Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/133

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Г.Э

Хохирогч С.З

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Н, О.С

Шүүгдэгч Я.Ц-О, Т.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ц-О, Т.Г Ч.П нарт холбогдох эрүүгийн 2025000180122 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Я.Ц-О, /

2. Т.Г,

 

 3. Ч.П, /

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Я.Ц-О, Т.Г, Ч.П нар нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр бүлэглэн өөрсдийгөө ээж хүү төрөл садангийн холбоотой хүмүүс гэж худал хэлж Т.Гийн цалингийн зээлийг чөлөөлүүлээд дахин зээл авч мөнгийг чинь төлж барагдуулна гэж итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Згаас 12 500 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Ц-О, Т.Г, Ч.П нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Ц-О мэдүүлэхдээ “С.Зд дүүгийнхээ цалингийн зээлийг хаагаад дахин зээл авах гэж байгаа юм гэж хэлэхэд дүүгээ дагуулаад ир гэсэн. Тиймээс би Т.Гийг дагуулж очсон. Т.Г хэдэн төгрөг авсныг мэдээгүй. Ч.П, Т.Г нар бие биеэ танихгүй. Ч.П манай нагац эгч. Би хоёр нялх хүүхэдтэйгээ амьдардаг, цалин багатай, өр зээл ихтэй тул ялыг маань хөнгөлж өгнө үү. Залилан хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ “Би Я.Ц-О-той 10 гаран жил хамт ажиллаж байна. Тухайн үед түүнд итгэж тус болох гэж ийм үйлдэл хийсэн. Ч.Пг сайн танихгүй Я.Ц-О надад чи энэ хүний хүүхэд гээд хэлчих гэхээр нь хэлсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.З мэдүүлэхдээ “2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Я.Ц-О нь өөрийн эгч болох Ч.П, түүний дүү Т.Г гэх хүмүүстэй ирсэн. Я.Ц-О нь надаас мөнгө зээлээч гээд хэд хоногийн өмнөөс гуйгаад байсан. Мөнгө өгөх боломжгүй гэхэд Т.Г гэх дүүгийнхээ цалингийн зээлийг авхуулсан гэтэл би цалингийн зээлтэй учир надад хүндрэлтэй байгаа тул өөрийнхөө зээлийг хаах гэж байгаа юм гэж хэлсэн. Дараа нь танай гэрийн гадаа эгч дүү нартайгаа ирчихсэн байна гээд дуудсан. Тухайн үед би Т.Гоос Ч.Пг танай ээж мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. Я.Ц-Оын банкны батлан даагч нь мөн юм уу гэж асуухад мөн гэж хэлсэн. Би Я-Я.Ц-О зээлээ төлж чадахгүй бол та хоёр зээлийг нь төлнө шүү гэж анхааруулж хэлэхэд ойлгож байна гэж хэлж өөрсдийн хүсэлтээр хүсэлт бичиж өгсөн. Хэрвээ Я.Ц-О ганцаараа ирсэн бол зээл өгөхгүй байсан. Учир нь энэ хүн өр шир ихтэй байсан. Т.Г болон Ч.П нар ирж түлхэц болсон учраас би зээл олгосон. Тийм учраас Т.Г нь бүлэглэж залилан үйлдсэн. Я.Ц-О нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс өдийг хүртэл 1 жил гаруй хугацаанд 7 900 000 төгрөгийг увуулж цувуулж өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь өдий болтол өгөхгүй байгаад нь гомдолтой байна. Би 12 500 000 төгрөгийг би байрныхаа гэрчилгээг нөхөртөө хэлэлгүй барьцаанд тавьж зээл авч өгсөн. Одоо болтол миний хохирлыг төлж барагдуулахгүй байгаад нь маш их гомдолтой байгаа тул энэ хоёр хүнийг хуульд заасан журмын дагуу хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Я.Ц-О анх мөнгө авахдаа яах гэж авч байсан учир шалтгааныг Т.Г мэдэж байсан. Түүнээс ямар зорилгоор мөнгө авч байгааг мэдээгүй гэж үзэж болохгүй. Хүнийг залилахад тусалж хамтран оролцчихсон байж дараа нь хариуцлага хүлээлгэхээр би мэдээгүй байсан гэх тайлбар өгөх юм бол хүн бүр залилан хийх боломжтой. Т.Г, Ч.П нар нь хүсэлт бичиж өгч гол үүрэг гүйцэтгэсэн тул би Я.Ц-Оод мөнгө шилжүүлсэн. Түүнээс Я.Ц-О нь ганцаараа ирсэн бол би мөнгө өгөхгүй ийм нөхцөл байдал үүсэхгүй байх байсан. Тийм учраас Т.Гийг бүлэглэн залилан хийхэд хамжилцсан гэж үзэж байгаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.Згийн “2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Я.Ц-О над руу залгаад уулзъя гэж ярьсан. Уулзаад надад хэлэхдээ “Т.Г гэх дүүгийнхээ зээлийн батлан даагчаар орсон. Би зээл авах гэсэн чинь болохгүй байна. Т.Гийн зээлийг төлөөд батлан даагчаас нь гарчихвал би цалингийн зээл тултал нь аваад өрнөөсөө гарчихна” гэх зүйл ярьсан. Я.Ц-О өөрийнхөө болон Т.Г гэсэн хоёр ч зээлийн материал бүрдүүлчихсэн явсан болохоор нь итгээд 12 500 000 төгрөгийг Голомт банкны 401дугаартай данснаасаа шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Я.Ц-О надаас мөнгө авах гэж ирэхдээ Т.Г, Ч.П нарын хамт ирсэн. Т.Гийг Ч.Пгийн хүү гэж танилцуулж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7-р хуудас/

2. Яллагдагч Ч.Пгийн “Я.Ц-О над руу залгаад яаралтай хүрээд ир гэж дуудсан. Би Я.Ц-Отой уулзаад такси бариад хамтдаа 2 дугаар микрт очсон. Удаагүй хүүхэд тэвэрсэн эмэгтэй гарч ирээд Я.Ц-О, Т.Г тэр гурав нэг машинд сууцгаасан. Тэгээд 10 орчим минутын дараа гарч ирээд салаад явцгаасан. Би орцны саравчин дор зогсож байсан болохоор юу ярьсан талаар нь мэдэхгүй байна. Я.Ц-Оыг С.Згаас мөнгө зээлсэн гэдгийг хэд хоногийн дараа мэдсэн. Т.Г гэх хүнийг би танихгүй. Эрүүгийн 2025000180122 дугаартай хавтаст хэргийн материалын 0157-р гар бичмэл нь миний бичсэн бичмэл мөн. Би энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй. Намайг Я.Ц-О ингэж бич гэж найруулж өгсөнийх нь дагуу би энэ гар бичмэлийг бичиж гарын үсэг зурсан. Би яг ямар учир утгатай зүйл гэдгийг сайн мэдэхгүй байан” гэсэн мэдүүлэг.

3. Яллагдагч Т.Гийн “2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Я.Ц-О над руу залгаад хүнээс мөнгө зээлэх гэж байгаа юм, чиний ажлын байрны болон цалингийн тодорхойлолт хэрэгтэй байна. Ганц удаа тусалчих гээд байхаар нь ажилаасаа тодорхойлолт аваад Я.Ц-О болон нэг настай эмэгтэйгийн хамт 2 дугаар микрт очсон. Удалгүй мөнгө зээлдүүлж байгаа эмэгтэй гэрээсээ гарч ирсэн. Я.Ц-О бид нар тэр эмэгтэйгийн машинд суугаад би ажлын байрны болон цалингийн тодорхойлолтоо өгсөн. Тэгээд би нээх удалгүй түрүүлээд яваад өгсөн. Ямар ч байсан Я.Ц-Оыг тэр эмэгтэйгээс мөнгө зээлэхийг нь мэдсэн. Намайг явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би хаан банкнаас 2018 оны 8 дугаар сард зээл авч байсан. Миний зээлийн батлан даагчаар Тоот гэх миний төрсөн эцэг орж байсан. Я.Ц-О миний зээлийн батлан даагчаар ороогүй, миний зээлийн үлдэгдлийг төлөөгүй. Миний нэрийг барьж худал хуурмаг зүйл хийсэн байна. Би Я.Ц-Ооос мөнгө аваагүй. Эрүүгийн хэргийн материалын 0156-р хуудсан дахь гар бичмэл миний бичсэн гар бичмэл мөн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Я.Ц-О нь С.Зтай уулзахаас өмнө би зээл авах гээд байгаа юм, та надад миний дүү болоод зээлийн батлан даагчаар ороод өгөөч, гараараа хүсэлт бичээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би түүнд туслаад түүний хэлснээр нь бичээд өгчихсөн юм. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, Я.Ц-О зээлсэн мөнгөнөөс нь мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, ажлын хажуугаар өөрч хамааралгүй хэрэг дээр дуудагдаад байх хэцүү байна.  Тухайн үед Я.Ц-О сүүлд нь ямар ч асуудал гаргахгүй гээд гуйгаад байсан, нэг газарт ажилладаг учраас тусалсан төдий л юм” гэсэн мэдүүлэг.

4. Голомт банкны 4015дугаартай харилцах дансны 2019 оны 12 сарын 3-ны өдрийн 12 500 000 төгрөгийн орлогын хуулга. / хх-44-р хуудас/

 

5. Яллагдагч Я.Ц-Оын “С.Згаас 12 500 000 төгрөгийг зээлж аваад 6 000 000 төгрөгөөр нь Т.Гийн зээл хаасан гэж худлаа худлаа ярьсан юм. 6500000 төгрөгийг урд нь өртэй байсан, Энхчимэг гэх хүнд өгч өрөө төлсөн. Баяртай гэх хүнд бас өглөгтэй байсан. Түүнд 3 800 000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь ахуйн хэрэгцээндээ хэрэглээд дуусгасан юм. Т.Гийг Хаан банкнаас зээл авч байхад нь зээлийн батлан даагчаар орсон гэж бас худлаа ярьсан. С.Згаас мөнгө зээлэхдээ Т.Гийн зээлийг чөлөөлөн, буцаагаад зээл аваад өгчихнө гэж бас л худлаа ярьсан. Өмнө нь мөнгө зээлсэн 2 эмэгтэй надаас мөнгөө байн байн нэхээд байхаар нь тэр хоёрын өрийг дарах гэж л худлаа ярьж С.Згаас мөнгө авсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 105-106-р хуудас/

6. “Бишрэлт заяа” ХХК-д яллагдагч Ч.П, Т.Г нарын бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 156-157-р хуудас/, Ч.Пгийн нас барсан тухай баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Я.Ц-О, Т.Г нар нь бүлэглэн Т.Гийн цалингийн зээлийг нь барагдуулж дахин зээлийн батлан даагчаар орсон Я.Ц-Оыг чөлөөлөөд, Я.Ц-О нь дахин зээл нэмж аваад буцаагаад зээлсэн мөнгө өгнө гэж итгэл төрүүлэн, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.Згаас 12 500 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд Ч.П, Т.Г нарын хохирогч С.Зд бичиж өгсөн хүсэлт, Голомт банкны дансны хуулга, шүүгдэгч Т.Г, Я.Ц-Оын нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар магадлан тогтоогдож байх шүүгдэгч Я.Ц-О, Т.Г, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Ч.Пг нас барсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Ч.Пгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. 1 000 000 төгрөгийн баримт эргэлзээтэй байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан баримт болох Хаан банкны дардас тэмдэгтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. Иймд үлдэгдэл 3 600 000 төгрөгийг шүүгдэгч Я.Ц-О, Т.Г нараас гаргуулах саналтай байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Ц-О, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож байгаа учраас ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдлыг хувьд шүүгдэгч Я.Ц-О, Т.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэж залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үндэслэлээр ял хүндрүүлэх нөхцөл байдал үүсэж байна. Шүүгдэгч Т.Гийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх үндэслэл байна. Шүүгдэгч Я.Ц-Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас 12 500 000 төгрөгийн хохирол учирч үүнээс 9 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 3 500 000 төгрөгийг шүүгдэгч Я.Ц-Ооос гаргуулж хохирогч С.Зд олгуулах саналтай байна. Шүүгдэгч Т.Г нь 13 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.” гэв.

 

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Д.Н дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгчийн хувьд Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Залилах гэмт хэргийн гол шинж нь хүсэл зориг гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлтэй байдаг. Бусдын эд хөрөнгийг эзэмших захиран зарцуулах эрхийг шаарддаг мөн уг зүйлийг хийснээр залилах гэмт хэрэг төгс үйлдэгддэг. Т.Гийн хувьд шунахайн сэдэл болон шууд санаатай үйлдэл байхгүй тул гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Харин Т.Г нь Я.Ц-Отой хамт ажилладаг хүний хувьд зээл авахад туслах санаатай байсан. Түүнээс хууран мэхэлж мөнгө авах санаагүй байсан тул шунахайн сэдэлгүй юм. Шунахайн сэдэлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 13-р талд Т.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Я.Ц-Оын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Ч.Пгийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Залилах гэмт хэрэгт үйлдэхэд бусдын эд хөрөнгийг хэрхэн залилж авах тухай өөрийн ухамсартаа урьдчилаад бий болгож, учрах хор уршгийг мэдсээр байж үйлддэг. Т.Гийн хувьд ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, зээл чөлөөлөх тухай бичиг бичиж өгснөөр өөртөө ямар нэгэн ашигтай байдал бий болгоогүй. Ирээдүйд үүсэх хор уршгийг тухайн үед мэдээгүй. Учир нь Я.Ц-Оыг хүнээс мөнгө зээлж аваад төлөхгүй ийм байдал бий болохыг мэдээгүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Ийм учраас Т.Гийг Я.Ц-Отой тохиролцож энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Т.Гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүйд тооцож мөн хуулийн 44.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Т.Гийг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Т.Гийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа тул эрүүгийн хариуцлагын хуралдаан дээр тусгайлан гаргах саналгүй байна. Давж заалдах шатны гомдол гаргана” гэв.

 

Шүүгдэгч Я.Ц-Оын өмгөөлөгч О.С дүгнэлтдээ: “Я.Ц-О нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.Згаас 12 500 000 төгрөгийн зээл авахдаа Т.Гийн зээлийг хааж батлан даагчаар оруулан өөрийн нэр дээрээ дахин зээл аваад мөнгийг нь эргүүлэн төлнө гэж хэлсэн боловч зээл гарах боломжгүй нөхцөл байдал үүссэнээр С.Згаас авсан мөнгөө хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй. Я.Ц-О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн тал дээр тусгайлан гаргах санал байхгүй. Эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч Я.Ц-О нь мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ гэмт хэргийн улмаас 12 500 000 төгрөг учирснаас 9 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3 500 000 төгрөгийг яаж ийж байгаад төлнө гэх байр сууриа илэрхийлж оролцсон. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Ц-Оод 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж харин Т.Г дээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Я.Ц-Оыг гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан мөн Я.Ц-О нь анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлэх гэж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Ц-Оын хувийн байдлын тухай өрх толгойлсон насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт амьдардаг. 209 оноос эхлэн Эрдэнэ үйлдвэр ТӨҮГ-н аж ахуйн хэсэгт үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Сарын 1 200 000 төгрөгийн цалинтай уг цалингаараа гурван ам бүлээ тэжээдэг тул хувийн байдлыг нь мөн харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 4 төрлийн сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэг юм. С.Зд учирсан 12 500 000 төгрөгийг бөөнд нь төлөх боломжгүй байсан тул 9 000 000 төгрөгийг өөрийнхөө чадах хэмжээгээр увуулж цувуулан төлсөн. Хохирлыг төлж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл бий болж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байдаг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж байх тул Я.Ц-Оод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх үндэслэл байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тиймээс шүүгдэгч Я.Ц-Оын хохирлоо төлсөн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн доод хэмжээний хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Згийн “2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Я.Ц-О над руу залгаад уулзъя гэж ярьсан. Уулзаад надад хэлэхдээ Т.Г гэх дүүгийнхээ зээлийн батлан даагчаар орсон. Би зээл авах гэсэн чинь болохгүй байна. Т.Гийн зээлийг төлөөд батлан даагчаас нь гарчихвал би цалингийн зээл тултал нь аваад өрнөөсөө гарчихна гэх зүйл ярьсан. Я.Ц-О өөрийнхөө болон Т.Г гэсэн хоёр ч зээлийн материал бүрдүүлчихсэн явсан болохоор нь итгээд 12 500 000 төгрөгийг Голомт банкны 4015006248 дугаартай данснаасаа шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Я.Ц-О надаас мөнгө авах гэж ирэхдээ Т.Г, Ч.П нарын хамт ирсэн. Т.Гийг Ч.Пгийн хүү гэж танилцуулж байсан” гэсэн мэдүүлэг, яллагдагч Ч.Пгийн “Я.Ц-О над руу залгаад яаралтай хүрээд ир гэж дуудсан. Би Я.Ц-Отой уулзаад такси бариад хамтдаа 2 дугаар микрт очсон. Удаагүй хүүхэд тэвэрсэн эмэгтэй гарч ирээд Я.Ц-О, Т.Г тэр гурав нэг машинд сууцгаасан. Тэгээд 10 орчим минутын дараа гарч ирээд салаад явцгаасан. Би орцны саравчин дор зогсож байсан болохоор юу ярьсан талаар нь мэдэхгүй байна. Я.Ц-Оыг С.Згаас мөнгө зээлсэн гэдгийг хэд хоногийн дараа мэдсэн. Т.Г гэх хүнийг би танихгүй. Хэргийн материалд байгаа гар бичмэл нь миний бичсэн бичмэл мөн. Би энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй. Намайг Я.Ц-О ингэж бич гэж найруулж өгсөнийх нь дагуу би энэ гар бичмэлийг бичиж гарын үсэг зурсан. Би яг ямар учир утгатай зүйл гэдгийг сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, яллагдагч Т.Гийн “2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Я.Ц-О над руу залгаад хүнээс мөнгө зээлэх гэж байгаа юм, чиний ажлын байрны болон цалингийн тодорхойлолт хэрэгтэй байна. Ганц удаа тусалчих гээд байхаар нь ажилаасаа тодорхойлолт аваад Я.Ц-О болон нэг настай эмэгтэйгийн хамт 2 дугаар микрт очсон. Удалгүй мөнгө зээлдүүлж байгаа эмэгтэй гэрээсээ гарч ирсэн. Я.Ц-О бид нар тэр эмэгтэйгийн машинд суугаад би ажлын байрны болон цалингийн тодорхойлолтоо өгсөн. Тэгээд би нээх удалгүй түрүүлээд яваад өгсөн. Ямар ч байсан Я.Ц-Оыг тэр эмэгтэйгээс мөнгө зээлэхийг нь мэдсэн. Намайг явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би хаан банкнаас 2018 оны 8 дугаар сард зээл авч байсан. Миний зээлийн батлан даагчаар Тоот гэх миний төрсөн эцэг орж байсан. Я.Ц-О миний зээлийн батлан даагчаар ороогүй, миний зээлийн үлдэгдлийг төлөөгүй. Миний нэрийг барьж худал хуурмаг зүйл хийсэн байна. Би Я.Ц-Ооос мөнгө аваагүй. Хэргийн материалд байгаа гар бичмэл миний бичсэн гар бичмэл мөн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Я.Ц-О нь С.Зтай уулзахаас өмнө би зээл авах гээд байгаа юм, та надад миний дүү болоод зээлийн батлан даагчаар ороод өгөөч, гараараа хүсэлт бичээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би түүнд туслаад түүний хэлснээр нь бичээд өгчихсөн юм. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, Я.Ц-О зээлсэн мөнгөнөөс нь мөнгө төгрөг авсан зүйл байхгүй.  Тухайн үед Я.Ц-О сүүлд нь ямар ч асуудал гаргахгүй гээд гуйгаад байсан, нэг газарт ажилладаг учраас тусалсан төдий л юм” гэсэн мэдүүлэг, Голомт банкны 401дугаартай харилцах дансны 2019 оны 12 сарын 3-ны өдрийн 12 500 000 төгрөгийн орлогын хуулга, “Бишрэлт заяа” ХХК-д яллагдагч Ч.П, Т.Г нарын бичгээр гаргасан хүсэлтүүд, шүүгдэгч Я.Ц-О. Т.Г, Ч.П нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Я.Ц-О, Т.Г, Ч.П нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр С.Згаас мөнгө авах зорилгоор “зээл чөлөөлөөд мөнгийг чинь буцааж өгнө, Т.Г нь Ч.Пгийн хүүхэд гэх зэргээр худал хэлж, хуурамч баталгаа гарган итгэл төрүүлж, 12 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Я.Ц-О. Т.Г, Ч.П нарын үйлдэл нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, бусдыг илтэд хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгө залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Я.Ц-О. Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Ч.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Т.Г нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Цэгмид-Од бусдыг залилах гэж байгааг мэдээгүй. Хэдэн төгрөг авсныг мэдэхгүй, би энэ хэрэгт хамааралгүй” гэж мэдүүлж байгаа боловч Т.Г, Ч.П нар нь урьдчилан амлаж санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хохирогчид илтэд худал хэлж, итгэл төрүүлэн гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Ц-О. Т.Г нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохиролын хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нийт хугацааг шүүхээс тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд сар бүр ямар хэмжээгээр төлүүлэхийг шүүгдэгч нарын цалин орлого, эд хөрөнгийн байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тогтоон төлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Т.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжээр  тооцон торгох ялаас хасах нь зүйтэй.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

            Гэмт хэргийн улмаас С.Зд 12 500 000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд хохирогч 7 900 000 төгрөг буцаан төлсөн гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9 сая төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Шүүгдэгч Я.Ц-О нь “Т.Г мөнгө аваагүй. Би авсан. Хохирлыг төлнө гэж байх тул төлөгдөөгүй хохирол болох 3 500 000 төгрөгийг Я.Цэгмид-Одоос гаргуулан хохирогч С.Зд олгохоор шийдвэрлэв.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Цэгмид-Од нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Я.Ц-Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-Оийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 000 000  /таван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 000 000  /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 13 хоногийг торгох ялын 195 нэгжээр тооцон хасч эдлэх ялыг 1805 нэгж буюу 1 805 000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-Оод оногдуулсан 5 000 000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Т.Гт оногдуулсан 1 805 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ц-О, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-Ооос 3 500 000 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2- тоотод оршин суух С.З  д олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч Я.Ц-О цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС