Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1390

 

“Оюуны ундраа групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах,  Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 183/ШШ2017/00509 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-д холбогдох

 

            Түрээсийн гэрээний үүрэгт 10 999 656 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцаа 5 841 181 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                 Э.Батцэцэг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                    Ж.Даваасүрэн

            Хариуцагчийн өмгөөлөгч                                             М.Заяа

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

                                                                                             

Нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хотхонд байрлах “Зайсан Скуэр” худалдаа үйлчилгээний төвийн барилгын 1 дүгээр давхрын 1177,5 мкв талбай бүхэлдээ “Оюуны ундраа групп” ХХК-ийн охин компани болох “Собт трейд” ХХК-ийн өмчлөлд байдаг юм. Уг барилга нь давхар давхраараа үл хөдлөх эд хөрөнгийн тусдаа гэрчилгээтэй бөгөөд “Собт трейд” ХХК-иас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, түрээслэх, түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх бүрэн эрхийг “Оюуны ундраа групп” ХХК-д шилжүүлсэн байдаг. Уг эрхийнхээ дагуу 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Тиворлд беверейжис” ХХК-тай түрээсийн гэрээг байгуулан уг барилгын нэгдүгээр давхраас 75.6 мкв талбайг “Tea World” цайны дэлгүүрийн зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцож, ТГ/028 тоот гэрээг байгуулсан. Бидний зүгээс нэг сарын төлбөр 6 426 000 төгрөг байхаас 30 хувийн хөнгөлөлттэй байхаар гэрээг анх байгуулсан. Дараа нь  харилцан тохиролцож 2014 оны 7, 8 дугаар сарын төлбөрийг нэг сарын 1 927 800 төгрөгөөр, 2014 оны 9-11 дүгээр сарын төлбөрийг сарын 3 213 000 төгрөгөөр, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарын төлбөрийг нэг сарын 4 498 200 төгрөгөөр, 2015 оны 4, 5 дугаар сард үндсэн үнээр буюу сарын 6 426 000 төгрөг байхаар тус тус тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Уг барилгын нэгдүгээр давхар нийт 1177,5 мкв талбайтай бөгөөд үүнээс хариуцагч байгууллага зөвхөн 75,6 мкв талбайг түрээсэлсэн тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Гэрээг байгуулснаас хойш хариуцагч нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байнга хугацаа хэтрүүлж, манай компани тухай бүрд нь түрээсийн төлбөрийг төлүүлэх талаар амаар болон бичгээр шаарддаг байсан. Улмаар түрээслэгчийн хүсэлтээр гэрээг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг талууд баталгаажуулж, мөн өдрөө төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 10 850 804 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Энэхүү төлбөр нь 2015 оны 4-7 дугаар сарын төлбөрт хамаарч байгаа. Дээрх тохиролцоог хийснээс хойш хариуцагч тал 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 317 500 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 200 200 төгрөгийг бартераар тус тус төлсөн. Нийтдээ төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулснаас хойш 3 517 700 төгрөгийг төлж, үлдэгдэл 7 333 104 төгрөг байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7 333 104 төгрөг, гэрээний 2.10-т заасны дагуу хоног тутамд 0,3 хувийн алдангийг 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш төлөгдөөгүй дүнд тооцоход хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн тул  алдангийг 50 хувиар хасч тооцон 3 666 552 төгрөг, нийт 10 999 656 төгрөгийг хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-иас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу барьцаа 5 841 181 төгрөгийг гэрээ байгуулсны дараа авсан нь үнэн. Гэхдээ дээрх барьцааны мөнгийг харилцан тохиролцож хариуцагчийн төлөх ёстой төлбөрт тооцож авснаар үлдэгдэл 10 850 804 төгрөг гарсан. Үүнийг баталгаажуулж 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн үлдэгдэл баталгаажуулсан гэрээг байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ТГ/028 тоот түрээсийн гэрээг байгуулж, мөн өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсэлсэн, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 10 850 804 төгрөг байсан, үүнээс хойш 3 517 700 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. “Тиворлд беверейжис” ХХК-ийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцлах тухай санал тавьсан ч гэрээнд 3 сарын өмнө цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдэх ёстой гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээг цуцлаагүй байдаг.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр, дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан байна. Түрээсийн төлбөр шаардах үндэслэл болсон дээрх ТГ/028 тоот гэрээ нь дээрх шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд түрээслүүлэгчээс төлбөр, алданги нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Тиворлд беверейжис” ХХК нь түрээсийн гэрээний дагуу анх барьцаа болгон 5 841 181 төгрөгийг байршуулсан. Нэгэнт талуудын дээрх гэрээ хүчин төгөлдөр бус, мөн хариуцагчийн зүгээс төлөх төлбөр байхгүй тул барьцааны мөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д түрээслүүлэгч барьцаа төлбөрөөс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч талд ямар нэг хохирол учраагүй байхад гэрээний нөхцөлийг зөрчиж төлөх төлбөрт барьцааны мөнгийг суутгасан нь үндэслэлгүй. Иймд барьцааны 5 841 181 төгрөгийг “Оюуны ундраа групп” ХХК-иас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Тиворлд беверейжис” ХХК-иас 10 999 656 /арван сая есөн зуун ерэн есөн мянга зургаан зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Оюуны ундраа групп” ХХК-д олгож, “Оюуны ундраа групп” ХХК-иас 5 841 181 төгрөг гаргуулах тухай “Тиворлд беверейжис” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 944 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 108 409 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 944 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Чинбат давж заалдах гомдолдоо: ...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ", 318.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заасан байна. Түрээсийн төлбөр шаардах үндэслэл болсон дээрх 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ТГ/028 дугаар Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуулиар заавал баримтлах хэлцлийн хэлбэр тогтоох журам зөрчигдсөн тул түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх ба түрээслүүлэгчээс алданги нэхэмжлэх эрхгүй юм. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түрээсийн гэрээний 2.7-д "барьцааны төлбөрийг зөвхөн түрээсийн зүйлд хохирол учирсан тохиолдолд суутган авах" тухай заасан. Тиймээс "түрээсийн төлбөрт суутгах тооцож авсан" гэх хариуцагчийн тайлбар болон түүнийг дэмжсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй  гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Нэхэмжлэгч “Оюуны-Ундраа” ХХК нь хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 10 999 656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргаж, 5 841 181 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Оюуны-Ундраа” ХХК нь “Тиворлд беверейжис” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг байгуулан уг гэрээгээр өөрийн өмчлөлийн барилгын нэгдүгээр давхраас 75.6 м.кв талбай түрээсэлсэн байна.

 

Зохигчид нэг сарын түрээсийн төлбөрийг 6 426 000 төгрөг байхаас 30 хувийн хөнгөлөлттэй байхаар гэрээг анх байгуулсан. Талууд гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж, 2014 оны 7, 8 дугаар сарын төлбөрийг нэг сарын 1 927 800 төгрөгөөр, 2014 оны 9-11 дүгээр сарын төлбөрийг сарын 3 213 000 төгрөгөөр, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 3 дугаар сарын төлбөрийг нэг сарын 4 498 200 төгрөгөөр, 2015 оны 4, 5 дугаар сард үндсэн үнээр буюу сарын 6 426 000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцжээ. 

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх тул тэдгээрийн хооронд байгуулсан уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Хариуцагч  нь дээрх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч зохигчдын хоорондох түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус түүний нэг хэсэг байх тул уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, тийнхүү бүртгүүлээгүй нь хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх зохицуулалт тухайн харилцаанд  хамааралгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч “Оюуны-Ундраа” ХХК нь хариуцагч “Тиворлд беверейжис” ХХК-аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй.

 

            Хариуцагч байгууллага түрээсийн байрыг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ашигласан гэх байдлаа үгүйсгээгүй.

 

Гэрээний 2.10-т Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээр 0.3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй үнийн дүн 7 333 104 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 3 666 552 төгрөг нийт 10 999 656 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин талууд анх гэрээ байгуулахдаа хариуцагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хохирол барагдуулах барьцаа болгож тавьсан 5 841 181 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах тухай гэрээнд 5 841 181 төгрөгийг түрээсийн гэрээний төлбөрт суутгаж авсан талаар тохиролцоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Гэрээний агуулга, талуудын тайлбарыг үзэхэд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон хариуцагч талаас тавьсан 5 841 181 төгрөг нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн мөнгө гэж үзэх үндэслэлтэй.

 

            Иймд Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар дэнчин тавигч тал үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд буюу гэрээ байгуулсны баталгаа болгон урьдчилан төлсөн мөнгийг оролцуулаагүй байх тул хариуцагч байгууллагаас энэхүү  дэнчинг гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

           

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  3 дугаар сарын 7-ны өдрийн 183/ШШ2017/00509 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “...Оюуны ундраа групп” ХХК-иас 5 841 181 төгрөг гаргуулах тухай “Тиворлд беверейжис” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэснийг “ Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар “Оюуны ундраа групп” ХХК-иас 5 841 181 төгрөг гаргуулж “Тиворлд беверейжис” ХХК-д олгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтад “хариуцагч “Оюуны ундраа групп” ХХК-иас 108 409 төгрөг гаргуулж “Тиворлд беверейжис” ХХК-д олгосугай” гэж нэмж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч М.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                              ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ      

                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО