Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00048

 

Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02061 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1806 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “НЭ А” ХХК-, Л.А-, Л.Ө-нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 418 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Ц- би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 34-09 УБН улсын дугаартай Приус загварын автомашиныг нөхөр н.Жаргалсайханаар жолоо бариулан хүүхдийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойргийн замд явж байтал Л.А- нь Х.Вөрна загварын 32-46 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.4, 9.2-т заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас надад 3 300 000 төгрөгийг хохирол учирсан. Үүнээс даатгалын байгууллагаас 2 935 000 төгрөгийг нь авсан ба тухайн автомашины эзэмшигч “НЭ А” ХХК--иас гэм хорын хохирол болох эмчилгээний төлбөр 290 000 төгрөг, автомашины үнэлгээний төлбөр 105 000 төгрөг, архиваас материал гаргуулсны хөлс 16 000 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, нийт 418 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Л.А- нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “НЭ А” ХХК--иас Хьюндай верна загварын 32-46 УНН улсын дугаартай автомашиныг барьцаалан 1 350 000 төгрөгийн зээл авахдаа зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. Манай байгууллага зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд түүний өмчлөлд байгаа автомашиныг “НЭ А” ХХК--ийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, зээлдэгч автомашинаа унаж ашигладаг юм.

Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 5.1.4-т барьцааны тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд байгууллагад хамааралгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцахыг баталсан. Тиймээс Г.Ц-д учирсан хохирлыг манай байгууллага хариуцахгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02061 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “НЭ А” ХХК--ийн 398 000 төгрөг гаргуулан Г.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Л.А-, Л.Ө-нарт холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “НЭ А” ХХК--ийн 12 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1806 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... магадлалын хянах хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч, эзэмшигч хариуцан арилгах үүрэг, хариуцлагыг тодорхойлсон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй” гэж үндэслэжээ.

Л.А- нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 32-46 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7, 8.4 дэх заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Г.Ц-д хохирол учирсан байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.А-гийн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц- өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг Л.А-гаас шаардах нь зүйтэй байна.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөнд гэм буруутай үйлдэл болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч Л.А-д гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчид учирсан гэм хортой шалтгаант холбоотой болох нь тодорхой, тогтоогдсон. Гэвч шүүх “НЭ А” ХХК--ийг 499.4 дэх заалтын дагуу өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийг өөрөө томилсон буюу Л.А-д шилжүүлэн өгсөн гэж дүгнэсэн боловч тус Хыондай аксент верна маркийн 32-46 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “НЭ А” ХХК--ийн өмч хөрөнгө биш бөгөөд тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаар байгууллагын өмчлөлд түр шилжүүлсэн л үйлдэл юм.

Энэхүү зохицуулалтын хүрээнд хариуцагчаар төлүүлэх нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ нэн тэргүүнд гэм хор учруулсан этгээд хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг анхаарч тээврийн хэрэгслийг бусдын эзэмшил ашиглалтанд шилжүүлэх болсон шалтгаан, зам тээврийн осол гарахад өмчлөгчийн шууд болон шууд бус нөлөө бий эсэхийг харгалзан үзэж дүгнэлт өгөх учиртай атал анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн үйлдэл, түүний талаар тодруулаагүй нь шийдвэрийн үндэслэл хэсэг нь хууль зүйн алдаатай гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Ц- нь авто ослын улмаас учирсан гэм хорыг арилгуулахаар хариуцагч “НЭ А” ХХК--д холбогдуулан 418 000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Л.А-, Л.Ө-нарыг нэхэмжлэлдээ татсан боловч эдгээр хариуцагч нарын хаяг тодорхой бус учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ зөвхөн “НЭ А” ХХК--д холбогдуулсан байна.

Хариуцагч “НЭ А” ХХК- нь шаардлагыг эс зөвшөөрч, авто осолд ямар нэг хамааралгүй, Л.А-гийн эзэмшлийн Хьюндай аксент верна маркийн 32-46 УНН суудлын автомашиныг зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 499.2.-т зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч “НЭ А” ХХК- нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д заасан фидуцийн гэрээгээр Л.А-гаас эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба талууд автомашиныг зээлдэгч ашиглах эрхтэй болохыг тохиролцжээ. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг ба шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болдог байна.

Тээврийн хэрэгслийн онцлогоос хамааран энэхүү эд хөрөнгийн ашиглалтын улмаас бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч арилгах үүрэг хүлээдэг нь гэм буруугүйгээр хүлээдэг хариуцлагын төрөл юм. Бусдад гэм хор учруулсан гэм буруутай этгээд буюу тээврийн хэрэгслийн ашиглагч нь өмчлөгчийн ийнхүү бусдын өмнө үүрэг хүлээснээс учирсан хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч “НЭ А” ХХК- нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02061 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1806 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 12 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН