| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/159 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/159
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Од холбогдох эрүүгийн 2025000000203 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Н.О,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.О нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг Булагт тоотод эхнэр Ч.Мийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ч.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ч.Мгийн “2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр Норжоогийн Н.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэртээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн Булагтын тоотод орж ирэхээр нь хувцсыг нь тайлж өгөх гэтэл миний үснээс зулгаасан. Надтай хэрүүл хийж улмаар түлхэж унагаасан, нуруу руу 2 удаа гараараа цохисон, мөн гар луу 2 удаа цохисон. Би өөрийгөө хамгаалах гэж гарыг нь хазаад зугтаасан. Улмаар тэр өдрөө цагдаагийн газар дуудлага өгч би өөрөө ээжийндээ очсон. Хэрүүл маргаан болох үед манай хоёр хүүхэд байхгүй байсан. Манай нөхөр өмнө нь намайг зодож байгаагүй. Би уурандаа 2-3 удаа цохисон, хөөж тууж дарамтанд байлгадаг гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 303 дугаартай “Ч.Мийн биед зүүн бугалга шуу, хуйх, зүүн дээд зовхины зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, зүүн даланд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулана. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно. 3өөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 28-29-р хуудас/
3. Яллагдагч Н.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн хүндэд медалиар шагнуулаад гэртээ архи ууж байтал удаагүй манай эхнэр Ч.М 18 цагийн үед ирсэн. Манай эхнэр ээжтэйгээ хамт амьдраад 2 сар гаран болж байна. Би жаахан архи уучихсан байсан учир гэр орондоо ирдэггүй юм уу, надтай амьдраад байгаа юм уу, үгүй юм уу, гэж хэлээд л хэрүүл маргаан эхэлсэн. Түүнээс болоод эхнэрээ 2-3 удаа нуруу руу нь цохисон. Улмаар манай эхнэр цагдаагийн газарт хандсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.О нь 2021 оны 05 дугаар сарын 12-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ч.Мийн эрүүл мэндэд халдан гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай 4 учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Н.Огийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүдэгчийг цаашид өөрийн үйлдэлд дүгнэлт хийж, дахин ийм үйлдэл гаргахгүй байхад анхаараасай гэж хүсч байна. Шүүгдэгч нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна. Хохирогч Ч.М нь шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч хохирогч Ч.Мийн “2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр Н.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэртээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн Булагтын тоотод орж ирэхээр нь хувцсыг нь тайлж өгөх гэтэл миний үснээс зулгаасан. Надтай хэрүүл хийж улмаар түлхэж унагаасан, нуруу руу 2 удаа гараараа цохисон, мөн гар луу 2 удаа цохисон. Би өөрийгөө хамгаалах гэж гарыг нь хазаад зугтаасан. Улмаар тэр өдрөө цагдаагийн газар дуудлага өгч би өөрөө ээжийндээ очсон. Хэрүүл маргаан болох үед манай хоёр хүүхэд байхгүй байсан. Манай нөхөр өмнө нь намайг зодож байгаагүй. Би уурандаа 2-3 удаа цохисон, хөөж тууж дарамтанд байлгадаг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 303 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.О нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг Булагт тоот гэртээ эхнэр Ч.Мийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Н.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ог яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас Ч.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ог 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцон солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС