Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2019/0013/З |
Дугаар | 27 |
Огноо | 2019-11-11 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 27
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: С.Б,
Хариуцагч: /Б.Б/-д холбогдох,
“Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах MV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын зорилгоор газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №1-73 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Ноён сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э о” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Э о” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ноён сумын Засаг даргын газар ашиглах эрх олгохоос татгалзсан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №1-73 дугаар шийдвэр нь ашигт малтмал ашиглах эрх авсан "Э о" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаа зориулалтаар нь ашиглах хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. "Э о" ХХК нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт MV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд ашигт малтмалын зорилгоор уг тусгай зөвшөөрлийн уурхайн эдэлбэрийн хил хязгаар дотор газар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 24-өөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд нийт 7 удаа гаргасан боловч үндэслэл бүхий хариу аваагүй.
Анх газрын зөвшөөрөл хүсэхдээ тус сумын ИТХ-ын хуралд манай хүсэлтийг уламжлан хэлэлцүүлж улмаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж өгөх тухай хүсэлтийг тус сумын Засаг даргын нэр дээр гаргаж байсан. Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргад 2019 орны 05 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах зөвшөөрлийг олгох тухай хүсэлтээ №01/238 дугаар албан бичгээр дахин хүргүүлсэн боловч сумын ИТХ-ын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгох боломжгүй гэж татгалзсан шийдвэр гаргасан нь дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас өөр бусад тохиолдолд аливаа нэг аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Засаг дарга нь дуудлага худалдаа явуулах нэг бол төсөл сонгон шалгаруулах замаар олгох журмыг Газрын тухай хуулийн 33 болон 44 дүгээр зүйлүүдэд тодорхой зааж өөр бусад байдлаар газар олгох шийдвэр гаргах сонголт Засаг даргад олгогдоогүй байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмалын зорилгоор Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан "хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших ашигт малтмал"...-ыг, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу “...ялган авах, олборлох" үндсэн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд энэ зорилгоор зарим нэг шаардлагатай дэд бүтэц, ажилчдын байр болон зам барих зэрэг туслах шинж чанартай үйл ажиллагаанд зориулан газар ашиглах шаардлага үүсдэг.
Газрын тухай хуулийн 55.1-д заасан нийтлэг журмаар газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаарддаг, газрын хэвлийг ашиглах зөвшөөрлийг тухайн шатны Засаг дарга олгодог бол ашигт малтмалын зорилгоор газрын хэвлийг ашиглах нөхцөлд ийнхүү тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх шаардлага үүсэхгүй бөгөөд энэ харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэж Газрын хэвлийн тухай хуулийн 10.2-т заагаад мөн хуулийн 8.2.2, 13, 15.1.2, 18 болон 19.4-т зааснаар Засаг даргад ашигт малтмалын зорилгоор уурхайн эдэлбэр газар олгох бүрэн эрхийг олгогдоогүй зэргээс дүгнэхэд газрын хууль тогтоомжийн нийтлэг шаардлага нь ашигт малтмалын зорилгоор газар ашиглахад үйлчлэхгүй байна.
Газрын тухай хуулийн нийтлэг журмаар газрын эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх бол хуулийн 38.4-т заасны дагуу хүсэлт гаргаж энэ дагуу тухайн шатны Засаг дарга нь шийдвэр гаргаж уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болохоор, мөн хуулийн 44.9-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 49.13-т ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн газар ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж Газрын тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас өөрөөр, тусгайлан зохицуулж өгчээ. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авснаар тухайн газрыг ашиглах эрх давхар үүсэж байгаа нь мөн хуулийн 26.12-р заалтаас харагдаж байна.
Монгол улсын бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл санг бүрдүүлэх бөгөөд газрын сан нь нэгдмэл байна гэсэн суурь зарчмыг Газрын тухай хуулийн 4.1.1 болон 9.1-т заасан бол уурхайн дэвсгэр газрыг газрын нэгдмэл сангийн ангиллын нэг болох хот, тосгон, бусад суурины газарт хуулиар хамааруулдаг. Монгол улсын Засгийн газар нь улсын хэмжээнд газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах, мөн түүнчлэн газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхтэй байна. Нэгэнт Засгийн газрын шийдвэрээр олгосон тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 7 өдөрт багтаан... тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сумын Засаг даргад мэдэгдэнэ гэж Ашигт малтмалын тухай хуулийн 26.7-д заасан тул энэ шийдвэрийг хэрэгжүүлж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар ашиглах хуулиар үүссэн эрх /АМТХ-ийн 26.12, 27.1.14/-ийг баталгаажуулан газар олгох нь Засаг дарга /АМТХ-ийн 12.1.1-12.1.2/-ын хуулиар хүлээсэн үүрэг нь билээ” гэжээ.
Нэхэмжлэгч “Э о” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах MV019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай доторх ашигт малтмалын зорилгоор 357,3 га газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан Ноён сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №1-73 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Ноён сумын Засаг даргад даалгах гэсэн хэсгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага нь нийтийн албан тушаалтан, сумын Засаг даргад зориулж “Э о” ХХК-тай холбогдуулж гаргасан шийдвэртэй холбоотой гомдол байгаа юм. Нөгөө талаас гомдол гаргагч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгаа. Тиймээс ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийн хувьд Газрын тухай хуулийн 3.1.8, 6.3, 44.5, Ашигт малтмалын тухай хуулийн 26.12, 27.14, 49.13-т заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хувьд зөвхөн газар ашиглах гэсэн эрх зүйн статус нь хуулиар олгогдсон. Эрх зүйн статус нь Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага гэсэн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн хязгаарлалтын үйлчлэлд багтахгүй. Тэгэхээр ашиглах эрх үүсэхээр явж байгаа. Эзэмших эрх үүсээгүй болохоор хэн нэгний эзэмших газартай давхцаж байгаа гэсэн хуулийн заалтаар хамааралгүй гэдгийг үндэслэхийг хүссэн.
Ашигт малтмалын зорилгоор уурхайн эдэлбэр газарт хүсэлт гаргасан газраа газар ашиглах зөвшөөрлийг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэг бол Засаг дарга гэсэн хоёр субъектийн хэн нь олгох талаар маргахгүй, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасны дагуу заавал тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дараа буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн дэмжлэг авсны дараа энэхүү газар ашиглах эрх нь олгогдох уу, эсвэл сумын Засаг даргаас газар ашиглах зөвшөөрлийг шууд олгох уу гэдэг асуудлаар маргаж байгаа.
Газар ашиглах эрх олгохоос татгалзсан маргаан бүхий шийдвэр нь дараах байдлаар хуулийн үндэслэлгүй, хууль бус гэж гомдол гаргагч талаас үзэж байна. Нэгдүгээрт: Гомдол гаргагч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгаа. Газар ашиглах зорилго нь ашигт малтмалын зорилгоор гэж хүсэлт явсан байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар үүсэж байгаа эрх нь газар ашиглах, ашиглахаар хүсэлт гаргасан газрын хэмжээ нь 357,3 га байгаа. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь заалт буюу газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 болон 33.5-д заасан журмыг баримтална гэж хуульд заасан.
Засаг дарга дуудлага худалдаа нэг бол төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ гэсэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт энд заасан процедурыг хэрэглэхээр харагдаж байгаа.
Дуудлага худалдаа, төсөл шалгаруулах Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, 2019 оны 107 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Төсөл сонгон шалгаруулах нь зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалт эсвэл гадаад улсын болон олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөндөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл зориулна гэсэн.
Мөн дуудлага худалдаа хийх аж ахуй нэгжийн хувьд ямар хязгаарлалт орж ирж байна гэхээр зөвхөн чөлөөт бүсэд газар ашиглах эрх олгох зорилгоор дуудлага худалдаа явуулна гэж байгаа. Өөрөөр хэлбэл дээрх 2 журмын хэрэглэх хүрээ болон хамрагдах субъект нь нэхэмжлэгч байгууллагын хувьд багтахгүй байгаа болохоор саяны журмыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.
Газрын тухай хуульд заасан журмын дагуу бид хүсэлтээ тавиад газар ашиглах зөвшөөрлөө авъя гэх юм бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж хэмжээ нь 0,5 болон 1,5 га-аас том хэмжээтэй, ашиглах зориулалт нь ашигт малтмалын зорилгоор гэсэн ийм тохиолдолд Газрын тухай хуульд газар эзэмших журмыг заасан процедур, газар ашиглах журмыг заасан процедурын аль алийг нь хэрэглэх боломжгүй болно. Тэгэхээр хэрэглэх хууль нь Газрын тухай хууль биш Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэх ёстой байсан. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаас харахад аж ахуйн зорилгоор болон иргэдийн бусад зорилгоор олгоход манай тохиолдолд газрын тухай хууль болон холбогдох журам, процедурт нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанид хэрэглэх боломжгүй, энэ харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль буюу Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж зохицуулах ёстой гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэгэнт уурхайн эдэлбэр газрыг шав тэмдэг тавиад түүнийг актаар хүлээж авсан бол тухайн уурхайн эдэлбэр газрыг олгосон тооцно гээд Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан байна.
Ашигт малтмалын тухай хууль буюу нарийвчлан зохицуулсан хуулиа бариад харахад 26 дугаар зүйлийн 26.12, 27 дугаар зүйлийн 27.14, 49 дүгээр зүйлийн 49.13-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар ашиглах эрх нь үүссэн тохиолдлыг зааж өгсөн.
Энэ хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээ заавал байгуулсан байна. Газрын төлбөрийг төлсөн байна гэсэн заалт байгаа тул газар ашиглах эрхийг Засаг даргын зүгээс шууд олгох ёстой байсан гэж үзэж байгаа бөгөөд процедурын хувьд жилдээ нэг удаа хуралддаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ороод дараа нь дэмжих дэмжигдэхгүй нь мэдэгдэхгүй, дэмжих юм бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсны дараа газар ашиглах эрх олгоно гэдэг процесс нь хэрэглэх боломжгүй юм гэсэн үндэслэлээр хууль бус гэж үзэж байна...”гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2 “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж сумын Засаг даргын эрх хэмжээг тус тус хуульчилсан.
Сумын Засаг даргын зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэхэмжлэгч байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй. Сумын Засаг даргын 2019 оны 1-73 дугаар албан бичиг нь Захиргааны гэхгүй бөгөөд түүнийг хууль бус болохыг тогтоосон эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар нэгэн эрх сэргэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэжээ.
Гуравдагч этгээд С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/13 дугаар захирамжаар олгогдсон хаваржааны зориулалттай газартай холбоотой баримтууд сумын газрын албанаас ирүүлсэн байх тул надад гаргаж өгөх нотлох баримт байхгүй, “Э о” ХХК нүүрсний ам нээснээс болоод тухайн газарт нутаглах боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э о” ХХК нь /Б.Б/-д холбогдуулан “Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах MV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын зорилгоор газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Ноён сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах MV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дотор ашигт малтмалын зорилгоор 357.3 га газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан мөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулсан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 660 дугаар шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь Хар сэрвэгэн нэртэй 6664.61 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-019149 дугаар тусгай зөвшөөрлийг “Э о” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон[1] байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбай дотроо /уурхайн ам нээх зорилгоор 357.3 га/ газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтүүдийг[2] удаа дараа Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад болон мөн сумын Засаг даргад гаргасан ба Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар албан бичгээр[3] “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгох боломжгүй...” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн байна.
Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар захирамжаар М.Ж 1000м2, Б.М 3400м2, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн а/26 дугаар захирамжаар Ш.Х 700м2, 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар захирамжаар Б.Б 700м2, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн а/03 дугаар захирамжаар Ч.Э 900м2, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн а/33 дугаар захирамжаар Т.Ө 900м2, 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар захирамжаар Ч.Б 900м2, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар захирамжаар Б.С 900м2 /энэ газрын газар эзэмших эрхийг мөн сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/32 дугаар захирамжаар А.О шилжүүлсэн/ газрыг тус тус өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эдгээр газрууд нь бүхэлдээ нэхэмжлэгч “Э о” ХХК-ийн дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай болох нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 546 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн зураглал /“Э о” ХХК-ийн МҮ-019149 дугаартай ашиглалтын талбайд давхардаж буй өвөлжөөнүүд/, Ноён сумын Засаг даргын захирамжууд, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[4] тогтоогдож байна. Талууд энэ үйл баримттай холбогдуулж маргаагүй.
Нэхэмжлэгчээс “...ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй уурхайн эдэлбэр газарт сумын Засаг даргын зүгээс газар ашиглах эрхийг шууд олгох ёстой атал газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах хуулиар олгогдсон эрхийг зөрчиж үндэслэлгүйгээр саад болж байна, Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй...” гэх,
Хариуцагч талаас ”...сумын Засаг даргын зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй, уг хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн газартай давхцаж байгаа, маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгосоор нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх нь олгогдохгүй...” гэх,
Гуравдагч этгээдээс “...Э о” ХХК үйл ажиллагаа явуулж, нүүрсний ам нээснээс болоод манайх тухайн газарт нутаглах боломжгүй болсон, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэх агуулгаар маргасан.
Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Газрын хэвлий, ...байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь ...газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ...сум ...-ын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна”, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаас үзэхэд газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахгүй, өөр хуулиар нарийвчлан зохицуулахаар, харин баялаг ашиглахаас бусад зорилгоор газрын хэвлийг ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол олгохоор, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан[5] Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот албан бичиг, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/1 дугаар тэмдэглэл, “Э о” ХХК-ийн 2017 оны 01/112, 2018 оны 01/140, 2019 оны 01/215 тоот албан бичиг зэрэг баримтуудаас үзэхэд Ноён сумын Засаг даргад болон мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт “тусгай зөвшөөрлийн талбай дотроо ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зорилгоор /уурхайн ам нээх гэх/ газар ашиглах зөвшөөрөл, хурлаар хэлэлцүүлж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах тухай хүсэлтүүдийг нэхэмжлэгч гаргаж байсан, Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн хурлаар хүсэлтийг хэлэлцэж байсан болох нь тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” гээд 4.1.7 дахь хэсэгт “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий...-гээс ашигт малтмал ялган авах, олборлох ...түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгохоор, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны байгууллага...” гээд 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах...”-аар, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрхтэй” гээд 27.1.1-д “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... /тусгай зөвшөөрөл олгосноос хойш/ 3 сарын дотор ... уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг ...ирүүлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч компаниас МҮ-019149 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоолгосон[6], ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй, уг харилцаанд Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд “газар эзэмшүүлэх, ашиглуулах”-тай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй.
Тодруулбал, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар ашиглах эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сумын Засаг даргын зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “газар, ус ашиглах тухай гэрээ байгуулах”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэрээ байгуулан газрыг ашиглаж... байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ...аж ахуйн нэгж… газрын төлбөрийг ...хоёр дахин өсгөж тооцно” гэж тус тус заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын MV-019149 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э о” ХХК газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх үүрэгтэй байна.
Мөн түүнчлэн хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 546 тоот албан бичиг, Ноён сумын газрын даамлаас ирүүлсэн зураглал зэрэг баримтууд[7], хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийн талбай доторх уурхайн ам нээх зорилгоор ашиглах хүсэлт гаргасан 357.3 га газарт Ноён сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн а/13 дугаар захирамжаар С.Б хаваржаа /мөн сумын Сайран багийн нутаг “Өвөр задгайн цагаан нуур” гэх газар/ -ны зориулалтаар эзэмшүүлсэн 900м2 газар бүхэлдээ давхцалтай байгаа нь тогтоогдсон.
Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдох талбай нь ашигт малтмал хайх, ашиглахаас бусад, иргэн, аж ахуйн нэгжид “хувийн” болон “аж ахуйн” зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газартай давхцалгүй байх хуулийн шаардлага тавиагүй хэдий ч нэхэмжлэгч “Э о” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 660 дугаар шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт “Хар сэрвэгэн нэртэй” 6664.61 гектар талбай бүхий уурхайн эдэлбэр газарт ашигт малтмал ашиглах “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-тэй, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон дээрх талбайд хамаарах хүсэлт гаргасан 357.3 га талбайтай гуравдагч этгээдийн эзэмшлийн газар бүхэлдээ давхцалтай байх бөгөөд цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид “ашиглалтын тусгай зөвшөөрөл” олгогдохоос өмнө гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, газар ашиглах эрхийг зөрчсөн гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Б, гуравдагч этгээд С.Б нарт мэдэгдсэн боловч ирээгүй, гуравдагч этгээдээс эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр[8] ирүүлсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тэдгээрийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэснийг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.7, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э о” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах MV-019149 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дотор ашигт малтмалын зорилгоор 357.3 га газар ашиглах зөвшөөрөл олгохоос татгалзсан мөн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1-73 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хэргийн 15-16, 101-102, 199-204 дугаар хуудас
[2] Хэргийн 7-11 дугаар хуудас
[3] Хэргийн 12 дугаар хуудас
[4] Хэргийн 111, 134, 112-129, 153-180, 190,
[5] Хэргийн 8, 58, 71-76, 7, 21, 24-25 хуудас
[6] Хэргийн 206-207 дугаар хуудас
[7] Хэргийн 111, 182-190, 195 дугаар хуудас
[8] Хэргийн 196 дугаар хуудас