

шүүгдэгч Б.Л 8 хоног цагдан хоригдсон,

шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 2 удаагийн үйлдлээс нэг удаагийн үйлдэл, холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. М.А, О.Б, Б.Л, Ч.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших.” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, 

С.Б, С.Б, С.Б, Б.М, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ө.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, зарж борлуулан ашигласан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч С.Б, С.Б, С.Б, Б.М, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч М.А, О.Б, Б.Л, Ч.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,  

шүүгдэгч Ө.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.Б, С.Б, Б.М, Ч.Э нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, шүүгдэгч нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг эдлэхээс шүүгдэгч С.Б, С.Б, С.Б, Б.М, Ч.Э нарыг чөлөөлсүгэй.

6.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, О.Б, Б.Л, Ч.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

7.Шүүгдэгч Ө.Э-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 10 /арав/ сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Э-д анхааруулж,

энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүгдэгч М.А, С.Б, О.Б, Б.Л, С.Б, С.Б, Ч.Д, Б.М, Ч.Э, Ө.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, шүүгдэгч Б.Л 8 хоног цагдан хоригдсон,

шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ