Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/214

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н, 

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч О.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.М /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1925003270403 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн О.Б,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч О.Б нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Делфин” авто угаалгын газарт нэвтэрч эд зүйл хулгайлан С.Э-д 142.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...тухайн үед би архи уусан байсан, цалингаа авахаар захирал руу залгасан, би тэр газрын хаалгыг нь сөхөөд орсон.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч С.Э-ын “...2019 оны 5 дугаар сарын 04-ний орой “Делфин” авто угаалгын газар хулгайч ороод машины хоёр ширхэг аккумлятор, данхрат, таван ширхэг төмөр түлхүүр хулгайд алдсан. Энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргасны эцэст эд зүйлээ олж авсан байгаа, манай угаалгын газар урьд өмнө ажиллаж байсан Б гэж дууддаг Б гэх залуу хулгайлсан байна, би өөрөө хүртэл Б-ийг сэжиглэж байсан. ...Зүүн талын хаалга дээшээ сөхөхөөр онгойдог, түүнээс хаалттай байсан. О.Б дур мэдэн орох эрх байхгүй. ...гомдол санал байхгүй, эд зүйлсээ буцааж авсан.” гэсэн мэдүүлэг /хх-30, 31/,

иргэний нэхэмжлэгч М.Б-ны “...“Таван-Эрдэнэ” малын зах дээр арьс, нэхий авч байхдаа М гэдэг залуутай хамт ажилладаг байсан. ...намайг гэртээ байж байтал манай гэрт “аккумлятор авах уу” гээд ороод ирсэн, аккумуляторыг нь харсан чинь хоёр ширхэг том машины аккумулятор байсан. Тэгээд би “50.000 төгрөгт авья” гэсэн чинь “за за” гэж хэлээд явсан. Би тухайн үед Б-ээс “хулгайн эд зүйл биш биз дээ” гэсэн чинь “биш” гэж хэлсэн юм. Тухайн үед би Б-т итгээд л авсан, маргааш нь Б-ийг цагдаа нар дагуулчихсан манай гэрт хүрч ирээд аккумуляторыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-45/,

гэрч Б.Г-ийн “...2019 оны 5 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед... Б манай гэрийн ойролцоо байдаг худаг дээр зогсож байсан, би “таксинд явж байна” гэсэн чинь “чи надад таксидаач, хуучин ажиллаж байсан газар дээр очих хэрэг байна” гэсэн, тэгээд намайг “ББ-Од хүнсний дэлгүүрийн ойролцоо зогсож бай, манай захирал харах юм бол хамт архи уух гэж байна гэж бодоод надад мөнгө өгөхгүй” гэсэн. ...намайг зогсож байтал удаа ч үгүй Б хүрч ирэхдээ “захирал мөнгө өгөхгүй байна, энд ажиллаж байхдаа худалдаж авсан аккумулятораа зарна” гэж хэлээд хоёр ширхэг аккумлятор, данхрат, 5 ширхэг түлхүүр авч ирсэн. ...Эрдэнэ баг руу яваад таньдаг ахдаа зарсан, ...надад түлхүүр, данхратаа 5000 төгрөгтэй өгсөн. ...Маргааш нь цагдаа ирээд Бын надад өгсөн түлхүүрүүд болон данхрат аваад явсан.“ гэсэн мэдүүлэг /хх-46/,

О.Б-ын “...Тухайн үед архи уучихсан явж байгаад 23 цагийн үед хуучин ажиллаж, амьдарч байсан “Делфин” угаалгын газар руу очоод том хаалгыг нь сөхөөд нэвтэрч орсон. Тэгээд угаалгын газраас хоёр аккумлятор, түлхүүр, данхрат зэргийг аваад гарсан, ...хоёр аккумляторыг 50.000 төгрөгөөр зарсан, түлхүүрүүд болон данхратыг 5000 төгрөгөөр таксины жолооч найздаа зарсан. ...ганцаараа город руу уруудаад “Казино” бааранд ороод нэг шил архи авч уусан, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна, ...найз Г-ийн гэрт очоод байж байтал цагдаа нар орж ирсэн. ...өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-6, 134/,

Иргэн С.Э-ын “...2019 оны 5 дугаар сарын 04-ний 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 1 дүгээр гудамжинд байрлах “Делфин” авто угаалгад хулгай орж машины аккумлятор 2 ширхэг, авто машины багаж хэрэгсэл алдагдсан” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-21/, хохирогчийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-22/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-25/,

“Далайван аудит” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02/02-33 дугаартай шинжээчийн “...нийт үнэлгээ нь 142.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-33-36/,

Хохирогч С.Э-д 2ш аккумулятор, 17-ын түлхүүр-2ш, 21-ийн түлхүүр-3ш, 10тн даацтай данхрат зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-40/,

О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-61-63/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-102/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Делфин” авто угаалгын газарт нэвтэрч эд зүйл хулгайлан С.Э-д 142.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч О.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Э-ын “...2019 оны 5 дугаар сарын 04-ний орой “Делфин” авто угаалгын газар хулгайч ороод машины хоёр ширхэг аккумлятор, данхраад, таван ширхэг төмөр түлхүүр хулгайд алдсан. ...Б гэж дууддаг Б гэх залуу хулгайлсан байна.” гэх,

иргэний нэхэмжлэгч М.Б-ны “...намайг гэртээ байж байтал манай гэрт “аккумлятор авах уу” гээд ороод ирсэн, аккумуляторыг нь харсан чинь хоёр ширхэг том машины аккумулятор байсан. Тэгээд би “50.000 төгрөгт авья” гэсэн чинь “за за” гэж хэлээд явсан.” гэх,

гэрч Б.Г-ийн “...2019 оны 5 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед... Б хүрч ирэхдээ “захирал мөнгө өгөхгүй байна, энд ажиллаж байхдаа худалдаж авсан аккумулятораа зарна” гэж хэлээд хоёр ширхэг аккумлятор, данхрат, 5 ширхэг түлхүүр авч ирсэн. ...аккумулятораа Эрдэнэ баг руу яваад таньдаг ахдаа зарсан, ...надад түлхүүр, данхратаа 000 төгрөгтэй өгсөн.” гэх,

О.Б-ын “...Тухайн үед архи уучихсан явж байгаад 23 цагийн үед хуучин ажиллаж, амьдарч байсан “Делфин” угаалгын газар руу очоод том хаалгыг нь сөхөөд нэвтэрч орсон. ...угаалгын газраас хоёр аккумлятор, түлхүүр, данхрат зэргийг аваад гарсан, ...хоёр аккумляторыг 50.000 төгрөгөөр зарсан, түлхүүрүүд болон данхратыг 5000 төгрөгөөр таксины жолооч найздаа зарсан. ...өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд болон

иргэн С.Э-ын Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Далайван аудит” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02/02-33 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч С.Э-д 2ш аккумулятор, 17-ын түлхүүр-2ш, 21-ийн түлхүүр-3ш, 10тн даацтай данхрат зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь автомашин угаалгын үйл ажиллагаа явуулдаг байгууламж байх бөгөөд уг байгууламж нь нэг субьектийн эрх ашиг, орон зайг нөгөө субьектийн орон зай, хууль бус үйлдлээс тусгаарлаж байдаг учир үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр гэх ойлголтод хамаарна.

Шүүгдэгч нь хохирогч С.Э-ын авто угаалгын газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, тэнд байсан эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Автомашин угаалгын газар нь бусдын үйлдэл, орон зайнаас хохирогчийн эд хөрөнгө, эрх ашиг, орон зайг тусгаарлаж байсан учир шүүгдэгчийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий хохирогчийн орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт М.Б хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь объектив шинжээрээ хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул О.Б-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч С.Э-д хулгайлагдсан эд зүйл болох аккумлятор 2 ширхэг, 17-ийн түлхүүр 2 ширхэг, 21-ийн түлхүүр 3 ширхэг, 10 тонн даацтай данхрат зэргийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хэргийн 40 дүгээр талд авагдсан бөгөөд иргэний нэхэмжлэгч “...хохирол болох 50.000 төгрөгийг бэлнээр О.Б-аас авч хохирол төлбөргүй болсон.” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч О.Б-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан оногдох ялыг нэг жил болгож өгнө үү.” гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч О.Б урьд хоёр удаа ял шийтгүүлсэн бөгөөд сүүлд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөр торгох ялаар шийтгэгдсэн бөгөөд энэ ялыг биелүүлсэн тухай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол хэргийн 102 дугаар талд авагдсан байна.

         Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч О.Б нь байнга оршин суух хаягтай, төлөх төлбөргүй зэрэг нь хуульд заасан дээрх шаардлагуудыг хангасан, мөн түүний үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, өмгөөлөгч М.М хүсэлт гаргасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүгдэгч О.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 16.00 цагт товлон зарласан боловч шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 546 дугаартай шүүгчийн захирамжаар  түүнийг эрэн сурвалжилж, хаана байгааг нь олж тогтоох, шүүгдэгчид урьд авсан таслан сэрги      йлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Ингээд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн товлон зарласан шүүх хуралдаанд шүүгдэгчийн хаана байгааг нь тогтоосон боловч шүүгдэгч нь коронавирусын халдвар авч, тусгарлалтанд орсон 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар түүнд эмчилгээ хийгдэх талаар нотлох баримт ирсэн шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулж, түүнийг тусгаарлалтаас гармагц буюу 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүгч 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 579 дугаартай шүүгчийн захирамжийг гаргасан болно.

Гэтэл 579 дугаартай шүүгчийн захирамж биелэгдээгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсныг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед шүүгч мэдсэн, Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн албан хаагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байсныг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч нь 62 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-ыг нэг жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 62 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 9 сар 28 хоногийн хугацаагаар дүйцүүлэн сольж, түүнийг Орхон аймаг Баян-Өндөр сумаас   явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хүлээлгэх,

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус 9 сар 28 хоногийн хугацаагаар авсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн болон хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ