Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/217

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н,   

улсын яллагч Ц.Л,

өсвөр насны шүүгдэгч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч Д.Н,

өсвөр насны шүүгдэгч Б.Б,

өсвөр насны шүүгдэгч Н.М, тэдний өмгөөлөгч Р.Б,

шүүгдэгч С.Э,

шүүгдэгч С.Э-ы өмгөөлөгч Х.О /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Э, Б.Б, Н.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025000000417 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.Э,

Монгол Улсын иргэн, Б.Б,

 

Монгол Улсын иргэн,Н.М,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч С.Э нь Б.Б, Н.М, Б.М нартай бүлэглэн, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж, “хуайве К-7” маркийн гар утас, “самсунг Ж-7” маркийн гар утас, 2 хайрцаг банан, оймс, эмэгтэй дотуур хувцас зэргийг хулгайлж, Ж.Ө нийт 774.100 төгрөгийн, С.Г-т 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.Э нь Б.Б, Б.М нартай бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 162-2 тоот байх байшинд хууль бусаар нэвтрэн орж, “самсунг жи 7 про” гар утас, “самсунг” маркийн жижиг гар утас, эвдэрхий “айпоне 6” гар утас, “самсунг С-4” гар утас, “НР” маркийн нөүтбүүк, үүргэвч зэргийг хулгайлж, М.А-д 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж, “Хуайвей Ү-6” маркийн гар утасыг хулгайлж, 343.200 төгрөгийн хохирол учруулсан.

2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө С.Э, Н.М, Б.М нартай бүлэглэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж, “хуайве К-7” маркийн гар утас, “самсунг Ж-7” маркийн гар утас, 2 хайрцаг банан, оймс, эмэгтэй дотуур хувцас зэргийг хулгайлж, Б.Ө-д 774.100 төгрөгийн, С.Г-т 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө С.Э, Б.М нартай бүлэглэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 162-2 тоот байх байшинд хууль бусаар нэвтрэн орж, “самсунг жи 7 про” гар утас, “самсунг” маркийн жижиг гар утас, эвдэрхий “айпоне 6” гар утас, “самсунг С-4” гар утас, “НР” маркийн нөөтбүүк, үүргэвч зэргийг хулгайлж, М.А-д 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан.

Яллагдагч Н.М нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө Б.Б, С.Э, Б.М нартай бүлэглэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж, “хуайве К-7” маркийн гар утас, “самсунг Ж-7” маркийн гар утас, 2 хайрцаг банан, оймс, эмэгтэй дотуур хувцас зэргийг хулгайлж, Б.Ө-д 774.100 төгрөгийн, С.Гт 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.Э “....мэдүүлэг өгөхгүй.” гэв.

өсвөр насны шүүгдэгч Н.М “....мэдүүлэг өгөхгүй.” гэв.

өсвөр насны шүүгдэгч Б.Б “....мэдүүлэг өгөхгүй.” гэв.

1.С.Э, Б.Б, Н.М, Б.М нар нь бүлэглэн, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хороолол 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж, “Huawei Y7” загварын гар утас, “Samsung G7” загварын гар утас, 2 хайрцаг банан, оймс, эмэгтэй дотуур хувцас зэргийг хулгайлж,

Ж.Ө-д 774.100 төгрөгийн, С.Г-т 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд цугларсан, шүүх шинжлэн судалсан баримтууд,

         хохирогч Ж.Ө-ын “...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Эко хороолол 86-05 тоот гэртээ найз Гын хамтаар 23 цагийн орчим очсон. Г бид хоёр зурагт үзэж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 27-ны шөнийн 1 цагийн үед унтаж амарсан, өглөө босоод ирэхэд миний “Huawei Y7” загварын гар утас, найз Г-ын “Samsung G7” загварын гар утас, гараж дотор байсан 2 бүтэн хайрцагтай банана жимс, хүүхдийн өрөөнөөс 55.000 төгрөгөөр “Бозоолой“ дэлгүүрээс худалдаж авсан хувцаснууд алга болсон байсан. Тухайн шөнө унтаж амрахдаа би гэрийнхээ хаалгыг түгжсэн байсан, манай байшин руу 2 давхрын онгорхой цонхоор, гараж руу жижиг цонхоор нэвтэрсэн байсан, гаражийн цонх хаалттай байсан. “Huawei Y7” загварын гар утсыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Мобикомын төвөөс 699.000 төгрөгөөр худалдан авч байсан, банана жимс нь нэг хайрцагтаа 13кг гэж бодохоор нийт 2 хайрцаг 26кг жимс алга болсон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-31/,

хохирогч С.Г-ын “...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Эко хороолол 86-05 тоотод найз Ө-ын гэрт нь очиж хоносон. 2020 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 1 цагийн үед унтахдаа би өөрийн “Samsung G7” загварын гар утсаа гал тогооны ширээн дээр цэнэглээд хоносон, өглөө босоод ирсэн чинь миний болон найз Ө-ын гар утас алга болсон байсан, хаалгаа түгжээд унтсан, харин 2 давхрын цонх онгорхой байсан, тэр цонхоор л орсон байх, тавцан дээр гутлын мөр үлдсэн байсан. “Samsung G7” загварын хар өнгөтэй, гадуураа хар өнгийн хавтсан гэртэй гар утсыг 2020 оны 5 дугаар сард Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Теди” гар утасны төвөөс 300.000 төгрөгөөр худалдан авч байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-33/,

         Н.М-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 сарын сүүлээр би хөдөө эмээгийндээ байж байгаад Орхон аймагт ирсэн, М-тэй уулзаж Цэцэрлэгт хүрээлэн орсон бөгөөд тэнд Э, Б нартай таарсан. Б “бүгдээрээ манай ангийн Н-ийн гэрлүү нь очих уу, Н гэртээ дүүтэйгээ хоёулахнаа байгаа” гэхээр нь бид нар “тэгье” гэж хэлээд цэцэрлэгт хүрээлэнгээс Эко хорооллын тоглоомын талбайд очсон, тэгсэн чинь Б “би яваад ирье, та нар наанаа байж байгаарай, би гэрт нь хүн байна уу, үгүй байна уу гэдгийг нь харчихаад ирье” гэж хэлээд яваад өгөхөөр нь И, Ч бид гурав тоглоомын талбай дээр тоглоод сууж байтал Б нэг ууттай самар барьчихсан “Н-ийн гэрээс мань нь шаачихлаа, гэрт хүн байхгүй байсан” гэж хэлсэн. Тэгээд тэр явдлаас хойш Э /Ч/, М /И/, Б нартай хамт Н-ийн гэр лүү нууцаар хоёр удаа орж эд зүйл авахад нь би хамт явсан. ...Б гараж руу жижиг цонхоор орж дотроос нь нэг хайрцагтай банана, ууттай самар авчихсан гарч ирсэн, тэгэхэд би М-тэй цаад гудамжинд хүн харж, Ч болохоор Б-ийн гаргаж өгсөн хайрцагтай банана, самар зэргийг тосож авч ирсэн, бид дөрөв авсан эд зүйлээ тэнцүү хуваагаад идэцгээсэн. Дараа нь бид нар тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа амралтын өдөр шөнийн 1 цагийн үед ахиж уулзалдаж Н-ийн гэрийнх нь гадаа очтол уг байшингийн жижиг цонх нь цоожтой байсан тул Б “овтерка аваад ир цонхыг нь хөшиж онгойлгоё” гэж И бид хоёрыг явуулаад Ч, Б хоёр тэндээ үлдсэн. Тэгээд М бид хоёр М-н гэрээс иш нь шар өнгөтэй “хасах” овтерка аваад Б-д өгтөл, Б цонхыг нь овтеркаар хөшөөд онгойлгоод гараж руу орчихоор нь би М-тэй хамт байшингийн зүүн талд замын хажууд хүн хараад зогсож байсан, Ч болохоор Б-ийн гараж дотроос гаргаж өгсөн хайрцагтай бананыг бид хоёр дээр авч ирж тавиад байсан. Тэгээд Б гаражаас гарч ирээд жоохон байж байснаа “би байшин руу орчихоод ирье” гэж хэлээд байшингийн гаражийн цонх талаас нь хашаан дээгүүр дамжиж байшингийн хоёр давхар луу гарч жижиг цонхоор нь орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Б орсон цонхоороо буцаж гарч ирээд “Samsung G7 гэдэг утас шаачихлаа” гэж хэлсэн чинь Ч “надад наадах утсаа өгчихөөч” гэж хэлэхэд Б тэр гар утсаа Чд өгсөн. Тэгээд хоёр хайрцагтай бананыг Б Чтай нэг хайрцагтайг нь, би И-тэй нөгөө хайрцагтай бананыг хуваагаад авцгаасан. ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-39-40, 97/,

С.Э-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...бид дөрөв 2020 оны 9 дүгээр сарын сүүлийн үеэр шөнө 1 цагийн үед уулзаж байхад Б “дөрвүүлээ Н-ийн гэрт нь орж хулгай хийх үү” гэж хэлсэн, бид нар зөвшөөрөөд “хяналтын камергүй газраар явж хулгай хийе” гээд хоорондоо тохиролцож өөрсдийн хийх үүргээ ярилцаж, ...Б тэр айлын 2 давхрын жижиг цонхоор дотогш ороод хоёр ширхэг оймс, гурван ширхэг эмэгтэй хүний дотуур хувцас аваад гарч ирсэн. ...Б гараж дотроос хоёр хайрцагтай банана жимс авч гарч ирсэн. ...байшингийн дээвэр лүү гарч цонхоор нь Б ороод, бид нар хүн хараад гадаа хоёр цаг гаруй гарч ирэхийг нь хүлээсэн. Тэгээд байшингаас Б гарч ирээд “хоёр гар утас авчихлаа, хоёр хайрцагтай банана байна, бүгдээрээ нэг, нэг хайрцгаар нь хувааж авах уу” гэж хэлэхээр нь нэг хайрцагтай бананыг би аваад гэрийнхээ үүдэнд байдаг шкафанд хийчихсэн, нөгөө хайрцагтай бананыг М, М хоёр авсан. Б надад “Samsung G7” загварын гар утсыг “чи ав” гээд өгсөн, өөрөө болохоор “Huawei Y7” загварын гар утсыг авсан. ...2020 оны 10 дугаар сарын эхэн үеэр санагдаж байна, ямартай ч сонгуулийн өмнө байсан Б, М бид гурав шөнө дунд 1 цагийн үед Н-ийн гэр лүү ахиж орохоор тохиролцож, очтол уг байшин цонхоо тороор хаачихсан, аав нь унтаагүй байж байсан, тэгээд бид гурав өөр айлаас хулгай хийхээр болоод Н-ийн гэрээс урагшаа айлын хашааг Б даваад дотор нь хүн байгаа эсэх талаар шалгаж үзээд “хаалга нь хаалттай мөртөө цоожлоогүй байна” гэж хэлээд М бид хоёрыг “хүн харж байгаарай” гээд дотогшоо ороод ойролцоогоор 4 цаг гаруй болсон, тэгээд 7 цагийн үед гарч ирээд “явцгаая” гэж хэлээд бид нар зугтаасан. Тухайн үед Б хар өнгийн нэг үүргэвчтэй цүнх, цэнхэр ногоон өнгөтэй нөүтбүүкийг цүнхтэй нь үүрчихсэн тэр цүнхэнд 3 ширхэг утас байсан, нэг нь лав “Iphone” маркийн гар утас байсан, халаасандаа хар өнгийн мэдрэгчтэй утас бас авчихсан гарч ирсэн, тэр утасны арын хэсэгт нь эзэмшигчийн бичиг баримт нь байсан. Тэгээд бид гурав М-ийн гэрт нь очоод авсан зүйлийг харсан, М бичиг баримттай байсан гар утсыг авч, Б гурван ширхэг гар утас, нэг ширхэг Нөүтбүүктэй авсан. ...тухайн айлаас хулгай хийх гэж очиж байгаа гэдгийг би мэдээгүй, ...гар утсыг би хэрэглэсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-42-43, 90-91/,

Б.Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Би анх Цагаанчулуут баг Эко хороололд айл руу нууцаар орж хулгай хийх гэж явж байгаад /тоглоомын төвийн хажууд байдаг/ нэг айлын гал тогооны цонхоор ортол хүмүүс нь унтаж байсан, би сэмээрхэн яваад 2 давхарт гараад нэг өрөөнөөс ширээн дээр байсан “Huawei Y6” загварын мөнгөлөг саарал өнгөтэй гар утас аваад гараад явчихсан. ...би гар утсыг нь асааж үзэж, сонирхож байтал гар утасны эзэн нь миний хуучин сурч байсан сургууль буюу 1 дүгээр арван жилийн сургуульд 9 ангид сурдаг Н гэдэг охины гар утас байсныг мэдээд тэр айл Н гэдэг охины гэр болохыг мэдсэн...тэр явдлаас хойш тэр айлын ойр хавиар явж ажиглаж байтал гараж дотор нь баахан хайрцагтай жимс байхаар нь би энэ талаар нэг гудамжны Э /Ч/, М /И/, М гэх найзууддаа хэлсэн,  би энэ гурван найз нартай хамт Н-ийн гэр лүү ойролцоогоор 6, 7 удаа нууцаар орж эхэндээ гэрээс нь юм авалгүй гарч ирж, хааяа гараж дотор байсан жимснээс нь 7, 8 ширхэг мандарин, гэр дотор нь байсан хөргөгчөөс нь гахайн мах, тахианы мах зэрэг идэх юм авчихдаг байсан...2020 оны 9 сарын сүүлээр Н-ийн гэр лүү нь ахиж орох гээд М, Ч, И нарын хамт шөнийн 1 цагийн үед уулзацгаасан, гэрийнх нь гадаа очоод цонхыг нь хөшиж онгойлгох гээд Мийгаа, И хоёрыг овтерка авхуулахаар гэр лүү нь явуулсан хооронд Ч “даараад байна” гэхээр нь би Нийн гэр лүү ороод орны тэр хавьд хувцасны шүүгээ байхаар дулаан хувцас авах гээд базаад юм аваад гарч ирээд Чд өгтөл тэнд оймс, эмэгтэй хүний дотуур хувцас зэрэг эд зүйлс байсан, тэгээд Ч оймсыг өмсөөд, заримыг нь базаад хаячихсан гэж хэлсэн, ...И, Мийгаа хоёр овтерка авч ирээд өгөхөөр нь би гаражийн цонхыг хөшиж онгойлгоод дотор нь байсан нэг хайрцагтай банана жимс авсан, тэр жимсээ бид дөрөв тэнцүү хуваагаад идэцгээсэн. Тэгээд дараа долоо хоногийн амралтын өдөр шөнө 2 цагийн үед Ч, М, И бид дөрөв Н-ийн гэрийнх нь гадаа очиход хоёр давхрын жижиг цонх нь онгорхой байхаар нь би гаражийн дээвэр дээр нь гарч байгаад тэр цонхоор гэрт нь орсон бөгөөд тухайн үед М, Ч, И гурав гадаа гаражийн хажууд зогсож байсан, тэр айл руу ороход нэг давхрын ширээн дээр хар өнгийн “Samsung G7” загварын гар утас байхаар нь аваад, цааш үргэлжлүүлэн унтлагын өрөө байхаар нь явж ортол орны хажуу талын тавилга дээр “Huawei Y7” загварын гар утас байхаар нь аваад тэр айлаас гарсан, тухайн үед гэрийн эзэд нь унтаж байсан болохоор намайг орсныг мэдээгүй. Тэгээд би гарч ирээд гаражийн цонхыг овтеркаар хөшиж онгойлгоод дотроос нь ахиад хоёр хайрцагтай банана жимс аваад бид дөрөв тэндээсээ холдоод гэр лүүгээ харих замдаа “Samsung G7” загварын гар утсыг Э /Ч/ “наадах гар утсыг чинь би авья, надад өгчихөөч” гээд байхаар нь Ч-д өгчихсөн, бас нэг хайрцагтай банана жимсийг өгсөн, нөгөө гар утсыг нь би өөрөө аваад, М, И хоёр нэг хайрцагтай банана жимсийг хувааж авсан. 2020 оны зуны дунд сарын үед Ч-гийн хашаан дотор гэр байдаг байсан, М-тэй хамт тэр айлаас гар утас авах зорилгоор хаалганы хатавчны завсараар гараа оруулж байгаад дотор талаас нь түгжээг нь тайлаад М бид хоёр орсон, тэр айлын гэрийн эзэд унтаж байсан бөгөөд баруун талын орон дээр Самсунг нөте загварын гар утас байхаар нь би аваад тэр айлаас гарсан, маргааш нь би тэр гар утсыг “Тэди” худалдааны төвд очиж өөрийнхөө эвдэрсэн гар утсыг засуулаад хөлсөнд нь тэр нөте-4 маркийн гар утсаа өгчихсөн. Миний эвдэрсэн гэх гар утас нь Н-ийн гэрээс хамгийн анх хулгайлж байсан “Huawei Y6” загварын гар утас байсан юм. Би Н-ийн гэр лүү удаа дараа орж нийтдээ 3 ширхэг гар утас, 3 хайрцагтай банана, мандарин 7, 8 ширхэг, ууттай тахианы цээж мах 2 ширхэг, тахианы мөч 9 ширхэг, оймс, дотуур хувцас зэрэг эд зүйлсийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. ...хулгай хийх санааг М бид хоёр гаргасан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-44-46, 94/,

Ж.Ө-ын “...Эко хороолол 86-05 тоотоос эд зүйл хулгайд алдагдсан” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-15/,

Эко хороолол 86-05 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-17-22/,

өсвөр насны яллагдагч Б.Б-өөс “Huawei Y7” загварын хөх өнгийн гар утас 1ш, “Huawei Y6” загварын шаргал өнгийн гар утас 1ш-ийг хураан авч хохирогч Ж.Ө-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-25-27/, 

өсвөр насны яллагдагч Б.Б-өөс “Samsung G7” загварын гар утас хураан авч хохирогч С.Г-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-28-29/, 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...“Huawei Y7 plus” загварын гар утас 602.100 төгрөг.” гэсэн дүгнэлт /1-р хх-56-58/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “...Банана 2 хайрцаг 26кг жимс 117.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1-р хх-61-64/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “...Samsung G7 загварын гар утас 200.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1-р хх-68-71/,

Хохирогч Ж.Ө-аас гаргаж өгсөн “Бозоолой” дэлгүүрээс хувцас худалдан авахдаа Хаан банкны данс руу 55.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт /1-р хх-89/,

 

2.Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж, “Huawei Y6” загварын гар утасыг хулгайлж,

343.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд цугларсан, шүүх шинжлэн судалсан баримтууд,

хохирогч Ж.Ө-ын “...2020 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ЭКО хорооллын 86-05 тоот гэртээ унтаж байхад байшингийн 1 давхрын гал тогооны цонхоор хулгайч орж 2 давхрын хүүхдийн өрөөнд байсан “Huawei Y6” загварын гар утас хулгайд алдагдсан. 2020 оны 4 дүгээр сард “Теди” худалдааны төвөөс 600.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...байшингийн гал тогооны цонх онгорхой, эхнэр бид хоёр 1 давхарт унтлагын өрөөнд унтаж байхад 2 давхрын хүүхдийн өрөөнөөс “Huawei Y6” загварын гар утсыг авсан байсан, надад 600.000 төгрөгийн хохирол учраад байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-115/,

         Б.Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын дундуур Н гэх охины байшингийн гал тогооны цонхоор шөнийн 2-3 цагийн үед дотогшоо нэвтрэн орж 2 давхарын Н-ийн өрөө рүү ороод ширээн дээр цэнэглэж байсан “Huawei Y6” загварын гар утсыг хулгайлж авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-117, 125/,

Ж.Ө-ын “...Эко хороолол 86-05 тоот хувийн байшингийн нэг давхрын цонхоор 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хулгайч орж, 2 давхарт хүүхдийн өрөөнд байсан “Huawei Y6” загварын гар утас хулгайд алдагдсан” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-107/, хохирогчийн Цагдаагийн байгууллагад хандан гаргасан өргөдөл /1-р хх-108/,

Эко хороолол 86-05 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-109-112/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “...“Huawei Y6” загварын гар утас 343.200 төгрөг.” гэсэн дүгнэлт /1-р хх-119-122/,

Өсвөр насны яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн 2025000000426 дугаартай хэргийг эрүүгийн 2025000000417 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаартай, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л-ийн тогтоол /1-р хх-128/,

 

3.С.Э, Б.Б, Б.М нар нь бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 162-2 тоот байшинд хууль бусаар нэвтрэн орж,

“Samsung G7” гар утас, “Samsung” загварын жижиг гар утас, эвдэрхий “Iphone 6” загварын гар утас, “Samsung S4mini” гар утас, “НР” загварын нөүтбүүк, үүргэвч зэргийг хулгайлж,

М.А-д 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд цугларсан, шүүх шинжлэн судалсан баримтууд,

хохирогч М.А-ын “...2020 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө манай нөхөр гэртээ хүүхдүүдийн хамтаар унтаж байх үед шөнийн 3 цагийн үед манай байшингийн урд талын хаалгаар хулгайч орж 2 давхарт байсан “НР” i5 соге загварын зөөврийн компьютер, нэг давхрын зочны өрөөний хэсгээс манай нөхрийн “Samsung G7” загварын гар утас, “Samsung S4 mini” загварын гар утас, “Samsung S7” загварын гар утас, “Iphone 6” загварын гар утас, хүүхдийн саарал өнгийн үүргэвч цүнх, манай нөхрийн иргэний үнэмлэх, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажлын газрын үнэмлэх, Голомт банкны зэс карт, Хаан банкны карт зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан. “Samsung G7” загварын гар утас, “Samsung S4 mini” загварын гар утас хэвийн ажиллагаатай байсан. Харин “Iphone 6” загварын гар утас нь дэлгэцийн шил нь хагарсан мэдрэгч нь ажиллахгүй байсан, дэлгэцийг нь 50.000 төгрөгөөр засуулаад хэвийн ажиллана гэж байсан. “Samsung S7” загварын гар утас нь ажилладаггүй, плат нь шатсан гар утас байсан, тухайн өдөр хаалгаа цоожоор нь цоожлоогүй байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-142-146/,

 

Б.Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Би ганцаараа айл руу орсон, Э, М нар гадаа нь зогсож байсан, “НР” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн нөүтбүүк, саарал өнгийн цүнх байсныг нь авчихсан, цүнх нь манай гэрт байгаа, харин 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Samsung G7” загварын гар утсыг нь “Тэди” төвийн В1 давхарт байсан дэлгүүрийн хажуу талын лангууны хүнд 15.000 төгрөгөөр, “Samsung S7” загварын гар утсыг нь 3 давхрын зүүн талын эхний лангууны хүнд 5000 төгрөгөөр, “Iphone 6” загварын гар утсыг нь Э 15.000 төгрөгөөр зарчихсан, загварыг нь мэдэхгүй жижигхэн гар утсыг 3 дугаар микрийн “Симба” бичиг хэргийн дэлгүүрийн хойд талын байрны хогийн саванд хаячихсан, харин нөтбүүкийг нь 6 дугаар микрийн “Venus” гэх нэртэй нөүтбүүк засварын газарт 300.000 төгрөгөөр зарчихсан. Тэр айлаас авсан эд зүйлээ зарж борлуулсан мөнгөөр компьютер тоглоом тоглосон, идэх юм авч идэхэд зарцуулсан, одоо надад 225.000 төгрөг үлдсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /1-р хх-147, 190/,

М.А-ын “...2020 оны 10 дугаар сарын 10-11 шилжих шөнө, Эко хороолол 162-2 тоот манай гэрт хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-131/,

Эко хороолол 162-2 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-133-137/,

өсвөр насны яллагдагч Б.Б-өөс “HP” Core i5 8-р үеийн загварын хөх өнгийн зөөврийн компьютер, саарал өнгийн хүүхдийн үүргэвч цүнх зэргийг хураан авч хохирогч М.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-139-140/, 

“Далай Ван Аудит” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-199 дугаартай “...Үнэлгээнд хамрагдсан “Samsung G7” /190.000 төгрөгөөр/, “Samsung S7” /үнэлэх боломжгүй/, “Iphone 6” /220.000 төгрөгөөр/, “Samsung S4 mini” /60.000 төгрөгөөр/, хичээлийн үүргэвч, цүнх /80.000 төгрөгөөр/, i5 үйлдлийн системтэй “НР” зөөврийн компьютер /1.409.000 төгрөгөөр/ тус бүр болж, нийт үнэлгээ 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 1.960.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /1-р хх-152-157/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ОРХ/20-058 дугаартай  “Иргэний үнэмлэх, Эрдэнэт ТӨҮГ-ын ажлын үнэмлэх, Хаан банкны карт, Голомт банкны Зэс картын өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 53.600 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт /1-р хх-160-163/,

шүүгдэгч С.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-194/, “С.Э нь 2001 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн байна. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас 8 сар 25 хоногийн настай байна.” гэсэн нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-195/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-196/, МСҮТөвийн тодорхойлолт /1-р хх-197/,

Б.Б нь 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн байна. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 15 нас 6 сар 25 хоногийн настай байна.” гэсэн нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-202/, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-203/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-204/, МСҮТөвийн тодорхойлолт /1-р хх-220/,

Н.М нь 2006 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн байна. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 14 нас 4 сар 24 хоногийн настай байна.” гэсэн нас тоолсон тухай тэмдэглэл /1-р хх-205/, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-206/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-207/, Орхон аймгийн төрөлжсөн сургалттай 12 жилийн 7 дугаар сургуулийн сургалтын менежер Б.Б-ийн тодорхойлолт /1-р хх-221/,

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Н.М-аас бананы үнэ 30.000 төгрөгийг хохирогч Ж.Ө-ын Хаан банкны дансанд төлсөн тухай хохирлоос төлсөн баримт /1-р хх-249/,

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Б.М-ээс бананы үнэ 30.000 төгрөгийг хохирогч Ж.Ө-ын Хаан банкны дансанд төлсөн тухай хохирлоос төлсөн баримт /1-р хх-249/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Ж.Д, Л.Б, С.А нарын гаргасан 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай,

“...1.С.Э нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй байна. 2.С.Эы IQ-61хувь байгаа нь 6-12 настай хүүхдийн хэмжээнд байна. 3.С.Э нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй. 4.Сэтгэцийн эмчийн хяналтанд одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчний учир Э-ын ээж нь байдаггүй бөгөөд сэтгэцийн дүгнэлт гаргах тогтоол ээжийн нэр дээр ирээгүй тул сэтгэцийн дүгнэлт гаргах боломжгүй байна. 5.Ухамсар, сэтгэхүйн хоцрогдол биш, төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчин болно.” гэсэн дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч Ж.Д, Л.Б, С.А нарын гаргасан 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн, “...1.С.Э нь төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй байна. Энэ өвчин нь С.Э-ны мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй. С.Э нь өөрийн хийсэн үйлдлийг ухамсарлан ойлгож байгаа тул мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай.” гэсэн дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд С.Э-аас гаргаж өгсөн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ж.Ө-ын Хаан банкны дансанд 58.000 төгрөгийг,

мөн өдөр хохирогч М.А-ын Хаан банкны дансанд 157.000 төгрөгийг тус тус төлсөн тухай хохирол төлсөн баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

шүүгдэгч С.Э, Б.Б, Н.М, Б.М нар нь бүлэглэн, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хороолол 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж, “Huawei Y7” загварын гар утас, “Samsung G7” загварын гар утас, 2 хайрцаг банана, оймс, эмэгтэй дотуур хувцас зэргийг хулгайлж, Ж.Ө-д 774.100 төгрөгийн, С.Г-т 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

         шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

         мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

         хохирогч Ж.Ө-ын “...Г бид хоёр зурагт үзэж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 27-ны шөнийн 1 цагийн үед унтаж амарсан, өглөө босоод ирэхэд миний “Huawei Y7” загварын гар утас, найз Г-ын “Samsung G7” загварын гар утас, гараж дотор байсан 2 бүтэн хайрцагтай банана жимс, хүүхдийн өрөөнөөс 55.000 төгрөгөөр “Бозоолой“ дэлгүүрээс худалдаж авсан хувцаснууд алга болсон байсан.” гэх,

хохирогч С.Г-ын “...2020 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 1 цагийн үед унтахдаа би өөрийн “Samsung G7” загварын гар утсаа гал тогооны ширээн дээр цэнэглээд хоносон, өглөө босоод ирсэн чинь миний болон найз Ө-ын гар утас алга болсон байсан.” гэх,

өсвөр насны яллагдагч Н.М-ын “...Б орсон цонхоороо буцаж гарч ирээд “Samsung G7 гэдэг утас шаачихлаа” гэж хэлсэн чинь Ч “надад наадах утсаа өгчихөөч” гэж хэлэхэд Б тэр гар утсаа Ч-д өгсөн. Тэгээд хоёр хайрцагтай бананыг Б Ч-тай нэг хайрцагтайг нь, би И-тэй нөгөө хайрцагтай бананыг хуваагаад авцгаасан.” гэх,

яллагдагч С.Э-ын “...Б тэр айлын 2 давхрын жижиг цонхоор дотогш ороод хоёр ширхэг оймс, гурван ширхэг эмэгтэй хүний дотуур хувцас аваад гарч ирсэн. ...Б гараж дотроос хоёр хайрцагтай банана жимс авч гарч ирсэн. ...байшингийн дээвэр лүү гарч цонхоор нь Б ороод, ...гарч ирээд “хоёр гар утас авчихлаа, хоёр хайрцагтай банана байна, бүгдээрээ нэг, нэг хайрцгаар нь хувааж авах уу” гэж хэлэхээр нь нэг хайрцагтай бананыг би аваад гэрийнхээ үүдэнд байдаг шкафанд хийчихсэн, нөгөө хайрцагтай бананыг М, М хоёр авсан. Б надад “Samsung G7” загварын гар утсыг “чи ав” гээд өгсөн, өөрөө болохоор “Huawei Y7” загварын гар утсыг авсан.” гэх,

өсвөр насны яллагдагч Б.Б-ийн “...2020 оны 9 сарын сүүлээр...шөнийн 1 цагийн үед...Н-ийн гэр лүү ороод орны тэр хавьд хувцасны шүүгээ байхаар дулаан хувцас авах гээд базаад юм аваад гарч ирээд Ч-д өгтөл тэнд оймс, эмэгтэй хүний дотуур хувцас зэрэг эд зүйлс байсан, ...нэг давхрын ширээн дээр хар өнгийн “Samsung G7” загварын гар утас байхаар нь аваад, цааш үргэлжлүүлэн унтлагын өрөө байхаар нь явж ортол орны хажуу талын тавилга дээр “Huawei Y7” загварын гар утас байхаар нь аваад тэр айлаас гарсан.” гэх мэдүүлгүүдээр болон

Эко хороолол 86-05 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

өсвөр насны яллагдагч Б.Б-өөс “Huawei Y7” загварын хөх өнгийн гар утас, “Huawei Y6” загварын шаргал өнгийн гар утсыг зэргийг хураан авч хохирогч Ж.Ө-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

өсвөр насны яллагдагч Б.Б-өөс “Samsung G7” загварын гар утас хураан авч хохирогч С.Г-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

Хохирогч Ж.Ө-аас гаргаж өгсөн “Бозоолой” дэлгүүрээс хувцас худалдан авахдаа Хаан банкны данс руу 55.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт,

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Н.М-аас бананы үнэ 30.000 төгрөгийг хохирогч Ж.Ө-ын Хаан банкны дансанд төлсөн тухай хохирлоос төлсөн баримт,

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Б.М-ээс бананы үнэ 30.000 төгрөгийг хохирогч Ж.Ө-ын Хаан банкны дансанд төлсөн баримт,

шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд С.Э-аас гаргаж өгсөн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ж.Ө-ын Хаан банкны дансанд 58.000 төгрөгийг төлсөн тухай хохирол төлсөн баримт зэргээр,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж, “Huawei Y6” загварын гар утсыг хулгайлж, 343.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үлдсэн гэм буруутай болох нь;

         шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

         мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Ж.Ө-ын “...2020 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 1 давхрын гал тогооны цонхоор хулгайч орж 2 давхрын хүүхдийн өрөөнд байсан “Huawei Y6” загварын гар утас хулгайд алдагдсан.” гэх,

         өсвөр насны яллагдагч Б.Б-ийн “...2020 оны 5 дугаар сарын дундуур Н гэх охины байшингийн гал тогооны цонхоор нэвтрэн орж 2 давхарын Нийн өрөө рүү ороод ширээн дээр цэнэглэж байсан “Huawei Y6” загварын гар утсыг хулгайлж авсан.” гэх мэдүүлгүүдээр болон Эко хороолол 86-05 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,

 

         С.Э, Б.Б, Б.М нар нь бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 162-2 тоот байшинд хууль бусаар нэвтрэн орж, “Samsung G7” гар утас, “Samsung” загварын жижиг гар утас, эвдэрхий “Iphone 6” загварын гар утас, “Samsung S4mini” гар утас, “НР” загварын нөүтбүүк, үүргэвч зэргийг хулгайлж, М.А-д 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

         шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

         мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч М.А-ын “...2020 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө...манай байшингийн урд талын хаалгаар хулгайч орж 2 давхарт байсан “НР” i5 соге загварын зөөврийн компьютер, нэг давхрын зочны өрөөний хэсгээс манай нөхрийн “Samsung G7” загварын гар утас, “Samsung S4 mini” загварын гар утас, “Samsung S7” загварын гар утас, “Iphone 6” загварын гар утас, хүүхдийн саарал өнгийн үүргэвч цүнх, манай нөхрийн иргэний үнэмлэх, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажлын газрын үнэмлэх, Голомт банкны зэс карт, Хаан банкны карт зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан.” гэх,

өсвөр насны яллагдагч Б.Б-ийн “...Би ганцаараа айл руу орсон, Э, М нар гадаа нь зогсож байсан, “НР” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн нөүтбүүк, саарал өнгийн цүнх байсныг нь авчихсан, цүнх нь манай гэрт байгаа, харин 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Samsung G7” загварын гар утсыг нь “Тэди” төвийн В1 давхарт байсан дэлгүүрийн хажуу талын лангууны хүнд 15.000 төгрөгөөр, “Samsung S7” загварын гар утсыг нь 3 давхрын зүүн талын эхний лангууны хүнд 5000 төгрөгөөр, “Iphone 6” загварын гар утсыг нь Э 15.000 төгрөгөөр зарчихсан, загварыг нь мэдэхгүй жижигхэн гар утсыг 3 дугаар микрийн “Симба” бичиг хэргийн дэлгүүрийн хойд талын байрны хогийн саванд хаячихсан, харин нөтбүүкийг нь 6 дугаар микрийн “Venus” гэх нэртэй нөүтбүүк засварын газарт 300.000 төгрөгөөр зарчихсан.” гэх мэдүүлгүүдээр,

Эко хороолол 162-2 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

өсвөр насны яллагдагч Б.Б-өөс “HP” Core i5 8-р үеийн загварын хөх өнгийн зөөврийн компьютер, саарал өнгийн хүүхдийн үүргэвч цүнх зэргийг хураан авч хохирогч М.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 

шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд С.Э-аас гаргаж өгсөн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч М.А-ын Хаан банкны дансанд 157.000 төгрөгийг төлсөн тухай хохирол төлсөн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг бусад аргаар нэвтэрсэн байхыг хэлнэ.

Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Э, Б.Б, Н.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч С.Э, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б, Н.М нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

         мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          Хохирол төлбөрийн талаар;

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

1.Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нар болон Б.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Ө-д “Huawei Y7 plus” загварын гар утасны үнэ 602.100 төгрөг, 26кг буюу 2 хайрцаг бананы үнэ 117.000 төгрөг, “Бозоолой“ дэлгүүрээс худалдаж авсан хувцасны үнэ 55.000 төгрөг нийт 774.100 төгрөгийн хохирол,

хохирогч С.Г-т “Samsung G7” загварын гар утасны үнэ 200.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Үүнээс; өсвөр насны яллагдагч Б.Б-өөс “Samsung G7” загварын гар утас хураан авч хохирогч С.Г-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар талд, “Huawei Y7” загварын хөх өнгийн гар утсыг хохирогч Ж.Ө-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан байх тул гар утаснуудыг хохирогч нарт биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн гэж үзэх бөгөөд хохирлоос үлдсэн 2 хайрцаг бананы үнэ 117.000 төгрөг, “Бозоолой“ дэлгүүрээс худалдан авсан хувцасны үнэ 55.000 төгрөг нийт 172.000 төгрөгийн  хохирлыг /172.000 : 4 = 43.000/ гэм буруутай этгээдүүд болох С.Э, Б.Б, Н.М, Б.М нар тус бүрээс 43.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ө-д олгох үндэслэлтэй байна.

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Н.М-аас бананы үнэ 30.000 төгрөгийг, Б.М-ээс бананы үнэ 30.000 төгрөгийг Ж.Ө-ын Хаан банкны дансанд шилжүүлсэн баримт 1 дүгээр хавтаст хэргийн 249 дүгээр талд авагдсан бөгөөд Н.М, Б.М нар нь 13.000 төгрөгийг дутуу төлжээ.

Шүүгдэгч С.Э нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ж.Ө-ын Хаан банкны дансанд 58.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд гаргаж өгсөн бөгөөд төлбөл зохих хохирлоос 15.000 төгрөгийг илүү төлсөн байх боловч түүний өмгөөлөгч Х.О шүүхийн хэлэлцүүлгийн үед “...илүү төлсөн 15.000 төгрөгийг буцаан нэхэмжлэхгүй.” гэснийг дурьдаж,

Б.Б-өөс 43.000 төгрөгийг, Н.М-аас 13.000 төгрөгийг,  Б.М-ээс 13.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ж.Ө-д олгохоор,  

2.Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 86-05 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж “Huawei Y6” загварын гар утас хулгайлан, Ж.Ө-д  343.200 төгрөгийн хохирол учруулсан байна.

Өсвөр насны яллагдагч Б.Б-өөс  “Huawei Y6” загварын шаргал өнгийн гар утас хураан авч хохирогч Ж.Ө-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан байх тул гар утсыг хохирогч Ж.Ө-д биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн, өсвөр насны яллагдагч Б.Б нь хохирогч Ж.Ө-д төлөх төлбөргүй гэж үзнэ.

3.Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б нар нь Б.М-тэй бүлэглэн, 2020 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Эко” хорооллын 162-2 тоот байшинд хууль бусаар нэвтрэн орж, “Samsung G7” гар утас, “Samsung” загварын жижиг гар утас, эвдэрхий “Iphone 6” загварын гар утас, “Samsung S4mini” гар утас, “НР” загварын нөүтбүүк, үүргэвч зэргийг хулгайлж, хохирогч М.А-д 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

“Далай Ван Аудит” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-199 дугаартай дүгнэлтээр “Samsung G7” гар утас 190.000 төгрөгөөр, “Samsung S7” үнэлэх боломжгүй гэж, “Iphone 6” 220.000 төгрөгөөр, “Samsung S4 mini” 60.000 төгрөгөөр, хичээлийн үүргэвч, цүнх 80.000 төгрөгөөр, i5 үйлдлийн системтэй “НР” зөөврийн компьютер 1.409.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж, нийт үнэлгээний дүн нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 1.960.000 төгрөг болсон байна.

Өсвөр насны яллагдагч Б.Б-өөс 1.409.000 төгрөгийн үнэлгээтэй “HP” Core i5 загварын хөх өнгийн зөөврийн компьютер болон 80.000 төгрөгийн үнэлгээтэй саарал өнгийн хүүхдийн үүргэвч цүнх зэргийг хураан авч, хохирогч М.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 139-140 талд авагджээ.

Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б болон Б.М нараас “Samsung G7” гар утасны үнэ 190.000 төгрөг, “Iphone 6” гар утасны үнэ 220.000 төгрөг, “Samsung S4 mini” 60.000 төгрөг нийт 471.000 /471.000 : 3 = 157.000/ төгрөгийг хохирогч М.А-д олгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд С.Э-аас гаргаж өгсөн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч М.А-ын Хаан банкны дансанд 157.000 төгрөгийг тус тус төлсөн тухай хохирол төлсөн баримтыг гаргаж өгсөн бөгөөд 1000 төгрөгийг илүү төлсөн байх боловч түүний өмгөөлөгч Х.О шүүхийн хэлэлцүүлгийн үед “...илүү төлсөн 1000 төгрөгийг буцаан нэхэмжлэхгүй.” гэснийг дурьдаж,

харин өсвөр насны шүүгдэгч Б.Б-өөс болон Б.М нараас тус бүр 157.000 төгрөгийг хохирогч М.А-д төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.М-аас нийт 200.000 төгрөгийг гаргуулж, 43.000 төгрөгийг хохирогч Ж.Ө-д, 157.000 төгрөгийг хохирогч М.А-д олгохоор,

өсвөр насны шүүгдэгч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч  Д.Н-ээс 13.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Өад олгохоор,

Б.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Н-аас нийт 170.000 төгрөг гаргуулж 13.000 төгрөгийг хохирогч Ж.Ө-д, 157.000 төгрөгийг хохирогч М.А-д олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Өсвөр насны яллагдагч Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Н хариуцан төлөх үүрэгтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Э-ын учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

харин шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэнийг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч С.Э-д хоёр жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарт хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах.” дүгнэлтийг, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О “...шүүгдэгч С.Э-д төрөлхийн сэтгэцийн өвчтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаатайгаар авч өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч С.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал байдал, учруулсан хохирол, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй биеийн эрүүл мэндийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй хэдий ч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1 ... дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ялд нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Э нь байнга оршин суух хаягтай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан дээрх шаардлагуудыг хангасан, мөн түүний үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх учир түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан хорих байгууллагад биечлэн эдлүүлэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглох,

харин өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаатайгаар авч шийдвэрлэв.

Дээрх нэг жилийн хугацаанд шүүгдэгч С.Э,  өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарт гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Орхон аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх бөгөөд тэднийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт даалгах нь өсвөр насны шүүгдэгчийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ... 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан боловч өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 ... дэх заалт заасан гэмт хэргийг үйлдсэн тул тэднийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна.

          Бусад асуудлын талаар;

          Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нар нар гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдвал зохино.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч С.Э, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б, Н.М нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Э-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарт хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавихыг Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хариуцуулж,

8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч С.М-т, өсвөр насны шүүгдэгч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч Д.Н нарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг жилийн  хугацаагаар дүйцүүлэн сольж, түүнийг Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарт нэг жилийн хугацааанд авч,

7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.М-аас нийт 200.000 төгрөгийг гаргуулж, 43.000 төгрөгийг хохирогч Ж.Ө-д, 157.000 төгрөгийг хохирогч М.А-д,

өсвөр насны шүүгдэгч Н.М-ын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч  Д.Н-ээс 13.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ө-д,

Б.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Н-аас нийт 170.000 төгрөг гаргуулж 13.000 төгрөгийг хохирогч Ж.Ө-д, 157.000 төгрөгийг хохирогч М.А-д тус тус олгосугай.

          10.Шүүгдэгч С.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Н.М нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар, иргэний хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ