Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00145

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох туха

 

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... Зээлдэгч Н.Дариймаа нь 2014.08.13-ны өдөр бичил зээлээр 5.000.000 сая төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.2%-ийн хүүтэй 2017.08.05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгчийн өрхийн орлого багассан шалтгаанаар дээрх зээлийг нөхцөл өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2015.10.21-ний өдөр 4.145.287 төгрөгөөр нөхцөл өөрчлөн хугацааг 2018.08.06-ны өдөр дуусгавар болгохоор сунгасан болно. Зээлдэгч нь нөхцөл өөрчилсөн 1320018059 тоот бичил зээлийн эргэн төлөлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1.100.402 төгрөг, үндсэн зээлийн хүү 824.467 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 7.580 төгрөгийг тус тус төлсөн болно. Зээлдэгч зээлээ байнга хугацаа хэгрэн төлдөг байсан ба 2016.09.05-ны өдрөөс хойш зээлийн төлөлтийг бүрэн төлөлгүй нэхэмжлэх гаргах үеийн байдлаар 200 хоног хугацаа хэтрэн Монгол банкны чанаргүй зээлийн эргэдзээтэй зээлийн ангилалд орсон байгаа. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч, идэвхи, санаачилга гаргахгүй байгаагаас бизнесийн ашгаар зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй болоод байна. Зээл авах үедээ барааны худалдаа эрхэлдэг байсан. Одоогоор бизнесийн үйл ажиллагаа зогссон. Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг жагсаавал:

Зээлдэгчийн 1320018059 тоот данстай бичил зээлд дараах эд хорөнгө барьцаалагдсан болно.

Хөргөгч /Акира/-200.000 төгрөг

Хувийн сууц Ү-1307004896 Сэлэнгэ Мандал 3-р баг Рашаант 2 тоот - 7.000.000 төгрөг

 Өмчлөх газар Г-1307000394 Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Рашаант 2 тоот – 100.000 төгрөг

Зээлийн төлбөрт 3.554.568 төгрөг, нотариатын төлбөр 7.000 төгрөг нийт 3.561.568 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Үндэслэх нь:

 

 Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа салбарын 3554568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Дариймаа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа салбарын 3554568  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Дариймаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71823 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Дариймаагаас 35911.5 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 35911.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН