Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/221

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,

улсын яллагч Ц.М,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025003260100 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Д.М,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Зэст багийн 1-26 дугаар байрны подволд иргэн Ч.Л-ийн  Хаан банкны виза карт, Нокиа загварын гар утсыг нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 334.260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

 

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ; “...Би тэр өдөр Ц, Л нартай тааралдсан, гэтэл Л надад “тавилга зөөлцөөд өгөөч” гэсэн, тэгээд бид хоёр “ойрд уулзаагүй” гээд дэлгүүрээс 0.5л “Хараа” архи аваад гэрт нь очоод архиа ууж дуусаад намайг архинд явуулахдаа картаа өгөөд нууц дугаараа хэлсэн, би дэлгүүр орчихоод гэрт нь буцаж очихдоо картыг нь өгөхөө мартсан байсан. Аавын бие муудаад хохирогчийн картанд байсан 280.000 төгрөгийг нь би авчихсан, уучлалт гуйхаар гэрт нь гурван удаа очсон боловч уулзаж чадаагүй, архи ууж байх үедээ “хот явж ажил хийх гэж байгаа.” гэж ярьж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ар гэрийн ахуй амьдралыг минь харгалзаад хөнгөн ял өгнө үү.” гэв.  

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ч.Л-ийн “...2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-26 дугаар байрны подволд түрээсийн байрандаа байх үед миний сандал дээр тавьсан байсан куртикний халааснаас М Хаан банкны виза карт, Нокиа маркийн гар утас хулгайлаад явсан байсан. ...Миний хохирлыг барагдуулах юм бол гомдол санал байхгүй. ...Мандах дэлгүүр орж ирээд надад картыг минь буцааж өгөхөөр нь би картаа куртикний халаасанд хийсэн байсан. ...Миний гар утсанд группын мөнгө болох 300.000 төгрөг орж ирсэн, орлого орж ирж байгаа нь мессежээр ирэхээр нь “за ашгүй мөнгөтэй боллоо.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-26, 28/,

насанд хүрээгүй гэрч О.Г-ын “...намайг очиход ээж нэг танихгүй эрэгтэй хүнтэй архи уугаад байж байсан. Би өөр өрөөнд байсан чинь тэр эрэгтэй ээж рүү орилоод чанга дуугаар яриад, уурлаад байхаар нь би “та яагаад байгаа юм, одоо яв” гээд тэр хүнийг гаргаад явуулсан чинь ээж над руу “яаж байгаа юм” гээд уурласан. ...нөгөөдөр нь намайг Дэнжид байхад ээж ирээд надаас мөнгө нэхээд “авсан уу, өг” гээд уурлаад байсан...тэгсэн чинь ээж банк дээр очоод шүүлгээд, камер үзээд нөгөө намайг очиход байсан ахыг “виза карт аваад мөнгө авчихсан байна” гэж хэлж байсан...гар утсыг нь хаана байсныг нь анзаараагүй, дараа нь тэр мөнгө алга болсон өдөр гар утас нь бас байхгүй болсон гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-33-35, 37/,

Д.М-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн; “...2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Уртцагааны орчимд явж байгаад Л-тэй тааралдсан, халамцуу явж байсан тэгээд “ойрд уулзаагүй, манайд очиж ганц юм уух уу” гэхээр нь дэлгүүрээс би 500 гр архи аваад бид хоёр гэрт нь очсон. Л “урд талын дэлгүүрээс нэг шил архи аваад ир” гээд виза картаа өгөөд нууц дугаарыг нь өгсөн. ...дэлгүүр ороод талх авах гээд мөнгө хүрэхгүй болохоор нь Л-ийн картыг уншуулсан чинь мөнгө байсан. ...бэлэн мөнгөний машинд нууц дугаарыг нь хийгээд үлдэгдэл 280.000 төгрөг байсныг нь авсан. Л-д гар утас байсан талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-39, 100/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-13/,

хохирогч Ч.Л-ийн Цагдаагиийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-14/,

хохирогч Ч.Л-ийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-19/,

Хаан банкнаас гаргуулан авсан файлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-40/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 210110 дугаартай “Nokia гар утас товчлууртай 30.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-44-47/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ/21-104 дугаартай шинжээчийн “Хаан банкны виза карт 5000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-51-54/,

Д.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-62-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-26 дугаар байрны подволд иргэн Ч.Л-ийн Хаан банкны виза карт, Nokia загварын гар утсыг нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 334.260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Ч.Л-ийн “...сандал дээр тавьсан байсан куртикний халааснаас М Хаан банкны виза карт, Nokia маркийн гар утас хулгайлаад явсан байсан. ...Миний гар утсанд группын мөнгө болох 300.000 төгрөг орж ирсэн, орлого орж ирж байгаа нь мессежээр ирэхээр нь “за ашгүй мөнгөтэй боллоо.” гэж хэлсэн.” гэх,

насанд хүрээгүй гэрч О.Г-ын “...намайг очиход ээж нэг танихгүй эрэгтэй хүнтэй архи уугаад байж байсан. ...нөгөөдөр нь намайг Дэнжид байхад ээж ирээд надаас мөнгө нэхээд “авсан уу, өг” гээд уурлаад байсан...тэгсэн чинь ээж банк дээр очоод шүүлгээд, камер үзээд нөгөө намайг очиход байсан ахыг “виза карт аваад мөнгө авчихсан байна” гэж хэлж байсан...мөнгө алга болсон өдөр гар утас нь бас байхгүй болсон гэж ярьж байсан.” гэх,

Д.М-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Л  “урд талын дэлгүүрээс нэг шил архи аваад ир” гээд виза картаа өгөөд нууц дугаарыг нь өгсөн. ...дэлгүүр ороод талх авах гээд мөнгө хүрэхгүй болохоор нь Л-ийн картыг уншуулсан чинь мөнгө байсан. ...бэлэн мөнгөний машинд нууц дугаарыг нь хийгээд үлдэгдэл 280.000 төгрөг байсныг нь авсан.” гэх мэдүүлгүүдээр болон

хохирогч Ч.Л-ийн Цагдаагиийн байгууллагад гаргасан өргөдөл, түүний Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкнаас гаргуулан авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүнийг “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Д.М нь хохирогч Ч.Л-д 334.260 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх шүүгдэгч Д.М-аас 334.260 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Л-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Р.Б нар нь “шүүх хуралдааныг хоёр цагийн хугацаагаар завсарлуулах, хохирогчид хохирол төлөх” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хоёр цагийн хугацаагаар завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь хохирогч Ч.Л-ийн Хаан банкны дансанд 334.500 төгрөг төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Д.М-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б-аас “...240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” саналыг тус тус гаргасан болно.

          Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

түүний 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

          Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий DVD-г эрүүгийн хэрэгт нь хавсарган үлдээж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 240 цагийг хасч, эдлээгүй үлдсэн нийт ялын хэмжээг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Д.М-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий DVD-г эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ