| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01452/И |
| Дугаар | 1468 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 1468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21-116 тоотод оршин суух, Боржигон овогт Уртнасан Бат-Отгон /РД:ЕЮ92102517/-ны хүсэлттэй,
М.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.Бат-Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Бат-Отгон би 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр М.Мөнх-Эрдэнээс Приус 10 маркийн 92-35 УНС улсын дугаартай автомашиныг 3,400,000 төгрөгөөр худалдан авсан. М.Мөнх-Эрдэнэ машинаа зарахдаа ямар ч доголдол зөрчилгүй гэж шилжүүлж өгсөн. Би машинаа аваад гэртээ ирэхэд мотор нь өндөр дуутай байсан. Маргааш нь машины засварт оношлуулахад уг машиныг аваарын гурвалжинг ассаныг нуусан байна. Машин өндөр мосттой ер нь цээж утас, цахилгаан мотор, кроп батериа энэ дөрвийн аль нэгнээс болж масс үүсдэг. Цахилгааны мас, бусад засварт ойролцоогоор 700,000 төгрөгийн зардал гарна гэсэн. Иймд М.Мөнх-Эрдэнэтэй хийсэн гэрээнээс татгалзаж байгааг мэдэгдсэн боловч мэдэгдлийг хүлээн авахгүй байгаа тул шүүхэд өргөдөл өгсөн боловч хариуцагч М.Мөнх-Эрдэнэ оршин суугаа хаяг нь дээрээ байхгүй, хаяг нь тодорхой бус байгаа тул М.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч У.Бат-Отгон нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч У.Бат-Отгон нь “М.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
М.Мөнх-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба М.Мөнх-Эрдэнэ нь албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 17-17 тоот хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШЗ2016/03711 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Мөнх-Эрдэнийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч У.Бат-Отгоны “М.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. .
Хүсэлт гаргагч У.Бат-Отгоны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уртнасан нь шүүх хуралдааныг өөрийнх нь эзгүйд хийлгүүлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар У.Бат-Отгоны хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнэ /РД:УП96081631/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Боржигин овогт Мөнхцэцэгийн Мөнх-Эрдэнэ /РД:УП96081631/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА