Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1558

 

Б.Очирпүрэв нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/01207 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Очирпүрэв, Н.Цогтбаатар, Д.Бямбасүх, П.Батбаяр, Ц.Батжаргал, Б.Дамдинсүрэн, Ц.Ганхүү, П.Цогбадрах, Б.Мөнхжаргал, М.Тунгалагтамир, А.Хонгор, А.Пүрэвсүрэн, Н.Төгсжаргал, Л.Пүрэвдорж, Б.Уранбаатар, Л.Энхбаяр, Б.Энхбаатар нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-т холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 16 753 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Очирпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Цогтбаатар, Д.Бямбасүх, П.Батбаяр, Ц.Батжаргал, Б.Дамдинсүрэн, Ц.Ганхүү, П.Цогбадрах, Б.Мөнхжаргал, М.Тунгалагтамир, А.Хонгор, А.Пүрэвсүрэн, Н.Төгсжаргал, Л.Пүрэвдорж, Б.Уранбаатар, Л.Энхбаяр, Б.Энхбаатар нарын итгэмжлэгдсэн   төлөөлөгч Б.Очирпүрэвийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бидний нэр бүхий 17 иргэн 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Ажлын хөлсийг гэрээнд зааснаар тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгснөөр гэрээ дуусгавар болох буюу 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 48 хоног ажилласнаар тооцно. Авто тээврийн үндэсний төв нь бидний ажлын хөлсийг өгөхгүй байж байгаад ажилгүй байсан 13 хувийн жолооч нарт 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 500 000 төгрөг өгсний дотор Б.Очирпүрэв миний бие, Н.Төгсжаргал, М.Тунгалагтамир, Л.Пүрэвдорж, А.Хонгор, Б.Энхбаатар бид нар багтсан. Бусад жолооч нарт 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүн нэг бүрт дансаар 855 000 төгрөг өгсөн. 357 000 төгрөгийг дээрх нэр бүхий зургаан хүнд өгсөн. Авто тээврийн үндэсний төвийн санхүүчийн тооцоолж бодсоноор бидний ажилласан хоногийг 53 хоногоор тооцох ёстой байтал 35 хоног ажилласнаар дутуу тооцож мөнгө өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээнд ямар нэгэн шимтгэл суутгалын заалт заагдаагүй байтал 20 хувийн шимтгэл буюу 195 000 төгрөгийн шимтгэл авсан. Бид 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 11 хоног, 8 сарын 31 хоног, 9 сарын 30 хоног, 10 сарын 31 хоног, 11 сарын 30 хоног, 12 сарын 29 хоног, нийт 162 хоногийн алдангийг 0.5 хувиар тооцоход 81 хувь болсон. Ингээд нийт ажилласан 48 хоногийн үндсэн мөнгө 1 440 000 төгрөгийн 50 хувиар тооцож 0.5 хувийн алдангид 720 000 төгрөг болсон. Ингээд нийт 2 160 000 төгрөг болсноос бидэнд 1 050 000 төгрөг өгснийг хасахаар 1 110 000 төгрөг, 11 хүний хувиар тооцсон. Бусад 6 хүний хувьд 2016 оны 07 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 09 хүртэл 51 хоногийн алдангийг 0.5 хувиар үржүүлэхэд 25.5 хувиар бодогдохоор гарсан. Түүнийг үндсэн 1 440 000 төгрөгтөө үржүүлж 367 200 төгрөгийн алданги дээр 48 хоног ажилласан 1 440 000 төгрөгийг нэмэхээр 1 807 200 төгрөг, үүнээс 1 050 000 төгрөгийг хасч 757 200 төгрөг нэг жолоочид олгогдохоор байна. Мөн 757 200 төгрөгийг 500 000 төгрөг эхэлж авсан нэр бүхий 6 жолоочоор үржүүлэхэд 4 543 200 төгрөг, үлдсэн 1 110 000 төгрөгийг 11 жолоочоор үржүүлэхээр 12 210 000 төгрөг, нийт 16 753 200 төгрөгийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны шүүхэд гаргасан тайлбарт: Манай улсад 2016 оны 07 дугаар сарын 14, 15-нд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдаж зочид төлөөлөгчид аюул осолгүй, соёлтой зорчигч тээврийн үйлчилгээг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ хариуцан үзүүлсэн. Үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд 44 иргэнийг Universe luxury загварын hyundia маркын автобусыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгч ажил гүйцэтгэхэд бэлэн байдалд байлгах болсон. 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд АСЕМ-ийн төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлж 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр автобусыг хүлээн авсан. Нэхэмжлэгч нартай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хугацааг 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд байхаар харилцан тохиролцсон боловч тэдний үйлчилгээнд гарч ажилласан хугацаа нь бага юм. Жолооч нарын ажлын гүйцэтгэлийг автобусаа хүлээн авснаас хойш 25 хоногийн хугацаанд тээвэрлэлт гүйцэтгэхэд бэлэн байдалд байсан гэж үзэж мөн нэмэгдэл 10 хоногийг бодож нийт 35 хоногоор тооцож нэг хүнд 1 050 000 төгрөгийн хөлсийг бодож олгосон. Гэрээнд зааснаар жолооч нарт өдрийн 30 000 төгрөг олгохоор харилцан тохиролцсон. Гэрээний хөлс 1 050 000 төгрөг олгохоос Хувь хүний орлогын албан татварт орлогын 10 хувь 87 500 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 10 хувь 105 000 төгрөгийг суутгаж 857 500 төгрөгийг жолооч бүрт олгосон. Үүнээс гадна бид 10 хоногтой тэнцэх хэмжээний урамшууллыг олгосон учраас ажилласан хугацаанд нь тохирсон хөлсөө олгосон гэж үзэж байна. Санхүүгийн асуудлыг хариуцаж гадаад харилцааны яамнаас өнөөдрийг хүртэл мөнгө нь гүйцэт орж ирээгүй. Жилийн эцэс болоод ашиг орлого зэргээсээ хамаараад 35 хоногоор тооцож ажилласан хүмүүст нөөцөөсөө мөнгө өгсөн. АСЕМ-ын чуулга уулзалтад оролцож буй зочид төлөөлөгч нарт үйлчлэх автобусыг жолоодох, жолооч нартай гэрээ байгуулах зэрэг ажлыг манай байгууллага хариуцаж ажилласан боловч Засгийн газраас олгох мөнгөний асуудал нь шийдэгдэхгүй, одоо болтол манайд мөнгө орж ирээгүй. Энэ нь манайхаас болоогүй, тийм ч учраас Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулсан. Иймд алданги төлөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн үндэсний төвөөс 7 020 000 төгрөг гаргуулж, Н.Цогтбаатар, Д.Бямбасүх, П.Батбаяр, Ц.Батжаргал, Б.Дамдинсүрэн, Ц.Ганхүү, П.Цогбадрах, Б.Мөнхжаргал, М.Тунгалагтамир, А.Хонгор, А.Пүрэвсүрэн, Н.Төгсжаргал, Л.Пүрэвдорж, Б.Уранбаатар, Л.Энхбаяр, Б.Энхбаатар, Б.Очирпүрэв /хүн тус бүрт 390 000 төгрөг/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 123 200 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 944 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-аас 121 030 төгрөг гаргуулж, Н.Цогтбаатар, Д.Бямбасүх, П.Батбаяр, Ц.Батжаргал, Б.Дамдинсүрэн, Ц.Ганхүү, П.Цогбадрах, Б.Мөнхжаргал, М.Тунгалагтамир, А.Хонгор, А.Пүрэвсүрэн, Н.Төгсжаргал, Л.Пүрэвдорж, Б.Уранбаатар, Л.Энхбаяр, Б.Энхбаатар, Б.Очирпүрэв нарт олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Очирпүрэвийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01207 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 10 123 200 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн АГГ16/044 тоот гэрээний 6 дүгаар зүйлд талуудын хүлээх хариуцлага, 6.1-т гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө.

Иргэний хуулийн 198.1, 198.2 зааснаас үзэхэд талууд гэж хэн бэ, гүйцэтгэгч гэж хэн бэ, захиалагч нь гүйцэтгэгчийн өмнө ямар байдлаар үүргээ гүйцэтгэх ёстой вэ" гэх мэт үгийн утга агуулгыг ойлгох хэрэг гарна. Талуудын харилцаа нь өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллээр хэлбэрждэг. Тэд тодорхой эрх зүйн үр дагавар бий болгохыг хүсдэг. Товчхондоо гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн үүргийг цаг хугацаанд чанартайгаар гүйцэтгэх. Захиалагч нь гүйцэтгэгчид гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг тохиролцсон хэмжээгээр хугацаандаа төлөх ёстой.

Гэрээний 6, 6.1-т заасныг талууд гэж ойлгох нь зүйтэй юм. Яагаад гэвэл гүйцэтгэгч гэж оруулсан байгаа нь талууд гэж ойлгох ёстой. Захиалагч нь гүйцэтгэгчид тохирсон хугацаанд хөлс төлөх үүрэгтэй. Энэ нь нэг ёсондоо 2 тал бие биенийхээ өмнө гүйцэтгэл хүлээж байна гэж ойлгоно. Иймээс АГГ16/044 тоот гэрээний 2.2-т 2016.6.2-2016.7.20 хооронд байна гэж заасан. 3.2-т ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгснөөр хөлсийг төлнө гэж заасан байдаг. Гэтэл өдийг хүртэл хөлсийг төлөхгүй байна. Гэрээ ёсоор 2016.07.20 төлөх ёстой байтал 2016.12.29-нд төлж байгаа нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Тийм учраас 2016.7.20-2016.12.29 хүртэл 162 хоногийн алдангийг 0,5 хувиар тооцоход 162х0.5%=81 хувь, үндсэн мөнгө 1 440 000 төгрөгийн х 81 хувь=1 166 400 төгрөг. Гэтэл Иргэний хуулийн 232.4-т зааснаар алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтрэхгүй учир 1 440 000/2=720 000 төгрөг, 720 000 төгрөгийн алданги х 11 хүнээр=7 920 000 төгрөг. 2016 оны 09 сарын 09-ний өдөр 6 жолоочид 500 000 төгрөг өгсөн. 500 000 төгрөг өгөх хүрэл 51 хоногийн алданги тооцно. 2016.7.20-2016.9.9 хүртэл 51 хоногийн алдангийг 0.5 хувиар тооцоход "51х0.5%=25.5%), үндсэн мөнгө 1 440 000 төгрөгийн 25.5%=367 200 төгрөг, 367 200 төгрөгийн алданги х 6 хүнээр тооцоход 2 203 200 төгрөг, 7 920 000 төгрөг+2 203 200 төгрөг=10 123 200 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Цогтбаатар, Д.Бямбасүх, П.Батбаяр, Ц.Батжаргал, Б.Дамдинсүрэн, Щ.Ганхүү, П.Цогбадрах, Б.Мөнхжаргал, М.Тунгалагтамир, А.Хонгор, А.Пүрэвсүрэн, Н.Төгсжаргал, Л.Пүрэвдорж, Б.Уранбаатар, Л.Энхбаяр, Б.Энхбаатар, Б.Очирпүрэв нар нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-т холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 16 753 200 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нар нь Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-тай хөлсөөр ажиллах гэрээг “ажил гүйцэтгэх гэрээ” гэж нэрлэн байгуулсан, гэрээний хугацааг 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1 өдрийн хөлсийг 30 000 төгрөг байхаар тохирчээ.

 

Талууд дээрх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн байгаа ч уг гэрээний зүйл болох ажлын үр дүнгийн талаар тохиролцоогүй, жолоочийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх  үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэг, гэрээний 3.2-т заасны дагуу нэр бүхий 17 жолоочид ажлыг гүйцэтгэж, автобусыг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан жолооч нарт цалин олгосон нэрсийн жагсаалт, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-53,54/

 

Шүүх нэхэмжлэгч нарын олгогдоогүй хөлс гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагч олгогдоогүй хөлсний хэмжээг 7 020 000 төгрөгөөр тогтоож, түүнээс гаргуулж шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байна.

 

Харин гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д "Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө" гэж анзын талаар тохиролцсныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар шүүх тайлбарлаж хөлс төлөх үүрэгтэй хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ-аас гэрээний дээрх заалтыг баримтлан алданги нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгч нарын шаардаж буй алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

 

Нэхэмжлэгч нар алданги авах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэж байгаа гэрээний 6.1 дэх дээрх заалт нь гүйцэтгэгч /ажиллагч/ буюу жолооч нарт хамааралтай,  6.2 дах / гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй/ гэх заалт нь алдангид хамааралгүй, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зохицуулах талаар тусгасан байх ба нэхэмжлэгч нар хохирол шаардаагүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг хариуцагчтай алдангийн талаар бичгээр тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай, тэдний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/01207 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

 

                                                                                               Б.НАРМАНДАХ