| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01175/И |
| Дугаар | 1552 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 1552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 16-45 тоотод оршин суух, Батжаргал овогт Цолмонгийн Гэрэлт-Од /ЧЙ72030600/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2/А-60 тоотод оршин суух, Тайжууд овогт Шажингийн Баяржаргал /РД:ЧР76050164/-д холбогдох
22,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Гэрэлт-Од нь Ш.Баяржаргалтай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээг бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ш.Баяржаргал зээлийн төлбөрөө төлөлгүй өдрийг хүрч байна. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлж дуусгасан байна гэж заасан боловч 3 сарын хүү 2,160,000 төгрөгөөс 260,000 төгрөг дутуу төлсөн байна. Үндсэн зээл болон хүүнд 15,260,000 төгрөг, алданги 7,630,000 төгрөг нийт 22,890,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од нь хариуцагч Ш.Баяржаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 18-ний өдөр “Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэлд нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гардуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх хариу тайлбараа шүүх хуралдаан хүртэл ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх ба шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сарын 4,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна /хх-ийн 4 дэх тал/.
Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од нь хариуцагч Ш.Баяржаргалаас зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь “хариуцагч Ш.Баяржаргал нь үндсэн зээл 15,000,000 төгрөгийн 3 сарын хүүнд /1сар 720,000/ 2,160,000 төгрөг төлөх ёстойгоос 260,000 төгрөг дутуу төлсөн, үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөгнөөс огт төлөөгүй тул хариуцагчийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг нь 15,260,000 төгрөг болсон гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэхгүй байх тул хариуцагч Ш.Баяржаргал нь нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одод үндсэн зээлийн төлбөрт болон хүүнд нийт 15,260,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж, түүний нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар хуульчилсан.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 15,260,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлөх үүрэгтэй байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр тооцвол зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 105 хоногоор хэтрүүлсэн гэж үзнэ.
Хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлөх нийт үүрэг болох 15,260,000 төгрөгний 1 хоногийн алданги нь 76,300 төгрөг ба нийт хугацаа хэтрүүлсэн хоног болох 105 хоногоор тооцвол 8,011,500 төгрөг, үүнийг нийт гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцвол алдангид 7,630,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ш.Баяржаргалаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг, хүүнд 260,000 төгрөг, алдангид 7,630,000 төгрөг, нийт 22,890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гэрэлд-Одод олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Баяржаргалаас зээлийн гэрээний үүрэгт 22,890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одод олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баяржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 272,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА