| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цид холбогдох эрүүгийн 2125000000140 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Ц,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-4-22 тоотод эхнэр Г.Оыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.О “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Оын “2021 оны 03 сарын 15-ны өдөр Уртбулаг багийн 5-4-22 тоотоос хоёр охиноо авах гэж очоод нөхөр Б.Цтой маргалдсан. Маргалдсан шалтгаан нь намайг ганцаараа хот явлаа гэж маргах болсон. Б.Ц нь миний нүүр лүү гараа атгаж байгаад 2 цохихоор нь би өөрөөсөө холдуулах гээд цээж рүү нь гараараа түлхэхэд дахин миний нүүр болон нуруу руу гараа атгаж байгаад цохисон. Би Б.Цийг өөрөөсөө холдуулан түлхэхдээ зүүн талын хөхний доод талд гараараа маажсан байх шиг байсан. Өмнө нь намайг зодож, байгаагүй, гэр бүлийн маргаан гарч намайг доромжилдог байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 201 дугаартай “Г.Оын биед зүун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсжээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой. Газарт унах үед үүссэн байх боломжгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байхаар байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/
3. Яллагдагч Б.Цийн “Г.О нь надад хэлэхгүйгээр 2021 оны 03 сарын 09-ны өдөр Улаанбаатар хот яваад ирсэн. Хоёр охин ханиад хүрээд бие нь муу байхад дээр нь надад хэлэхгүйгээр Улаанбаатар яваад ирэхээр нь уур хүрээд бид хоёр маргалдаад миний зүүн хөхний доор маажихаар нь би зүүн хацар луу нь гараараа цохисон. Г.Оын нүд хөхөрсөн. 2021 оны 03 сарын 15-наас өмнө 7 хоногийн өмнө би ажил хийж байгаад 2 гар, нуруу, гуяа юманд цохиж хөхрүүлсэн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Урт булаг багт 5-1-22 тоотод эхнэр Г.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримтууд болох хохирогч Г.Оын мэдүүлэг, 200 дугаартай шинжээчийн дүгнэлт, сэжигтэн Б.Цийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч Г.О нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч Б.Ц, хохирогч Г.О нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байгаа. Тийм учраас шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Оын “2021 оны 03 сарын 15-ны өдөр Уртбулаг багийн 5-4-22 тоотоос хоёр охиноо авах гэж очоод нөхөр Б.Цтой маргалдсан. Маргалдсан шалтгаан нь намайг ганцаараа хот явлаа гэж маргах болсон. Б.Ц нь миний нүүр лүү гараа атгаж байгаад 2 цохихоор нь би өөрөөсөө холдуулах гээд цээж рүү нь гараараа түлхэхэд дахин миний нүүр болон нуруу руу гараа атгаж байгаад цохисон. Би Б.Цийг өөрөөсөө холдуулан түлхэхдээ зүүн талын хөхний доод талд гараараа маажсан байх шиг байсан. Өмнө нь намайг зодож, байгаагүй, гэр бүлийн маргаан гарч намайг доромжилдог байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 201 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-4-22 тоотод эхнэр Г.Отай маргалдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Цийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС