Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/220

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х,    

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Г.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2125000000098 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Э,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Г.Э нь архи ууж согтуурсан үедээ буюу 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3 дугаар гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а, 12.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.У-ийг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

тухайн ослыг гаргасан даруйдаа хэргийн газрыг зориуд санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.У-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 3-14 тоот гэртээ бууз хийчихээд гарч гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс боорцог авах гээд хашаанаасаа гараад явж байснаа санаж байна, нэг сэрсэн чинь эмнэлэг дээр сэрсэн...намайг машин араас ирж мөргөсөн байх гэж бодож байна, баруун талын эгэм хугарсан, үүнийгээ хагалгаа хийлгэж хадуулсан, ...“эмчилгээний зардалдаа хэрэглээрэй” гэж 3.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-27/,

гэрч Э.Ү-ын “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр...ээж “гудамжны үзүүрийн дэлгүүр ороод тамхи болон ойр зуурын юм авья” гээд гэрээс гарахдаа дээгүүрээ улаан өнгийн куртикээ өмсөөд, доогуураа бор өнгийн буриад гутлаа өмсөөд, малгайгүй гарсан. ...ээж гэрээс гараад 20 гаруй минут болох шиг болсон, орж ирэхгүй байсан, тэгээд байж байтал аавын дугаар луу танихгүй эмэгтэй хүн дугаараас залгаад “гудамжинд энэ хүн ухаан алдаад уначихсан байна” гэж хэлэхээр нь би аавтай хамт хувцсаа өмсөөд гараад гудамжны үзүүр хэсэгт очиход ээж замынхаа хойд талд хашааны буланд хэвтэж байсан, ээж маань ярьж чадахгүй ёолоод байсан. Тэгээд аав бид хоёр ээжийг аваад гэр лүү ороод түргэн, цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,

гэрч Л.Ц-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны орой...Л-ын гэрийн хашааны гадаа саарал өнгийн жижиг машин дотор Л, Э бид гурав нэг шил архи хувааж уусан, тухайн үед би тэр хоёртой уулзахдаа нэг шил архитай явж байсан юм. Уг архийг гурвуулаа хувааж уучихаад би гэр лүүгээ түрүүлээд харьсан, Л, Э хоёр машин дотроо суугаад үлдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-34/,

гэрч О.Ж-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Уртын гол багийн Баянталын 3 дугаар гудамжинд эмэгтэй хүн зам тээврийн осолд орж ухаангүй БОЭТ-д хүргэгдэн ирсэн, хэргийн газраас тээврийн хэрэгслийн жолооч оргон зайлсан байна” гэсэн мэдээллийн дагуу Орхон аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж улмаар хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн эд ангийг харьцуулж үзэхэд Тоёота карина маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох нь тогтоогдсоны дагуу миний бие 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Баянцагаан багийн хуучин тосгоны 9-16 тоотод саарал өнгийн Тоёота карина маркийн тээврийн хэрэгслийг шалгахад баруун талын их гэрэл дохио хагарсан, зүүн урд талын дугуй хагарсан, урд салхины шил зүүн доод буландаа хагарсан байдалтай байсан ба уг тээврийн хэрэгслийн жолооч Г.Э-аас асууж тодруулахад болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-36/,

Г.Э-ын яллагдагчаар өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Уртын гол баг Баянталын 3-8 тоотод хуурай дүү Л-ын хашааны үүдэнд машин дотроо 0.5л нэг шил архи хоёулаа хувааж уусан, хэсэг хугацааны дараа Л-ын хөрш айлын ах 0.5л нэг шил архи авч гарч ирсэн тэгээд бид гурав хувааж уусан, үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. “В” ангиллын жолооны эрхийн үнэмлэхтэй боловч 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, У эгчийг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш гарах хүртэлх бүх эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, мөн цаашдаа “эмчилгээндээ хэрэглээрэй” гээд 3.000.000 төгрөгийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дансанд нь шилжүүлж өгсөн. Миний бие гэм буруугаа ухаарч байгаа цаашид ийм зүйл гаргахгүй, их гэмшиж байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-106, 142/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-ийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай, “...1.Н.У-ийн биед баруун эгэмний далд зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн өвдөг, гуя, баруун өвдөг, баруун эгэм орчим, баруун чихний дэлбээний ар тал, зүүн дээд зовхинд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Эгэмний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-41-42/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч Г.Б-ний 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53-54/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-55-57/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-12/,

хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-15/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-16-19/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-23/,

Г.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/,

хохирогч Н.У-ийн Хаан банкны 5094297336 дансанд хохиролд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-78/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Г.Э нь архи ууж согтуурсан үедээ буюу 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 3 дугаар гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а, 12.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.У-ийг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

          тухайн ослыг гаргасан даруйдаа хэргийн газрыг зориуд санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, 

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.У-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн үед ...гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс боорцог авах гээд хашаанаасаа гараад явж байснаа санаж байна, нэг сэрсэн чинь би эмнэлэг дээр сэрсэн...баруун талын эгэм хугарсан, үүнийгээ хагалгаа хийлгэж хадуулсан.” гэх,

гэрч Э.Ү-ын “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр...ээж маань “гудамжны үзүүрийн дэлгүүр ороод тамхи болон ойр зуурын юм авья” гээд гэрээс гарахдаа дээгүүрээ улаан өнгийн куртикээ өмсөөд, доогуураа бор өнгийн буриад гутлаа өмсөөд, малгайгүй гарсан. ...эмэгтэй хүн залгаад “гудамжинд энэ хүн ухаан алдаад уначихсан байна” гэж хэлэхээр нь би аавтай хамт хувцсаа өмсөөд гараад гудамжны үзүүр хэсэгт очиход ээж замынхаа хойд талд хашааны буланд хэвтэж байсан, ээж маань ярьж чадахгүй ёолоод байсан.” гэх,

гэрч Л.Ц-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны орой...Л, Э бид гурав уг машин дотор нэг шил архи хувааж уусан.” гэх,

гэрч О.Ж-ийн “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Уртын гол багийн Баянталын 3 дугаар гудамжинд эмэгтэй хүн зам тээврийн осолд орж ухаангүй БОЭТ-д хүргэгдэн ирсэн, хэргийн газраас тээврийн хэрэгслийн жолооч оргон зайлсан байна” гэсэн мэдээллийн дагуу Орхон аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж улмаар хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн эд ангийг харьцуулж үзэхэд Тоёота карина маркийн тээврийн хэрэгслийн эд анги болох нь тогтоогдсон...уг тээврийн хэрэгслийн жолооч Г.Э-аас асууж тодруулахад болсон асуудлыг хүлээн зөвшөөрч байсан.” гэх,

яллагдагч Г.Э-ын “...2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Уртын гол баг Баянталын 3-8 тоотод хуурай дүү Л-ын хашааны үүдэнд машин дотроо 0.5л нэг шил архи хоёулаа хувааж уусан, хэсэг хугацааны дараа Л-ын хөрш айлын ах 0.5л нэг шил архи авч гарч ирсэн тэгээд бид гурав хувааж уусан, үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-ийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч Г.Б-ний 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.У-ийн Хаан банкны дансанд хохиролд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хх-78/ зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Г.Э-ын үйлдэл нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн.”, “тухайн ослыг гаргасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан.” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан.” гэмт хэргийн  үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хохирол төлбөрийн тухайд;

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Н.У-ийн Хаан банкны дансанд хохиролд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэргийн 78 дугаар талд авагдсан, мөн хохирогч нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Г.Э-ыг “согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, “дээрх гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргав.

         2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад "2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд,

         мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эрүүл мэндийн хохирлыг мөнгөөр бүрэн нөхөн төлж барагдуулсан зэрэг нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх заалтад тус тус хамаарч байна.

Шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй хэдий ч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

          Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

          эд мөрийн баримтаар хураагдсан боловч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуванцар материалтай тээврийн хэрэгслийн хагархай хэсгүүдийг устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлж, эрүүгийн хэрэгт хавсаргуулахыг тус Цагдаагийн газарт даалгаж,  

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн ,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан.” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Г.Э-т энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг  тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан боловч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуванцар материалтай тээврийн хэрэгслийн хагархай хэсгүүдийг устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлж, эрүүгийн хэрэгт хавсаргуулахыг тус Цагдаагийн газарт даалгасугай.

          8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ