Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/401

 

 

 

 

 

 

    2021         06           21                                       2021/ШЦТ/401        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр  хөтлөн,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Шүүгдэгч: Э.Ш,

Хохирогч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шд  холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Ш нь “2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20-оос 21-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо, 000 тоотын урд талд хохирогч Н.Өтай маргалдан улмаар гараараа нүүр нь тус газарт цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь 1 шүдний эмтрэл, жавьжинд язралт, дух, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Э.Ш нь “2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20-оос 21-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо, 0000 тоотын урд талд хохирогч Н.Өтай маргалдан улмаар гараараа нүүр нь тус газарт цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь 1 шүдний эмтрэл, жавьжинд язралт, дух, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ө “...хохирлоо гаргуулах саналтай байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Өын хохирогчоор өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Зурагтад найз Дөлгөөний хамт хүнд юм хүргэж өгчхөөд явж байтал Цацрал гээд таньдаг эмэгтэй чатаар “орой болчихсон байна, дөхүүлээд өгөөч” гэсэн. Тэгээд би 0000000000 тоотын үүдэнд очоод байж байтал Цацрал гарч ирээд “манай найз хамт явна, хүлээж байя” гэсэн. Тэгээд нэг танихгүй эмэгтэй гарч ирснээ “утсаа мартсан байна” гээд эргээд орсон. Удалгүй нэг жижиг биетэй залуу гарч ирээд миний машины өмнө гуйваад зогсоод байсан. Гэтэл араас нь Шинээ гэж дуудаад байсан залуу гарч ирээд миний машин руу өшиглөсөн. Тэгээд би “чи яаж байна аа” гэхэд “та нар амжихгүй шүү” гээд орилоод байсан. Тэгээд би машинаас гарахад намайг хавирч унагаад миний куртикийг урсан. Гэтэл хэн нь мэдэгдэхгүй нэг нь хажуу талаас нүүр тус газарт цохисон. Би газарт унаад болох гэхэд 2-3 удаа дал хэсэгт өшиглөсөн. Тэр үед миний аманд нэг хатуу зүйл мэдрэгдсэн ба үзэхэд миний шүдний үйрмэг байсан. Би “та нарыг танихгүй шүү дээ, яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд үг сонсохгүй байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Би шүдээ “Энх инээмсэглэл” эмнэлэгт үзүүлэхэд эхлээд 120.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба, бүтэн болгох эсэхийг цаашдаа эмчилгээ хийж байж мэднэ гэсэн. Би куртик болон шүдний эмчилгээний төлбөрөө гаргуулмаар байна. Гомдолтой ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Д гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр би найз Өтай хүнд юм хүргэж өгчхөөд явж байтал Өын утсанд чат ирсэн. Тэгээд Ө “2-лаа нэг хүн хүргэж өгчхөөд харья” гээд бид 2 зурагтын тийшээ нэр хашааны гадаа очсон. Гэтэл хүргэж өгөх гэж байсан эмэгтэй хүн гарч ирснээ “утсаа мартсан байна” гээд эргээд орсон. Удалгүй нэг залуу гарч ирээд “ямар юмнууд нь авч явах гээд байгаа юм” гэж хэлээд машин руу өшиглөсөн. Тэгээд Ө бид 2 гараад Ө “яагаад машин өшиглөөд байгаа юм бэ” гэхэд тэр залуу маргалдаад Өыг газарт хавираад унагаасан. Тэгээд 2-3 удаа өшиглөх шиг болсон. Тэгснээ над руу ирээд цохих гэхэд нь би ухарсан чинь дахиж Ө дээр очоод ноцолдсон. Гэтэл дахин нэг залуу гарч ирээд цохиод авах шиг болсон. Өын куртик урагдсан байсан. Харанхуй байсан болохоор хэн нь хэдэн удаа хаашаа нь цохиод байгааг сайн хараагүй. Тэгээд арай гайгүй согтолттой байсан залуутай ярилцаад Өын утас алга болсон гэхээр нь олоод салсан. Тэр машин өшиглөсөн залуу утсаа өгөөд янзлуулж өгнө гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би найз Ариунзаяатай хамт Шинэтулгын найзынд нь очсон. Тэнд 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Эмэгтэйг нь М, эрэгтэйг нь Б, Д гэж дуудаад байсан. Би тэр хүмүүсийг танихгүй, тэр өдөр л анх харсан. Тэд нар пиво уугаад сууж байсан ба бид 2 очиж бас хамт уусан. Тэгээд Ө над руу чат бичихээр нь би “найзындаа байна” гэсэн чинь “хүргээд өгөх үү” гэсэн. Тэгээд би хаягийг нь зааж өгсөн. Ө ирчихлээ гэхэд нь би А-г явах уу гэхэд А утсаа мартсан байна гээд эргээд орсон. Тэгээд удалгүй гарч ирэхэд нь Ш хамт гарч ирээд А-г авч явах гээд байна гэж ойлгоод машин руу нь өшиглөсөн. Тэгээд Ө гараад маргалдсан. Би салгаад “намайг авч явахаар ирсэн” гэдгийг нь хэлсэн. Тэгээд тэнд байсан нэг залуу арай согтолт гайгүй байсан болохоор нь хамт салгасан. М-аад ноцолдохдоо Ш, Ө 2 газарт унасан. Өын гадуур хувцас урагдсан харагдсан. Харанхуйд хэн нь цохиод байгааг сайн хараагүй. Гэхдээ Ш Өыг цохисон байх. Тэр 2 маргалдаж ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би хажуу хашааны найз Д-д орж түүний найз охин, Ш нарын хамт 0,75 литрийн архи 1 шилийг мөн пиво уусан. Тэгээд байж байтал Шинэтулгын найз охин нэг найзын хамт ирж байна гээд ирсэн. Бид нар уугаад сууж байхад Шинэтулгын найз охин нь явлаа гээд Ш, Аа, түүний найз охин 3 гарсан. Удалгүй гадаа орилолдоон болоод байхаар нь гарсан. Гэтэл Ш нэг туранхай залуутай барьцалдаад авчихсан, хажууд нь нэг махлагдуу залуу бас зогсож байхаар нь махлагдуу залууг нь шанаа хэсэгт нь 1 цохисон. Гэтэл тэр залуу “би салгах гэж байна ш дээ” гэхээр нь хамт тэр 2-ыг салгасан. Ш тэр туранхай залуутай миний хажууд цохилцож зодолдсон зүйл байхгүй. Тэр 2 залуу А-ийн найзыг авах гэж ирсэн гэсэн. Тэгээд тэднийг салгаад явуулсан. Туранхай залуу нь Шинэтулгыг “машины корлан янзалж өг” гээд байх шиг байсан. Ш найз охиноо хардаад буруу ойлгож маргасан байх. Тэгээд тэд нар явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Д гэрчээр өгсөн “...Тухайн өдөр Б ах над руу залгаад “гэртээ байна уу” гэхэд нь “байна” гэхэд “ах нь М-тай явж байна, ороод гарья” гэсэн. Тэгээд бид 3 манай гэрт 0,75 литрийн 1 шил архи уугаад сууж байтал Ш гаднаас найз охинтойгоо, мөн түүний найз охинтой 3-лаа ирсэн. Тэгээд бид нар уугаад сууж байтал Шинэтулгын найз охин явлаа гээд тэр 3 гарсан. Гэтэл гадаа хэрүүл маргаан болоод байх шиг байхаар нь Б ах “М 2 байж бай, ах нь гарчхаад ирье” гэж хэлээд гарсан. Тэгээд байж байтал “М 2-лаа гарч 00 ороод ирье” гээд би нохой хориод бид 2 гарсан. Б ах урдаас ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “зүгээр ээ, юу ч болоогүй” гэсэн. Би яг юу болсон талаар мэдэхгүй байгаа, нэлээн согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

 

“...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “М” ХХК-ийн 00000000 дугаартай “хохирогч Н.Өын куртик”-ыг 162.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан...” /хх-ийн 52-56 тал/,

 

“...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “М” ХХК-ийн “хохирогч Н.Өын тээврийн хэрэгслийн хохирол”-ыг 260.000 төгрөгөөр үнэлсэн 00000000 дугаартай үнэлгээний тайлан...” /хх-ийн 58-59 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаартай шинжээчийн: “...Н.Өын биед 1 шүдний эмтрэл, жавьжинд язралт, дух, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ш яллагдагчаар өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн найз охин А, түүний найз Цацрал манай хажуу хашааны Д ууж байтал Цацрал хүнтэй чат бичээд байсан. Тэгээд манай найз охин найзын хамт явлаа гээд гарсан. Би араас нь гарахад приус-30 маркийн автомашинтай 2 залуу ирчихсэн жолооч залуу нь манай найз охинтой юм яриад байсан. Тэгээд би очоод “чи хэн бэ” гээд маргасан. Тэгээд би машин руу нь 1 удаа өшиглөсөн. Тэр жолооч залуу хамт явсан залуутайгаа машинаасаа буугаад ирэхээр нь би барьцалдсан. Тухайн үед Ц ирж авч байсан юм байна лээ. Нэг их сүртэй зодоон болоогүй. Миний хөлөөс зууралдаад байхаар нь би өшиглөсөн. Тэгээд “шүд хугалчихлаа” гэхэд нь “харъя” гэхэд амаа ангайгаад харуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Э.Ш эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 тал/, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 000000000 дугаартай Шийтгэлийн хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 72 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 74-75 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 76-78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Э.Ш “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

 

Хохирогч Н.Ө “…Э.Ш гэм буруутай гэж үзэж байна. Хохирол төлбөрөө гаргуулж, цаашдаа гарах хохирол төлбөрөө нэхэмжилнэ…” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Э.Ш нь “2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20-оос 21-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо, 00000000 тоотын урд талд хохирогч Н.Өтай маргалдан улмаар гараараа нүүр нь тус газарт цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь 1 шүдний эмтрэл, жавьжинд язралт, дух, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь  шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч Н.Өын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Гэтэл араас нь Ш гэж дуудаад байсан залуу гарч ирээд миний машин руу өшиглөсөн. Тэгээд би “чи яаж байна аа” гэхэд “та нар амжихгүй шүү” гээд орилоод байсан. Тэгээд би машинаас гарахад намайг хавирч унагаад миний куртикийг урсан. Гэтэл хэн нь мэдэгдэхгүй нэг нь хажуу талаас нүүр тус газарт цохисон. Би газарт унаад болох гэхэд 2-3 удаа дал хэсэгт өшиглөсөн. Тэр үед миний аманд нэг хатуу зүйл мэдрэгдсэн ба үзэхэд миний шүдний үйрмэг байсан. Би “та нарыг танихгүй шүү дээ, яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд үг сонсохгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай  давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 1460  дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ш  2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20-оос 21-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хороо, 00000000 тоотын урд талд хохирогч Н.Өтай маргалдан улмаар гараараа нүүр нь тус газарт цохиж, биед нь халдаж эрүүл мэндэд нь 1 шүдний эмтрэл, жавьжинд язралт, дух, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Э.Шинэтулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Н.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 582.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүх хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “М” ХХК-ийн 0000000 дугаартай “хохирогч Н.Өын куртик”-ыг 162.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 52-56 тал/, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “М” ХХК-ийн “хохирогч Н.Өын тээврийн хэрэгслийн хохирол”-ыг 260.000 төгрөгөөр үнэлсэн 0000000 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 58-59 тал/, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “М” ХХК-ийн “үнэлгээний хөлс” гэх нийт 20.000 төгрөгийн баримтыг үнэлж /хх-ийн 51 тал/ нийт 442.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн зүгээс хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн “Э” эмнэлгийн эмчийн шүдний хугарлыг эмчлэхэд шаардлагатай гэх 140.000 төгрөгийн эмчийн тодорхойлолтыг /хх-ийн 20-21 тал/, хохирол төлбөрт тооцохгүйгээр хохирогч Н.Ө нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 Иймд шүүгдэгч Э.Шас нийт  442.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Шд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Шинэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

   Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлөгдөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш 350 / гурван зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Ш нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Шас  442.000 /дөрвөн зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Өт олгож,  цаашид гарах гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг хохирогч Н.Өт нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.Э