| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0190/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/194 |
| Огноо | 2021-07-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/194
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Хохирогч Б.Э
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бад холбогдох эрүүгийн 2125001200179 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Э.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-6-00 тоотоос Б.Эий эзэмшлийн 43 инчийн “Хайсенсе” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Одоогоос дахиж хэрэгт орооцолдохгүй, ээж аавынхаа төлөө хичээж амьдарна. Хамгийн бага ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ “Зурагтыг PC mаll дэлгүүрээс 799 000 төгрөгөөр авч байсан. Лизинг маань дуусах болоогүй 2022 оны 07 дугаар сард дуусна. Би Э.Баас 700 000 төгрөг авсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Эий мэдүүлсэн: “2021 оны 01 дүгээр сард надаас Э.Б зурагтыг чинь барьцаанд тавьчих уу өмгөөлөгчийн мөнгө нэхэгдээд байна гээд 2-3 хоногийн өмнө асууж байсан. Намайг ажил дээр байхад Э.Б залгаад ажлынхаа гадаа гараад ир гэсэн. Гарч уулзахад чамд мөнгө олдох уу гэсэн. Би мөнгө олдохгүй байна гэдгээ хэлсэн. Э.Б тухайн үед гэрийнхээ түлхүүрийг өгчих, ядаж үсээ угаагаад гаръя” гэж байсан. Би өөрийн гэр болох 5-6-00 тоот гэрийнхээ түлхүүрийг өгөөд явуулсан. Хэдэн цагийн дараа над руу залгаад “зурагтыг чинь барьцаалан зээлдүүлэх газарт 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж хэлсэн. Ломбардны бичгийг харахад 550.000 төгрөгөнд “Ө Арвижих" барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байсан. 2021 оны 02 сарын 28-ны өдөр хугацаа дуусаад зарагдчихсан. 43 инчийн зурагтыг “ПС малл” дэлгүүрээс 799.000 төгрөгөөр авч байсан, лизинг нь дуусаагүй байгаа. “Самсунг А-51” загварын гар утасыг аваад өгнө гээд байхаар нь өгч явуулсан. Утаснаас бусад зүйлийг миний зөвшөөрөлгүй авч яван барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10-р хуудас/
2. Гэрч Э.Эгийн “Би Э.Б гэх хүний төрсөн дүү нь юм. 2020 он гарсаар Б.Э нь манай ахтай хамт манай гэрт нэг хэсэг амьдарсан. Ойролцоогоор 1 сар амьдарсан. Б.Э нь Э.Бад мөнгө, төгрөг өгнө гээд Э.Б мөнгөний хэрэг гарчихлаа гэхэд маргааш хүнээс асуугаад өгье гээд байдаг байсан. 2021 оны 02 сарын 02-ны өдөр Э.Бын шүүх хурал болох гээд байна, Э.Б мөнгө хэрэгтэй байна гэсэн юм шиг байна лээ 17-18 цагийн үед Б.Э өөрөө над руу яриад ах чинь шүүх хурлаасаа гараад ирсэн байна, мөнгө хэрэгтэй гэнэ, чи ажлын гадаа ирээд утас аваад яваач” гэсэн. Би гар утасыг нь аваад өөрийн таньдаг барьцаатай мөнгө өгдөг хүнд өгсөн. Б.Э нь өөрөө гар утасны хүүг өгнө гэдэг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/
4. Гэрч А.А-гийн “2021 оны 01 сарын 29-ний өдөр Э.Б гэх залуу өөрийнхөө бичиг баримтаар “Хайсенсе” маркийн 43 инчийн зурагт барьж ирээд найздаа мөнгө олж өгөх гэсэн юм, найзынхаа хэрэгт туслахгүй бол болохгүй гээд 650.000 төгрөгийн барьцаанд тавья гэхээр нь тэгж өндөр авахгүй ээ, 550.000 төгрөгт авна гэхэд тэр залуу мөнгөө өөрийнхөө данс руу мобайл банкаар хийлгэсэн. Тэгээд 14 хоногийн дараа нэг эмэгтэй залгаад манай зурагт хэд болох вэ гээд асуугаад, би зурагтных нь талаар мэдээлэл өгсөн. Тэгээд таг болчихсон. Би энэ хүмүүст ядаж зурагтаа сунгаач ээ гэхэд аль аль нь ганц ч удаа сунгалт хийгээгүй. Тэгээд 2021 оны 04 сарын эхээр зарагдсан байх” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33-р хуудас/
5. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-921/168 дугаартай дүгнэлт. /хх-ийн 41-44-р хуудас/
6. Б.Эий барьцаат зээлийн гэрээ. /хх-ийн 59-36-р хуудас/
7. Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хх-ийн 65-66-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-6-00 тоотоос Б.Эий эзэмшлийн 43 инчийн “Хайсенсе” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар магадлан тогтоогдсон. Шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид 700 000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй учир шүүгдэгч Э.Баас 700 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Эд олгох нь зүйтэй. Шүүгдэгч Э.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тул шүүгдэгч Э.Бад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогч хохирол төлбөрөө авсан гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Эий “Би өөрийн гэр болох 5-6-00 тоот гэрийнхээ түлхүүрийг өгөөд явуулсан. Хэдэн цагийн дараа над руу залгаад “зурагтыг чинь барьцаалан зээлдүүлэх газарт 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан” гэж хэлсэн. Ломбардны бичгийг харахад 550.000 төгрөгөнд “Өсөх Арвижих" барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байсан. 2021 оны 02 сарын 28-ны өдөр хугацаа дуусаад зарагдчихсан. 43 инчийн зурагтыг “ПС малл” дэлгүүрээс 799.000 төгрөгөөр авч байсан, лизинг нь дуусаагүй байгаа. “Самсунг А-51” загварын гар утасыг аваад өгнө гээд байхаар нь өгч явуулсан. Утаснаас бусад зүйлийг миний зөвшөөрөлгүй авч яван барьцаанд тавьсан байсан. Мөн манай гэрээс авсан зурагтны оронд өөр зурагт авч өгсөн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Э-гийн “Би Э.Б гэх хүний төрсөн дүү нь юм. 2020 он гарсаар Б.Э нь манай ахтай хамт манай гэрт нэг хэсэг амьдарсан. Ойролцоогоор 1 сар амьдарсан. Б.Э нь Э.Бад мөнгө, төгрөг өгнө гээд Э.Б мөнгөний хэрэг гарчихлаа гэхэд маргааш хүнээс асуугаад өгье гээд байдаг байсан. 2021 оны 02 сарын 02-ны өдөр Э.Бын шүүх хурал болох гээд байна, Э.Б мөнгө хэрэгтэй байна гэсэн юм шиг байна лээ 17-18 цагийн үед Б.Э өөрөө над руу яриад ах чинь шүүх хурлаасаа гараад ирсэн байна, мөнгө хэрэгтэй гэнэ, чи ажлын гадаа ирээд утас аваад яваач” гэсэн. Би гар утасыг нь аваад өөрийн таньдаг барьцаатай мөнгө өгдөг хүнд өгсөн. Б.Э нь өөрөө гар утасны хүүг өгнө гэдэг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.А-гийн “2021 оны 01 сарын 29-ний өдөр Э.Б гэх залуу өөрийнхөө бичиг баримтаар “Хайсенсе” маркийн 43 инчийн зурагт барьж ирээд найздаа мөнгө олж өгөх гэсэн юм, найзынхаа хэрэгт туслахгүй бол болохгүй гээд 650.000 төгрөгийн барьцаанд тавья гэхээр нь тэгж өндөр авахгүй ээ, 550.000 төгрөгт авна гэхэд тэр залуу мөнгөө өөрийнхөө данс руу мобайл банкаар хийлгэсэн. Тэгээд 14 хоногийн дараа нэг эмэгтэй залгаад манай зурагт хэд болох вэ гээд асуугаад, би зурагтных нь талаар мэдээлэл өгсөн. Тэгээд таг болчихсон” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-921/168 дугаартай дүгнэлт, Б.Эий барьцаат зээлийн гэрээ, Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-6-00 тоотоос Б.Эий эзэмшлийн 43 инчийн “Хайсенсе” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Э.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас Б.Эд 700 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Э.Быг 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС