| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0117/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/143 |
| Огноо | 2021-05-31 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/143
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Л.Э
Хохирогч Т.Б-Э
Иргэний хариуцагч Л.Алтансүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Аад холбогдох эрүүгийн 2025003490407 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Л.А,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.А нь “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-т ашиглалтын инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт ажил үүрэг гүйцэтгэж байсан тус компаний ажилтан Т.Б-Э.ний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ “Тухайн өдөр зааварчилгаа өгч ажилласан. Станц дээр тайлан хамгаалалт хийж байгаа хуралдаа ороорой гэж хэлсэн. Зааварчилгаа өгөхдөө дутуу өгсөнөөс болж алдаа гаргасан” гэв.
Хохирогч Т.Б-Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гомдол саналгүй. Байгууллагаас 8 800 000 төгрөг төлсөн. Нэхэмлэх зүйлгүй” гэв.
Иргэний хариуцагч Л.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манай байгууллагаас эмнэлгийн магадлагаа гаргаад бие нь эрүүл гэсэн учраас ажилдаа ажиллахыг зөвшөөрсөн. Нийт 8 824 043 төгрөг төлсөн байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Т.Б-Э-ний “Өдөр тутмын ажилд гарахад өглөө бүр хөдөлмөр хамгааллын чиглэлээр ашиглалтын инженер Л.Ааас заавар зөвлөгөө авч зааварчилгааны дэвтэр дээр авсан зааварчилгааг бичиж гарын үсэг зурдаг. Осол болдог өдөр мөн заавар чиглэл авсан байсан. Дулааны хаалт нээх үед худгийн гадна ажиглагчаар 1 хүн заавал байх ёстой байдаг, хаалт даралтад ороод гацсан болохоор хүч хүрэхгүй байсан. Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ худгийн гадна ажил хийж байна гэсэн пайз байрлуулж аюулгүй бүс татах ёстой байсан. Тэгээд ажилдаа гарахдаа хаалт хашилтын хэрэгслээ аваагүй юм. Тэр өдөр 3 хүн ажиллах ёстой байсан чинь хүн байхгүй гэсэн шалтгаанаар 2-лаа ажил гүйцэтгэхээр болсон юм. Уг нь гурван хүний 2 нь доор ажил гүйцэтгээд 1 нь ажиглагчаар байх ёстой дүрэмд заасан байдаг” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р хуудас/, “Ашиглалтын инженер Л.Ааас үүрэг чиглэл авсан, тэр үед наряд дээр бичигдсэн ажлыг ярьхад “Дэнжийн салаа шугамд засвар үйлчилгээ хийх гэж байгаа тул таслалт хийх ажлыг наряд дээр бичсэн байсан. Тэгээд уг ажлыг хийж гүйцэтгэх үедээ ямар нэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хашлага, хаалт, тууз гэх мэт зүйлүүдийг байрлуулж тавиагүй юм. Учир нь манай цехт хаалга хаалт байсныг нь би өөрөө авч яваагүй. Мөн ашиглалтын инженер Л.А хүртэл энэ талаар заавар зөвлөгөөг надад өгч хаалт хашлага гаргаж өгөөгүй тийм учраас хамгаалах хэрэгслийг бид 2 авч яваагүй. Миний хувьд би шугамын хоолойн таслалтыг дуусгах буюу хаалтыг нээж дуусгаад худгаас гарч ирэх явцдаа осолд орсон юм” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 10-р хуудас/
2. Гэрч Б.А-гийн “15 цаг 45 минутад би худаг руу орж шугамын хаалтыг нээхээр эргүүлсэн чинь шугам даралтад орж хатуу байсан учраас ажиглагчаар ажиллаж байсан Т.Б-Э ахаас тусламж гуйсан чинь Т.Б-Э ах худаг руу орж ирээд хамт хаалтыг нээсэн. Тэгээд буцаад дээш гарсан чинь удаагүй хүмүүс орилоод байхаар нь дээш хартал машин ирээд зогссон, Т.Б-Э ахын бүсэлхий хэсэг худаг дотор харин нуруу цээж хэсэг нь харагдахгүй байсан. Тэгээд би сандраад нөгөө талын худгаар гадагш гартал Т.Б-Э ахын гарсан худгийг цагаан өнгийн Приус-20 маркийн машин таглаад зогссон байсан. Машин доогуур харсан чинь Т.Б-Э ах доор нь байсан, ойр орчмын хүмүүс ирж туслаад бид машиныг өргөж доороос нь Т.Б-Э ахыг гаргаж авсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 70-р хуудас/
3. Гэрч Б.Д-жийн “Эрдэнэт их дэлгүүрийн хашаа руу найз болох Д.Э-гийн хамтаар 10-20 ОРБ Улсын дугаартай Тоёота Приус-20 загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээр Хуягбаатар гэх найзтайгаа уулзах гээд явж байгаад машин донслох шиг болохоор нь би машинаас буугаад хартал 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн үед Д.Эрдэнэдаваагийн хамтаар машинтай хашаа руу нь ороход траншейны нүхний ойролцоо ямар нэгэн хүн байгаагүй, хүн харагдаагүй. Гэнэтхэн л машин доор юм донслоод явчихсан. Намайг харахад тэр ахын цээжин хэсэг нь харагдаж байсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-р хуудас/
4. Гэрч Д.Э-гийн “Б.Ц-А-шийн эзэмшлийн 10-20 ОРБ улсын дугаартай Тоёота приус-20 загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй найзтайгаа уулзах гээд явж байгаад машин донслох шиг болохоор нь хамт явж байсан Б.Даваадорж буугаад хартал машин доор хүн байна гэхээр нь би бага зэрэг урагшлаад машинаасаа буугаад тэр хавьд байсан хүмүүсийн хамтаар машинаа өргөөд доороос нь 40 гаруй насны эрэгтэй хүнийг гаргаж авсан юм. Тухайн үед хашаа руу нь ороход траншейны нүхний ойролцоо ямар нэгэн хүн харагдаагүй юм, гэнэт л машин доор юм донслоод явчихсан. Мөн траншейны нүхний ойролцоо ямар нэгэн анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байгаагүй, харагдаагүй юм. Тэр ах Эрдэнэт дулааны цахилгаан станцад ажилладаг гэсэн бөгөөд траншейны нүхэнд ороод ажлаа хийж байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-р хуудас/
5. Гэрч Д.Ж-гийн “Инженер Л.Ааас Т.Б-Э, А нарыг ажилд нь гаргахдаа зааварчилга өгсөн эсэхийг тодруулахад зааварчилга өгсөн мөртлөө тодорхойгүй буюу “Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрмийг баримталж ажиллах” гэж бичсэн байсан. Тэгээд Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм /2009 он/-ийн 2.8-д “Газар доорх байгууламж, нөөцлөх саванд ажиллах” бүлгийн 2.8.9 дэх заалт болох “Газар доорх байгууламжийн онгорхой нээлхийний эргэн тойронд 5 метрээс багагүй зайд тээврийн хөдөлгөөнийг хориглосон замын тэмдэг ба хаалт хашилт байрлуулах шаардлагатай” гэсэн заалтыг тодорхой оруулаагүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72-р хуудас/
6. Гэрч Ч.Г-гийн “Nikon D-3300 загварын зургийн аппаратаар фото гэрэл зургийг дарж туршилт хийх ажиллагаанд оролцсон. Шар өнгийн сав нь монголчуудын өргөн хэрэглэдэг 20 литрийн багтаамжтай тэгш өнцөгт хэлбэртэй хуванцар сав байсан, тухайн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард сууж гэрэл зургаар бэхжүүлэхэд траншейны нүх харагдахгүй байрлал нь тодорхойгүй байсан тул ялгах зорилгоор шаргал өнгийн хуванцар савыг тавьж баримжаалсан ба гэрэл зургаар бэхжүүлсэн юм. Хүний нүдний харах өнцөг, гэрэл зургийн аппратны дуран хоёрын харагдах өнцөг талбай хоёр өөр байна. Тэр үед миний бие тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард сандал дээр сууж өөрийн энгийн нүдээр харахад тухайн траншейны нүхний таг харагдахгүй байсан учраас дээрх нэр дурдагдсан шаргал өнгийн савыг тавьсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 127-128-р хуудас/
7. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Бгийн 2020.09.28-ны өдрийн “...ЭХД-1-12-01-2007 дугаартай Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрмийн 2.8.9-д газар доорх барилга байгууламжийн онгорхой нээлхийний эргэн тойронд 5 м-ээс багагүй зайд тээврийн хөдөлгөөнийг хориглосон замын тэмдэг ба хаалт хашилт байрлуулах шаардлагатай...”, 2.8.15-д “Газар доорх барилга байгууламж буюу нөөцлөх савны дотор ажиллах, мөн тэдгээрт ээлжит үзлэг хийхдээ зааварчилгаа авсан 3-аас доошгүй хүнтэй бригадыг томилж, тэдгээрийн 2 нь нээлхийн дэргэд байж, ажиллагчийн байдал ба резин хоолой бүхий хорт утааны багийн агаар сорох хоолойг ажиглаж байх хэрэгтэй....”, 2.8.16-д Газар доорх барилга байгууламж буюу нөөцлөх саванд хүн ажиллаж байхад ажиглагч нь нээлхийнээс холдох буюу бусад ажил хийх зэргээр анхаарлаа сарниулж болохгүй...” Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын баталсан Дулааны шугам сүлжээний цехэд мөрдөгдөх аюулгүй ажиллагааны зааврын ДШ-07 кодтой “Дулааны шугам сүлжээний засвар ашиглалт, үйлчилгээний ажид нарядын системийг хэрэглэх зааврын 8в заалтад “Нарядад бичигдсэн бригадын бүрэлдэхүүний мэдлэг мэргэшил хангалттай байх зэрэгт хариуцлага хүлээнэ” 106 заалтад “ Бригадын бүрэлдэхүүн ба ажил гүйцэтгэгчийн мэдлэг мэргэжил хангалттай байгааг хариуцна.” 12 заалтад “...уг тоноглолыг болон аюулгүйн техникийн дүрмийг сайн мэддэг хоёроос доошгүй жил ажилласан, ажлыг техникийн талаас нь удирдаж чадах хүнийг ажил гүйцэтгэгчээр томилно” 20 заалтад “Хариуцлагатай удирдагч ба ажил гүйцэтгэгч нар ажиллах нөхцөл, ажлын байрны бэлтгэлийг хамтран шалган үзэж бригадын нийт бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг зааварчилсны дараагаар нарядаар ажилд орох зөвшөөрлийг өгнө.”...Ашиглалтын инженер Л.А нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр салаа шугамын таслалт хийх ажил гүйцэтгэгчээр сүлжээний насосын ээлжийн машинч Т.Б-Э-нийг бригадын 3 гишүүний хамт томилсон боловч 2 гишүүнийг өөр ажил гүйцэтгүүлэхээр томилсон нь “...газар доорх барилга байгууламжид 3-аас доошгүй хүнтэй бригад томилно...”, “...тэдгээрийн 2 нь нээлхийний дэргэд байж ажиллах...” шинээр ажилд ороод удаагүй /2020.04.10 өдөр ажилд орсон/ дадлага туршлагагүй ажилтыг худаг доорх ажилд дагалдуулснаар “...бригадын бүрэлдэхүүн ба ажил гүйцэтгэгчийн мэдлэг мэргэшил хангалттай байгааг хариуцна.,” өдөр тутмын зааварчилгааг тухайн хийж гүйцэтгэх ажлын онцлогийг харгалзаж тодорхой /замын тэмдэг, хаалт, хашлага байрлуулах/ заавар өгөөгүй нь “хариуцлагатай удирдагч ба ажил гүйцэтгэгч нар ажиллах нөхцөл, ажпын байрны бэлтгэлийг хамтран шалган үзэж бригадын нийт бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг зааварчлах” үүрэг биелүүлээгүй байна. ЭХД-1-12-01-2007 Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрмийн 2.8.9-д “Газар доорх барилга байгууламжийн онгорхой нээлхийний эргэн тойронд 5м-ээс багагүй зайд тээврийн хөдөлгөөнийг хориглосон замын тэмдэг ба хаалт хашлага байрлуулах шаардлагатай...”, 2.8.15-д “Газар доорх барилга байгууламж буюу нөөцлөх савны дотор ажиллах, мөн тэдгээрт ээлжит үзлэг хийхдээ зааварчилгаа авсан 3-аас доошгүй хүнтэй бригадыг томилж, тэдгээрийн 2 нь нээлхийн дэргэд байж, ажиглагчийн байдал ба резин хоолой бүхий хорт утааны багийн агаар сорох хоолойг ажиглаж байх хэрэгтэй. Гаднын хүмүүс ажпын байранд орохыг хориглоно.”, 2.8.16-д “Газар доорх барилга байгууламж буюу нөөцлөх саванд хүн ажиллаж байхад ажиглагч нь нээлхийнээс холдох буюу бусад ажил хийх зэргээр анхаарлаа сарниулж болохгүй...” заалтуудыг зөрчсөн нь уг ослын шууд шалтгаан болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 116-118-р хуудас/
8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаартай “...Т.Б-Э-ний биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, цээжний болон хэвлийн битүү гэмтэл, олон хавирганы хугарал, баруун талын 3 болон 5-8-р хавирганууд зөрөө бүхий хугарал.зүүн талын 4 болон 5-6-р хавирганууд зөрөөгүй хугарал, уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралт, элэг цөсний хүүдийн урагдал, дотуур цус алдалт, гэмтлийн шок, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, тохой, өвдөг, шилбэ, баруун хацар, баруун тохой, шуу, нуруунд олон тооны зулгаралт, эрүү, хамар, баруун мөр, дал, бугалга, цээж, хэвлий, зүүн бугуйн зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Цээжний битүү гэмтэл, уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралт болон хэвлийн битүү гэмтэл, элэг болон цөсний хүүдийн урагдал, хэвлийн хөндийн цус хуралт, дотуур цус алдалт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Баруун болон зүүн талын олон хавирганы хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 40-43-р хуудас/
9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-12-р хуудас/
10. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15-р хуудас/
11. “ОУО” хуурцагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24-р хуудас/
12. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1-р хх-ийн 28-30-р хуудас/ болон эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.А нь ашиглалтын инженерээр ажиллах явцдаа актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Уурхайчин багийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан Т.Бат-Эрдэний эрүүл мэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний бие хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Шинжлэн судлуулсаар шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, судлан бүртгэсэн акт, давтан зааварчилгаанд үзлэг хийсэн тэмдэглэл, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, хангалттай тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Л.Аад удирдах албан тушаалыг 1 жилийн хугацаагаар хасч, 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорт шилжих шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн. Л.Аын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэж оногдуулж болно гэж үзэж байна. Хохирол, нэхэмжлэл гарсангүй. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл Т.Б-Эд олон гэмтэл учирсан байдаг. Эмчилгээний зардлыг дулааны цахилгаан станц бүрэн төлж барагдуулж, хор уршиг арилсан байна. Осол гарсан нөхцөл байдал нь Л.А, Т.Б-Э нар нь хөнгөмсөгөөр найдсан болгоомж алдсан гэж харж байна. Энэ ажил нариадаар хийх ажил байсан. Ажил хийж байгаад тодорхой цагийн хооронд дээрээс ирсэн засварын ажлуудыг хийдэг юм байна. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны болон энэ хэрэгт гэм буруугийн талаар яагаад маргахгүй байгаа вэ гэхээр бүх нотлох баримт хангагдсан. Цаашдаа энэ төрлийн гэмт хэрэгт жишиг болох мөрдөн шалгах ажиллагаа болсон байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасанчлан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ял оногдуулахгүйгээр чөлөөлж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Б-Энийн “Өдөр тутмын ажилд гарахад өглөө бүр хөдөлмөр хамгааллын чиглэлээр ашиглалтын инженер Л.Ааас заавар зөвлөгөө авч зааварчилгааны дэвтэр дээр авсан зааварчилгааг бичиж гарын үсэг зурдаг. Осол болдог өдөр мөн заавар чиглэл авсан байсан. Дулааны хаалт нээх үед худгийн гадна ажиглагчаар 1 хүн заавал байх ёстой байдаг, хаалт даралтад ороод гацсан болохоор хүч хүрэхгүй байсан. Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ худгийн гадна ажил хийж байна гэсэн пайз байрлуулж аюулгүй бүс татах ёстой байсан. Тэгээд ажилдаа гарахдаа хаалт хашилтын хэрэгслээ аваагүй юм. Тэр өдөр 3 хүн ажиллах ёстой байсан чинь хүн байхгүй гэсэн шалтгаанаар 2-лаа ажил гүйцэтгэхээр болсон юм. Уг нь гурван хүний 2 нь доор ажил гүйцэтгээд 1 нь ажиглагчаар байх ёстой дүрэмд заасан байдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-гийн “15 цаг 45 минутад би худаг руу орж шугамын хаалтыг нээхээр эргүүлсэн чинь шугам даралтад орж хатуу байсан учраас ажиглагчаар ажиллаж байсан Т.Б-Э ахаас тусламж гуйсан чинь Т.Б-Э ах худаг руу орж ирээд хамт хаалтыг нээсэн, тэгээд буцаад дээш гарсан чинь удаагүй хүмүүс орилоод байхаар нь дээш хартал машин ирээд зогссон, Т.Б-Э ахын бүсэлхий хэсэг худаг дотор харин нуруу цээж хэсэг нь харагдахгүй байсан. Тэгээд би сандраад нөгөө талын худгаар гадагш гартал Т.Б-Э ахын гарсан худгийг цагаан өнгийн Приус-20 маркийн машин таглаад зогссон байсан. Машин доогуур харсан чинь Т.Б-Э ах доор нь байсан, ойр орчмын хүмүүс ирж туслаад бид машиныг өргөж доороос нь Т.Б-Э ахыг гаргаж авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Даваадоржийн “Эрдэнэт их дэлгүүрийн хашаа руу найз болох Д.Э-гийн хамтаар 10-20 ОРБ Улсын дугаартай Тоёота Приус-20 загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээр Хуягбаатар гэх найзтайгаа уулзах гээд явж байгаад машин донслох шиг болохоор нь би машинаас буугаад хартал 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн үед Д.Э-гийн хамтаар машинтай хашаа руу нь ороход траншейны нүхний ойролцоо ямар нэгэн хүн байгаагүй, хүн харагдаагүй. Гэнэтхэн л машин доор юм донслоод явчихсан. Намайг харахад тэр ахын цээжин хэсэг нь харагдаж байсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Э-гийн “Эрдэнэт их дэлгүүрийн хашаа руу найз болох Д.Э-гийн хамтаар 10-20 ОРБ Улсын дугаартай Тоёота Приус-20 загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээр Хуягбаатар гэх найзтайгаа уулзах гээд явж байгаад машин донслох шиг болохоор нь би машинаас буугаад хартал 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн үед Д.Эрдэнэдаваагийн хамтаар машинтай хашаа руу нь ороход траншейны нүхний ойролцоо ямар нэгэн хүн байгаагүй, хүн харагдаагүй. Гэнэтхэн л машин доор юм донслоод явчихсан. Намайг харахад тэр ахын цээжин хэсэг нь харагдаж байсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ж-гийн “Инженер Л.Ааас Т.Б-Э, А нарыг ажилд нь гаргахдаа зааварчилга өгсөн эсэхийг тодруулахад зааварчилга өгсөн мөртлөө тодорхойгүй буюу “Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрмийг баримталж ажиллах” гэж бичсэн байсан. Тэгээд Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм /2009 он/-ийн 2.8-д “Газар доорх байгууламж, нөөцлөх саванд ажиллах” бүлийн 2.8.9 дэх заалт болох “Газар доорх байгууламжийн онгорхой нээлхийний эргэн тойронд 5 метрээс багагүй зайд тээврийн хөдөлгөөнийг хориглосон замын тэмдэг ба хаалт хашилт байрлуулах шаардлагатай” гэсэн заалтыг тодорхой оруулаагүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Г-гийн “Nikon D-3300 загварын зургийн аппаратаар фото гэрэл зургийг дарж туршилт хийх ажиллагаанд оролцсон. Шар өнгийн сав нь монголчуудын өргөн хэрэглэдэг 20 литрийн багтаамжтай тэгш өнцөгт хэлбэртэй хуванцар сав байсан, тухайн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард сууж гэрэл зургаар бэхжүүлэхэд траншейны нүх харагдахгүй байрлал нь тодорхойгүй байсан тул ялгах зорилгоор шаргал өнгийн хуванцар савыг тавьж баримжаалсан ба гэрэл зургаар бэхжүүлсэн юм. Хүний нүдний харах өнцөг, гэрэл зургийн аппратны дуран хоёрын харагдах өнцөг талбай хоёр өөр байна. Тэр үед миний бие тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард сандал дээр сууж өөрийн энгийн нүдээр харахад тухайн траншейны нүхний таг харагдахгүй байсан учраас дээрх нэр дурдагдсан шаргал өнгийн савыг тавьсан юм” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б-гийн 2020.09.28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 482 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “үрс бичлэгийн хуурцагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.А нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт газар доорх байгууламжийн засварын ажил гүйцэтгүүлэхээр Т.Б-Э, Б.Анарт үүрэг өгч ажилд гаргахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хууль, дүрмийн “газар доорх байгууламжийн ойр орчимд хөдөлгөөнийг хориглож, анхааруулах хаалт хашилт хийх, 3-аас доошгүй хүн ажиллуулах, нэг хүнийг ажиллагчаар ажиллуулах” гэх зэрэг холбогдох заалтуудыг хангуулж ажиллаагүйн улмаас Т.Б-Э газар доорх байгууламжаас гарахдаа 10-20 ОРБ Улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд дайруулж, эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1-р зэргийн няцрал, цээжний болон хэвлийн битүү гэмтэл, олон хавирганы хугарал, баруун талын 3 болон 5-8-р хавирганууд зөрөө бүхий хугаралт, зүүн талын 4 болон 5-6-р хавирганууд зөрөөгүй хугарал, уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралт, элэг цөсний хүүдийн урагдал, дотуур цус алдалт, гэмтлийн шок, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг, тохой, өвдөг, шилбэ, баруун хацар, баруун тохой, шуу, нуруунд олон тооны зулгаралт, эрүү, хамар, баруун мөр, дал, бугалга, цээж, хэвлий, зүүн бугуйн зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Л.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Аыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан эрх хасах, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэнд сайжирч хэвийн хөдөлмөрлөж байгаа бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-с хохирогчийн эмчилгээний зардал, гэм хорын хохиролд 8 824 043 төгрөг төлсөн. Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг инженер мэргэжлээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аад оногдуулсан 1 жилийн хугацаагаар эрх хасч, 3 000 000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн 2025003490407 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС