Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

    Улсын яллагч Ц.Л

    Хохирогч Ч.А

    Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

    Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 20250001600229 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

О.Б, Монгол

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч О.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 28 дугаар гудамжинд 2020 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Ч.Аийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүч хэрэглэн хүчиндэхээр завдсан, хохирогч Ч.Аийн нүүр лүү цохих, уруулыг нь хазах, газар чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, хүч хэрэглэн хүчиндэхээр завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

 

 

 

 

 

 

журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ Хохирогчоос уучлалт гуйж байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энэ хугацаанд өөрийн ажиллаж олсон мөнгийг хохирогчид өгсөн. Цаашдаа үлдсэн хохирлын мөнгийг төлнө. Мөн хохирогчоос дахин уучлалт гуйж байна” гэв.

Хохирогч Ч.А мэдүүлэхдээ “Би тухайн өдөр Баясах дэлгүүрийн тэнд байдаг автобусны буудал дээр буусан. Намайг буугаад алхаж байхад нэг машин хойноос ирээд урд гарчхаад зогсоод байсан. Намайг нарийн гудамж руу ороход тухайн машин Танил захын гудамжны үзүүрт байсан. Би цаашаа явж байгаа юм байна гэж бодоод явж байхад араас нэг хүн хурдтай гүйж ирээд танилцъя гэж хэлэхэд нь үгүй би гэр лүүгээ орлоо гээд гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудлаа шүү гэхэд миний гар утсыг булааж аваад намайг зодсон. Цемент дээр нүцгэн чирсэн мөн бэлэг эрхтнийг маань оролдоод миний эрхтнийг гаргаад хөх гэж хэлсэн. Энэ үйлдэл нь хүчиндэхийг завдсан гэх зүйл ангиар зүйлчлэгдсэн нь буруу. Учир нь намайг амьдаар маань тамлаж, ална гэж хэлж байгаа мөн өөрийн үйлдлээ мэдэхгүй байсан. Би өөрөө өөрийгөө хамгаалаагүй байсан бол намайг хүчиндээд мөн түүнчлэн алчих байсан байх. Миний сэтгэл зүйд маш том хар толбо үлдээсэн. Одоо би маш их айдастай байгаа. Хамрын хагалгаанд орсон уг хагалгааны дараа ухаан алдаж унаж байсан. Миний алтан цаг, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд учирсан хохирлоо О.Бгээс бүгдийг нь нэхэмжилнэ” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.Аийн “Би үүрээр 05 цагийн алдад гэр лүүгээ явах гээд гарсан юм. Их залуу багийн тугтай байрнаас Цагаанчулуут руу явах замд алхаад явж байсан. Хорооллын эцэс рүү өгссөн замд автобусны тэнд явж байтал такси юм шиг машин ирээд зогсохоор нь суутал улаан куртиктэй залуу тэндээс суусан. Би гэр лүүгээ хүргүүлэх гэхэд урд сууж байсан залуу город орох гэж байна, юм авчхаад чамайг гэрт чинь хүргээд өгнө гээд эргээд манай гэрээс өөр зүгт явах гэхээр нь би буулаа гээд буусан. Би гэр лүүгээ явах замд байдаг нарийн гудамж руу алхаад явж байтал хойноос улаан куртиктэй залуу ирээд намайг бариад авсан. Би эсэргүүцээд утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаагаад авчихсан. Тэр залуу намайг нүүр, нүдгүй гараараа цохиод цасан дээр чирээд байсан. Тэгээд миний өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн лүү хийх гээд байсан. Бэлэг эрхтэн рүү өөрийнхөө хурууг хийх гээд оролдоод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/

2. Гэрч Т.Хасарын “Б-Э үүрийн 04 цаг өнгөрч байхад залгаад Хабитатад байна, ирээд авчих гэж дуудсан. Тийшээ явж байхад Жаст-Ойлын тэнд Б-Э залгаад түр зогсож байгаарай, явах үгүйгээ шийдээдэхье гэхээр нь Баясгалант дэлгүүрийн тэнд 5-10 минут зогсож байхад Б-Э дахин залгаж, эндээ хонолоо гэхээр нь город орж, 1 пиво авч уух гээд явж байхад уулзварын наана нэг хүн гар өргөөд зогсож байхаар нь город орох байх гэж бодоод хажууд нь очоод авахад Цагаанчулуут хүргүүлье гэхээр нь бид нар город орох гээд байна, чи буугаад өөр такси барьчих гэхэд нөгөө эмэгтэй шөнө такси олдохгүй байна, мөнгийг нь өгье, хүргээд өг гэхээр бид нар город орно, тэгээд ч шороон замаар явахгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй буусан. Буулгачихаад город орох гээд явах замд Бааскагийн эхнэр залгаад утасны цаанаас орилоод байхаар нь Бааскаг гэрийнх нь урд талын нарийн гудамжны үзүүрт буулгасан. Бааскагийн гэр нь Дэнжид байдаг ба тухайн үед Цагаанчулуут баг Танил захын арын гудманд хадмындаа байсан юм. Тэгээд тэнд буулгасан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29-р хуудас/

 

3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 4-6-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн №229 дугаартай “Ч.Аийн биед дээд зүүн 2, 3, 4-р шүднүүд, доод зүүн 3-р дугаар шүдний хугарал, нүүр, өгзөг, хоёр гуянд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, хоёр хөлийн гуянд цус хуралт, бэлгийн бага урууланд шарх үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ч.Аийн бэлгийн бага урууланд үүссэн шарх нь гараараа хумслах, хумсаар татах, чимхэх үед үүссэн байх боломжтой байна. Магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай байна. Магадлуулагчийн шинжилгээний хариунуудаас үзэхэд бэлгийн замын өвчин илэрсэнгүй. Магадлуулагчийн үтрээнээс авсан арчдасыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалданд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 42-43-р хуудас/

 

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 02 дугаартай “Ч.Аийн биед үүссэн дээд зүүн 2, 3, 4-р шүднүүд, зүүн доод 3-р дугаар шүдний хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Шинэ гэмтэл байна. Ч.Аийн биед нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй. Ч.Аийн чих хамар хоолойн үзлэгт хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэсэн онош байгаа боловч энэ нь толгойн компьютер томографийн багажийн шинжилгээгээр батлагдахгүй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 47-48-р хуудас/

     

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 694 дугаартай “Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн үзлэг хийсэн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 229 дугаартай дүгнэлт, 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 02 тоот дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. 2020 оны 03 сарын 17-ны өдрийн №02 тоот дүгнэлтээр нэмэлтээр гэмтэл тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Ч.Аийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, хамрыг засах мэс ажилбарын дараах байдал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал зэрэг гэмтэл нэмэлтээр тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хамар ясны хугарал, таславч мурийлт нь шинэ гэмтэл бөгөөд тухайн үед үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хх-ийн 64-65-р хуудас/

 

7. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн “Хамелион харааны шил 75.000 төгрөг, монетон ээмэг /өрөөсөн ээмэг/ 178.500 төгрөг, нийт 253.500 төгрөг гэх үнэлгээ тогтоосон дүгнэлт. /хх-ийн 94-97-р хуудас/

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 189-р хуудас/

 

9. О.Бг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 153, 155-156-р хуудас/

 

10. Шүүгдэгч О.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үед би хадам аавындаа эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд “Танил” захын ард “Дөлгөөн хонгор” нэртэй дэлгүүр жоохон өнгөрөөд гэртээ харихаар буусан. Гэр лүүгээ явах замд байдаг нарийн гудамжаар дээшээ өгсөөд явж байтал гудамжинд бид нарын буулгасан хар куртиктэй эмэгтэй миний урд утсаараа оролдоод зогсож байсан. Өмнө нь машинд таарсан тул очиж юм яриад танилцсан. Би согтуудаа нөгөө эмэгтэйг оролдоод бэлгийн харьцаанд орохыг хүссэн байсан. Би хийж байгаа үйлдлээ нэг бүрчлэн мэдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-156 хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Б нь 2020 оны 02 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Ч.Аийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхээр завдаж, хүчиндэхээр завдах явцдаа хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч Ч.Аийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байгаа тул шүүгдэгч О.Бг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхээр завдсан гэмт хэрэг мөн хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 1 537 200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.Аид олгуулах нь зүйтэй гэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэрэгт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тэнцүүлэн нийт 50 хоногийн хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч Ч.Аид төлөгдөөгүй хохирол болох 837 200 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос гутал, улаан өнгийн куртикний малгай зэргийг шүүгдэгч О.Бд буцаан олгох, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогчид дараах гэм хор буюу хохирол учирсан. Энэ нь шинжээчийн удаа дараа гарсан дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Үүнд хамрын яс хугарсан, таславч хугарсан, нүдний аяга яс хугарсан, дээд шүд, доод шүд хугарсан, эмэгтэй хүний эмзэг эрхтэн буюу бэлгийн бага уруул шалбарсан, зүсэгдсэн, 0.3 см зүсэгдэж ангайсан шарх үүссэн. Мөн хөхөрсөн, няцарсан, дээд уруулд хазсан шүдний сорвинууд байдаг. Эдгээрийг фото зургийн үзүүлэлтээр хэрэгт гаргаж өгсөн. Нүүр нүдэнд үүссэн гэмтлүүд нь эмэгтэй хүний гоо сайхан алдагдах магадлал өндөртэй. Тухайн үед хамрын хагалгаанд орж хамрын хугарал, таславчийн мурийлтыг янзлуулсан. Нүдний аяганы хугарал бороолж эдгэрсэн. 4 шүдний гэмтлээс 2 шүдэнд эмчилгээ хийгдсэн үлдсэн 2 шүдийг явц дундаа эмчлүүлнэ. Одоо эмчлүүлэх мөнгөгүй эмчилгээ зогссон болохыг хохирогч ярьж байна. Эдийн засгийн хувьд хохирол амссан. Баримтаар цуглуулж өгсөн баримтууд эдгээр баримт байгаа. Мөн баримтгүй хохирол олон байгаа талаараа мэдүүлсэн. Сэтгэл санааны хувьд айдастай, тогтворгүй хүнд байдалд байгаа талаараа хэлсэн. Чамайг ална гээд дайраад байсан мөн би өөрөө өөрийгөө хамгаалаагүй байсан бол ямар хохирол хор уршиг учрах байсныг мэдэхгүй байна гэж хэлж байна. Е баримтаар хавсаргасан баримтуудаас хоёр баримт давхардаж орсон түүнээс нэг баримт болохыг хэлэх нь зүйтэй. Шүдний эмчилгээ хийлгэсэн баримт, 130 500 төгрөгийн баримт, 860 000 төгрөг, 500 000 төгрөгийн баримтууд хэдийгээр Ч.А гэж бичээгүй байгаа боловч Е баримт өгөх журамдаа зөвхөн үйлчлүүлэгчид олгогддог. Тийм учраас хэнд хэрэглэсэн юм бэ гэж нотолгоо шаардах үндэслэл байхгүй. Тийм учраас одоо нэхэмжилж байгаа 1 537 200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхээс О.Бг хоёр зүйл заалтаар гэм буруутайд тооцсон. Өмнөх шүүх хуралдаанаас хойш 700 000 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл 837 200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийтгэх тогтоолд тусгаж, хохирогч Ч.Аид цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлттэй байна. Ч.А өчигдөр надтай гар утсаар холбогдож ярихдаа жирэмсэн болохоор эхэс ховхорч хүндрэлтэй бий байдал тогтоогдож байна. Энэ гэмтэл нь өмнө нь осол орсон юм уу гэмтэл авч байсантай холбоотой гэж эмч хэлсэн. Үүнийг шүүх хуралдаан дээр хэлж өгнө үү гэж хэлсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эдүгнэлтдээ “Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл дээрээ маргадаггүй. Өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн. Энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ гэмт хэрэг гарснаас хойш их хугацаа өнгөрсөн. Нэг удаагийн үйлдлээр хоёр гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг байдаг. Хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг өмнөх шүүх хуралдаанаар бүрэн төлж барагдуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1 537 500 төгрөгийн баримт гаргаж өгч байна. Эдгээр баримттай танилцсан. Замын зардал, шатахууны баримт, зорчих тасалбар, Энхийг цацруулагч шүдний эмнэлгийн баримт, Незо эмнэлгийн баримт зэрэг байсан. Уг шүдний эмнэлгийн баримтууд байгаа хэдий ч хэнд, ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй баримтыг хэрэгт өгсөн. Шүүгдэгч хэдий хохирлыг төлөхөө илэрхийлсэн хэдий ч эдгээр нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэм буруугийн хувьд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн байдлыг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Шүүхээс О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан боловч Ковид 19-н нөхцөл байдлаас шалтгаалан ажил хийж хөдөлмөрлөх боломж гараагүй. Хохиролд 1 537 500 төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлсэн ч ажил хийж олсон мөнгөө тухай бүрт нь шилжүүлсэн. Цаашид хохирол төлөхөө илэрхийлж, өөрийн гэм буруу дээрээ маргадаггүй. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлсэн үеэс эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос байнга уучлалт гуйж, өмнө нь 5 000 000 төгрөгийн хохирол төлбөр төлж байсан. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшдэг тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг нь төгс үйлдэгдээгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хамгийн бага ялыг оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 30 хоногоор бодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ч.Аийн “Би замд байдаг нарийн гудамж руу алхаад явж байтал хойноос улаан куртиктэй залуу ирээд намайг бариад авсан. Би эсэргүүцээд утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаагаад авчихсан. Тэр залуу намайг нүүр, нүдгүй гараараа цохиод цасан дээр чирээд байсан. Тэгээд миний өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн лүү хийх гээд байсан. Бэлэг эрхтэн рүү өөрийнхөө хурууг хийх гээд оролдоод байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Хасарын “нөгөө эмэгтэй шөнө такси олдохгүй байна, мөнгийг нь өгье, хүргээд өг гэхээр бид нар город орно, тэгээд ч шороон замаар явахгүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй буусан. Буулгачихаад город орох гээд явах замд Бааскагийн эхнэр залгаад утасны цаанаас орилоод байхаар нь Бааскаг гэрийнх нь урд талын нарийн гудамжны үзүүрт буулгасан Бааскагийн гэр нь Дэнжид байдаг ба тухайн үед Цагаанчулуут баг Танил захын арын гудманд хадмындаа байсан юм. Тэгээд тэнд буулгасан юм” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн №229 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 694 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, О.Бг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч О.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь 2020 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 4-5 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 28 дугаар гудамжинд Ч.Атай бэлгийн харьцаанд орох зорилгоор хүч хэрэглэж цохих, хазах, газар чирэх, хувцсыг нь тайлах, бэлэг эрхтнийг оролдох зэргээр зодож, бие махбодид нь дээд зүүн 2, 3, 4-р шүд, доод зүүн 3-р дугаар шүдний хугарал, нүүр, өгзөг, хоёр гуянд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, хоёр хөлийн гуянд цус хуралт, бэлгийн бага урууланд шарх, хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, яллагдагч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй байна.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Б нь хохирогч Ч.Аийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орохыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан шинжийг, хохирогч Ч.Аийн нүүр лүү цохих, уруулыг нь хазах, газар чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.

 

Шүүгдэгч О.Б нь хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдах гэмт хэргийг үйлдэх үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг тус бүрээр зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “О.Б нь намайг ална гээд дайраад байсан, би эсэргүүцэл үзүүлээгүй бол намайг хүчиндээд өөр ямар хохирол учруулах байсныг мэдэхгүй байна. Хүчиндэхийг завдсан гэдгийг зөвшөөрөхгүй байна” гэжээ. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч О.Б нь хохирогч Ч.Атай бэлгийн харьцаанд орох зорилгоор хүч хэрэглэх үед хохирогч идэвхитэй үйлдлээр эсэргүүцэл үзүүлснээр гэмт үйлдлийг туйлд нь хүргэлгүй таслан зогсоож чадсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэстэй.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Аийн эрүүл мэндэд  дээд зүүн 2, 3, 4-р шүд, доод зүүн 3-р дугаар шүдний хугарал, нүүр, өгзөг, хоёр гуянд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, хоёр хөлийн гуянд цус хуралт, бэлгийн бага урууланд шарх, хамар ясны хугарал, таславч мурийлт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад хохирогчийн эмчилгээний зардалд 5  сая төгрөгийг төлсөн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ө.Ч.А нь эмчилгээний нэмэлт зардал болох 1 537 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нь шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч О.Б нь хохирогчийн нэхэмжлэлийг зөвшөөрч шүүх хуралдааны явцад хохирогчид 700 000 төгрөг төлсөн байна. Гэм хорын нэхэмжлэлээс төлөгдөөгүй 837 200 төгрөгийг О.Бгээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нь хохирлыг зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн байна.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн куртикний малгай, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Бг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 50 хоногийн хорих ялаар тооцон, 1 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 20 хонгийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 1 жил 7 сар 20 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгээс 837 200 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг  тоотод оршин суух Ч.А /рд:Од олгосугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар ирүүлсэн улаан өнгийн куртикний малгай, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС