Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/213

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н,  

улсын яллагч Г.Э,   

шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Л, Г.М, Б.Н нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025005010077 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.Л,

Монгол Улсын иргэн, Г.М,

Монгол Улсын иргэн, Б.Н,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч С.Л нь Г.М, Б.Н нартай бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Ж.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Г.М нь С.Л, Б.Н нартай бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Ж.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Н нь С.Л, Г.М нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Ж.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.Л мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Ж.Т-ын “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би ...манай нөхрийг боогоод байсан залууг цохитол хамт байсан хоёр хүүхэн нь зэрэг над руу дайраад намайг түлхээд...би “яагаад байгаа юм бэ” гэтэл миний нүүр лүү нулимхаар нь цохих гэтэл тэр хүүхэн миний гараас бултаад цохиулаагүй, гэнэт араас нөгөө хүүхэн нь ирээд үснээс татаж үсдэж унагаагаад миний дээрээс бөөн хөл орж ирээд намайг өшиглөөд байсан. ...би олон удаа үсдүүлсэн, тархи доргичихсон байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-21/,

“...би урт цагаан өнгийн куртиктэй хүүхэнтэй хэрэлдээд зогсож байтал миний араас Бекийн эхнэр ирээд миний үснээс татаад намайг газарт унагаасан, намайг газарт унахад цагаан өнгийн куртиктэй хүүхэн дээрээс миний биеийн ихэнх хэсэг рүү өшиглөөд байсан, нэлээн олон удаа өшиглөсөн, Бек тэр үед намайг газарт дарчихаад босгохгүй байсан, түүний эхнэр намайг үстээд өшиглөөд байсан, ..эмчилгээний зардалд 220.000 төгрөг зарцуулсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-22-23, 25/,

“...Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг Л болон түүнтэй хамт байсан ягаан куртиктэй, үүргэвч үүрсэн эмэгтэй нар нь намайг хэд, хэдэн удаа үсдэж, чирэхдээ учруулсан. ...тухайн үед би нүүрээ хамгаалаад хоёр гараараа дараад байж байсан, яг хэн нь хаашаа цохисныг мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-200-201/,

“...миний эм тариа авсан, зураг авхуулсан 224.000 төгрөг, мөн тухайн сард энэ асуудлаас болж хүнээс мөнгө зээлж түрээсээ төлсний 600.000 төгрөг нийт 824.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-204/,

гэрч С.Т-ийн “...С-ын эхнэр нь ирээд “Очир төвийн янханууд” гээд орилоод байсан, манай эхнэр тухайн үед “чи юу гээд байгаа юм бэ, би Тауданбекийн эхнэр байна” гээд удалгүй тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. С-ын эхнэр, манай эхнэр хоёр нэгийгээ үстэж аваад ноцолдоод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан, С-ын эхнэр дахин ирээд дайраад дахиад үсдэлцээд авсан, ноцолдож байгаад тэр хоёр газарт унасан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-28/,

гэрч П.Б-ны “...С-ын эхнэр, Т-ийн эхнэртэй муудалцаад тэр хоёр үстэлцээд эхэлсэн, энэ үед би С-д “эхнэрээ аваад яваач” гэхэд түүнтэй хамт явж байсан залуу эхнэрийг нь салгаад аваад явсан. Тухайн үед С-ын эхнэр, Т-ийн эхнэр хоёр дахиад үсдэлцээд дээр доороо орчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-31-32/,

“...тухайн өдөр ажил тараад би хамт ажилладаг О, Э, Т, Г, Ч, Б нарын хамт “Зенит” караоке бааранд орсон. Бид нар тус баарны нийтийн заланд 0.75л нэг шил архи, хүний нэг нэг 0.5л  пиво авсан. ...Т эхлээд Л-г үсдэхээр нь бид нар салгасан, Т, Л нар нь бие биенийгээ үсдээд газар уначихсан, Т салгаж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-211-212/,

С.Л-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 30-ны орой Шанд багийн 28-8 тоотод гэртээ байж байтал манай нөхөр Т над руу залгаад “ажлынхантай гадуур сууж байна, ирээд авчих” гэсэн. Тэгээд ирсэн чинь манай нөхөр караоке руу “тооцоо хийнэ” гээд орсон. Тэгсэн нэг согтуу хүүхэн гарч ирснээ “Очир төвийн янханууд аа” гэж орилж байснаа манай нөхөрт хандаж “хаанаас ямар юмаа олоод авчихсан юм, янхан” гээд байхаар нь “би эхнэр нь байна” гэж хэлсэн, уур хүрээд тэр хүүхэнтэй маргалдаад, үсдэлцээд газар унасан, нөхөр цаанаас ирж намайг арай гэж салгаж авсан. Тэр эмэгтэй маш их согтолттой байсан, бид хоёр үсдэлцээд газар унасан болохоос би зодож цохисон зүйл байхгүй, би эрүүл байсан. ...Өглөө босоод үсээ самнах гэхэд баахан үсдүүлчихсэн болохоор зууралдчихсан байсан. ...Миний зүүн гарын дотор хэсэг хөхрөлт үүссэн, духны хэсэгт маажсан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-38-39, 47-48/,

Г.М-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 30-ны орой Б.Н, С.Л бид гурав уулзсан, “Зенит” караоке, баарлуу орсон, тус бааранд С.Л-ийн нөхөр нь ажлынхаа хэдэн эрэгтэй хүмүүсийн хамт сууж байсан бөгөөд бид гурав тусдаа өөр ширээнд суусан. ...бид нар хүний нэг, нэг шилтэй пиво авсан бөгөөд Л нөхрийнхөө сууж байсан ширээн дээр очоод нөхөртэйгөө маргалдаж байгаад нөхрийгөө аваад бид нарын сууж байсан ширээн дээр ирсэн. ...С.Л нь нэг танихгүй эмэгтэй хүнтэй маргалдаад байсан, тэгэхээр нь би С.Л-г өмөөрч тэр хүнтэй маргалдаад түлхэлцсэн, С.Л тэр эмэгтэйг үсдээд унагаахаар нь би хажуугаар нь орж тэр эмэгтэйн хөл болон гар луу нь гараараа болон хөлөөрөө өшиглөж цохисон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-248-249/,

Б.Н-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Г.М бид хоёр бүжиглэж байгаад гартал баахан хүмүүс бужигналдчихсан “Л газар хэвтчихсэн ёо ёо” гээд байсан, М салгах гээд дундуур нь ороод байсан бөгөөд би Г.Мг “явья” гэтэл тэрээр яваагүй. ...Намайг дотор сууж байхад М дуудсан бөгөөд би гарахдаа Г.М-ийн хоёр үүргэвчтэй цүнхийг үүрч гарсан юм. ...Би тэр эмэгтэйг өшиглөх гэж оролдсон боловч хүрээгүй, түүнийг араас нь татаж унагасан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-3-5/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 816 дугаартай, “...1.Ж.Т-ын биед тархи доргилт, нүүр, 2 гар, 2 хөл, цээж, нуруунд зөөлөн эдэд 12 тооны цус хуралт, зүүн гарын сарвуу, 2 гуянд 4 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сариулна. 4.Тархи доргилт болон зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /1-р хх-12-13/,

гэрч Б.Д-ын “...М-ийн фейсбүүк чат руу С.Л найз нь чат бичээд тэд нарыг хамтдаа нэг эмэгтэй хүнийг зодсон, тэгээд тэр асуудал нь цагдаа дээр байгааг би мэдчихээд Г.М-ийн хаягаас С.Л-тай фейсбүүк чатаар залгаж “М юун хэрэг хийсэн юм бэ” гэтэл тэрээр Нандиа, Г.М бид гурав бааранд хүнтэй зодоон хийгээд явчихсан, Г.М, Н нарыг цагдаа дээр битгий очуулаарай” гэж ярьсан. Энэ талаар Г.М надад хэлэхдээ “би хоёр найзтайгаа явж байгаад бааранд хүн зодсон юм аа” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-221-222/,

хохирогч Ж.Т-ын “...2020 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” нэртэй караокены гадна үл таних хүмүүст зодуулсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-6/,

хохирогчийн хар өнгийн пальтонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-16/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-17/,

Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” нэртэй караокены  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-18/,

С.Л эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-65/,

Г.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-44/,

Б.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-42/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-54-56/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20/316 дугаартай тогтоол /1-р хх-58/,

хохирогч Ж.Т-аас гаргаж өгсөн нүүр, бие хэсгийн 6 гэрэл зураг, “Медипас” эмнэлэгт үзүүлсэн 22ш эмнэлгийн баримт /1-р хх-93-101/, “Цагаан Алтан хүнс” ХХК-ийн тодорхойлолт, түрээсийн гэрээ, Ж.Т-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-129-165/,

          “Тэлмэн” караокены хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-18, 196-198/,

шүүхийн хэлэлцүүлгийн үед С.Л-ийн гаргаж өгсөн “хохиролд 275.000 төгрөг төлсөн” баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Л, Г.М, Б.Н нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

Шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нар нь бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Ж.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр болон мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн  хохирогч Ж.Т-ын “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр...хоёр хүүхэн нь зэрэг над руу дайраад намайг түлхээд...араас нөгөө хүүхэн нь ирээд үснээс татаж үсдэж унагаагаад миний дээрээс бөөн хөл орж ирээд намайг өшиглөөд байсан. ...би олон удаа үсдүүлсэн, тархи доргичихсон байсан.” гэх,

 “...Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг Л болон түүнтэй хамт байсан ягаан куртиктэй, үүргэвч үүрсэн эмэгтэй нар нь намайг хэд, хэдэн удаа үсдэж, чирэхдээ учруулсан.” гэх,

“...миний эм тариа авсан, зураг авхуулсан 224.000 төгрөг, мөн тухайн сард энэ асуудлаас болж хүнээс мөнгө зээлж түрээсээ төлсний 600.000 төгрөг нийт 824.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх,

гэрч Тийн “...С-ын эхнэр, манай эхнэр хоёр нэгийгээ үстэж аваад ноцолдоод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан, С-ын эхнэр дахин ирээд дайраад дахиад үсдэлцээд авсан, ноцолдож байгаад тэр хоёр газарт унасан.” гэх,

гэрч Б.Д-ын “...Г.М надад хэлэхдээ “би хоёр найзтайгаа явж байгаад бааранд хүн зодсон юм аа” гэж хэлж байсан.” гэх,

гэрч П.Б-ны “...Соёмбын эхнэр, Тауданбекийн эхнэртэй муудалцаад тэр хоёр үстэлцээд дээр доороо орчихсон байсан...Т, Л нар нь бие биенийгээ үсдээд газар уначихсан, Тауданбек салгаж байсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 816 дугаартай дүгнэлт, хохирогч Ж.Т-ын “...2020 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” нэртэй караокены гадна үл таних хүмүүст зодуулсан.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн хар өнгийн пальтонд үзлэг хийсэн тэмдэглэл, Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” нэртэй караокены  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

хохирогч Ж.Т-ын гаргаж өгсөн нүүр, бие хэсгийн 6 гэрэл зураг, “Медипас” эмнэлэгт үзүүлсэн 22ш эмнэлгийн баримт, С.Л-гийн гаргаж өгсөн “хохиролд 275.000 төгрөг төлсөн” баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нарын  үйлдэл нь хохирогч Ж.Т-ын эсрэг биемахбодын хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд тэдний гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,

хохирогч Ж.Т-т эм тариа, эмчилгээний зардалд 224.000 төгрөг, түрээс төлсний төлбөр 600.000 төгрөг нийт 824.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч С.Л нь хохирогчийн Хаан банкны 5094280242 дугаарын дансанд 275.000 төгрөг төлж барагдуулсан баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Г.М, Б.Н нар нь тус бүрийн хувьд ноогдох өөрсдийн хариуцан төлбөл зохих төлбөр 275.00 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Иймээс шүүгдэгч Г.М, Б.Н нараас тус бүр 275.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Т-т 550.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэдий боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан бөгөөд тэдний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.  

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Л бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий DVD-г хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С.Л, Г.М, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л, Г.М, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.М-аас 275.000 төгрөг, шүүгдэгч Б.Н-ээс 275.000 төгрөг нийт 550.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Тт олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий DVD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Л нь бусдад төлөх төлбөргүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХТУНГАЛАГ