Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 29

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ц

Хариуцагч: У

Гуравдагч этгээд: П.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдлын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт П.А, Б.Ц нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нар оролцов.                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц нь 1990 оноос П.А гэх хүнтэй танилцаж хамтран амьдрах хүсэлтэй байсан. Гэвч П.А түүнтэй хамтран амьдрах хүсэлгүй байсан байна. 2019 оны 07 дугаар сард П.А нь Н.У гэх хүнтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт П.А, Б.Ц нарын гэрлэлтийг бүртгэснийг мэдсэн. Энэ тухай Б.Ц лавлаж хэн аль нь гэрлэлтийн бүртгэлтэй болохоо анх мэдсэн.

Тухайн бүртгэл нь 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Овоо суманд бүртгэгдсэн. Тухайн үед 1960 оны Үндсэн хууль болон 1973 онд батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ хуулийн дагуу гэр бүлийн харилцаа зохицуулагдана гэж үзэж байна. Хэдийгээр 1960 оны Үндсэн хуульд гэрлэлтийн талаар тусгайлан заагаагүй боловч 1973 оны Гэр бүлийн хуулийн 3 дугаар зүйлд “гэрлэлт сайн дурын үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасан байдаг.

Энэ талаар мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүхийн 1973 оны 12 сарын 29-ний өдрийн  10/30 дугаартай тогтоолын 10 дугаар зүйлд “гэр бүлийн хуулийн 34 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэхдээ мөн хуулийн 3, 8, 10, 35 дугаар зүйлийн заалтуудыг анхаарч байх шаардлагатай байх бөгөөд гэрлэгсэд нь өөрийн сайн дураар биш бусдын хавчлага, эрхшээлд гэрлэсэн буюу эсвэл эмгэг өвчний улмаас өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодож чадахгүй байсны улмаас гэрлэлтийг зөвшөөрсөн, эдгэрсний дараа гэрлэснийг бүртгүүлснийг хүсэхгүй байгаа гэрлэлтийг хүчингүйд тооцохоор шийдвэр гаргаж болохыг тайлбарласугай” гэж заасан байна.

Үүнээс үзэхэд 1973 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэрлэлт нь сайн дурын үндсэн дээр хэрэгжих ёстой. Энэ нь хэн алиных нь хүсэл зориг нэгдсэний үндсэн дээр гэрлэлтийг бүртгэж байна. Ингэж бүртгэснээрээ гэр үл болно гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Б.Ц, П.А нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл нь энэ шаардлагыг хангаагүй. Учир нь, тухайн үед гэрлэлтийг Ц.О гэдэг хүн бүртгэсэн гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн. Ц.О нь Б.Ц, П.А нарын өмнөөс гэрлэлтийг бүртгэх ХААТР-15 маягт болон дэвтэрт гарын үсэг зурсан.

Б.Ц, П.А нарыг 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16 дугаарт бүртгэхдээ баримт бичгийн байдал, үнэн зөв байдлыг шалгаагүй, гэрлэгчдийг байлцуулаагүй, гэрлэлт бүртгүүлэх талаар өргөдөл гаргаагүй байхад бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан Б.Ц, П.А нарын гэрлэлтийг бүртгэсэн ХААТР-15 маягт болон 1991 оны иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 16 дугаарт бүртгэсэн бүртгэл болон гуравдагч этгээд П.А “Би Баян-Овоо суманд амьдарч байгаагүй, нэг ч удаа очиж үзээгүй” гэсэн тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна.

Уг гэрлэлттэй холбоотой анхан шатны баримт болон өргөдөл зэрэг нь Өмнөговь аймгийн Архив тасаг, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын архив, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд байхгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх явцад харагдаж байна. Ийм учраас гэрлэлт бүртгүүлэх анхан шатны баримтуудыг үндэслээгүй, бүртгэлийг хуулийн дагуу үнэн зөв хөтлөөгүй, гэрлэгчдийг биеэр байлцуулалгүй гэрлэлтийн бүртгэлийг хийсэн байна.

Иймд нэхэмжлэгч Б.Ц, гуравдагч этгээд П.А нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл хууль бус бөгөөд тэдний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдлын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт П.А, Б.Ц нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ө хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баян-Овоо сумын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 1991 оны гэрлэлт бүртгэлийн дэвтрийн 16 дугаарт иргэн Б.Ц, П.А нарын 1991 оны 05 дугаар сарын 15 өдөр гэр бүл болсныг 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн байна. Гэрлэснийг бүртгэх 16 дугаартай ХААТР-15 маягтад иргэн Б.Ц, П. нарын гэрлэлтийн бүртгэл бүртгэгдэж баталгаажин иргэний бүртгэл мэдээллийн үндсэн санд орсон байна.

1990-2000 онуудад иргэдийн шилжилт хөдөлгөөний баг, сум хоорондын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг ХААТР-22 маягтаар, бусад аймаг, хотоос шилжин ирсэн бүртгэлийг ХААТР-23 маягтаар, бусад аймаг, хот руу шилжин явсан бүртгэлийг ХААТР-24 маягтуудаар тус тус бүртгэж, иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийн маягтыг иргэний хувийн хэрэгт архивладаг. Иргэн Б.Ц П.А нарын иргэний хувийн хэрэгт шилжилт хөдөлгөөний ХААТР-22, ХААТР-23, ХААТР-24 маягт байхгүй байна.

Иргэний улсын бүртгэлийн онлайн программ 2012 онд ашиглагдаж эхэлсэн бөгөөд иргэн Б.Ц, П.А нар нь 1990-2000 онуудад шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Иймд иргэн Б.Ц гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд П.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.А би Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд бүртгэсэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд 1991 оны 12 сарын 13-ны өдөр Б.Ц бид хоёрыг гэр бүл болсон, гэрлэсэн гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Б.Ц бид хоёр тухайн үед танил найз нөхөд байсан боловч хэн аль нь хамтран амьдрах, гэрлэх хүсэл байгаагүй. Б.Ц надад хэлэлгүй бүртгүүлсэн байж болох юм гээд өөртэй нь 2019 оны хавар холбоо барьж асуухад өөрөө ч мэдэхгүй байсан. Би Баян-Овоо суманд очиж гэрлэлт бүртгүүлэх нь бүү хэл Баян-Овоо суманд нэг ч удаа очиж үзээгүй.

П.А би Н.У гэх хүнтэй 2000-2017 онд түүнийг нас барах хүртэл нь хамт амьдарч байсан. Би Н.У хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн хэлтсээс Баян-Овоо суманд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Цгэдэг хүнтэй гэрлэлт бүртгүүлсэн тухай лавлагаа ирүүлсэн. Ингэж анх Б.Ц бидний гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл байгааг олж мэдсэн, өөрөө ч мэдээгүй явсан.  

П.А хувьд Баян-Овоо суманд амьдралдаа очиж үзээгүй. Б.Цгэдэг хүнтэй 1990-1991 оны үед уулзаж байсан, танилын харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Б.Ц гэр бүл болох хүсэл сонирхол байгаагүй. Баян-Овоо суманд бүтгэгдсэн гэрлэлтийн бүртгэл нь П.А хүсэл зоригийн эсрэг хийгдсэн, түүнээс асуулгүйгээр гэр бүлийн бүртгэл хийгдсэн байна. Тэгээд ч Б.Ц 2 сарын хугацаанд хайж олж уулзаад “энэ бүртгэлтэй та холбоотой юу, та бүртгүүлсэн юм уу” гэж асуухад “Тухайн үед Баян-Овоо суманд миний таньдаг н.Я гэж хүн байсан, ямар ажил хийдэг байсныг нь сайн мэдэхгүй. Сумын Захиргаа хавиар ажилладаг байсан байх. Тэр хүн бүртгэчихсэн юм болов уу” гэж хэлсэн.

П.А хувьд 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн Б.Цгэрлэсэн бүртгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэн алынх нь хүсэл зоригийг асуулгүйгээр, өөрийнх нь оролцоогүйгээр бүртгэсэнд гомдолтой байна. Мөн Б.Цгэрлэсэн гэх бүртгэл нь иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд саад болж байна.

Тийм учраас Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдлын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт П.А, Б.Ц нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдээр П.А нараас “хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Ц “Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдлын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт П.Алтанцэцэг, Б.Цогтбаатар нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдлын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт П.А, Б.Ц нарын гэрлэлтийг бүртгэж[1], Гэрлэлтийг бүртгэх дэвтэр[2], ХААТР-15 маягтаар[3] баримтжуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ”П.А нь хүнд өвчтэй байгаа бөгөөд, ...уг бүртгэлийг хүчингүй болгосноор Б.Ц хувьд өөрийн хүсэл зоригоос үүдээгүй Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасан халамжлах, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээхгүй болж, мөн бусадтай хууль ёсны гэр бүл болох боломжтой болох юм” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Ц, гуравдагч этгээд П.А нар найз нөхдийн харилцаатай байсан, тэд албан ёсоор нэг гэрт орж амьдраагүй ч тэдний дундаас 1991 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү Г төрж, эх А овоглосон болох нь хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар[4] тогтоогдож байх бөгөөд энэ тухайд талууд маргаагүй болно.

1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хууль (1973 оны)-ийн 97 дугаар зүйлд “Гэрлэхийг хүсэгчдээс аль нэгний буюу эцэг, эхийнхээ оршин суудаг газрын иргэний гэр бүлийн байдал бүртгэх байгууллагад гаргасан өргөдлөөр гэрлэснийг бүртгэнэ. Гэрлэхэд...сайн дураар гэрлэх болсноо гэрлэхийг хүсэгчид өргөдөлдөө тодорхойлохоос гадна...бичнэ” гэж хуульчилжээ.

Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаар тогтоолоор баталсан “БНМАУ-ын Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх заавар”-ын 12-т ”Гэрлэхийг хүсэгчдээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагад гаргасан өргөдлийг үндэслэн гэрлэснийг бүртгэнэ. Өргөдлийг гэрлэгсэд тус тусдаа буюу хамтран бичиж, түүнд гарын үсгээ зурсан байна”, 15-д “Гэрлэснийг бүртгэхэд гэрлэгсдийг заавал биеэр байлцуулна...“ гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан хариуцагч Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/928 дугаар[5] “Иргэн Б., П.А нарын гэрлэлт бүртгүүлэх хүсэлт, ...баримтууд... архивт байхгүй...”, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/138 дугаар[6] “...нарын 1991 онд гэрлэлт бүртгүүлэх хүсэлт авч байсан эсэх нь тодорхойгүй, манай архивд байхгүй...”, аймгийн Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар[7] “...Баян-Овоо сумын 1991 оны гэрлэлтийн бүртгэл болон түүнтэй холбогдох материал манай архивд байхгүй болно” гэсэн тайлбаруудаас үзвэл тухайн үед Б.Ц, П.А нар сайн дурын үндсэн дээр гэрлэхийг хүсэж, Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдал бүртгэх байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхэд гэрч Б.Ц[8] “тухайн үед Баян-Овоо сумын АДХГЗ-ны Хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар (иргэний бүртгэл хариуцан) ажиллаж байсан, би уг бүртгэлийг хийгээгүй... Миний эзгүйд АДХГЗ-ны нарийн бичгийн дарга Ц.О миний ажил үүргийг орлож үлддэг байсан... Гэрлэлтийг бүртгэх дэвтэр, ХААТР-15 маягтын бичилт Ц.О даргын бичгийг хэв мөн байна” гэж, гэрч Ц.О[9] “Би бүртгэл хийсэн байна, миний бичгийн хэв мөн... Б.Ц, П.А нар манай суманд ажиллаж, амьдарч байгаагүй... Гэрлэгчдийн гарын үсгийн хэсэгт Б.Ц, П. гэж би бичсэн байна” гэж тус тус мэдүүлжээ.

Үүнээс үзвэл Б.Ц, П.А нар нь тухайн үед Баян-Овоо суманд амьдарч ажиллаж байгаагүй, мөн иргэний гэр бүлийн байдал бүртгэх байгууллагад өөрсдөө биечлэн очоогүй тул Гэрлэлтийг бүртгэх дэвтэр, ХААТР-15 маягтуудад тэд гарын үсгээ зураагүй байх ба харин тухайн бүртгэлийг Баян-Овоо сумын АДХГЗ-ны нарийн бичгийн дарга Ц.О хийж, тэдний өмнөөс дээрх баримтуудад гарын үсэг зурсан болох нь нотлогдож байна. 

Гэтэл тухайн үед дагаж мөрдөж байсан 1984 оны “БНМАУ-ын Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх заавар”-ын 3-д “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажилтан дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ. а) иргэний гэр бүлийн байдлыг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг бүрдэл болсон эсэхийг нарийвчлан шалгах”, 6-д “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг холбогдох материал (өргөдөл, магадалгаа зэрэг) болон хүсэлт гаргагчийн хувийн баримт бичиг...үндэслэж хөтөлнө. Баримт бичиг бүрдэл болсон бол бүртгэлийн анкетыг...бичих, бүртгүүлж байгаа хүнд уншуулж гарын үсэг зуруулахын хамт бүртгэгч өөрөө гарын үсэг зурж тамга дарна” гэж тусгайлан заасан байна.

Түүнээс гадна Үндэсний төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/447 дугар албан бичигт хавсаргасан Архивын лавлагаанууд, П.АХөдөлмөрийн дэвтэр, Хүн амын регистрийн карт (31, 57 дугаар бүхий), Төрснийг бүртгэх анкет (А.Г) зэрэг архивын лавлагаа, баримтуудаас[10] үзвэл Б.Ц, П.А нарын хэн аль нь тухайн үед Баян-Овоо суманд оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй байхад Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдал бүртгэх байгууллага 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр П.А, Б.Ц нарын гэрлэлтийг бүртгэсэн нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хууль (1973 оны)-ийн 97 дугаар зүйлд заасныг зөрчсөн, хууль бус бүртгэл болжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хууль (1973 оны)-ийн 3 дугаар зүйлд “...сайн дурын зарчим дээр хэрэгжинэ...” гэж заасан нь гэрлэгч нарын хэн аль нь сайн дураараа эхнэр, нөхөр болохоо илэрхийлж өргөдөл гаргаж, гэрлэлтээ бүртгүүлснээр гэрлэлтийн харилцаа үүснэ гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тухайн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосноор П.А өмнө өөрийн хүсэл зоригоос үүдээгүй, гэр бүлээ халамжлах, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээхгүй болж, ирээдүйд...өвийн асуудал дээр маргаан гарах боломжтой” гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгч Б.Ц эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь шударга ёсонд нийцнэ.

Иймээс нэхэмжлэгч Б.Ц, гуравдагч этгээд П.А нарын хэн аль нь сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ бүртгүүлэх хүсэл зоригоо илэрхийлж Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдал бүртгэх байгууллагад өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад тэднийг гэр бүл болгож бүртгэсэн нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хууль (1973 оны)-ийн 3, 97 дугаар зүйл, 1984 оны “БНМАУ-ын Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх заавар”-ын 6, 12, 15-д заасантай нийцээгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдлын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт Б.Ц, П.А нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хууль (1973 оны)-ийн 3 дугаар зүйл, 97 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаарт П.А, Б.Ц нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ЦЭЦЭГМАА

 


[1] Хавтаст хэргийн 40 дэх хуудас

[2] Хавтаст хэргийн 42-44 дэх хуудас

[3] Хавтаст хэргийн 41 дэх хуудас

[4] Хавтаст хэргийн 49-50, 81-82 дахь хуудас

[5] Хавтаст хэргийн 39 дэх хуудас

[6] Хавтаст хэргийн 73 дахь хуудас

[7] Хавтаст хэргийн 78 дахь хуудас

[8] Хавтаст хэргийн 93-95 дахь хуудас

[9] Хавтаст хэргийн 97-100 дахь хуудас

[10] Хавтаст хэргийн 67-71, 47-48, 50,  дахь хуудас