| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0158/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэзул |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч З.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мт холбогдох эрүүгийн 2125000000170 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
З.М,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч З.М нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 37-02 тоот Эрдэнэбилэгийн гэрт Г.Дын нүүрийг хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Дын “2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэбилэгийн байшинд З.М, Э, Б нарын хамт архи уусан. Би хоол хийж байсан ба гурил хэрчих гээд заазуур ширээн дээр тавьчихаад сууж байхад З.М ямар ч шалтгаангүй ирээд ширээн дээр байсан заазуурыг аваад миний зүүн талын чих, толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Надад ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
2. Гэрч Д.Б-жийн “Бид нар цуван хийж идэх гээд Г.Д гурил хэрчээд байж байхад З.М түүний хажуул яваад очсон. Би энэ үед Э-тэй юм яриад орон дээр сууж байтал Г.Д, З.М-раа яаж байгаа юм бэ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би босоод тэр хоёр дээр очоод харахад Г.Дын толгойноос цус их хэмжээгээр урсаж байсан. З.М гартаа заазуур бариад зогсож байсан. Г.Д, З.М нар хоорондоо огт муудалцаагүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/
3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дугаартай “Г.Дын биед нүүрний зүүн тал, зүүн чихны дэлбээ, чихний ар талыг хамарсан 1 тооны зүсэгдсэн шарх, шүлсний булчирхайн цоргоны гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хугц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-08-р хуудас/ болон шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч З.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримт болох гэрч Э, хохирогч Г.Д, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч З.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Дын “2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэбилэгийн байшинд З.М, Э, Б нарын хамт архи уусан. Би хоол хийж байсан ба гурил хэрчих гээд заазуур ширээн дээр тавьчихаад сууж байхад З.М ямар ч шалтгаангүй ирээд ширээн дээр байсан заазуурыг аваад миний зүүн талын чих, толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Надад ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-ын “Бид нар цуван хийж идэх гээд Г.Д гурил хэрчээд байж байхад З.М түүний хажуул яваад очсон. Би энэ үед Эрдэнэбилэгтэй юм яриад орон дээр сууж байтал Г.Д, З.М-траа яаж байгаа юм бэ гээд орилоод байсан. Тэгэхээр нь би босоод тэр хоёр дээр очоод харахад Г.Дын толгойноос цус их хэмжээгээр урсаж байсан. З.М гартаа заазуур бариад зогсож байсан. Г.Д, З.М нар хоорондоо огт муудалцаагүй байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.М нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 37-02 тоот Эрдэнэбилэгийн гэрт Г.Дтай маргалдан нүүрэн тус газарт нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч З.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Мыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС