Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,

улсын яллагч Б.Э,

шүүгдэгч О.Е, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт О.Е-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125002230252 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, О.Е,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч О.Е нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1824ОРХ улсын дугаартай, Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг Пирамид худалдааны төвийн хойд талын авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас иргэн Н.Э-г явган хүний гарцаар гарч явахад нь дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгч О.Е мэдүүлэхдээ; “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, би өмнө нь үнэн зөв мэдүүлсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн эмчилгээний зардалд 1.856.000 төгрөг төлсөн, мөн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин шилжүүлэн өгсөн.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.Э-гийн “...Хаан банкны АТМ орчихоод Пирамидаас хойш зам гарч байсан, тэгээд юу болсон гэдгийг санахгүй байна, эмнэлэгт сэрсэн. ...Намайг мөргөсөн гэх залуу миний эмчилгээний мөнгө зардлыг тухай бүрд нь гаргаж өгч байгаа, цаашид шаардлагатай эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-27/,

гэрч С.Б-ний “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад Туулын хамт ажлаа тарчихаад гэртээ харих гээд явж байсан юм. ...бид хоёр “Мэнд-Амар” худалдааны төвийн зүүн тал буюу хуучин Төрийн банкны баруун талын явган хүний гарцаар урагшаа зам хөндлөн гарах гээд явж байтал замын урд талаас нэг эрэгтэй хүн зам гарах гээд зогсож байсан. Тэгтэл гэнэт чанга чимээ гарсан бөгөөд хартал нөгөө зам гарах гэж байсан ах машинд дайруулаад газар унаж байсан, ...би сандраад өөрийнхөө дугаараас 7035102 дугаар луу залгаж цагдаа дуудсан. Тэгтэл тухайн хүнийг мөргөсөн хөх өнгийн Тоёота приус маркийн машины жолооч махлагдуу, эрээн футболкатай залуу бууж ирээд нөгөө дайруулсан хүн дээр очсон, удалгүй замын цагдаа ирээд бид хоёр яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,

гэрч Б.М-ын “...Билгүүн эгч бид хоёр барагцаагаар 22 цаг өнгөрч байхад харих гээд “Пирамид” төвийн арын явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй гарах гээд явсан юм. Тэгээд бид хоёрыг дөнгөж явган хүний гарц руу ортол чанга чимээ гарсан бөгөөд нэг хүн газар өнхөрч байсан. Тэгтэл хөх өнгийн Тоёота приус-30 маркийн машин зогссон бөгөөд жолооч талаас нь эрээн өнгийн богино ханцуйтай срочкон цамцтай, өндөр, шар царайтай, махлагдуу залуу бууж ирсэн, тэр залуу утсаар яриад байсан бөгөөд Билгүүн эгч утсаараа цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-32-33/,

яллагдагч О.Е-ийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийнхөө 18-24ОРХ улсын дугаартай, Тоёота Приус-30 машинаараа хорооллын эцсийн “Чигэстэй” дэлгүүрийн гаднаас Орхонтунгалагийг авсан, энэ үед 22 цаг 36 минут болж байсан,  Орхонтунгалагийг 4-22 дугаар байр луу хүргэж өгөх гээд төв замаар явж байтал “Пирамид” төвийн орчимд миний өөдөөс машин зөрөөд өнгөртөл машины урд салхины шилний зүүн урд хэсэг нь хагараад ороод ирсэн. Тэгэхээр нь би шууд машинаа зогсоогоод буугаад хартал миний машины хойно бараан хувцастай, эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан бөгөөд түүний толгойноос цус гарч байсан. Тэгээд би түргэн рүү шууд залгасан бөгөөд энэ үед 22 цаг 42 минут болж байсан. ...Хохирогчийн эмчилгээг цаг тухайд нь хийлгүүлж, шаардлагатай эм, тариаг бүгдийг нь авч өгч уулзаж байгаа, ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна, цаашид хохирогчийн биеийн байдалд анхаарал тавина.” гэсэн мэдүүлэг /хх-36, 182/,

гэрч С.О-ийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад Наран багт байрлах “Чигэстэй” дэлгүүрээс гарч найз Е-ийтэй уулзсан, над руу “ирчихлээ” гэж залгасан, энэ үед 22 цаг 36 минут болж байсан. Тухайн үед Еий өөрийнхөө 18-24ОРХ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машинтайгаа ганцаараа ирсэн, би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж, намайг гэрт хүргэж өгөх гээд “Мэнд-Амар” худалдааны төв өнгөрөөд явж байтал өөдөөс нэг цагаан машин зөрсөн, тэгэхэд манай машины шил хагарсан, шууд зогссон бөгөөд машинаас буугаад харахад машины хойно нэг эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Тэр хүн ухаангүй байсан бөгөөд түүний толгой, хүзүү орчмоос нь цус гарч байсан, Е-ий цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-39-40/,

гэрч Д.Т-ын “...2021 оны 6 дугаар сарын 30-ны орой би “Төгөл” худалдааны төвөөс өгсөөд “Пирамид” худалдааны төвийн гадаа тамхи ширхэгээр зардаг хоёр авгай дээр очоод хоёр ширхэг тамхи худалдаж авсан, зүс таних Тогтох бид хоёр “Пирамид” төвийн баруун захад  юм яриад тамхи татаад сууж байтал хороолол талаас буюу баруун талаас саарал болон хөх өнгийн Тоёота Приус 30 маркийн хоёр машин хурдтай ирсэн бөгөөд “түс” хийх дуу гарч явган хүний гарцын цагаан зураасан дээр нэг өрөөсөн гутал, тэр гутлаас зүүн тийшээ буюу “Төгөл” худалдааны төв тал руу нөгөө өрөөсөн гутал нь байсан...барагцаагаар 5-6 метр зайд нэг эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-45-47/,

гэрч Ж.Ц-гийн “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад би Н-гийн хамт наймаагаа хийгээд сууж байтал “тас, няс” хийх чанга чимээ гарахаар нь би босоод хартал автозамын голд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр дайруулсан хүний зүүн талд хөх өнгийн жижиг суудлын машин зогсож байсан бөгөөд дотроос нь нэг нь махлагдуу, цоохор цамцтай залуу, нөгөөх нь хар куртиктэй жижиг биетэй залуу нар бууж ирээд нөгөө дайрагдсан хүн дээр очсон. Хүмүүс тэр машиныг Приус-30 маркийн машин байна гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-52-53/,

гэрч Ж.Б-ын “... Энэ өдөр 22 цаг нэлээн өнгөрсөн байсан санаж байна, ...явган хүний гарцаар нэлээн удаан явдалтай, эрэгтэй хүн зам гараад ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан чинь баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байса, цэнхэр өнгийн Приус-30 маркийн машин маш хурдтай явж харагдсан, тэгээд тоормос гишгэх шиг чимээ гартал гарцаар гарч явсан эрэгтэйг дайраад тэр эрэгтэй машиных нь хойд талд шидэгдээд унасан.” гэсэн мэдүүлэг /хх-55/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-ийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 398 дугаартай “...1.Н.Э-гийн биед хавсарсан гэмтэл: Хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал язрал, нарийн гэдэсний хэсэг газрын тэжээлгүйдэл, хэвлийн арын хананы няцрал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, гавал тархины битүү гэмтэл: Тархины эдийн цусархаг няцрал, тархины ховдол дотор цус хуралт, цээжний битүү гэмтэл: Зүүн уушгины коллапс, цээжний зүүн хөндий дэх агаар хуримтлал, баруун шагайн үений гадна дотор хавчаар ясны хугарал, аарцаг ясны зүүн талд умдаг болон суудал ясны хугарал, хуйханд няцарсан шарх, хуйхан доор цусан хураа, нүүр, 2 тавхайд олон тооны зулгаралт, эрүүний доор няцарсан шарх, хуухнагт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлүүд нь хэрэг болсон гэж цаг хугацаанд үүссэн байж болно. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарнулна. 5.Хэвлийн битүү гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, цээжний битүү гэмтэл тус бүрдээ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны хугарал, аарцаг ясны зүүн талд умдаг болон суудал ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.” гэсэн дүгнэлт /хх-63-65/,

С.Б-ний “зам тээврийн осол болчихлоо.” гэсэн мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Пирамид” худалдааны төвийн хойд талын авто зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-11/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-12-13/,

“Bozzolo” худалдааны төвийн хяналтын камерын төхөөрөмжөөс хуулбарлан авсан цагаан өнгийн, дээр нь “зам пирамид” гэж бичсэн дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-21/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-22-24/,

О.Е эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-111/, түүний хувийн баримтууд /хх-112-123/,

Хохирлын баримт /хх-124-160, 207-219, 225-229/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс болон гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч О.Е нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1824ОРХ улсын дугаартай, Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг “Пирамид” худалдааны төвийн хойд талын авто зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас иргэн Н.Э-г явган хүний гарцаар гарч явахад нь дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч О.Е-н шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Н.Э-гийн “...Хаан банкны АТМ орчихоод Пирамидаас хойш зам гарч байсан, тэгээд юу болсон гэдгийг санахгүй байна, эмнэлэгт сэрсэн. ...Намайг мөргөсөн гэх залуу миний эмчилгээний мөнгө зардлыг тухай бүрд нь гаргаж өгч байгаа.” гэх,

гэрч С.Б-ний “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад...гэнэт чанга чимээ гарсан бөгөөд хартал нөгөө зам гарах гэж байсан ах машинд дайруулаад газар унаж байсан.” гэх,

гэрч Б.М-ын “...чанга чимээ гарсан бөгөөд нэг хүн газар өнхөрч байсан. Тэгтэл хөх өнгийн Тоёота приус-30 маркийн машин зогссон бөгөөд жолооч талаас нь эрээн өнгийн богино ханцуйтай срочкон цамцтай, өндөр, шар царайтай, махлагдуу залуу бууж ирсэн.” гэх,

гэрч С.О-гийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад...Е-ий өөрийнхөө 18-24ОРХ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машинтайгаа ганцаараа ирсэн, би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж, намайг гэрт хүргэж өгөх гээд “Мэнд-Амар” худалдааны төв өнгөрөөд явж байтал өөдөөс нэг цагаан машин зөрсөн, тэгэхэд манай машины шил хагарсан, шууд зогссон бөгөөд машинаас буугаад харахад машины хойно нэг эрэгтэй хүн газар хэвтэж байсан.” гэх,

гэрч Д.Т-ын “...хороолол талаас буюу баруун талаас саарал болон хөх өнгийн Тоёота Приус 30 маркийн хоёр машин хурдтай ирсэн бөгөөд “түс” хийх дуу гарч явган хүний гарцын цагаан зураасан дээр нэг өрөөсөн гутал, тэр гутлаас зүүн тийшээ буюу “Төгөл” худалдааны төв тал руу нөгөө өрөөсөн гутал нь байсан...барагцаагаар 5-6 метр зайд нэг эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан.” гэх,

гэрч Ж.Ц-ийн “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би Нямдаваагийн хамт наймаагаа хийгээд сууж байтал “тас, няс” хийх чанга чимээ гарахаар нь би босоод хартал автозамын голд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан.” гэх,

гэрч Ж.Б-ын “...энэ өдөр 22 цаг нэлээн өнгөрсөн байсан...цэнхэр өнгийн Приус-30 маркийн машин маш хурдтай явж харагдсан, тэгээд тоормос гишгэх шиг чимээ гартал гарцаар гарч явсан эрэгтэйг дайраад тэр эрэгтэй машиных нь хойд талд шидэгдээд унасан.” гэх мэдүүлгүүдээр, мөн

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 398 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт,

иргэн С.Б-ний “зам тээврийн осол болчихлоо.” гэсэн мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Пирамид” худалдааны төвийн хойд талын авто зам дээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, “Bozzolo” худалдааны төвийн хяналтын камерын төхөөрөмжөөс хуулбарлан авсан цагаан өнгийн, дээр нь “зам пирамид” гэж бичсэн дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Е шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч О.Е-н үйлдэл нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч О.Е-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт О.Е-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас Н.Э-г явган хүний гарцаар гарч явахад нь дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч нь гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчийн эмчилгээний зардалд 1.853.600 төгрөгийг төлж барагдуулснаас гадна 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөгийн үнэ бүхий “Nissan Serena” загварын  автомашиныг хохирогчид шилжүүлэн өгсөн баримтыг,

хохирогч Н.Э нь “хохиролд /цаашид гарах эм тариа,эмчилгээний зардал болон Н.Н-ын хохирогчийг асарсан хугацааны нөхөн төлбөр/ бүрэн тооцож, 17-65ОРО улсын дугаартай автомашин хүлээн авлаа, цаашид О.Е-гээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, түүнийг цаашид үргэлжлүүлэн сурах боломжийг олгож өгөхийг хүсэж байна.” гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

Иймээс шүүгдэгч О.Е-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч О.Е-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ен тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь ОХУ-ын Москвагийн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор сургуульдаа очих тул тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг шүүх өөрийн эрх хэмжээний дотор шийдвэрлэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн байдлыг харгалзан түүнийг ялаас чөлөөлж сургуульдаа суралцах боломжоор хангаж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол, төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүх, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялын төрөл хэмжээний талаарх санал, дүгнэлт, түүний хувийн байдал болон ОХУ-ын Москвагийн их сургуульд суралцдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан журмын дагуу түүнийг хорих ял эдлэхээс чөлөөлж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчид 1.853.600 төгрөгийг төлж барагдуулснаас гадна 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэн өгсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудлын талаар;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож “Bozzolo” худалдааны төвийн хяналтын камерын төхөөрөмжөөс хуулбарлан авсан цагаан өнгийн, дээр нь “зам пирамид” гэж бичсэн сидиг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн болон хохирогчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 667 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.Е-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамжийн энэ заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Е-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч О.Е-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг эдлэхээс шүүгдэгч О.Е-г чөлөөлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч О.Е-д Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 667 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч О.Е-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В” ангиллын 1364218 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож “Bozzolo” худалдааны төвийн хяналтын камерын төхөөрөмжөөс хуулбарлан авсан цагаан өнгийн, дээр нь “зам пирамид” гэж бичсэн сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн болон хохирогчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХТУНГАЛАГ