Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Д.Дашмаа

шүүгдэгч Б.Хүдэрмөнх, түүний өмгөөлөгч М.Идэрхангай

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000053 дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3; эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 48-11 тоотод хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннаран 15 дугаар гудамж, 40 “Б” нийтийн байр, 18 тоотод түр оршин суух, ялгүй, УХ90122454 дугаарын регистртэй, Тайшир овогт Байгалын Хүдэрмөнх

 

Шүүгдэгч Б.Хүдэрмөнх 2015 оны 11 дүгээр сард Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” нэртэй хоолны газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, улмаар 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15-40 б тоотод байрлах нийтийн байрны 18 тоот өрөөнд хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Хүдэрмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өвсийг 2-3 удаа татаж хэрэглэсэн. Үүнээс гарах үр дагаврыг нь ойлгосонгүй. Энэ зүйлийг дахин хэрэглэхгүй байж чадна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Хүдэрмөнхийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2-р хх-н 5/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 246, 2-р хх-н 6/, захиргааны зөрчлийн лавлагаа /1-р хх-н 28/, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-н 7/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2-р хх-н 7-8/,

гэрч Намсрайдоржийн Шинэжаргалын “... миний хүү Хүдэрмөнх 1990 оны 12 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, айлын том хүүхэд. Бага насандаа Нийслэлийн 16 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад 2000 онд Ерөнхий Боловсролын 45 дугаар дунд сургуульд элсэн суралцаж, 9 дүгээр ангиа төгсөөд Монгол Улсын Их сургуулийн Ерөнхий боловсролын АБ лицей сургуульд орж улмаар гурван жил суралцаад бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Тэгээд уг сургуулийн Хятад хэлний орон судлалын ангид элсэн суралцаж байна. Одоо 4-р дамжааны оюутан. 2013 онд төгсөх ёстой байсан ч ар гэрийн гачигдлаар 2 жил сургуулиасаа завсардаад 2015 оны намраас буцаж сургуульдаа орсон. Миний хүү зан байдлын хувьд их зөөлөн, өрөвч хүүхэд байгаа юм. Би хүүгийнхээ эцгээс 2000 онд салсан. Хүү маань надтай хамт байдаг байсан. Хүдэрмөнхийн дүү нь дөрвөн настай юм. 2015 оны 8 дугаар сард миний хүү Хүдэрмөнх би тусдаа баймаар байна, дүү жоохон болохоор хичээл хийлгэхгүй юм гээд байхаар нь би тусдаа байхыг зөвшөөрсөн. Тэгээд Хүдэрмөнх ааваасаа мөнгө аваад тусдаа байр түрээсэлж амьдарч эхэлсэн. Аав нь тухайн байрыг нь олж өгсөн. Би тухайн байранд нь очиж үзээгүй. Намайг очих гэхээр дулаарахаар ирээрэй гээд очуулдаггүй байсан. Надад ганцаараа амьдарч байгаа гэж хэлж байсан. Очиж үзээгүй болохоор ямар хүмүүстэй амьдарч байсныг нь мэдэхгүй байна. Хүдэрмөнх тусдаа байхдаа байнга гэртээ ирдэг байсан. Тэр үед Хүдэрмөнх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байдал ажиглагдаж байгаагүй. Яагаад ийм хэрэгт холбогдсоныг ойлгохгүй байна. Сониуч зангаасаа болоод ийм хэрэгт холбогдсон байх гэж бодож байна. Би хүүгийнхээ найз нөхдийг сайн мэдэхгүй. Уг нь Амараа гэдэг хүүхэдтэй их найзалдаг байсан. Тэр хүүхэд одоо цагдаа болсон гэж сонссон. Энхзаяа гэж хүүхдийг мэдэхгүй. Хүдэрмөнх ааваасаа голдуу мөнгө авдаг. Мөн сургуулиасаа чөлөө аваад Боловсрол, С1 телевизэд дууны найруулагчаар ажиллаж байсан. Бие эрхтний хувьд эрүүл саруул, архаг хууч өвчин байхгүй. харин бага зэрэг хараа муутай. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Миний хүү бага байхаасаа хөгжим их сонирхдог хүүхэд байсан. Тэгээд 1 дүгээр курст байхдаа нэг амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглож байгаа гэж байсан. Тэр үед надад хэлэлгүйгээр биедээ шивээс хийлгэсэн байсан. Ямар учиртай шивээс хийлгэснийг нь мэдэхгүй” /1-р хх-н 136-137/ гэсэн мэдүүлэг,

гэрч Буяннэмэхийн Байгалын “... миний хүү Хүдэрмөнх 1990 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн. Миний төрсөн ганц хүүхэд байгаа юм. ... уг сургуулийн Хятад хэлний орон судлалын ангид элсэн суралцаж байгаад 2013-2014 онд сургуулиасаа чөлөө авч ажил хийж байгаад 2015 оны намраас эхлэн сургуульдаа сурч эхэлсэн. Энэ жил төгсөх курсын оюутан. Би хүүгийхээ эхээс 2000 онд салаад хүү маань эх дээрээ үлдсэн ч би хүүтэйгээ байнга холбоотой байдаг. Миний хүү хүний хувьд зөөлөн сэтгэлтэй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, цайлган сэтгэлтэй, мөн бага байхаасаа хөгжим сонирхдог байсан. Тэгээд хүүхдүүдтэй нийлж амьд хөгжмийн хамтлаг байгуулаад бөмбөр тоглодог гэж надад хэлж байсан. Би тэр хүүхдүүдтэй нь уулзаж байгаагүй. Би хүүгийнхээ найз нөхдийн талаар сайн мэдэхгүй. Амараа гэдэг найзыг нь сайн танина. Тэр хүүхэд хуучнаар дотоодын цэрэгт ажилладаг байсан. Одоо юу яг хаана, юу хийж байгааг нь мэдэхгүй байна. Миний хүү урьд өмнө нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаагүй. Тийм зүйл ч ажиглагдаагүй. Би хүүтэйгээ 2015 оны 11 дүгээр сард уулзахад фитнест явж байгаа гээд бие хаа нь гайгүй болчихсон явж байсан. Хичээл номондоо явж байгаа, энэ хавар сургуулиа төгсөөд ажил олж хийе гэж байсан. Тухайн үед би Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын даргаар ажиллаж байсан. 2015 оны 8 дугаар сард намайг Сэлэнгэ аймагт ажиллаж байхад Хүдэрмөнх ирсэн. Тэр үед хүү маань ээжтэй хамт баймааргүй байна, ганцаараа бие дааж баймаар байна гэхээр нь би хүүтэйгээ Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг нийтийн байранд 1 жилээр өрөө түрээслээд, хүүгээ оруулж өгөөд Сэлэнгэ аймаг руугаа явж байсан. Миний хүү урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй” /1-р хх-н 138/ гэсэн мэдүүлэг,

гэрч Энхтайваны Түвшингийн “... Хүдэрмөнх миний амьдардаг нийтийн байранд байдаг. Тэрээр гэртээ ганцаараа л байдаг. Гаднаас хүмүүс ирээд байдаггүй. Ямар ч байсан намайг сургуулиас ирээд гэртээ байхад Хүдэрмөнх гэртээ кино үзээд ганцаараа байж байдаг байсан. Намайг сургуульдаа явсан хойгуур хүн ирдэг эсэхийг нь мэдэхгүй байна” /1-р хх-н 130-140/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ганболдын Бат-Амгалангийн “... 3-4 жилийн өмнө би Хүдэрмөнхтэй танилцсан. Тухайн үед би С1 телевизэд дуу бичүүлэх гэж очиход Хүдэрмөнх дууны найруулагчаар нь ажиллаж байсан. Би Хүдэрмөнхтэй дотно найзууд биш танил төдий найзууд” /1-р хх-н 144/ гэсэн мэдүүлэг,

гэрч Энхтуяагийн Жамсрангийн “... Хүдэрмөнх миний дүү Түвшинтэй найзууд биш. Гэхдээ дүү маань Хүдэрээ ахаас кино авсан гээд намайг ажлаасаа ирэхэд үзээд сууж байдаг байсан. Нийтийн байранд танилцсан танилууд байх. Би Хүдэрмөнхийн гэрт нэг удаа орж байсан. Хүдэрмөнх ганцаараа амьдардаг. Монгол Улсын Их Сургуулийн төгсөх курсын оюутан, хичээл ихтэй гээд хичээлээ  хийгээд сууж байсан. Намайг орох үед хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байдал ажиглагдаагүй. Бусад үед нь хэрэглэж байсан эсэхийг мэдэхгүй” /1-р хх-н 143/ гэсэн мэдүүлэг,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “Б.Хүдэрмөнх нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна. Эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээ авар шаардлагагүй байна. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, мансуурах донтой хоёрын ялгааг шинжилгээгээр тодруулан тогтоох боломжгүй юм” /1-р хх-н 171/ 290 тоот дүгнэлт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Хүдэрмөнх 2015 оны 11 дүгээр сард Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” нэртэй хоолны газрын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, улмаар 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15-40 б тоотод байрлах нийтийн байрны 18 тоот өрөөнд хадгалсан болох нь шүүгдэгч Б.Хүдэрмөнхийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

гэрч Энхтайваны Түвшингийн “... би Хүдэрмөнхөөс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдан авч байгаагүй. Он сарыг нь сайн санахгүй байна, 2015 оны 12 дугаар сарын үед байх Хүдэрмөнхөөс кино гуйж гэрт нь ортол Хүдэрмөнх ногоон өнгийн нунтаг ургамлыг тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь асаагуураар шатааж, мөнгөн дэвсгэрт хуйлаад утааг нь сорж байхаар нь би юу юм бэ, тамхи юм уу гэж асуухад тамхи биш хар тамхи, чи хэрэглэж үзэх үү гэхээр нь би сонирхоод хоёр гурван удаа сороход надад ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй. Дараа нь бараг 10 хоногийн дараа Хүдэрмөнхөд киног нь өгөх гээд ороход нөгөө хар тамхи гаад байсан өвсөө урьдын адил хэрэглээд сууж байхаар нь би бас сонирхоод хоёр удаа сороход нэг сонин болоод байсан. Өөрийн эрхгүй инээгээд хөгжим сонсохоор гоё сонсогдоод байсан. Тэр өдрөөс хойш Хүдэрмөнхийн гэрт ороогүй, бас хар тамхи гэх ногоон өнгийн өвсийг хэрэглээгүй.

Би 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, Багануураас Улаанбаатар хотод орж ирээд Хүдэрмөнх рүү залгаад нөгөө таны хэрэглээд байдаг өвс байгаа юу, олоод өгөөч гэсэн чинь Хүдэрмөнх чамд мөнгө байгаа юм уу, өвс асуудалгүй олдоно гэж хэлэхээр нь надад мөнгө байгаа, хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд 100.000 төгрөгөөр зарна, чамд тэгээд байгаа юм уу гэхээр нь Багануураас хот руу гарахад аавын өгсөн 100.000 төгрөг надад байсан болохоор яг 100.000 төгрөг байна гэж хэлсэн. Гэтэл Хүдэрмөнх Төмөр замын 20 дугаар сургуулийн орчим байна, чи хүрээд ир гэхээр нь би очсон чинь эхлээд мөнгөө өгчих орой өвсөө аваарай гэж хэлэхээр нь би мөнгөө өгчихөөд явсан. Тэгээд үдээс хойш нь Хүдэрмөнхтэй уулзах гээд хорооллын Парадоксын ойролцоо байхад цагдаа нарт баригдсан. Тухайн үед Хүдэрмөнхтэй уулзаж чадаагүй.

Намайг Хүдэрмөнхийн гэрт ороход ямар ч байсан хоёр гурван удаа хэрэглээд сууж байсан. Хаанаас, хэнээс авсан талаараа надад ярьж байгаагүй. Би ч асууж байгаагүй. Намайг орох болгонд хэрэглээд сууж байдаг байсан болохоор Хүдэрмөнхөд тухайн бодис амархан олддог юм байна гэж бодсон. Би урьд өмнө нь киноноос нь хар тамхины талаар сонсож, харж байсан. Яг юу байдаг, ямар хор хөнөөлтэй эсэхийг огт мэдэхгүй. Одоо ч мэдэхгүй. Тэгээд Хүдэрмөнхийн гэрт ороод хар тамхи гэж ийм зүйл байдаг юм байх гэж бодсон” /1-р хх-н 139-140/ гэсэн,

гэрч Ганболдын Бат-Амгалангийн “... 2016 оны 1 дүгээр сарын 10-дын үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна, Хүдэрмөнхийн гэрт очиж 2 хоносон. Тухайн үед Хүдэрмөнх Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-40 “б” тоотод байрлах нийтийн байранд өрөө түрээсэлж амьдардаг байсан. Намайг очиход Хүдэрмөнх жижиг хар хайрцагтай буюу хоёр чүдэнзний хайрцаг нийлүүлсэн юм шиг нунтаглаж хийсэн /дүнсэн тамхи шиг/ зүйл гаргаж ирээд татаж үзэх үү гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгтэл Хүдэрмөнх өвсөө цаасанд ороогоод татахаар нь би бас цаасанд ороогоод татахад их гашуун, хоолой сонин оргиод байхаар нь би татахаа больчихсон. Тэгээд Хүдэрмөнхөд энэ чинь онцгүй юм байна гэж хэлээд пиво уусан. Би ахиж өвс хэрэглээгүй. Хүдэрмөнх тэр өвсийг хаанаас авсан талаараа хэлээгүй, би ч асуугаагүй, мэдэхгүй. Би Хүдэрмөнхөөс авч байгаагүй. Гэрт нь л нэг удаа хамт татаж үзсэн. Би хар тамхи, мансууруулах бодисын талаар интернетээс ойлголттой болсон. Маргааш өглөө нь босоод Хүдэрмөнх хөдөөнөөс хүн ирнэ гэж байна гээд хайрцагтай өвсөө цонхоороо асгачихаад хичээлдээ суучихаад ирье гээд явсан. Энхзаяа хамт хоносон байсан ба бид хоёр гэрт нь үлдсэн. Тэр өдрөөс хойш Хүдэрмөнх бид хоёр уулзаагүй. Би Хүдэрмөнхийн гэрт анх удаа тэр өвсийг татаж үзсэн ба дахин татаагүй” /1-р хх-н 144/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхүйц хэмжээтэй байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.Хүдэрмөнхийн гэрт үзлэг хийж хураан авсан 10 ширхэг үр мэт хар бор өнгийн ургамлын зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар бор өнгийн ургамлын үр мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” /1-р хх-н 166/ гэсэн 1796 тоот дүгнэлт,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-н 7/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 8-10/, гэрэл зургууд /1-р хх-н 11-12, 14-19, 21, 36, 132, 135/, биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 13, 38/, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-н 20/, харьцуулах шинжилгээнд хэлбэр, хэв авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-н 34, 35-36/, таньж олуулах тухай тэмдэглэл /1-р хх-н 108-110/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 131-132/ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Тайшир овогт Байгалын Хүдэрмөнхийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу буюу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн болно.

Учир нь; шүүгдэгч Б.Хүдэрмөнхөд холбогдох энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Мишээлийн хэргийг, Э.Түвшингийн хэргийг прокурор тус тус хэрэгсэхгүй болгосны зэрэгцээ, Б.Хүдэрмөнхөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан хэргийг прокурор мөн хэрэгсэхгүй болгожээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хүдэрмөнхөд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзаад түүнд баривчлах ял оногдууллаа.

 

Шүүгдэгч Б.Хүдэрмөнх цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Харин эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гялгар ууттай, 2 ширхэг ургамлын үр мэт зүйл, 0.6 грамм хар өнгийн баримал мэт зүйл, нэг талдаа хар өнгийн зүйлээр бохирлогдож, базагдсан хуйлсан байдалтай тугалган цаас, хуйлж ороож соруул мэт болгосон АК8467874 серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн дэвсгэрт, АН851614 серийн дугаартай Монгол улсын 50 төгрөгийн дэвсгэрт, нэг талдаа хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаасыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.