Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 28-70 тоотод оршин суух, Боржигон овогт Хүрэлбаатарын Жаргал-Ундрах /РД:УД85061200/-ын хүсэлттэй,

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Жаргал-Ундрах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Жаргал-Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд тухайн үед ХБНГУ-д сурч байсан төрсөн эгч Х.Эрдэм-Ундрахын тусламжтайгаар түүний сурч байсан Фрайбург хотод айлд хүүхэд асрагчаар явахаар шийдсэн байсан юм. Хүүхэд асрагчаар ажиллах хүнд 26 хүртэлх насны, хүүхэдгүй хүн байх шаардлага тавигдаж байсан тул өөрийн 5 настай хүү Тэмүүлэн, 7 настай хүү Тэмүүжин нарыг төрсөн эх Ж.Дашхүүд үрчлүүлэх замаар нэр дээр нь түр шилжүүлсэн юм. Хэрэв Герман явчихвал ээж дээрээ 2 хүүгээ үлдээгээд явна гэж төлөвлөж байсан. Гэтэл зун нь эгч Х.Эрдэм-Ундрах маань өөрөө хүүхэд төрүүлэх болж, сургуулиасаа жилийн чөлөө авч Монголдоо буцан ирсэн ба жилийн чөлөө нь дуусах үеэр дахин жирэмсэн болсон тул чөлөөний хугацаагаа сунгасаар 2011 оны сүүл хүргэсэн. Энэ хооронд би 26 нас хүрч, Герман руу хүүхэд асрагчаар явах боломжгүй болсон, мөн найз залуу Т.Нямхүүтэйгээ 2010 онд гэрлэж Герман явахаа бүр больсон билээ. Хэдийгээр бичиг баримтын хувьд хүү Тэмүүжин, Тэмүүлэн хоёр маань миний ээжийн нэр дээр боловч төрсөн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл миний асрамжинд надтай хамт нэг гэрт өсч торниж байгаа болно. Цаашид хөвгүүдээ бичиг баримтын хувьд буцаан өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байх тул хүү Тэмүүжин, Тэмүүлэн нарыг Ж.Дашхүүд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ж.Дашхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дэмжиж байна. Үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв. 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Жаргал-Ундрах нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Х.Жаргал-Ундрах нь 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Тэмүүжинг, 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүү Тэмүүлэн нарыг төрүүлсэн байх ба хүү Тэмүүжин, Тэмүүлэн нар нь эх Х.Жаргал-Ундрахаар овоглодог байсан, тэднийг 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн эх Ж.Дашхүүд үрчлүүлсэн болох нь  төрсний бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Х.Жаргал-Ундрах нь хүсэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа ... 2009 онд  гадаад улсруу явж ажил хийх зорилгоор өөрийн төрсөн хүүхдүүд болох Тэмүүжин, Тэмүүлэн нарыг төрсөн эх Ж.Дашхүүд үрчлүүлсэн боловч гадаад улсруу явах боломжгүй болсон, тэд төрсөн цагаасаа эхлэн төрүүлсэн эх болох Х.Жаргал-Ундрахын хамт амьдарч байгаа... гэж тайлбарласныг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрч маргаагүй, үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг дэмжсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. 

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудаас Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдохгүй байгаа хэдий ч 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Тэмүүжин, 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Тэмүүлэн нарыг Ж.Дашхүүд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь мөн хуулийн   61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

Иймд хүсэлт гаргагч Х.Жаргал-Ундрахын  үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт нь хүү Тэмүүжин, Тэмүүлэн нарын  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй гэж дүгнэн, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн үрчлэлтийн 18, 19 дугаарт бүртгэгдсэн хүү Тэмүүжин, Тэмүүлэн нарыг Ж.Дашхүүд  үрчилснийг хүчингүйд тооцож, тэднийг эх Х.Жаргал-Ундрахын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118. 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                            ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Тэмүүжин, 2004 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Тэмүүлэн нарыг Жамсрангийн Дашхүүд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Тэмүүжин, 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Тэмүүлэн нарыг асран хүмүүжүүлэх эрхийг эх Х.Жаргал-Ундрахад шилжүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

        ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА