| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0143/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/156 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/156
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч С.Б-О
Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Тт холбогдох эрүүгийн 2125000000135 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ө.Т,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Төгөл худалдааны төвийн орчимд архи ууж согтуурсан үедээ Х.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т мэдүүлэхдээ “2021 оны 03 сарын 04-ний орой 10 цаг өнгөрөөд найзуудтайгаа пирамидын урд явж байсан. Нэг эгч атм-нээс мөнгө авах гээд төв Хаан банк руу орох гээд явж байсан хойноос нь Х.Б гэх залуу зуураад байхаар нь эмэгтэй хүнийг зүгээр явуулаач гэж хэлсэн. Намайг зайл чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь за ойлголоо гээд цаашаагаа зам гараад төгөлийн урд талд найзуудтайгаа зогсож байсан. 60 гаруй настай хөгшин ахыг Х.Б гүйж ирээд өшиглөөд цохиод унагаачихаар нь би болиоч хөгшин хүн аллаа шдээ гэж хэлэхэд чи яах гээд байгаан гэхээр нь Х.Быг цохисон. Ах нь ална шүү гээд дайрахаар нь айсандаа зугтаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Х.Б “Шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хохирол болох 750 000 төгрөгийг гаргуулмаар байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Х.Бын “2021 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед ах Э, бэр эгч Н, төрсөн дүү Б нартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “М-А” худалдааны төвийн гадна уулзаад Э ахын машинд суугаад гадуур явж байгаад Төгөл худалдааны төвийн гадна талд зогссон. Б эгч машинаас буугаад АТМ ороод мөнгө авах гээд орох гээд явж байхад Төгөл худалдааны төвийн гадна байсан танихгүй, архи уучихсан хоёр эрэгтэй хүн хоорондоо маргалдаж байгаад нэг нь гараараа савахдаа эгч Б-ний биед хүрчихсэн. Б эгч согтуу ах нартай маргалдсан. Тэр үед машинаас ах Э түрүүлж буугаад очсон. Би ахын араас машинаас буугаад тэр хоёр архи уучихсан ах нарт хандаж яагаад байгаа юм бэ гэж хэлчхээд эгчийг дагуулаад машинд суух гээд явж байхад Төгөл худалдааны төвийн урд талын явсан хүний зам талаас танихгүй эрэгтэй хүн ирээд миний зүүн талын нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр залуу намайг нэг удаа цохихдоо эхлээд зүүн талын нүд хэсэг, цохилт нь үргэлжлээд хамар луу очсон. Би тэр залууд цохиулаад газарт уначихсан. Намайг цохисон гэх залууг зугтсан ба араас нь Эрганат ах хөөсөн боловч барьж чадаагүй ба цагдаа нар таараад барьж өгсөн гэсэн. Би эмнэлэг дээр очоод үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
2. Гэрч Х.Б-ний “2021 оны 03 дугаар сарын 05-ны орой 22-23 цагийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Төгөл худалдааны төвийн урд талын машин зогсоол дээр ах Е-тын машинд дүү Х.Б, Е ахын эхнэр Н нарын хамт очсон. Би Төгөл худалдааны төвийн АТМ-ээс мөнгө авах гээд ганцаараа машинаас гараад Төгөл худалдааны төв рүү алхаад явж байхад гадаа байсан согтуу ах нар хоорондоо маргалдаж байгаа нэг нь миний мөр хэсэгт хальт, санаандгүй цохисон. Намайг хальт, санаандгүй цохисон гэх ахтай маргалдаад зогсож байхад машинаас Е, Х.Б нар гарч ирээд намайг өмөөрч согтуу ах нартай маргалдсан. Энэ үед Төгөл худалдааны төв талаас танихгүй залуу ирээд Х.Быг нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиод газар унагаачихсан. Тэр залууг барьж авах гээд Е ах бид хоёр араас нь гүйсэн ба замдаа цагдаатай таарч бариулсан. Е ах бид хоёр машин дээрээ ирээд Х.Быг эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Х.Бын баруун талын нүд хэсэг хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
3. Гэрч Б.Н-гийн “2021 оны 03 дугаар сарын 05-ны орой 22-23 цагийн хооронд нөхөр Ерганат, түүний төрсөн дүү Х.Б, Б бид нар Төгөл худалдааны төвийн урд талд очиж зогссон. Тухайн үед манай нөхрийн машинд бүгдээрээ сууж явсан. Төгөл худалдааны төвөөс Б АТМ орж мөнгө авах гээд ганцаараа машинаас гараад явж байхад архи уучихсан согтуу 2 ахтай маргалдаад хэрэлдсэн. Бүлдэргэний араас нөхөр Е болон Х.Б нар машинаас гараад тэр хүмүүстэй хэрэлдээд байсан. Би машинд сууж байгаад нөгөө хэд рүүгээ харахад Х.Б хүнд цохиулаад газар уначихсан, босож байхаар нь би машинаас гараад очиход Х.Быг цохисон гэх эрэгтэй хүний араас Ерганат, Бүлдэргэн нар гүйгээд явчихсан. Би Х.Быг машинд суулгаж байхад Е, Б нар гүйгээд явчихсан. Би Х.Быг машинд суулгаж байхад Е, Б нар ирсэн ба бид нар эмнэлэгт Х.Быг хүргэж өгсөн. Тухайн үед Х.Бын баруун талын нүд хэсэг нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-гийн гаргасан 2021 оны 03 сарын 11 өдрийн №191 дугаартай “Магадлуулагч: Х.Бын биед баруун нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний доор няцарсан шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-25-р хуудас/
5. Яллагдагч Ө.Тын “Би 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Төгөл дэлгүүрийн гадаа найз нартайгаа харих гээд явж байсан чинь хэсэг залуучууд настай хүнийг зодож байхаар нь би очоод ах нараа та нар аав шиг хүнийг зодоод байна гэж хэлсэн чинь намайг Х.Б гэдэг хүн түлхээд байхаар нь баруун гараараа шанаан тус газар нь цохиод газар унагаачихсан. Тэгсэн чинь намайг нэг хар савхин хүрэмтэй ах хөөхөөр нь зугтаж байгаад энгийн саарал машинтай цагдаа нартай тааралдаж баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б-О дүгнэлтдээ “Шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 03 сарын 05-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Төгөл худалдааны төвийн гадна архи ууж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Нотлох баримтын хувьд гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авч хохирогч нь худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл байхгүй. Нотлох баримтын хэмжээнд хүлээн авах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ө.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч нь ажилгүй байх хугацааны 750 000 төгрөг нэхэмжилж байгаа. Тухайн үед өгсөн эмний зардлыг төлсөн байдаг. Хохирогч нь ажилгүй байсан үеийн төлбөр болох 750 000 төгрөг нэхэмжлэж байгаа боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байна. Тиймээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Тыг гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ө.Тыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй болохыг дурдаж байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Б-бын “Би ахын араас машинаас буугаад тэр хоёр архи уучихсан ах нарт хандаж яагаад байгаа юм бэ гэж хэлчхээд эгчийг дагуулаад машинд суух гээд явж байхад Төгөл худалдааны төвийн урд талын явсан хүний зам талаас танихгүй эрэгтэй хүн ирээд миний зүүн талын нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр залуу намайг нэг удаа цохихдоо эхлээд зүүн талын нүд хэсэг, цохилт нь үргэлжлээд хамар луу очсон. Би тэр залууд цохиулаад газарт уначихсан. Намайг цохисон гэх залууг зугтсан ба араас нь Эрганат ах хөөсөн боловч барьж чадаагүй ба цагдаа нар таараад барьж өгсөн гэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Б-ний “Би Төгөл худалдааны төвийн АТМ-ээс мөнгө авах гээд ганцаараа машинаас гараад Төгөл худалдааны төв рүү алхаад явж байхад гадаа байсан согтуу ах нар хоорондоо маргалдаж байгаа нэг нь миний мөр хэсэгт хальт, санаандгүй цохисон. Намайг хальт, санаандгүй цохисон гэх ахтай маргалдаад зогсож байхад машинаас Е, Х.Б нар гарч ирээд намайг өмөөрч согтуу ах нартай маргалдсан. Энэ үед Төгөл худалдааны төв талаас танихгүй залуу ирээд Х.Быг нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиод газар унагаачихсан. Тэр залууг барьж авах гээд Е ах бид хоёр араас нь гүйсэн ба замдаа цагдаатай таарч бариулсан. Е ах бид хоёр машин дээрээ ирээд Х.Быг эмнэлэгт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Наранцэцэгийн “Төгөл худалдааны төвөөс Бүлдэргэн АТМ орж мөнгө авах гээд ганцаараа машинаас гараад явж байхад архи уучихсан согтуу 2 ахтай маргалдаад хэрэлдсэн. Б-ний араас нөхөр Е болон Х.Б нар машинаас гараад тэр хүмүүстэй хэрэлдээд байсан. Би машинд сууж байгаад нөгөө хэд рүүгээ харахад Х.Б хүнд цохиулаад газар уначихсан, босож байхаар нь би машинаас гараад очиход Х.Быг цохисон гэх эрэгтэй хүний араас Е, Б нар гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд Ө.Тын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-гийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ө.Т нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Төгөл худалдааны төвийн орчимд архи ууж согтуурсан үедээ Х.Быг нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Ө.Т нь шууд санаатай үйлдлээр бусдын нүүрэн тус газарт цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Тыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд сул зогссон цалин хөлс 750 000 төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа ирүүлээгүй тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Х.Б нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС