Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1420

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 27 байрны 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Хулантай” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27-26 тоотод оршин суух, Монгол овогт Гантулгын Гандиймаа /РД:ВЮ91060802/-д   холбогдох,

236,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж, Ц.Дашням, хариуцагч Г.Гандиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргагч “Хулантай” Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2014 онд Сууц өмчлөгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж холбогдох хууль, журмын дагуу зохих материалыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн улмаар 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн засаг даргаас 194 дугаартай гэрчилгээг хүлээн авснаар, Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох хуулийн заалтыг чанд баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өдөр тутмын ажил үүргээ хэвийн явуулж ирсэн. Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд төлсөн орлогоос орцны хаалганууд шинэчлэх, цоож түгжээ солих, халаалт сантехникийн шугам сүлжээний тоноглол, хаалт крант солих, цэвэр бохир усны шугам хоолой солих засварлах, орц хонгил цэвэрлэх, хог хаягдал зайлуулах зэрэг арчилгаа цэвэрлэгээ, засвар үйлчилгээ зэрэг өдөр тутмын болон зайлшгүй хийх шаардлагатай ажилд зарцуулж санхүүгийн тайланд тусган, мэргэжлийн байгууллагаар аудитын дүгнэлт хийлгэн ажиллаж байна. Түүнчлэн СӨХ-ны санхүүгийн боломж чадавхи хүрэлцдэггүй засварын ажлын /зам талбай, лифт дээвэр г.м/ санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагуудад танилцуулж асуудал тавьж зохих үр дүнд хүрч байна. Ажлын үр дүн, хүрсэн түвшин ололт амжилт байгаа боловч тус СӨХ-нд харьяалагддаг байрнуудын зарим сууц өмчлөгчид ашиглалтын зардал, засвар үйлчилгээний төлбөрөө олон сар, жилээр төлөхгүй явж ирсэн нь нийтийн эрх ашгийг хохироож байна. Сууц өмчлөгчдийн санаачлагаар зохион байгуулагдан ажиллаж байгаа “Хулантай” СӨХ-ны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж өдөр тутмын болон шаардлагатай их, урсгал засварын ажил саатаж болзошгүй нөхцөл үүсгэж байна. СӨХ-ны гишүүний болон иргэний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, элдэв шалтаг хэлж байгаа нь иргэнийхээ үүргийг шударгаар биелүүлж аюулгүй цэвэр тохилог орчинд ая тухтай амьдрах боломжоо бүрдүүлсэн олон зуун иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Амин хувиа хичээж бусдын хөрөнгө мөнгө, хөдөлмөрийг завшигч энэ үйлдэл нь бусдад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байж болдог гэсэн муу жишиг тогтоход хүргэж байна. Эдгээр иргэдэд, үүссэн өр төлбөрийг төлөх талаар маш олон удаа хэлж сануулж, мэдэгдэл өгч байсан ч өнөөг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй байгаа юм.  Иймд Баянгол дүүрэг 7-р хороо, 27-р байрны 26 тоотод оршин суугч иргэн Г.Гандиймаас 2016 оны 4, 5- сарын 63,020 төгрөг 2016 оны 6-р сараас 2017 оны 01-р саруудын төлбөр 173,200 төгрөг нийт 236,220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ нь хариуцагч Г.Гандиймаагаас 236,220 нэхэмжилснээс 19,720 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 216,500 төгрөгийг хариуцагч Г.Гандиймаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар  зохигч эвлэрчээ.        

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ нь хариуцагч Г.Гандиймаад холбогдуулан 236,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Хулантай” СӨХ нь хариуцагч Г.Гандиймаагаас 236,220 нэхэмжилснээс 19,720 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 216,500 төгрөгийг хариуцагч Г.Гандиймаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 7,737 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Хулантай” СӨХ нь хариуцагч Г.Гандиймаагаас 236,220 нэхэмжилснээс 19,720 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 216,500 төгрөгийг хариуцагч Г.Гандиймаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,737 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гандиймаагаас улсын тэмдэгтийн хураамжид 7,145 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА