| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0206/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/222 |
| Огноо | 2021-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,
улсын яллагч Л.Э,
хохирогч О.Б,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125002300255 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар;
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 16-1647 тоотод хамтран амьдрагч О.Б-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
хохирогч О.Б мэдүүлэхдээ “...гомдол, саналгүй.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч О.Б-гийн “...Тухайн өдөр оройн...23 цаг өнгөрч байхад Г, Б тэр хоёр гэрт орж ирсэн, орж ирэнгүүт нь би “гар утсаа авахгүй юм, тог тасарчихаад байхад” гээд би Б руу уурлаж урдаас нь 2-3 удаа цохисон. Б миний урдаас...“найз нөхөдтэйгөө уулзаад явж болдоггүй юм уу.” гэж уурлаад намайг зодсон. Намайг гараараа цохисон эхлээд баруун нүд рүү маань гараа зангидаж байгаад нэг удаа, дараа нь хамар луу нэг удаа цохисон, миний хамар хугарч нүд хавдсан байсан. Биеийн зарим жижиг хэсэг газарт хөхөрчихсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-30/,
гэрч Э.Г-ийн “...Б-гийн хашаанд машиныхаа өндөрлөгөөг будах гэж очсон. Б бид хоёр машины өндөрлөгөө будаж байхдаа 3 том 2.5 литр пиво уусан, дахиад пиво авах гээд дэлгүүр орох замаараа найз охинтойгоо уулзаад нэг пиво уучихаад буцаад Б-гийн гэрт нь яваад очтол эхнэр нь “гэрийн тог тасарчихсан харанхуйд хүүхэд бид хоёрыг орхиод явчихлаа” гээд Бг цохиж аваад байсан, Б, Б хоёр хэрүүл хийж байгаад гэнэт Б Б-гийн нүүр лүү нь цохиод нэг өшиглөж байсан, Б шууд цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-24/,
яллагдагч Б.Б-гийн “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байсан манай найз Г бид хоёр 3 том 2.5 литр пиво ууж байгаад орой 21 цагийн үед дахиж пиво авах гээд найзын хамт гэрээсээ гарсан, явж байтал Г “найз охинтойгоо уулзана” гээд дэлгүүрээс нэг том пиво аваад найз охин нь бид гурав юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад Г бид хоёр манай гэр лүү очсон юм. Гэрт ороод эхнэртээ “Г-ийн найз охинтой нь уулзаад ирлээ” гэж хэлтэл эхнэр маань уурлаад “худлаа яриад бай” гээд намайг цохиод байсан. Тэр үед миний уур хүрээд эхнэр О.Б-г зодчихсон юм.” гэсэн мэдүүлэг /хх-26/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,
аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-9-10/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-ийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай “...1.О.Б-гийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимны салст, нүүр, баруун хөх, баруун гарын бугалга, гуянд олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-19-20/,
Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/,
яллагдагч Б.Б-гийн “...миний бие 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хэрүүл маргаан хийж эхнэртэйгээ муудалцсан. Одоогоор эхнэрийн бие хэвийн сайн байгаа бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 16-1647 тоотод хамтран амьдрагч О.Б-гийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О.Б-гийн “...Б миний урдаас...“би найз нөхөдтэйгөө уулзаад явж болдоггүй юм уу.” гэж уурлаад намайг зодсон. Намайг гараараа цохисон эхлээд баруун нүд рүү маань гараа зангидаж байгаад нэг удаа, дараа нь хамар луу маань нэг удаа цохисон. Миний хамар хугарч нүд хавдсан байсан, биеийн зарим жижиг хэсэг газарт хөхөрчихсөн байсан.” гэх,
гэрч Э.Г-ийн “...Б, Б хоёр хэрүүл хийж байгаад гэнэт Б Б-гийн нүүр лүү нь цохиод нэг өшиглөж байсан тэгээд Б шууд цагдаа дуудсан.” гэх,
яллагдагч Б.Б-гийн “...Гэрт ороод эхнэрт “Г-ийн найз охинтой нь уулзаад ирлээ” гэж хэлтэл эхнэр “уурлаад худлаа яриад бай” гээд намайг цохиод байсан. Тэр үед миний уур хүрээд эхнэр О.Б-г зодчихсон юм.” гэх мэдүүлгүүдээр,
мөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч О.Б-гийн “миний зүгээс гаргах ямар нэгэн санал, хүсэлт байхгүй,” гэсэн мэдүүлэг хэргийн 30 дугаар талд, мөн “миний бие хэвийн байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт хэргийн 57 дугаар талд тус тус авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүх шүүгдэгч Б.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 100.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ