Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1590

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

              хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед оффис 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Номин Юнион” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол 2-217 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 16- тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинбазарын Фониадорж /РД:ЧР87072775/-д холбогдох,

3,631,707 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Номин Юнион” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Д.Фониадорж нь 2014 оны 8 дүгээр сарын 30-ны өдөр “Номин Юнион” ХЗХ-той NU/XЗГ678 тоот зээлийн гэрээ байгуулан тус хоршооноос 2,459,990 төгрөгийг бэлэн бусаар хэрэглээний электрон бараа авах зориулалтаар сарын 1,69 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Д.Фониадорж нь “Номин Юнион” ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин, гэрээний үүргийн биелэлтийг зохих ёсоор биелүүлээгүй тул манай байгууллага шүүхэд хандсан боловч албан ёсоор бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй байсан тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан болно. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 1205/818 дугаар албан бичгээр Д.Фониадоржийн оршин суух хаягийг тогтоосон байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, NU/XЗГ678 тоот зээлийн гэрээний 4.1.5-д “ Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хавсралтад заасан графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн графикийн дагуу төлөгдөх ёстой нийт зээлийн дүнгээс зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй ”гэж тус тус заажээ. Иймд үндсэн зээл 2,289,216 төгрөг, хүүгийн төлбөрт 1,108,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 163,465 төгрөг нийт 3,561,507 төгрөгийг Д.Фониадоржийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,200 төгрөг, нийт 3,631,707 төгрөгийг иргэн Д.Фониадоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Фониадорж нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Номин Юнион” ХЗХ-ны нэхэмжилсэн 3,631,707 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Номин Юнион” ХЗХ нь хариуцагч Д.Фониадоржоос 3,631,707 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Номин Юнион” ХЗХ-ны нэхэмжилсэн 3,631,707 төгрөгийг хариуцагч Д.Фониадорж төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  73,058  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 36,529 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Номин Юнион” ХЗХ-ны нэхэмжилсэн 3,631,707 төгрөгийг хариуцагч Д.Фониадорж төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,058  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 36,529 төгрөг, хариуцагч Д.Фониадоржоос 36,529 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Номин Юнион” ХЗХ-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

   

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА