Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Улсын яллагч Л.Э

Хохирогч Н.О-Э

Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэ, Ц.Э

Гэрч А.Н /онлайн/, Т.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Ц, Д.Б /онлайн/

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мд холбогдох эрүүгийн 1925009000259 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч.М

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Н.Оюун-Эрдэнийг “шүүхийн шийдвэрт хураагдсан хямд үнэтэй байрыг аваад зараад, эргүүлж мөнгө олох ажил байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж улсын бүртгэлийн Ү-2101дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-2-тоот 36.1 м2 орон сууцыг иргэн Ч.Сд барьцаанд тавиулж 29 000 000 төгрөг зээлдүүлэн уг мөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ “2019 оны 08 сарын 29-ний өдөр Н.О-Ээс 29 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тэр мөнгөнөөс 16 500 000 төгрөгийг Т.Ад өгсөн. Өгсөн тухай баримт байгаа. Т.А намайг Хтай уулзуулж, мөнгө зээлдэг гэж хэлсэн. Т.А надаас 16 000 000 төгрөг авахдаа манай охин Америк улс руу явах гэж байгаа, миний дансанд мөнгө байгаа. Виз гарсны дараа өөрийн данс дахь мөнгөө гаргаж болно. Нэт капитал ББСБ-аас 300 000 000 төгрөг хүртэлх зээл авах эрхтэй болсон. Охиноо явсны дараа зээл авна. Тэгээд чамаас авсан мөнгөө буцаагаад өгье гэж хэлсэн. Т.А би чамд мөнгө зээлэх хүн олж өгсөн юм чинь надад 500 000 төгрөг өг гээд бэлнээр мөнгө авсан. 500 000 төгрөгийг ломбардад ажилладаг Хт шагнал гээд бэлнээр өгчих гээд бэлнээр аваачиж өгсөн. Т.А 16 000 000 төгрөгийг авахын урд өдөр Ч.С надад 8 000 000 төгрөг өгсөн. 8 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нь Н.О-Э Голомт банкны гаднаас надаас бэлнээр тоолж авсан. Харин үүнийгээ надаас нэг ч төгрөг аваагүй гэж мэдүүлж байна. Голомт банкны ойролцоох камерын бичлэгийг шүүх ажиллагаа хийлгэмээр байна. Т.А нь тухайн 16 000 000 төгрөгийг бэлнээр авъя гээд байхаар нь маргааш нь Хаан банкин дээр очоод дансаар шилжүүлсэн. Өмнө нь Т.А мөнгө өгсөн байхад аваагүй гээд байдаг байсан. Тийм болохоор дансаар хийсэн. Н.О-Ээс авсан 29 000 000 төгрөгөөс Т.Ад дансаар 16 000 000 төгрөгийг дансаар, 500 000 төгрөгийг бэлнээр, Хт 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Н.О-Э надаас авсан 3 000 000 төгрөг авсан. Үүнийг яагаад аваагүй гээд байгааг ойлгохгүй байна. 98010096 гэх дугаарыг тухайн үед барьдаг байсан. Н.О-Ээс ирж байсан мессежүүд тэр дугаарт байсан. Тэр дугаар хаагдсан болохоор нотлох баримт гаргах боломжгүй болоод байна. Өөрийн ашигласан 10 000 000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирлоо бүрэн төлнө. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.О-Э мэдүүлэхдээ “2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ч.М над дээр ирээд шүүхийн шийдвэрт 3 өрөө байр байна, өнөөдөр мөнгөө өгөхгүй бол хурлаар оруулах гээд байна. Яаралтай мөнгө хэрэгтэй байна гэсэн. Би “чи өөрөө наад байраа авахгүй юм уу” гэхэд Ч.М “надад мөнгө байхгүй байна” гэсэн. Надад ч гэсэн мөнгө байхгүй, нөхөртөө хэлээд ярилцъя гэсэн чинь хэлээд хэрэггүй ээ, удахгүй бүтчих юм чинь. Би мөнгө зээлэх хүн олоод өгье гээд яаруулаад тэвдүүлээд байсан. Тэгээд итгээд мөнгө зээлж аваад мөнгө өгсөн. Хүүхдүүд минь хамт сурдаг тул хулхидахгүй байх гэж бодсон. Мөнгөө өгөхдөө нотариат ороод, гэрээ байгуулсан. Тэр орой нь нотариат нь дансаа өгөөрэй гэсэн. Тэгээд маргааш нь мөнгө орж ирсэн. Ч.М Т.Атай хамт ирсэн. Тухайн мөнгийг орж ирэнгүүт нь шууд өгсөн. Төрөхийн хордлоготой хүнд байсан тул маргаан гаргалгүй чимээгүй болсон. Сүүлдээ санаа зовоод эмнэлэгт хэвтэж чадахгүй байна гэхэд удаа дараа худлаа ярьсан, байраа очиж үзье гэсэн чинь алга болсон. Тэгээд Ч.Мг хайж үзтэл хоригдож байсан. Тэдгээр асуудлаас болоод төрөхийн хүндрэлтэй төрсөн. Төрөхийн хүндрэлтэй талаараа удаа дараа хэлж байсан. Надад мөнгө зээлсэн хүн над руу мөнгөө нэхэж нэг ч удаа залгаагүй. Тэгэхээр нь би жоохон санаа амарсан. Байрыг нь очиж үзье гэхэд чи том гэдэстэй ирээд яахын гэсэн. Төрсний дараа буюу 2019 оны 12 сарын 13-нд цагдаад гомдол гаргасан. Ч.С гэх мөнгө зээлсэн эмэгтэй шүүхэд тун удалгүй нэхэмжлэл гаргасан. 2020 оны 5 дугаар сарын 12-нд давж заалдах шатны шүүхээс 97 дугаартай магадлалаар нийт 38 020 675 төгрөг төлөх шийдвэр гарсан. Надад 38 020 675 төгрөгийн хохирол учирсан. Би гомдолтой байна. Байрыг маань зарж борлуулах шүүхийн шийдвэр гарсан. Би Ч.Мгаас 3 000 000 төгрөг аваагүй, банканд өр зээлгүй. Би өөрөө тухайн мөнгийг олох боломжтой байсан. Ч.М, Ч.С нар залилан мэхэлсэн гэж бодож байна” гэв.

Гэрч Т.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Ч.Мгаас 29 100 000 төгрөгийн авлага авах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Үүнээс 16 000 000 төгрөгийг надад өгсөн. Би харин ч өөр авлага нэхэмжлээгүй байгаа. Би авлагатай хүнээсээ хэзээ ч мөнгө зээлэхгүй. Бид хоёр эртний танилууд байсан. 2-3 жил уулзаагүй тул, хүүхдээ Америк явах гэж байгаа гэж сонин сайхан болгож хэлж байсан. Үүнийг ашиглаад ингэж хэлсэн байна. Би Хын ажил дээр сууж байтал, Ч.М залгаад байсан. Тэгэхээр нь байр барьцаалаад мөнгө олоод өгчих гээд салахгүй байна гээд Хт хэлсэн юм. Тэгсэн Х миний дугаарыг өгчих гээд хэлсэн” гэв.

 

Гэрч А.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би Ч.Мтай Технологийн сургуульд хамт сурдаг байсан. Ч.Мг байр барьцаалж, мөнгө зээлснийг мэдэхгүй. Би Т.Аыг танин манай нутгийн эгч тул танилууд шиг харилцаатай байдаг. Т.А эгч хүнд хүүтэй мөнгө зээлдэг” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Н.О-Эий гэрчээр өгсөн “2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ч.М нь надад шүүхийн шийдвэрт хураагдсан, одоо хямд үнээр зарагдах гэж байгаа 3 өрөө байр байна би ахлах шийдвэр гүйцэтгэгчийг нь таних учир тэр байрыг надад санал болгоод байгаа юм. Тэгээд би тэр байрыг аваад зах зээлийн ханшнаас доогуур үнээр зараад, эргүүлж мөнгө олох ажил байна гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш нь залгаад уулзъя нөгөө байр дуудлага худалдаанд орох гээд байна гэсээр намайг гэрээс аваад Голомт банкны нотариат дээр ирсэн. Тухайн үед мөнгө авах дүн болон зээлийн хугацааг Ч.С, Ч.М 2 хоорондоо ярилцаж тохиролцсон байсан. Ингээд өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-р хороолол 2-р байрны 10 тоот хаягт байршилтай Ү-21010 дугаартай 36 мкв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалж 29 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд л Ч.С гэх эмэгтэй миний дансруу 29 000 000 төгрөгийг маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хийсэн. Тэгээд тэр 29 000 000 төгрөгийг Согоот багийн Голомт банкнаас авсан. Аваад шууд Ч.М өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 11-12, 15-р хуудас/

2. Гэрч Ч.Сын “2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ч.М гэх эмэгтэйгийн машинд уулзсан. Миний танил Р.Х гэх эгч над руу залгаад найдвартай барьцаатай мөнгө зээлэх хүн байна, чи мөнгө зээлчихгүй юм уу гэсэн. Хэдэн төгрөг юм бэ, та өөрөө зээлэхгүй яасан юм бэ гэж би асуухад эгчид нь тийм их мөнгө байхгүй байна гэж хэлээд мөнгөнийхөө хэмжээг хэлээгүй. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа нөгөө хүн утасдаад байна уулзаад үзэх үү гээд чи ажил дээр хүрээд ир, хоёулаа уулзаад үзье гэж гэсэн. 6-19 байрны гадаа машинд Ч.М ганцаараа байрны итгэмжлэл барьчихсан сууж байсан юм. Тэгээд Р.Х эгч чи яасан гэнээ, ямар учиртай юм бэ гэж асуухад Ч.М би урд нүүрсний 1 машин явуулдаг юм, дажгүй хөөрхөн мөнгө олдог юм аа. Одоо 2 машинтай болчихвол бүр аятайхан болчих гээд байна, энэ тухай би дүүдээ хэлсэн юм. Манай дүү Н.О-Э бид хоёр үеэлүүд надад байрны итгэмжлэл хийж өгсөн гэж хэлэхэд нь би Ч.М-гаас таньд тэгээд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ? гэж асуухад Ч.М нь 29 000 000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Хорлоо эгч бид хоёр их мөнгө авах гэж байгаа, үнэхээр дүү чинь мөн юм бол, чамайг сайн мэддэг чиний ажлын ашиг орлогыг сайн мэддэг юм бол, дүүтэй чинь уулзаад хуулийн дагуу зээлийн гэрээ хийнэ гэж хэлээд машинаас буусан юм. Эргээд 10-20 минут ч болоогүй Хорлоо эгч рүү Ч.М залгаад манай дүү уулзъя гэж байна, шууд нотариат дээр уулзах уу гэж хэлсэн. Нотариат нь мөнгө төгрөгөө яах гэж байгаа юм бэ гэхээр нь би мөнгө нь валютаар солиулаад болчих юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг суу гэж хэлээд гэрээ хийсэн. Би Н.О-Э-ний Голомт банкны 400 гэсэн дансанд 29 000 000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийнн 16-17хуудас/

3. Гэрч Р.Хын “2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Т.А /99236666/ гэх эмэгтэй залгаад нэг найдвартай хүн байна байраа барьцаалж мөнгө зээлэх гэсэн юм. Чи хүн амьтнаас асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч.Саас асуухад Сайнаа тэгье гэж хэлсэн. Бид хоёр 6-18,19-р байрны гадаа Ч.Мгийн машинд уулзсан юм. Тэгээд Ч.М нэг хүний байрны итгэмжлэх барьчихсан нэг машин авах гэсэн юм. 2 машин болчихвол 2,3 сарын хугацаанд л мөнгөө эргүүлж өгнө, энэ манай хамаатан /эгч дүүсийн хүүхдүүд/ гэж хэлсэн. Тэгээд Сайнаа бид хоёр энэ эзэн нь хаана байгаа юм бэ гэхэд энд байгаа гэж хэлээд Ч.М эзэнтэй нь уулзана гэж хэлээд салаад явсан. Тэгээд нээх удалгүй 1 цагийн дотор л Н.Оюун-Эрдэнийг дагуулаад хүрээд ирсэн юм. Тэгээд бид 4 Мобикомын 2 давхарын эрэгтэй нотариат дээр очиж гэрээ хийсэн юм. Сайнаа маргааш нь нийт 29 000 000 төгрөг явуулсан. Анх уулзахдаа Ч.М том машин авна гэж хэлсэн. Харин Н.О-Этэй яг юу авах гэж байгаа талаар огт хэлж яриагүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 18хуудас/

 

4. Гэрч Т.Аийн “Ч.М нь Эрдэнэт үйлдвэрт хүн оруулж өгнө, цагдаа, шүүхийн нэрийг барьж надаас хүүтэй мөнгө авдаг байсан юм. Анх Ч.Мтай танилцсан өдрөөс хойш намайг энд тэндгүй өр тавиулаад 70 000 000-80 000 000 төгрөгөөр хохироосон юм. Би анх худлаа ярьж байгааг нь ч мэддэггүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хэд хоногийн өмнө Ч.М хэлэхдээ би чамайг 3, 4 жил хохироолоо би хамаатныхаа хүний 2 өрөө байрны итгэмжлэлийг аваад явж байна. Чи байрыг барьцаанд тавиад өг гэж хэлсэн. Тэгээд би Р.Хт Ч.Мгийн байрны талаар ярихад Хорлоо би тусалвал тусалъя, барьцаатай юм чинь хүнд хэлээд үзэе гэсэн. Би Ч.Мд Р.Хын утсыг өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үдээс өмнө Голомт банкин дээр очиход мөнгө бэлэн өгөх гээд байхаар нь би бэлнээр мөнгө авахгүй төлбөр төлөх гэж байгаа бол дансаар хий гэхэд миний Хаан банкны дансруу 16 000 000 төгрөг “Т.Ад төлбөрт Ч.М” гээд шилжүүлсэн. Ч.М нь над руу мөнгө шилжүүлсэн учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн 29 100 000 төгрөгийн нэхэмжлэл байснаас 16 000 000 төгрөгийг өгөөд одоо 13 100 000 төгрөг дутуу байгаа” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 19-20хуудас/

 

5. Гэрч Б.Ч-нгийн 2019 оны 11 дүгээр сард манай гэрт Н.О-Э, Ч.С гэх эмэгтэй нар ирээд манай охин Ч.Мг асуусан. Н.О-Э нь миний байрыг барьцаанд тавьж 29 000 000 төгрөг авсан гэж хэлсэн. Шар үстэй эмэгтэй Ч.С нь Ч.М Оюу толгойд том машин явуулдаг, одоо нэмж нэг машин авна гэж хэлсэн гэсэн. Тэгээд би тэр чинь худлаа тийм том машин байхгүй гээд учрыг нь хэлтэл яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 32хуудас/

6. Хохирогч Н.Оюун-Эрдэний Голомт банкин дахь 4015005312 дугаартай дансны хуулга. /1-р хх-ийн 74хуудас/

7. Гэрч Б.Э-дын “Тухайн үед манай байгууллагын зүгээс байр зарах дуудлага худалдаа огт зарласан асуудал байхгүй. Дуудлага худалдаа зарлана гэдэг бол нэг жил дамнаж дансанд мөнгө байршуулдаг тул хүмүүсийн сонирхол буураад авч байсан удаа байхгүй. Ч.М гэх эмэгтэйн манай дээр байгаа хэрэг нь бас л Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж хүмүүсийг хохироосон асуудал байдаг” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 108хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгч Ч.Мгийн ялын тооцоо хийсэн хорих байгууллагын тодорхойлолт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Ч.М нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Н.О-Эд шүүхийн шийдвэрт хураагдсан хямд байрыг аваад, зарах ажил байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-2- тоотод байрлах 36 м2 орон сууцыг иргэн Ч.Сд барьцаанд тавьж, 29 000 000 төгрөг зээлдүүлэн, уг мөнгийг шилжүүлэн авч, залилсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байна. Иймд Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирогчид 29 000 000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс иргэний хариуцагч Хаас 500 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Ч.Мгаас гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Өмнөх 72 дугаартай магадлал, 301 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдсэн 3 сар 6 хоногийг нэмж нэгтгэн, 1 жил 9 сар 6 хоног хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд тооцож, өнөөдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ч.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Н.О-Эд хямд байр авах талаар, Ч.С гэх хүнд Ч.М нь нүүрсэнд том машин явуулдаг, 2 машин явуулах гэж байгаа талаар, Т.Ад барилгын материалын бизнес хийх гэж байгаа талаар тус худал хэлж мөнгө авсан байх тул, зохиомол зүйлийг зориудаар бий болгосон үйлдэл нь нотлогдож байна. 29 000 000 төгрөгөөс Т.Ад 16 500 000 төгрөгийг, Ч.Сд 500 000 төгрөгийг, Н.О-Эд 3 000 000 төгрөгийг тус тус өгсөн тиймээс өөрийн авсан 10 000 000 төгрөгийг төлнө гэж мэдүүлж байна. Хохирогч Н.О-Э нь 3 000 000 төгрөг авах байсан юм бол Ч.М руу анх 26 000 000 төгрөг шилжүүлэх боломжтой байсан. Хохирогч Н.О-Э нь Ч.М болон Ч.С нартай уулзах боломжгүй хайгаад олоогүй тул 2019 оны 12 дугаар сард цагдаад хандсан. Түүнээс 20 хоногийн дараа, Ч.С шүүхэд Н.О-Эд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Ч.М нь хорих ангид ял эдэлж байсан. Ч.Мгаас хорих ангид байхад нь мэдүүлэг авсан боловч хохирогчийг дахин хохироосон. Н.О-Эд холбогдох хэрэг нь Дээд шүүхэд байгаа. Ч.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Н.О-Э нь Ч.Сд 38 000 000 төгрөг төлөхөөр болсон. 29 000 000 төгрөгийн үндсэн зээл дээр улсын тэмдэгтийн хураамж, хүү алданги нэмэгдсэн. Н.Оюун-Эрдэнийг орон байрнаас нь албадан гаргуулах шийдвэр гарч байна. Хохирогч Н.О-Э нь бага насны 4 хүүхэдтэй, орон байрнаасаа гарах нөхцөл байдал үүсээд байгаа. Ч.Мг гэм буруутайд тооцож нийт 38 000 000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Р.Цэрэнханд өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Сын нэхэмжлэл гаргаагүй байх үед буюу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н.О-Э цагдаад хандсан. Харин түүний дараа Ч.С нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.М, М.Г нар оролцсон. Н.О-Эд холбогдох иргэний хэрэгт Ч.М нь илт худлаа мэдүүлэг өгсөн байдаг. Т.Аыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Ч.Мг гэм буруутай гэж үзэх бүрэн үндэслэл байх тул Ч.Мгаас хохирол төлбөрийг гаргуулан хохирогчид олгуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд прокурорт хэргийг буцаах саналыг олон удаа гаргасан. Гэвч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлтийг гаргасан. Үүнийг үндэслэн прокурорын дүгнэлт хууль бус гэж үзэж байна. Учир нь гэм буруу, үйл баримтыг бүрэн дүүрэн баталж, тогтоогоогүй. Хохирол төлбөрийг бүрэн тогтоож чадаагүй. Холбогдох ажиллагааг явуулаагүй. Тиймээс яллах дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байна. Т.Аын үйлдэл идэвхтэй үйлдэл мөн. Т.А нь өдрийн зээл олгодог, мөнгө зээлдэг тухай нарийвчлан тогтоох хэрэгтэй байна. Т.А нь гэмт хэргийг санаачлах, зохион байгуулах, дундаас нь ашигтай байдлаар  мөнгө авах санаа зорилготой байсан. Хүн бүр авсан мөнгөө төлөх нь шударга ёсонд нийцнэ. Нотлох баримтыг бүрэн дүүрэн шалгаагүй тул, хэргийг прокурорт буцааж нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох нь зүйтэй байна. Хуулийн дагуу учирсан хохирлыг тогтоож, үйл баримтыг тогтоох хэрэгтэй тул хэргийг прокурорт буцаах саналтай байна. Улсын яллагчийн ялыг нэмж нэгтгэсэн хугацаан дээр санал нийлэхгүй байна. Өмнөх ялыг эдэлж дууссан тул, ялыг нэмж нэгтгэх санал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь хохирлоо өөрийн чадах хэмжээгээрээ төлж байна. Төлнө гэдгээ олон удаа илэрхийлсэн. Ч.Мг энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Уг гэмт хэргийг үйлдсэн хугацааны хувьд, өмнө нь үйлдсэн гэмт хэргээс өмнө уг гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай. Хувийн байдлыг харгалзан, нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.Ц өмгөөлөгчтэй санал нэг байна. Мөрдөн байцаах ажиллагааны шатанд холбогдох ажиллагаанууд хийгдээгүй. Т.Аыг зайлшгүй иргэний хариуцагчаар татах нь зүйтэй. Ч.Мгийн аав, ээж нь бүх төлбөр, авлагыг төлж барагдуулсан. Энэ хохирлыг мөрдөн байцаах шатанд нарийн судалж, тогтоогоогүй. Ямар ч ашиггүйгээр хүнд мөнгө зээлдүүлэхгүй. Ч.Мгаас 3 000 000 төгрөгийг Н.О-Э авсан эсэхийг шалгаж тогтоох хэрэгтэй. Ч.М нь Т.Атай хийсэн гэрээний дагуу, бүх төлбөрийг төлж барагдуулсан байтал, дахин хуурамч эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Т.А мөнгийг буцаагаад өгсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэлж байна. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа. Тиймээс хохирлын баримтыг шийдвэрлүүлэх боломжгүй. Ч.Мгийн ялын тооцооны асуудлын хувьд, бүх ялаа эдэлсэн. Хорих 409 ангиас биеэр очиж, тодорхойлолт авсан. Хорих ангиас үлдсэн хоногийн тодорхойлолтыг авах гэж удаа дараа хүсэлт гаргасан. Ялын үлдсэн хоногийн прокурор хийнэ гэсэн тайлбар хэлдэг. Эдгээр асуудлыг анхаарч үзээд хэргийг прокурорт буцааж өгнө үү. Ч.М нь эрүүл мэндийн хувьд хүнд байгаа. Зүүн уушгиа бүрэн тайруулсан, зүрхний хүнд өвчтэй. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Хорих ялаас чөлөөлөх өвчний заалттай өвчтөн юм. Ялын хугацааны хувьд өмнөх саналаа эдэлж дууссан. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, нийгмээс тусгаарлахгүйгээр ялыг  оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.О-Э-ний “2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ч.М нь надад шүүхийн шийдвэрт хураагдсан, одоо хямд үнээр зарагдах гэж байгаа 3 өрөө байр байна би ахлах шийдвэр гүйцэтгэгчийг таних учир тэр байрыг надад санал болгоод байгаа юм. Тэгээд би тэр байрыг аваад зах зээлийн ханшнаас доогуур үнээр зараад, эргүүлж мөнгө олох ажил байна гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш нь залгаад уулзъя нөгөө байр дуудлага худалдаанд орох гээд байна гэсээр намайг гэрээс аваад Голомт банкны нотариат дээр ирсэн. Тухайн үед мөнгө авах дүн болон зээлийн хугацаа нарыг Ч.С, Ч.М 2 хоорондоо ярилцаж тохиролцсон байсан. Ингээд өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-р хороолол 2-р байрны 10 тоот хаягт байршилтай Ү-2101005485 дугаартай 36 мкв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалж 29 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан. Одоо байраа алдахад хүрээд байна” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Сын “2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ч.М гэх эмэгтэйгийн машинд уулзсан. Миний танил Р.Х гэх эгч над руу залгаад “Найдвартай барьцаатай мөнгө зээлэх хүн байна, чи мөнгө зээлчихгүй юм уу” гэсэн хэдэн төгрөг юм бэ? Та өөрөө зээлэхгүй яасан юм бэ? гэж би асуухад “эгчид нь тийм их мөнгө байхгүй байна” гэж хэлээд мөнгөнийхөө хэмжээг хэлээгүй. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа нөгөө хүн утасдаад байна уулзаад үзэх үү гээд “Чи ажил дээр хүрээд ир, хоёулаа уулзаад үзье” гэж байсан. 6-19 байрны гадаа машинд Ч.М ганцаараа байрны итгэмжлэл барьчихсан сууж байсан юм. Тэгээд Р.Х эгч “Чи яасан гэнээ, ямар учиртай юм бэ? гэж асуухад Ч.М “би урд нүүрсний 1 машин явуулдаг юм, дажгүй хөөрхөн мөнгө олдог юм аа. Одоо 2 машинтай болчихвол бүр аятайхан болчих гээд байна, энэ тухай би дүүдээ хэлсэн юм. Манай дүү Н.О-Э бид хоёр үеэлүүд надад байрны итгэмжлэл хийж өгсөн юм” гэж хэлэхэд нь би Ч.Мгаас таньд тэгээд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ? гэж асуухад “Ч.М нь 29 000 000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Хорлоо эгч бид хоёр “Ийм их мөнгө авах гэж байгаа, үнэхээр дүү чинь мөн юм бол, чамайг сайн мэддэг чиний ажлын ашиг орлогыг сайн мэддэг юм бол, дүүтэй чинь уулзаад хуулийн дагуу зээлийн гэрээ хийнэ гэж хэлээд машинаас буусан юм. Эргээд 10-20 минут ч болоогүй Хорлоо эгч рүү Ч.М залгаад “Манай дүү уулзъя гэж байна, шууд нотариат дээр уулзах уу? гэж хэлсэн. Тэгээд гэрээ хийсэн. Би Н.О-Эний Голомт банкны 4001 гэсэн дансанд 29 000 000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Хын “2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Т.А гэх эмэгтэй залгаад ”Нэг найдвартай хүн байна байраа барьцаалж мөнгө зээлэх гэсэн юм Чи хүн амьтнаас асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч.Саас асуухад Сайнаа тэгье гэж хэлээд. Бид хоёр 6-18,19-р байрны гадаа Ч.Мгийн машинд уулзсан юм. Тэгээд Ч.М нэг хүний байрны итгэмжлэх барьчихсан “Нэг машин авах гэсэн юм. 2 машин болчихвол 2,3 сарын хугацаанд л мөнгөө эргүүлж өгнө, энэ манай хамаатан /эгч дүүсийн хүүхдүүд/” гэж хэлсэн. Тэгээд Сайнаа бид хоёр энэ эзэн нь хаана байгаа юм бэ? гэхэд “Энд байгаа” гэж хэлээд Ч.М эзэнтэй нь уулзана гэж хэлээд салаад явсан юм. Тэгээд нээх удалгүй 1 цагийн дотор л Н.О-Энийг дагуулаад хүрээд ирсэн юм. Тэгээд бид 4 Мобикомын 2 давхарын эрэгтэй нотариат дээр очиж хийсэн юм. Сайнаа маргааш нь нийт 29 000 000 төгрөг явуулсан юм. Анх уулзахдаа Ч.М том машин авна гэж хэлсэн. Харин Н.О-Этэй яг юу авах гэж байгаа талаар огт хэлж яриагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Аын “Ч.М нь Эрдэнэт үйлдвэрт хүн оруулж өгнө, цагдаа, шүүхийн нэрийг барьж надаас хүүтэй мөнгө авдаг байсан юм. Анх Ч.Мтай танилцсан өдрөөс хойш намайг энд тэндгүй өр тавиулаад 70 000 000-80 000 000 төгрөгөөр хохироосон юм. Би анх худлаа ярьж байгааг нь ч мэддэггүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хэд хоногийн өмнө Ч.М хэлэхдээ “Би 3, 4 жил хохироолоо би хамаатныхаа хүний 2 өрөө байрны итгэмжлэлийг аваад явж байна. Чи байрыг барьцаанд тавиад өг гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үдээс өмнө Голомт банкин дээр очиход мөнгө бэлэн өгөх гээд байхаар нь би Бэлнээр мөнгө авахгүй төлбөр төлөх гэж байгаа бол дансаар хий гэхэд миний Хаан банкны дансруу 16 000 000 төгрөг “Т.Ад төлбөрт Ч.М” гээд шилжүүлсэн. Ч.М нь над руу мөнгө шилжүүлсэн учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн 29 100 000 төгрөгний нэхэмжлэл байснаас 16 000 000 төгрөгийг өгөөд одоо 13 100 000 төгрөг дутуу байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Чойжилсүрэнгийн “2019 оны 11 дүгээр сард манай гэрт Н.О-Э, Ч.С гэх эмэгтэй нар ирээд манай охин Ч.Мг асуусан. Н.О-Э нь миний байрыг барьцаанд тавьж 29 000 000 төгрөг авсан гэж хэлсэн. Шар үстэй эмэгтэй Ч.С нь Ч.М Оюу толгойд том машин явуулдаг одоо нэмж нэг машин авна гэж хэлсэн гэсэн. Тэгээд би тэр чинь худлаа тийм том машин байхгүй гээд учрыг нь хэлтэл яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэболдын “Тухайн үед дуудлага худалдааны зарах байр манай байгууллагын зүгээс огт зарласан асуудал байхгүй. Ч.М гэх эмэгтэйн манай дээр байгаа хэрэг нь бас л Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж хүмүүсийг хохироосон асуудал байдаг” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.О-Э-ний Голомт банкин дахь 401 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.М нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Н.О-Эд “шүүхийн шийдвэрт хураагдсан хямд үнэтэй байрыг аваад зараад, эргүүлж мөнгө олох ажил байна” гэж худал хэлж, хуурч мэхлэн Улсын бүртгэлийн Ү-21010дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-2- тоот 36.1 м2 орон сууцыг иргэн Ч.Сд барьцаанд тавиулж 29 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Ч.М нь хохирогчийг илтэд хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууцыг нь барьцаанд тавиулж 29 сая төгрөгийг авч ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ч.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж мэтгэлцсэн боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ч.М нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас 3 сар 6 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь хорих байгууллагын тодорхойлолт тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй. Мөн шүүгдэгч Ч.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 98 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

            Гэмт хэргийн улмаас Н.О-Эд 29 000 000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд 10 500 000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Шүүгдэгч Ч.Мгаас 18 500 000 төгрөг гаргуулан хохирогч Н.О-Эд олгохоор шийдвэрлэв.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтэгсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгийн цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Мгаас 18 500 000 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-2- тоотод оршин суух Н.О-Э /ФА82/-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС