| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01330/И |
| Дугаар | 1467 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 1467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 17-78 тоотод оршин суух, Ламын гэгээн овогт Адъяагийн Ганзориг /РД:ВЭ59091911/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Ганзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1982 онд Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод нормчиноор ажилд орж 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус байгууллагад ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажлаас халагдсан тушаал бичигдээгүй шалтгаанаар тэтгэврээ тогтоолгож чадаагүй. Иймд Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрын тоосгоны заводод 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Ганзориг нь 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 519 дугаартай тодорхойлолтоор Барилгын материалын үйлдвэрийн тоосгон завод байгууллагын баримт шилжиж ирээгүй тул А.Ганзоригт холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч А.Ганзориг нь 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод нормчноор ажиллаж байсан болох нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүсэлт гаргагч А.Ганзоригт Баянхонгор аймгийн техник, туслалцааны барилга трестээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 345 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн техник, туслалцааны барилга 3 дугаар трестийн даргын 1982 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 23 дугаартай “Ажилд шинээр авах ба чөлөөлөх тухай” тушаал, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал, Баянхонгор аймгийн АДХ-ийн гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн хамтарсан 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаартай “5 жилийн гавшгайч цол олгох” тухай тогтоол, гэрч З.Түмэн-Өлзий, А.Сүхбат нарын тайлбар, мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ламын гэгээн овогт Адъяагийн Ганзориг /РД:ВЭ59091911/-г “Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ламын гэгээн овогт Адъяагийн Ганзориг /РД:ВЭ59091911/-г 1982 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Барилгын материалын үйлдвэрийн тоосгон заводод ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА