| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0184/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/216 |
| Огноо | 2021-08-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Н-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905023060397 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Д.О,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити Си И” ХХК-ийн ажлын байрны 3 давхарын 4 тоотын амрах зориулалттай өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Д.В-гийн 6000 америк доллар буюу 15.882.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15.882.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,
2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн “Нуруу нугасны тасаг”-т эмчлүүлж байсан иргэн Э.Н-гийн “Iphone XR” загварын гар утсыг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хууран авч, “хүнтэй утсаар ярьж байгаа мэт” зохиомол байдпыг зориудаар бий болгон, улмаар тухайн гар утсыг авч явж, 1.880.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Богд гол” бааранд үйлчлүүлж байсан иргэн Н.С-г “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, Самсунг А-10 маркийн гар утсыг авч явж, 399.999 төгрөгийн хохирол учруулан залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити Си И” ХХК-ийн ажлын байрны 3 давхарын 4 тоотын амрах зориулалттай өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.В-гийн 6000 америк доллар буюу 15.882.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15.882.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт шинжлэн судалсан баримтууд;
мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Ж.Д.В-гийн “...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд 2 давхарт гадны хүн яваад байсан. ...Тэр хүнийг явахыг харчихаад ажлынхаа өрөөнд ороод ажлаа хийж байгаад 15 цагийн орчимд 3 давхрын 4 номерын өрөөнд ороход миний орны дээд хэсэгт байсан ойролцоогоор 6000 америк доллар байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-41-44/,
яллагдагч Д.О-ы “...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2011-2012 онд ажиллаж байсан, газартаа очиход Хятад Улсын танихгүй иргэнтэй хэлмэрчээр дамжуулж ажилд орох талаар ярьсан бөгөөд намайг “туслах ажилтнаар” авна гэсэн. Тэгээд би барилгын шатаар дамжиж дээшээ гурван давхарт гарсан бөгөөд хамгийн захын баруун талын өрөөнд модон орны дээд хэсэгт дэрэн дээр хавчаартай доллар байхаар нь авсан, “Найман шарга” валют арилжааны газар очоод мөнгөн дэвсгэрийг монгол мөнгөнд шилжүүлж тухайн үед надад “15.000.000-16.000.000 төгрөг боллоо” гэж хэлж байсан, мөнгийг солиулаад Гандан хийд орж нас барсан ээждээ ном уншуулсан, дараа нь хүүхэд нохой хооллосон, такси барьж гадуур тэнэж, таксины жолооч нарт бензин дүүргэж, тухайн өдрийнх нь орлогыг өгдөг байсан. Уг мөнгийг ойролцоогоор 2-3 сарын хугацаанд энэ мэтээр хэрэглэж байгаад дуусгасан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-82-83/,
иргэн Ж.Д.В-гийн орчуулагч О.У-гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-21/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-22-26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/333 дугаартай, “...1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 4, 5, 6, 8, 9, 13, 14, 17, 19, 24, 25, 26 гэж дугаарласан 16 ширхэг гарын мөр, 3 хуудас гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 3, 7, 10, 11, 12, 15, 16, 18, 20, 21. 22, 23 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд тэнцэх 5, 8 гэж дугаарласан гарын мөр нь хохирогч Z.P-ийн баруун гарын дунд хурууны дардастай, 6, 9 гэж дугаарласан гарын мөр нь Z.P-ийн баруун гарын долоовор хурууны дардастай, 13 гэж дугаарласан гарын мөр нь хохирогч Z.P-ийн баруун гарын чигчий хурууны дардастай, 4 гэж дугаарласан сэжигтэн Д.О-ы зүүн гарын ядам хурууны дардастай, 17 гэж дугаарласан гарын мөр нь Д.О-ы зүүн гарын долоовор, дунд хурууны дардастай тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-50-67/,
Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1-р хх-188/,
хохирогч Ж.Д.В-тэй харилцсан гэх вичатны харилцан ярианы хуулбар /1-р хх-239-240/ зэрэг,
2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн “Нуруу нугасны тасаг”-т эмчлүүлж байсан иргэн Э.Н-гийн “Iphone XR” загварын гар утсыг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хууран авч, “хүнтэй утсаар ярьж байгаа мэт” зохиомол байдпыг зориудаар бий болгон, улмаар тухайн гар утсыг авч явж, 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт шинжлэн судалсан баримтууд;
мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Э.Н-гийн “...Би нурууны хагалгаанд орох гээд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс ГССҮТ-ийн нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 7 дугаар сарын 10-ны өдөр хагалгаанд ороод хэвтэж байсан, 7 дугаар сарын 13-ны өдөр манай 1-р платанд 40-45 насны эрэгтэй хүн орж ирснээ надаас “та утсаараа нэг удаа яриулаач” гэж хэлсэн, би гар утсаа өгтөл тэр хүн хүнтэй ярьж байгаа юм шиг байснаа нэг харсан гараад явчихсан байсан. Тухайн үед би дөнгөж хагалгаанд орчихсон босож чадахгүй, хөдөлж чадахгүй байсан болохоор араас нь явж чадаагүй, ээж гаднаас орж ирээд цагдаа дуудсан. ...би тэр утсыг Мобикомоос 2018 оны 11 дүгээр сард лизингээр 2.899.000 төгрөгөөр худалдаж авсан тэр үнээрээ үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-212/,
яллагдагч Д.О-ы “...ГССҮТ-ийн хажуу талд байрлах аптекаас нэг удаагийн цэнхэр халаад худалдаж аваад, зүүн хөлөө үзүүлэх санаатай ортол эмч байхгүй болохоор нь дээшээ 3 давхар луу гараад хүн багатай өрөө лүү нь ороход орон дээр нэг хөгшин ах, нэг эмэгтэй хоёр хэвтэж байсан. Тэр эмэгтэйгээс “гар утсаараа яриулаач” гэж гуйгаад гар утсыг нь авч байгаад цаашаа харахаар нь би аваад гараад явсан. ...Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял авахдаа энэ үйлсэн хэргийн талаар мэдүүлсэн, хэргийг нэгтгэн шалгаагүй, энэ хэрэгт “Дэлдэн Боогий” хочтой Б-д тухайн үед захиалсан утсыг өгдөг байсан.” гэсэн мэдүүлэг /1-рхх-213, 229-230/,
хохирогч Э.Н-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-205/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-207-209/,
“Дамно” ХХК-ийн БГ2-19-1163 дугаартай, “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах, зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн зах, зээлийн үнэлгээгээр 1.880.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /1-р хх-214-216/,
О.Б-ын “Нас барсны гэрчилгээ”-д үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-231-232/,
“Нас барсны гэрчилгээ”-ний хуулбар /1-р хх-234-235/ зэрэг,
2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Богд гол” бааранд үйлчлүүлж байсан иргэн Н.С-г “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, Самсунг А-10 маркийн гар утсыг нь авч явж, 399.999 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт шинжлэн судалсан баримтууд;
мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Н.С-гийн “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би таксинд явж байгаад тухайн залуутай таарч 2-3 газар хүргүүлж,миний дугаарыг авч, “такси хэрэг болбол ярина” гэж хэлээд буусан. Тэгээд би найз З-тай уулзаж “Богд” бааранд байж байсан чинь миний утас руу тухайн залуу ярьж “Сонор хайрхан худалдааны төвөөс ирж аваад, эмнэлэг хүргээд өг” гэхээр нь найз Золзаяагийн хамтаар очиж эмнэлэг хүргэж өгөх гээд явж байсан чинь тэр залуу “эмнэлэг орохгүй, та хоёр хаачих гэж байгаа юм” гэж асуухаар нь манай найз З “Богд голын караоке орно” гэж хэлээд цуг орсон чинь миний утсаар хүнтэй ярьж байгаад аваад явсан, тухайн үед 2-3 удаа гар утсыг авч хүнтэй ярьсан. Би сүүлд нь утасны билл үзсэн чинь хүнтэй ерөөсөө яриагүй байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-32/,
яллагдагч Д.О-ы “...Н.С гээд хохирогч эмэгтэй өөрөө над руу залгаж “хоёулаа танилцья” гэж ярьж байсан, өөрөө надад дугаараа өгөөд “ярьж байгаарай, хоёулхнаа хамт ууж сууя, нэг газарт хамт хоноё” гэж хэлж байсан. Би гар утсыг нь авсны дараа 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Теди төвд гар утас зардаг хүнд 150.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-118-119/,
хохирогч Н.С-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-17/, Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-18/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-27-30/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 19/175 дугаартай, “...Samsung Galaxy А-10 маркийн гар утас 399.999 төгрөг.” гэсэн дүгнэлт /2-р хх-34-39/ зэргийг, мөн хэрэгт цугларсан доорх баримтууд болох
Д.О-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-53/,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-88-89/,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-90-92/,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-93-94/,
Хархорин дахь сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгэрэ сарын 28-ны өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-98-99/,
Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаартай магадлал /1-р хх-112-114/,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-115-116/,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 438 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-118-120/,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-122-129/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1436 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-131-145/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Сити Си И” ХХК-ийн ажлын байрны 3 давхарын 4 тоотын амрах зориулалттай өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.В-гийн 6000 америк доллар буюу 15.882.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15.882.000 төгрөгийн хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хохирогч Ж.Д.В-гийн “...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд 2 давхарт нэг гадны хүн яваад байсан. ...15 цагийн орчимд 3 давхрын 4 номерын өрөөнд ороход миний орны дээд хэсэгт байсан 6000 америк доллар байхгүй байсан.” гэх,
яллагдагч Д.О-ы “...2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуучин ажиллаж байсан, газартаа очиод Хятад улсын иргэнтэй хэлмэрчээр дамжуулж ажилд орох талаар ярьсан бөгөөд намайг “туслах ажилтнаар” авна гэсэн. ...би барилгын шатаар дамжиж дээшээ гурван давхарт гарсан бөгөөд хамгийн захын баруун талын өрөөнд модон орны дээд хэсэгт дэрэн дээр хавчаартай доллар байхаар нь авсан.” гэх мэдүүлгүүдээр,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/333 дугаартай дүгнэлт зэргээр,
2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн “Нуруу нугасны тасаг”-т эмчлүүлж байсан иргэн Э.Н-ийн “Iphone XR” загварын гар утсыг “утсаар чинь яриад буцаагаад өгье” гэж хууран авч, “хүнтэй утсаар ярьж байгаа мэт” зохиомол байдпыг зориудаар бий болгон, улмаар тухайн гар утсыг авч явж, 1.880.000 төгрөгийн хохирол учруулж, “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хохирогч Э.Н-ийн “...7 дугаар сарын 13-ны өдөр манай 1-р платанд 40-45 насны эрэгтэй хүн орж ирснээ надаас “та утсаараа нэг удаа яриулаач” гэж хэлсэн, би гар утсаа өгтөл тэр хүн хүнтэй ярьж байгаа юм шиг байснаа нэг харсан гараад явчихсан байсан.” гэх,
яллагдагч Д.О-ы “...Тэр эмэгтэйгээс “гар утсаараа яриулаач” гэж гуйгаад гар утсыг нь авч байгаад цаашаа харахаар нь би аваад гараад явсан.” гэх мэдүүлгүүдээр,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн БГ2-19-1163 дугаартай дүгнэлт зэргээр,
2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Богд гол” бааранд үйлчлүүлж байсан иргэн Н.С-г “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, Самсунг А-10 маркийн гар утсыг авч явж, 399.999 төгрөгийн хохирол учруулж, “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хохирогч Н.С-гийн “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би таксинд явж байгаад тухайн залуутай таарч 2-3 газар хүргүүлж буухдаа миний 99367634 дугаарыг авч, “такси хэрэг болбол ярина” гэж хэлээд буусан. ...миний утсаар хүнтэй ярьж байгаад аваад явсан, тухайн үед 2-3 удаа гар утсыг авч хүнтэй ярьсан, би сүүлд нь утасны билл үзсэн чинь хүнтэй ерөөсөө яриагүй байсан.” гэх,
яллагдагч Д.О-ы “...Н.С гээд хохирогч эмэгтэй өөрөө над руу залгаж “хоёулаа танилцья” гэж ярьж байсан, өөрөө надад дугаараа өгөөд “ярьж байгаарай, хоёулхнаа хамт ууж сууя, нэг газарт хамт хоноё” гэж хэлж байсан. Би гар утсыг нь авсны дараа 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Теди төвд гар утас зардаг хүнд 150.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлгүүдээр,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 19/175 дугаартай, “...Samsung Galaxy А-10 маркийн гар утас 399.999 төгрөг.” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж заасан байна.
Тухайн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити Си И” ХХК-ийн ажлын байрны 3 давхарын 4 тоотын амрах зориулалттай өрөөнд шүүгдэгч нь чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй этгээд биш бөгөөд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх тул түүний энэ үйлдлийг хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд, улмаар түүний орон байрны халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд залилан мэхлэгчдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Шүүгдэгч Д.О-ы энэхүү үйлдэл нь шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдад зориуд хор уршиг учруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байна.
Иймээс шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.О-ыг холбогдуулан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хохирол төлбөрийн талаар;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
мөн “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.О-аас нийт 18.161.999 төгрөгийг гаргуулж, үүнээс 15.882.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Д.В-д, 1.880.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н-т, 399.999 төгрөгийг гаргуулж Н.С-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
тухайн зүйл, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 7 сар 3 хоног болж байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Д.О-ы үйлдсэн гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор тусгагдсан байгаа учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн байдлаар хуулийг хэрэглэх нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Д.О нь урьд долоон удаа ял шийтгүүлсэн бөгөөд сүүлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1436 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,
шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан хорих ялаас 10 сар 27 хоногийн ялыг биечлэн эдэлж, эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 3 хоногийн ялтай байна.
Шүүх энэ тогтоолоор шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,
7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,
7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,
12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж,
12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авч болно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.О хувьд өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байна.
Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1436 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 10 сар 27 хоногийн ялыг биечлэн эдэлж, эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 3 хоногийн ялтай боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял тус тусдаа 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудад хамаарах үндэслэлтэй байна.
Гэвч дээрх зүйл, заалтуудаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг шүүх нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн учраас хулгайлах гэмт хэрэгт ямар хугацааны ял, мөн залилах гэмт хэрэгт ямар хугацааны ял эдэлснийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж хуульчилсан байтал шүүгдэгч Д.Оы эдлээгүй үлдсэн ял нь энэ зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээнээс хэтэрч байна.
Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад орших тул шүүгдэгч нь энэ хуульд хамрагдах эрхтэй гэж үзлээ.
Иймээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,
7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгйн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1436 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас биеэр эдэлсэн 10 сар 27 хоногийн хорих ялыг хасч, эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 3 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нийт 7 жил 7 сар 3 хоногийн ялтай байгаа боловч шүүгдэгчид ашигтай байдлаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Улаанбаатар хотоос явахыг хориглож,
энэ хугацаанд түүнд гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах.”,
2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах.”,
2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 жил 7 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 7 жил 7 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ы 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 129 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах.”,
2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах.”,
2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.О-аас 18.161.999 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч 15.882.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Д.В-д, 1.880.000 төгрөгийг гаргуулж ...............................................:хохирогч Э.Н-т, 399.999 төгрөгийг гаргуулж .....................................................Н.С-д олгосугай.
10.Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ