Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 30

 

2018      07        23                                         30                                         

 

 Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Н.Энхнаран

           Прокурор                                                Л.Мөнхбаяр

            Хохирогч                                                 Д.Ц                                     

           Хохирогчийн өмгөөлөгч                         М.Энхтуяа нар оролцов.

                                  

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ц-ийн давж заалдах гомдлоор Н.Д-д холбогдох эрүүгийн 1821002050134 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн суманд 1991 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдрах, Дорнод аймгийн сумын баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЖЗ91051419/, Т овогт Н-ын Д.

 

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Парис” нэртэй баарны баруун талын засмал зам дээр Приус маркийн 68-77 ДОА улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ...”,  мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Ц-г мөргөж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч Н.Д-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Т овогт Н-ын Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Д-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,      

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-н  орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-с гэм хорын хохиролд 1776290 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 312900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 540000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж,

-Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн Жз регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгчийн эзэмшлээс 2240000 төгрөгийн үнэ бүхий 350 метр квадрат газрыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 5 сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж,

            - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж … шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Ц давж заалдах гомдолдоо: “...Н.Д хийсэн хэрэгтээ гэмшсэн юм байхгүй. Надад хэдэн /520000/ төгрөг өгснөөс өөр туслаагүй. Иймд ялыг шүүхээс хэтэрхий хөнгөн оногдуулсан гэж үзэж гомдолтой байна. Тэр залуу үнэхээр сэтгэлгүй. Нэг удаа ч болов намайг физик эмчилгээнд хүргэж үзээгүй. Би одоо машин хөлслөөд, жолооч болон аль нэг хүнээр өргүүлэн физик эмчилгээнд ордог. Шүүх хохирлыг тооцохдоо Д-н өгсөн 203660 төгрөгийн эм тариаг би нэхээгүй байсан, надад олгох ёстой миний гаргасан зардлаас давхар тооцож хассан тул надад олгох мөнгөнөөс буруу тооцож хассан 203660 төгрөгийг надад буцаан олгохоор шийдэж өгнө үү. Шүүх хуралд өмгөөлөгчөө оруулна ” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан саналдаа: Шүүх хохирогчид олгогдох 2499950 төгрөгөөс түүнд өгсөн гэх 723660 төгрөгийг хасч 1776290 төгрөг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүгдэгчийн өгсөн 520000 төгрөгийг хагалгааны төлбөрт зарцуулсан. Харин шүүгдэгчийн өгсөн гэх хохирогчийн толгой хүзүүний зураг авахуулах болон бусад зардалд зарцуулсан 203660 төгрөгийг хохирогчид олгогдох мөнгөнөөс хасч тооцсон нь үндэслэлгүй юм. Энэ мөнгийг Д сайн дураар төлөх сэтгэлгүй хүн гэдэг нь харагдсан тул шүүх шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн асуудлын тухайд Н.Д нь хохирогчийг нэг ч удаа эргэж ирээгүй, физик эмчилгээнд нь нэг удаа ч хүргэж өгч байгаагүй, мөн хохирлын мөнгөө төлнө гэчихээд одоо хүртэл төлөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хохирогчийн гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Мөнхбаяр гаргасан дүгнэлтдээ: Шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шүүх Д-н төлсөн мөнгийг хохирлын мөнгөнөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийг хохирлын мөнгөө өгсөнгүй гэдгээр ялыг хүндрүүлж өгнө үү гэж болохгүй байх гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх Н.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Парис” нэртэй баарны баруун талын засмал зам дээр Приус маркийн 68-77 ДОА улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ...”.  мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Ц-г мөргөж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Д-н үйлдсэн хэрэг нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хохирогч Д.Ц шүүгдэгч Н.Д нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өсвөр насны гэрч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 250, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Н.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 520000 төгрөгийг түүний охины ХААН банкны дансаар шилжүүлсэн ба мөн 203660 төгрөгийг эмчилгээнд нь зарцуулжээ. Шүүгдэгч Н.Д-с хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 203660 төгрөгийн зардал нь хохирогч Д.Ц-н нэхэмжлэлд дурдсан зардлуудтай давхардаагүй, тус бүрдээ өөр зүйлд зарцуулагдсан байхад түүнд олгогдох мөнгөнөөс хасаж тооцсон нь буруу юм.

            Иймд хохирогчийн гаргасан “…надад олгох мөнгөнөөс буруу тооцож хассан 203660 төгрөгийг гаргуулахаар шийдэж өгнө үү. …” гэх гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Н.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “…дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх …” ялаас торгох ялыг сонгож хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хохирогчийн “…Н.Д хийсэн хэрэгтээ гэмшсэн юм байхгүй. Надад хэдэн /520000/ төгрөг өгснөөс өөр туслаагүй. Иймд ялыг шүүхээс хэтэрхий хөнгөн оногдуулсан гэж үзэж гомдолтой байна” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-с гэм хорын хохиролд 1776290 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 312900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 540000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй” гэснийг

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-с гэм хорын хохиролд 1979950 /нэг сая есөн зуун далан есөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 312900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 540000 төгрөгийн хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

               ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                      Ж.ДОЛГОРМАА