| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0127/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/127 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/127
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц. даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ут холбогдох эрүүгийн 2125000000161 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г.У,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.У нь 2021 оны 04 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн тоот гэртээ эхнэр У.Л-мыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч У.Л “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч У.Лын “2021 оны 04 сарын 09-ний орой 23 цаг болж байхад нөхөр Г.У, охин Амингоо бид 3, дүү Д-мын гэрт байж байгаад Цагаанчулуут багийн тоот гэртээ ирсэн. Нөхөр бид 2 дүү Даваадуламын гэрт байж байхдаа дүүтэйгээ Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд нөхөр охин бид 3 гэртээ ирээд байж байхад манай нөхөр гал тогоондоо ажил, амьдралын талаар юм яриад байхаар нь би за одоо болно унт гэсэн чинь чи миний үгийг сонссонгүй гээд над дээр ирээд миний нүүр хэсэг рүү зүүн гараа атгаж байгаад 2 удаа цохьсон. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд сандал дээр сууж байсан чинь миний зүүн далны хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би гэрээс гарч цагдаа дээр ирсэн. Миний нүүрэнд үүссэн цус хуралт нь манай нөхөр Г.У зүүн гараа атгаж байгаад цохьсны улмаас үүссэн. Нуруунд үүссэн цус хуралт нь намайг сууж байхад өшиглөсний улмаас үүссэн гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/
2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 сарын 16-ны өдрийн 269 дугаартай “У.Лын биед нүүр, нуруу, баруун гуя, зүүн өвдгөнд олон тооны цус хуралт, баруун шанаанд зулгаралт тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цохилтын хүчийг тогтоох боломжгүй. Нүүр, нуруу, баруун гуя, зүүн өвдгөнд олон тооны цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун шанаанд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 14-15-р хуудас/
3. Шүүгдэгч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2021 оны 04 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн тоотод өөрийн эхнэр У.Лыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/
4. 00/02266 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа. /хх-ийн 34-р хуудас/
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.У нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр иргэн У.Лыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтууд мөн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 269 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар магадлан тогтоогдож байна. Шүүгдэгч Г.У нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу ял тохиролцсон. Шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Хохирогч У.Лын “2021 оны 04 сарын 09-ний орой нөхөр охин бид 3 гэртээ ирээд байж байхад манай нөхөр гал тогоондоо ажил, амьдралын талаар юм яриад байхаар нь би за одоо болно унт гэсэн чинь чи миний үгийг сонссонгүй гээд над дээр ирээд миний нүүр хэсэг рүү зүүн гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд сандал дээр сууж байсан чинь миний зүүн далын хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би гэрээс гарч цагдаа дээр ирсэн. Миний нүүрэнд үүссэн цус хуралт нь манай нөхөр Г.У зүүн гараа атгаж байгаад цохисны улмаас үүссэн. Нуруунд үүссэн цус хуралт нь намайг сууж байхад өшиглөсний улмаас үүссэн гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 сарын 16-ны өдрийн 269 дугаартай дүгнэлт, 00/02266 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.У нь 2021 оны 04 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн тоотод согтуурсан үедээ эхнэр У.Лыг өөрийнх нь яоиаг сонссонгүй гэх үндэслэлээр зодож, нүүр, нуруу, баруун гуя, зүүн өвдгөнд олон тооны цус хуралт, баруун шанаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Г.У нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэрээ өөрийнх нь яриаг сонссонгүй, хүндэлсэнгүй гэж санаатайгаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Уыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ут оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС