Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Ж.Шинэбасан, С.Энх-Амгалан, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020794 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 10-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9; эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Өлгийн сумын 1 дүгээр баг, Чаргатад оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээжийн Хайрханы 186 “а” тоотод түр оршин суугаа гэх, ялгүй, ОИ94021015 дугаарын регистртэй, Шангас овогт Жамсрангийн Шинэбасан

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 24-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодохой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, ах, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дугаар хороо, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн байр, 2 тоотод оршин суух, ялгүй, ОИ96072411 дугаарын регистртэй, Тугтан овогт Сайжрахын Энх-Амгалан

 

Шүүгдэгч Ж.Шинэбасан, С.Энх-Амгалан нар бүлэглэж, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 28-нд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын төслийн барилгын аж ахуйн хашаанд нэвтрэн 40 ширхэг ЭКП маркийн 3.640.000 төгрөгийн чулуутай хар цаас, 2016 оны 3 дугаар сарын 10-нд 35 ширхэг ЭПП маркийн 3.080.000 төгрөгийн чулуугүй хар цаас хулгайлж, нийт 6.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Шинэбасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн миний мэдүүлэг үнэн зөв. Хулгайлсан эд зүйлээ буцааж өгсөн гэв.

 

Шүүгдэгч С.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Би мөн адил мэдүүлэхгүй. Яагаад гэхлээр өмнө нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Хулгай хийсэндээ харамсаж байна. Хохирол төлөгдсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

Ж.Шинэбасангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 82/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 64-65/, Увс аймгийн Өлгий сумын Засаг даргын тодорхойлолт /хх-н 83/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-н 84/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 85/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 86-89/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 14/,

гэрч Гойтовын Чулууны “... Шинэбасан бид хоёр төрөл садангийн холбоотой. Шинэбасан 1994 оны 2 дугаар сарын 10-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн. Өлгий сумын ахлах сургуулийг 2003-2013 онд сурч төгссөн. Улаанбаатар хотод 2013 онд ирж Шонхор Олимп дээд сургуульд 2015 элсэн суралцаад 2016 онд жилийн чөлөө авсан. Ар гэрийн амьдралын хувьд аав Жамсран, ээж Цэрэндулам нар нь малчин, Увс аймагт амьдардаг. Шинэбасан Улаанбаатар хотод манай хашаанд өөрийн төрсөн ах Нямгэрэлийн хамт амьдардаг. Шинэбасангийн хувьд шударга, үнэнч, төлөв даруу, хүнд тусч, ажилсаг хөдөлмөрч, хүний үгэнд ордог, архи тамхи хэрэглэгдэггүй, элдэв муу гаж зуршилгүй. Үндэсний бөхөөр хичээллэдэг, сийлбэр хийх дуртай хүүхэд байгаа юм. Яагаад ийм гэмт хэрэгт холбогдсоныг сайн мэдэхгүй байна. Уг нь тийм зүйл хийх хүн биш” /хх-н 22/ гэсэн мэдүүлэг,

гэрч Жамсрангийн Нямгэрэлийн “... Шинэбасан бид хоёр төрсөн ах дүүс. Манай аав Жамсран, ээж Цэрэндулам нар малчин, Увс аймагт амьдардаг. Шинэбасан Улаанбаатар хотод надтай хамт амьдардаг. Шинэбасангийн хувьд үндэсний бөхөөр хичээллэдэг тэр ч утгаараа Шонхор сургуульд орж суралцсан” /хх-н 23/ гэсэн мэдүүлэг,

 

С.Энх-Амгалангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 93/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90/, Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 91/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 92/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 94, 112/, боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 95, 97/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 96/,

гэрч Нямдаваагийн Дорждэрэмийн “... Энх-Амгалан 1996 оны 7 дугаар сарын 24-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн. 2003-2013 оныг хүртэл Увс аймгийн Өлгий сумын ахлах сургуулийг сурч төгссөн. 2013 оноос хойш “Хөдөлгөөнт бай” гэрээт харуул хамгаалалтын албанд ээлжийн ахлагчаар 4-н жил ажилласан. Аав Сайжрах, ээж Оюунтогтох нар нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал малладаг. Эгч Баясгалан нь тусдаа гарсан бөгөөд Хэнтий аймагт нөхрийн хамт амьдардаг. Ах Энхээ нь Улаанбаатар хотод байдаг. Эгч Номин нь “Good price” хүнсний дэлгүүрт кассчин ажилтай. Энх-Амгалан нь зан байдлын хувьд төлөв даруу, ажилч хөдөлмөрч, илүү дутуу зан аашгүй, архи тамхи хэрэглэдэггүй, гаж буруу зуршилгүй, “Алдартан” бөхийн клуб-д үндэсний бөхөөр хичээллэдэг. Фитнессээр хичээллэдэг. Яагаад ийм гэмт хэрэгт холбогдсоныг мэдэхгүй байна. Урьд нь ийм хэрэгт холбогдож байгаагүй. Ар гэрийн зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй” /хх-н 20/ гэсэн мэдүүлэг,

гэрч Нямдаваагийн Жамбалын “... Энх-Амгалан урьд өмнө цагдаагийн газарт очиж байгаагүй. Ар гэрийн хувьд Улаанбаатар хотод ах Энхээ, эгч Номин нарын хамт амьдардаг, аав Сайжрах, ээж Оюунтогтох нар нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал малладаг. Энх-Амгалан гэмт хэрэгт холбогдоход  ар гэрийн зүгээс нөлөөлсөн зүйлгүй. Өөрөөсөө болж ийм хэрэгт холбогдсон байх” /хх-н 21/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын төслийн барилгын аж ахуйн хашаанаас 2016 оны 2 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 3.640.000 төгрөгийн үнэ бүхий ЭКП маркийн, чулуутай хар цаас 40 боодол,

2016 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө буюу уг хашаанаас дахин 3.080.000 төгрөгийн үнэ бүхий ЭПП маркийн, чулуугүй хар цаас 35 боодол тус тус алдагдаж, Хурд групп ХХКомпанид нийт 6.720.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгджээ.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Шинэбасан, С.Энх-Амгалан нар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тэдгээрийн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Шархүүгийн Энхболдын “... манай Хурд групп ХХКомпани Баянгол дүүргийн 3 дугаар хороонд Нарны хороолол төслийг хэрэгжүүлж, 2 Б ээлжийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Барилгын нэгдсэн хашаан дотор барилгын бараа материалыг байрлуулсан байдаг бөгөөд уг бараа материал 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тооллого явуулсан ба дараагийн тооллого 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хийсэн, уг тооллогоор ЭКП чулуутай хар цаас 40 ширхэг дутсан. 2016 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ЭПП 35 ширхэг дээврийн хар цаасыг Портер маркийн машинтай 3 этгээд хулгайлж байсныг “Хөдөлгөөнт бай” гэрээт хамруул хамгаалалтын ажилчид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай хамтран илрүүлсэн. Уг хулгай хийсэн хүмүүс нь урьд нь “Хөдөлгөөнт бай” хамгаалалтын албанд дээрх эд зүйл алдагдсан пост дээр ажиллаж байсан Шинэбасан, Энх-Амгалан гэх этгээдүүд байсан гэдэг нь тогтоогдсон. Уг асуудлаас болж манай компани камерийн бичлэгийг дахин шүүж үзэхэд 2016 оны 2 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө дээрх этгээдүүд буюу Шинэбасан, Энх-Амгалан нар нь өөрсдийн эзэмшлийн цагаан Субару маркийн машинтай ирж талбайн камеруудыг унтрааж, улсын дугаар нь тодорхойгүй, Портер маркийн автомашин дээр хар цаас ачаад явж байгаа бичлэг хадгалагдан үлдсэн байсан. Энэ цаг хугацаанд тооллого хийсэн дүнг харьцуулж үзэхэд 40 ширхэг ЭКП хар цаас 1 ширхэг нь 91.000 төгрөгийн үнэтэй юм. 2016 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө алдагдсан 35 ширхэг ЭПП чулуугүй хар цаас нь 1 ширхэг нь 88.000 төгрөгийн үнэтэй бөгөөд 35 ширхэг ЭПП чулуугүй хар цаасыг 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс бүрэн бүтэн хүлээн авсан. 2016 оны 2 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө алдагдсан гэх 40 ширхэг ЭКП маркийн чулуутай хар цаасыг манай байгууллагад хүлээлгэж өгсөн” /хх-н 16-18/ гэсэн,

гэрч Цогоогийн Пэрэнлэйжавын “... би 100-н айл дээр 2012 оноос хойш ачаа ачиж зогсож байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 100 айл дээр өөрийн эзэмшлийн 34-18 УНЧ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинтай ачаа ачих гээд зогсож байтал үдээс хойш 15 цагийн үед нэг өндөр залуу хүрч ирээд ачаа ачих уу гэж асуусан. Ачна гээд юу ачих талаар асуухад 2 тонн хар цаас ачна, шөнө 01 цагийн үед ачна шүү гэж хэлэхээр нь би хулгайн зүйл биш биз дээ гэхэд хулгайнх бишээ гээд 50.000 төгрөгөөр тохиролцоод, миний утасны дугаарыг аваад, шөнө залгая гээд явсан. Орой 23 цагийн үед 89821192 дугаарын утаснаас над руу залгаад би өдөр очиж уулзсан залуу байна, та явах хэвээрээ юу гэж асуухад нь би тэгнэ гэж хэлсэн. Ингээд дахин 01 цагийн үед над руу залгаад Энхтайваны гүүрний баруун талд Нарны хороолол гэж байгаа, тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би явж очоод Нарны хороололд ороод хүлээж байтал өдөр уулзсан залуу хүрч ирээд за явъя гээд аж ахуйн хашаа руу очоод, мухарт нь тулгаад зогсчих гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу буугаад хашааны нарийн хавтсыг онгойлгосон чинь дотор талаас нь намхан нуруутай залуу гарч ирээд тэр хоёр хашаан дотроос хар цаас зөөгөөд миний машин дээр ачсан. Тэр үед хажууд нэг жижиг тэрэг ирээд зогссон. Тэд нарыг явсаны дараа нөгөө хоёр залуу хар цаасаа үргэлжлүүлж ачсан бөгөөд ачаад дуусах гэж байтал нэг приус машин ирээд дотроос нь нэг хүн гарч ирээд юу хийж байгаа юм, цагдаа байна гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн алаг тэрэг болон тэр газрын хамгаалалтын албаны ажилчид ирээд та нар хулгай хийж байна гээд цагдаагийн хэлтэс рүү явъя гээд авч явсан. Ачаа ачуулна гэсэн залуу надад нэрээ хэлээгүй, хар цаас шөнө зөөлгөнө гэж хэлж байсан. Би ямар нэгэн асуудалтай ачаа биш биз гэж асуухад тийм зүйл байхгүй гэж хэлж байсан. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Цагдаагийн ажилчид болон тэр газрын хамгаалалтын ажилчид ирэх үед хулгайн зүйл ачиж байгааг мэдсэн” /хх-н 19/ гэсэн,

гэрч Батаагийн Баатарсүрэнгийн “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол СӨХ 11-6 дугаар пост дээр үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 02 цагийн үед хажуугийн постны залуутай сууж байтал манай камерийн инженер хаана  байгаа юм, пост дээр байгаа биз дээ, сэжигтэй хүмүүс байна шүү, болгоомжтой байгаарай гэж хэлсэн. Тэгээд би пост дээр очоод байж байтал камерийн инженер, машинтай нэг харуулын хамт ирээд энд нэг цагаан өнгийн машин байгаа, сайн ажиглаарай гэж хэлсэн. Тэгээд би 9 дүгээр байрны 11 давхарт гараад хараад зогсож байсан чинь цагаан өнгийн машинаас нэг хүн гараад, хашаанд тулгаж тавьсан портер маркийн машины хажуугаар гараад, хашаа руу нэг хүн даваад орчих шиг болсон. Тэгэхээр нь би камерийн инженер рүү нэг хүн хашаа руу даваад орчихлоо гэж хэлсэн чинь намайг сайн хараад байж бай гэж хэлсэн. Намайг харж байхад тэр хашаа даваад орсон хүн хар цаас байгаа газар дээр очоод тэр хавьд мөрөө дараад байгаа бололтой суучихсан гараараа арчаад байх шиг байсан. Тэгэхээр нь би камерийн инженер рүү яриад нөгөө хүн чинь мөрөө дараад юм аваад байх шиг байна гэж хэлсэн чинь за за цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Удаагүй байж байтал цагдаа хүрч ирээд тэнд байсан хоёр залуу болон портер машинтай жолоочийг аваад явсан. Портер машин дээр 30 гаруй тооны дээврийн цаас хулгайгаар ачсан байсан” /хх-н 24/ гэсэн,

гэрч Амгалангийн Үржинсүрэнгийн “... 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр би 100 айл дахь “Цацрах үр” гэх өөрийн барилгын материалын дэлгүүр дээрээ зогсож байтал 10 цагийн үед хоёр залуу хүрч ирээд, хар цаас өгөх гэсэн юм гэхээр нь би хэдэн ширхэг, ямар цаас вэ гэхэд надад хар цаасаа үзүүлээд 40 ширхэг байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хулгайн цаас биш биз дээ гэж асуусан чинь бишээ, бид нар нэг компани юм, би захирал нь, ажилчдын цалин тавих гэсэн юм. Энийгээ зараад цалин өгнө гэж хэлсэн. Би тэр хоёр залууд итгээд сүүлд нь янз бүрийн асуудал үүсвэл би хариуцлага хүлээхгүй гэж хэлсэн. 40 ширхэг цаасыг нэг бүрийн үнийг 50.000 төгрөгөөр бодож, 2.000.000 төгрөгийг өгсөн. Би цаасыг заралгүй хадгалаад байж байтал 2016 оны 3 дугаар сарын сүүлээр нөгөө хар цаасыг зардаг хоёр залуу ирээд нөгөө хар цаасаа танаас буцааж авмаар байна гэж хэлсэн. Яагаад гэж асуухад бид хоёр хулгайлчихсан байсан юм, одоо буцааж өгөх гээд байна, та тус болоод буцаагаад өгчихөөч гэсэн. Тэгэхээр нь би загинаж байгаад цаасыг нь авсан үнээр нь буцаагаад өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 25/ гэсэн,

гэрч Батсүхийн Лхагвын “... 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын хамгаалалтын ээлжийн ахлагчаар ажилласан. Шөнө 02 цагийн үед сэжиг бүхий цагаан өнгийн машинтай этгээдүүд 7 дугаар байрны хойд булангаар буюу барилгын хашааны хажуугаар эргэлдсэн. Бид нар сэжиг аваад хамгаалалтын ажилчдаа дуудаад тал талд нь байрлуулаад өөрсдөө ажиглаж хартал хашааны төмрийг хуулаад цэнхэр өнгийн портер машин дээр дээврийн хар цаас хулгайгаар ачиж байгааг харсан. Цагдаад дуудлага өгөөд цагдаатай цуг явж очсон. Тэр үед тухайн портерийн жолооч болон хоёр залуу байсан. Тэр хоёр залуу нь хоёулаа манай “Хөдөлгөөнт бай” хамгаалалтын газарт ажиллаж байгаад удалгүй гарсан залуучууд байсан. Тэд нарыг цагдаад хүлээлгэж өгөөд явуулсан. Маргааш нь Хурд групп ХХК-ийн ажилчидтай тооллого хийхэд дахиад 40 ширхэг цаас дутсан. Юу болсон талаар тодруулахад 2016 оны 2 дугаар сарын 28-нд нөгөө этгээдүүд авсан нь тогтоогдсон” /хх-н 26/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

цагдаагийн ажилтны Илтгэх хуудас /хх-н 9/, гэрэл зураг /хх-н 12/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Шинэбасан, С.Энх-Амгалан нар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Hyundai porter маркийн, 34-18 УНЧ улсын дугаартай автомашиныг хэрэглэсэн байх ба прокуророос тэдгээрийг “... бүлэглэж, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр” гэсэн тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллаж байгаа нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Уг гэмт хэргийн улмаас бусдад 6.720.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Иймд Шангас овогт Жамсрангийн Шинэбасан, Тугтан овогт Сайжрахын Энх-Амгалан нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах энэ гэмт хэрэгт хураагдсан ЭКП маркийн, чулуутай хар цаас 40 боодол, ЭПП маркийн, чулуугүй хар цаас 35 боодол тус тус хохирогч байгууллагад буцаан олгогдож /хх-н 52/, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Ж.Шинэбасан, С.Энх-Амгалан нар бусдад төлөх төлбөргүй.

 

Харин шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ Ц.Пэрэнлэйжавын эзэмшлийн, Hyundai Porter 0 маркийн, 34-18 УНЧ улсын дугаартай автомашиныг хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор уг тээврийн хэрэгслийн үнийг /хх-н 98/ шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож,

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Шинэбасан, С.Энх-Амгалан нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, тухайлбал үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Шүүгдэгч Ж.Шинэбасан, С.Энх-Амгалан нар цагдан хоригдсон хоноггүй болно.