| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0140/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-06-11 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2125000000095 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
А.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт болон Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант баг тоотод мэдээллийн технологи ашиглан “Бааска.А” гэх нэртэй фейсбүүк хаягнаас ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Быг мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм зүйл хийхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 07-10-р хуудас/
2. А.Бын “Хаан банкин дахь 509 дугаарын дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-54, 61-67-р хуудас/
3. А.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р хуудас/
4. Гэрч Б.Х-лийн “Гэрээс гарахгүй байж мөнгөтэй болоод байсан. Тэгэхээр нь би асуухад “Цахимаар тоглоом тоглуулаад олсон” гэж хэлсэн. Тэгээд би хууль бус юм бишүү гэхэд зөрүүдлээд болиогүй юм шиг байсан. Тоглуулдаг гэх эд зүйлүүд нь одоо байхгүй, цагдаагаас залгахад бүгдийг нь шатаачихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б нь Баянзүрх дүүрэг 16-р хорооны нутаг дэвсгэрт болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн тоотод байрлах гэртээ 2020 оны 12 сарын 24-ны өдрөөс 2021 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд мэдээллийн технлоги ашиглан мөн Бааска А гэх фэйсбүүк хаягаас хөзөр буюу аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, хавтаст хэргээс мэдүүлэг шалгах ажиллагаа, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас олсон ашгийг дансанд үзлэг хийж тогтоосон. 14 хоногийн хугацаанд мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан. Тоглуулсан хоног ашиг олсон нөхцөл байдал бодитой тохирч байна гэж үзсэн. Шүүгдэгч нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь хангалттай тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч А.Быг гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Анх удаа тохиолдолдын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн учраас А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж. Хууль бусаар олж авсан 632 500 төгрөгийг улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар нэг багц 52 ширхэг хөзрийг устгуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, А.Бын “Хаан” банкин дахь 509 дугаарын дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, А.Бын мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.Хонгорзулийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт болон Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант баг тоотоос “Бааска.А” гэх нэртэй фейсбүүк хаягнаас хөзөр ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч А.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг, тодорхой хэмжээний цалин орлоготой байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирол тогтоогдоогүй, гэм хорын нэхэмжлэл гараагүй болохыг дурьдаж, шүүгдэгч А.Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулж 632 500 төгрөгийн ашиг олсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 ширхэгтэй хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас 632 500 төгрөг гаргуулан улсын орлого болгож, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцон солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар ирүүлсэн 52 ширхэгтэй хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС