Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/187

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.О

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2125000000169 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.М,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь эрүүгийн 2025003220291 дугаартай хэрэгт 2020 он 07 сарын 16-ны өдөр хохирогчоор, 2020 оны 07 сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдыг гэмт хэрэг гүтгэж, худал мэдүүлэг өгч болохгүй гэдгийг сайн ойлгосон” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. 2021 оны 02 сарын 03-ны өдрийн Ц.М-Э, М.У нарын шүүх хуралдааны бичлэг гэсэн шар өнгийн сиди-нд үзлэг хийсэн “Авлигатай тэмцэх газрын хүн, чи тэр Ундрахбаяртай хуйвалдсан юм биш үү гээд урдаас чамд ямар нөлөө үзүүлсэн гээд байсан. Тэгээд би ерөөсөө учраа олохгүй байна л даа намайг буцаагаад хэрэгтэн болгох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм би ерөөсөө ойлгохгүй байна тэгээд өөрөө тухайн үедээ олон жилийн өмнөх асуудал болохоор би өөрөө эргэлзээд тэгээд сайн санахгүй байсан тэгээд нөхрөөсөө тодруулаад ээжээсээ тодруулаад тэгээд мөнгө өгөөгүй гэдгээ мэдчихээд буцаад хэлэхээр намайг чи тэр хүнтэй хуйвалдсан байна чи хэзээ ярьсан гээд байх юм. Тэгээд би яг яах учраа олохгүй байна. Ийм л хүсэлт байна өөр юм байхгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 26-28-р хуудас/

2. 2025003220291 дугаартай хэрэгт үзлэг хийж хуулбарласан “2020 он 07 сарын 16-ны өдөр Б.Мын хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2020 оны 07 сарын 16-ны өдөр Б.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2021 оны 03 сарын 24-ний өдөр Б.Мын хохирогчоор өгсөн мэдүүлэг” зэргийн хуулбар /хх-ийн 41-76-р хуудас/

 

3. Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 42-45-р хуудас/

4. Шүүх хуралдааны бичлэг бүхий 1 ширхэг хуурцаг, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 07 сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг бүхий 1 ширхэг хуурцаг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол. /хх-ийн 78-79-р хуудас/

 

5. Гэрч Ж.Д-гийн “Манай охин Б.М, О-Э хоёр хоорондоо маргалдаж О-Э нь Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл өгсөн юм шиг байна лээ. Тэгээд манай охин Б.Мыг цагдаа 100.000 төгрөгөөр торгоно гэсэн юм шиг байна лээ. Гэхдээ ямар нэгэн торгуулийн арга хэмжээ аваагүй бөгөөд манай охин Б.М нь цагдаад 100.000 төгрөгийг өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/

6. Гэрч Б.Б-жийн “Б.М нь гэрчээр болон хохирогчоор 2020.07.16-ны өдөр мэдүүлэг өгөхдөө А.О-Э-ний гаргасан гомдол мэдээлэлд торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөгийг бэлнээр цагдаагийн албан хаагчид өгсөн гэж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 88-89-р хуудас/

7. Яллагдагч Б.Мын “Тэгээд би А-О-Э-нээс уучлалт гуйгаад явсан бөгөөд дахиж намайг цагдаагаас дуудаагүй, уг асуудал шийдэгдсэн. Би М.Уцагдаад торгуулийн мөнгө гэж 100,000 төгрөг өгөөгүй. Би бусдыг гүтгэж хэрэгт оруулах ямар нэгэн санаа зорилго огт байгаагүй. Би мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргачихаад өөрийн мэдэлгүй худал мэдүүлэг өгсөн байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97, 100-101-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруутай байна. Б.Мыг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Д-гийн “Манай охин Б.М, О-Э хоёр хоорондоо маргалдаж О-Э нь Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл өгсөн юм шиг байна лээ. Тэгээд л манай охин Б.Мыг цагдаа 100.000 төгрөгөөр торгоно гэсэн юм шиг байна лээ. Гэхдээ ямар нэгэн торгуулийн арга хэмжээ аваагүй бөгөөд манай охин Б.М нь цагдаад 100.000 төгрөгийг өгөөгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Балдандоржийн “Б.М нь гэрчээр болон хохирогчоор 2020.07.16-ны өдөр мэдүүлэг өгөхдөө А.О-Э-ний гаргасан гомдол мэдээлэлд торгуулийн мөнгө гэж 100.000 төгрөгийг бэлнээр цагдаагийн албан хаагчид өгсөн гэж мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2025003220291 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь эрүүгийн 2025003220291 дугаартай хэрэгт 2020 он 07 сарын 16-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө, 2020 оны 07 сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирол тогтоогдоогүй, гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэг хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС