Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30 дугаар байр, 58 тоот хаягт оршин суух, Бээлий овогт Энхбаярын Урангуа /РД:УУ90052229/-гын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа 2, Өлзийтийн зам гудамж, 1004 дүгээр байр, 14 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Володягийн Ариунболд /РД:ЕА90110415/-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Урангуа, хариуцагч В.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Э.Урангуа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Урангуа миний бие 2010 онд В.Ариунболдтой танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 6 дугаар сарын 09-ний өдөр охин А.Бөртэ төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн. Охин 2013 оноос хойш миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул эцэг В.Ариунболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Хариуцагч В.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Ариунболд  миний бие Л Э.Урангуагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин А.Бөртэд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө  гэв.

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Урангуа нь хариуцагч В.Ариунболдод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Э.Урангуа, В.Ариунболд нар 2010 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн байх ба тэдний дундаас 2012 оны 6 дугаар сарын 09-ний өдөр охин А.Бөртэг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 5 дахь тал/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын дундаас төрсөн охин А.Бөртэ одоо 5 настай, төрсөн цагаасаа эхлэн эх Э.Урангуагын асрамжид байгаа ба хариуцагч В.Ариунболд нь охин А.Бөртэгийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Охин А.Бөртэг эхийнх нь асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй, хариуцагч В.Ариунболд нь охин А.Бөртэд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул эцэг В.Ариунболдоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  Охин А.Бөртэг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                     ТОГТООХ нь:  

            1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин А.Бөртэг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.Ариунболдоос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Ариунболдоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Урангуад олгосугай.   

            3.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

                                     ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА