Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч З.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт З.Д-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025004810102 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол улсын иргэн, З.Д,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч З.Д нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-92а тоотод байх Ш.Б-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалан орж 40 инчийн Тошиба загварын зурагт хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч З.Д мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ш.Б-ийн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д гаднаас орж ирэхдээ эрүүл байсан, “хоол идэх үү” гэхэд “хоол идэхгүй” гээд гараад явсан, би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хоол идчихээд унтаад сэрээд зурагтаа асаах гэхэд манай том өрөөний зүүн талын вакум цонх хагарчихсан, тавилга дээр байсан “Тошиба” загварын 40 инчийн зурагт байхгүй байсан. ...Тухайн үед би Д-ийг “манай зурагтыг хулгайлаад явчихлаа” гэж бодсон боловч “баримт, нотолгоо байхгүй юм чинь хүнийг гүтгэсэн болчихно” гэж бодоод хэлээгүй. ...Д-ийг манай гэрээс зурагт аваад гарч байхад хажуу айлын эмэгтэй харсан байсан, хулгайд алдсан зурагтаа 2019 оны 6 дугаар сард Уурхайчин багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн зүүн урд талд байх ломбардаас 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...зурагт вакум цонхны үнэлгээ нь 361.400 төгрөгөөр үнэлэгдсэн, мөн эд зүйлийн үнэлгээ хийхдээ 20.000 төгрөгөөр хийлгэж байсан. Ингээд нийтдээ 381.400 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-11/,

“...алдсан зурагтын 320.000 төгрөг, вакум цонхны 41.400 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөгийг нийтдээ 381.000 төгрөгийг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр хүлээн авлаа, надад гаргах гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-12/,

гэрч Ш.Х-ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний 22 цагт дүү болох Ш.Б-ийн Баянбулаг 3-92 тоот гэрт нь очтол нэг цонх нь хагарчихсан, хаалга нь онгорхой, манай дүү Б нь согтуу унтаж байсан, “яасан, юу болсон” талаар асуухад, “хоолоо идчихээд зурагтаа асаах гэхэд зурагт байхгүй байсан, тэр хулгайчийг нь хажуу айлын эмэгтэй харсан байна” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-15/,

гэрч С.У-ийн “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянбулаг баг 3-92 тоот өөрийн гэрийн гадаа зогсож байхад З.Д нь С.Б-ийн гэрээс зурагт аваад гарч байсан, тухайн үед би “...чи юун зурагт аваад гарч байгаа юм” гэж хэлчихээд яваад өгсөн. Ш.Б-ийн гэр лүү харахад С.Б гэртээ байх шиг байсан, маргааш нь Ш.Б-ийн ах Ш.Х манай гэрээр орж ирсэн, би урд өдрийн харсан зүйлээ хэлээд өнгөрч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-19/,

З.Д-ийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Өгөөж” хүнсний дэлгүүрийн гадна “Хараа” архийг Э гэх нутгийнхаа залуугийн хамтаар уучихаад халамцуу явж байгаад Ш.Б-ийн байшингийнх нь зүүн талын жижиг вакум цонхыг гаднаас нь чулуугаар хагалаад гэр лүү нь ороход хүн байгаагүй, ороод том өрөөний хоймрын тавиур дээр байсан 40 инчийн “Тошиба” гэсэн бичигтэй хар өнгийн хавтгай зурагтыг аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан...30 орчим насны эмэгтэй хүнтэй таараад “...чи юун зурагт аваад явж байгаа юм, зурагт аваад хайчих нь вэ.” гэхээр нь би түүнд “...Б гэртээ байгаа, би өөрт нь хэлчихсэн.” гэж хэлээд зам руу гараад саарал өнгийн жижиг машинд суугаад город ороод “Мэнд-Амар” худалдааны төвийн гадаа буугаад, авсан зурагтаа ломбардад тавих гэж яваад настай эмэгтэй хүнд 30.000 төгрөгөөр зараад, 30.000 төгрөгөөсөө таксины мөнгө гэж 2500 төгрөгийг өгсөн, тэгээд үлдсэн 27.500 төгрөгийг нь зурагт худалдаж авсан хүнээс бэлнээр авсан.” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,

хохирогч Ш.Б-ийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэлэл /хх-5/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-92а тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-6-8/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ОРХ/20-31 дугаартай “...“Toshiba 40 inch” загварын зурагтын үнэ 320.000 төгрөг, вакум цонх 41.400 төгрөг нийт 361.400 төгрөг.” гэсэн дүгнэлт /хх-23-26/,

З.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-48-49/ эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч З.Д нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-92а тоотод байх Ш.Б-ийн эзэмшлийн байшингийн вакум цонхыг хагалан орж 40 инчийн Тошиба загварын зурагт хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч З.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ш.Б-ийн “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр...би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хоол идчихээд унтаад сэрээд зурагтаа асаах гэхэд манай том өрөөний зүүн талын вакум цонх хагарчихсан байсан, мөн манай том өрөөний тавилга дээр байсан Тошиба маркийн 40 инчийн зурагт байхгүй байсан.” гэх,

гэрч С.У-ийн “... Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянбулаг баг 3-92 тоотод байх өөрийн гэрийн гадаа зогсож байхад З.Д С.Б-ийн гэрээс зурагт аваад гарч байсан.” гэх,

З.Д-ийн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр...Ш.Б-ийн гэрээр очоод, байшингийнх нь зүүн талын жижиг вакум цонхыг гаднаас нь чулуугаар хагалаад Б-ийн гэр лүү нь ороход хүн байгаагүй, ороод том өрөөний хоймрын тавиур дээр байсан 40 инчийн Тошиба гэсэн бичигтэй хар өнгийн хавтгай зурагтыг нь аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ОРХ/20-31 дугаартай “...“Toshina 40 inch” загварын зурагтын үнэ 320.000 төгрөг, вакум цонх 41.400 төгрөг нийт 361.400 төгрөг” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч З.Д шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж заасан байна.

Тухайн Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-92а тоот дахь иргэн Ш.Б-ийн гэрт шүүгдэгч нь чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй этгээд биш бөгөөд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байх тул түүний энэ үйлдлийг хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд, улмаар түүний орон байрны халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ. 

Шүүгдэгч З.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүнийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Ш.Б-ийн “зурагтын 320.000 төгрөг, вакум цонхны 41.400 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 20.000 төгрөгийг нийтдээ 381.000 төгрөгийг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр хүлээн авлаа, надад дахин гаргах гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 11-12 дугаар талд  авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч З.Д-г “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас “...шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор ононгдуулсан хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг нэмж хорих ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоох, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг дүйцүүлэн солих.” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч З.Д нь урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. 

Иймээс шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

         шүүгдэгч З.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

         мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоож,

         оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч З.Д-ийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл баривчлагдсан 1 хоног, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоног нийт 24 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх үндэслэлтэй хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

         2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж,

хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж,

хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ”2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,

хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт ”2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, ... дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,  

мөн хуулийн 12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Д-ийн хувьд өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 24 хоногийг хасч, түүний эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэж,

шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

         Шүүгдэгч З.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Бусад асуудлын талаар;

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл баривчлагдсан 1 хоног, 8 дугаар сарын 02-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 23 хоног нийт 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 24 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 3 жил 11 сар 6 хоногийн хугацаагаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

          8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван наймдугаар бүлэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ